UBLife Logo
Newsfeed

Z үеийнхэн ба мэдээллийн дархлаа | Мэтгэлцээний тэмцээнээр зочилсон тэмдэглэл

Ub.life
Ub.life
Z үеийнхэн ба мэдээллийн дархлаа | Мэтгэлцээний тэмцээнээр зочилсон тэмдэглэл

Монгол Улсын ардчилсан шинэ хөдөлгөөнийг үндэслэгч, ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зоригийн нэрэмжит танхим МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд бий. Бямба гарагийн 00:00 цаг өнгөрч, Ням гараг эхэлсэн ч энэ танхимд дүүрэн хүнтэй, алга ташилтын чимээ нижигнэн байлаа. Энд залуучууд хуурамч мэдээллийн талаар мэтгэлцэж байна… Mongolian Fact-Checking Center, Илтгэх урлаг, парламентын мэтгэлцээний BEST клубтэй хамтран “Эхлээд бод” нөлөөллийн аяны хүрээнд Нийслэлийн аварга шалгаруулах илтгэх урлаг, парламентын мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулж, хуурамч мэдээллийн талаарх оюутан, залуусын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхээр уралдаант тэмцээн зохион байгуулсан нь энэ юм.

Тэмцээнд 180-аад оюутан залуус оролцож, хуурамч, ташаа мэдээ, түүний төрлүүд, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. 

Нийгэм дэх хамгийн хүчтэй төлөөлөл бол залуус

Саяхан төв талбайд “Ажлаа хий” уриатай томоохон жагсаал болж, сайн дураар нэгдсэн залуус 15 төрлийн шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн юм. Тус жагсаалд оролцогчдын олонх  нь 16-35 насныхан байв. Жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ жагсагчдын шаардлагыг биелүүлэхээ амласан бөгөөд энэ нь залуучууд нэгдэж, төрд шаардлага тавих, эрхээ эдэлж чаддагийн нэг тод жишиг болсон билээ.. Жагсаалын цар хүрээ өргөн байснаас гадна залуучууд нийгэмд хамгийн хүчтэй жин дарж буй бүлэг гэдгээ нотлон харуулсан. Монгол Улсын нийт хүн амын 35 хувийг 16-35 насныхан буюу залуучууд эзэлж байна. Тийм ч учраас ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон заяагдмал эрхээ эдлэхэд нь шаардлагатай мэдээлэл, мэдлэгээр залуучуудыг цэнэглэх нь Монгол Улсыг илүү сайхан ирээдүйд хөтлөх чухал гарц юм. 

“Mongolian Fact-checking Center”-ээс санаачилсан олон нийтэд хуурамч, ташаа мэдээллийг таних анхан шатны мэдлэг олгох, түүнтэй тэмцэх зорилготой “Эхлээд бод” нөлөөллийн аяны хүрээнд “Нийслэлийн аварга шалгаруулах илтгэх, урлаг парламентын мэтгэлцээний тэмцээн”-ийг зохион байгуулжээ. 

Тус тэмцээнийг үзэж сонирхохоор ирсэн оюутан М.Доржханд “Хэдийгээр би тэмцээнд оролцоогүй ч гэлээ уг арга хэмжээгээр дамжуулан мэдээллийн боловсролоо дээшлүүлсэн гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн байгууллага төдийгүй аливаа мэдээллийг түгээж буй хүн бүр хариуцлагатай байж, хуурамч, ташаа мэдээллээс үүдэн гарч болох сөрөг үр дагаварын талаар бодож үзэх ёстой юм билээ. Би тэмцээний өмнөх сургалтад хамрагдаж, тус тэмцээнийг өглөөний 08:00 цагаас эхлэн ялагчдаа тодруулах хүртэл нь үзсэн. Мэтгэлцэгчийнхээ хувьд шинэ мэдлэг бүтээсэн маань хамгийн том ололт” хэмээгээд зөвхөн өөрийнхөө хувьд хөгжиж дэвшихээс гадна гэр бүлийнхэндээ дам байдлаар нөлөөлсөн тухайгаа хуваалцсан юм. Тэрээр тэмцээний өмнөх хуурамч, ташаа мэдээллийн талаарх суурь ойлголт олгох онлайн сургалтад хамрагдсаныхаа дараахан эмээтэйгээ интернэтийн зохистой хэрэглээний талаар ярилцаж, “Сошиал медиагаар түгж буй янз бүрийн эрүүл мэндийн зөвлөгөөг турших хэрэггүй. Энэ төрлийн мэдээллийг хуурамч гэдгийг нь мэдсэн ч санаатайгаар цацаж хандалт цуглуулдаг. Эрүүл мэндээрээ ч хохирох аюултай” хэмээн анхааруулсан тухайгаа бидэнд ярилаа. 

“Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-наас 2021 онд хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-гаар Монгол Улсын нийт хүн амын 84.7 хувь нь ухаалаг гар утас тогтмол хэрэглэдэг бөгөөд тэдний 95 хувь нь мэдээлэл авах зорилгоор интернэт ашигладаг хэмээсэн байна. 

Монгол Улсын хүн амын 84.7 хувь нь ухаалаг гар утас тогтмол хэрэглэдэг ба тэдний 95 хувь нь интернэтийг мэдээлэл авах зорилгоор ашигладаг

Тэмцээний үзэгч МУИС-ийн Философийн тэнхимийн 2-р түвшний оюутан М.Доржханд түүний хамтрагч МУИС-ийн Маркетингийн тэнхимийн 2-р түвшний оюутан Б.Маргад нар

Монгол хэлний үгийн санд нарийвчлан заагаагүй үгсийг утгачлан хэрэглэдэг боллоо

Амралтын өдрөөр хэвлэл, мэдээллийн боловсрол, медиа салбарын ёс зүй, хуурамч мэдээллийн төрлүүд гэхчлэн хэвлэл мэдээллийн салбар дахь сонирхолтой сэдвүүдийн талаар оюун бодлоо уралдуулахаар 200 гаруй оюутан цуглажээ. Өглөөний 08:00 цагт очиход мэтгэлцэгч, илтгэгч оюутнууд аль хэдийн хуваарьт ангидаа ирж, бэлтгэлээ хангасан байв. Зарим багууд хавтас дүүрэн материал цуглуулж шийдлүүдээ бэлдсэн байх бөгөөд сонирхох ёстой, судлах ёстой сэдэв гэдгийг тэдний мэтгэлцээний дэвтрээс харж болно. Тэмцээний үеэр ч залуучуудад чиглэсэн энэ төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага хэрэгцээ өндөр байгаа нь анзаарагдаж байв. 

Тус тэмцээнийг зохион байгуулахад “Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхим” дэмжин ажилласан бөгөөд мэтгэлцэх туршлагатай, сургалтад хамрагдсан залуус шүүгчээр ажилласан юм. Тэмцээний оролцогчид төдийгүй шүүн дэнсэлсэн залуучууд ч өөрсдийн мэдлэгийн хүрээгээ тэлж, хуурамч мэдээллийн талаарх ялгаатай ойлголтуудын талаар өргөн хүрээний мэдээлэлтэй болсондоо олзуурхаж басхүү мэдэхгүй зүйлээ асууж лавлан байсан нь тэмцээний ач холбогдлыг харуулж байлаа. Учир нь хуурамч мэдээлэл гэх ойлголт Монголд харьцангуй шинэ. Тэр ч бүү хэл disinformation, malinformation, misinformation гэх үгсийг монгол хэлний үгийн санд нарийвчлан тайлбарлаагүй. Тэмцээний шүүгчдийн нэг Ж.Өнөмөнх “Парламентын мэтгэлцээн хүнээс өргөн хүрээний мэдлэг шаарддаг. Мэдэхгүй зүйлийнхээ тухай ярих боломжгүй, судалгаагүй бол ялагдана гэсэн үг. Харин шүүгчийн хувьд энэ шаардлага хэд дахин өндөрсөх учиртай. Сургалтад хамрагдаж, гарын авлага уншсан ч тэмцээний үеэр гэнэт эргэлзсэн учир disinformation, misinformation хоёрын ялгааг нягталж харсан. Оюутан залуусын мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах нь өнөө цагт ус агаар мэт чухал” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

"Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхим”-ын шүүгч Ж.Өнөмөнх тэмцээний үеэр шүүлт хийж буй нь 

Монгол Улсын Эрүүгийн хуульд "илт худал мэдээлэл түгээсэн бол" эрүүгийн хариуцлага хүлээх зохицуулалттай. Энэ зохицуулалтад зохион байгуулалттайгаар илт худал мэдээлэл ашиглан бусдын нэр төрд халдах, гүтгэх зэрэг үйлдлүүд багтдаг байна. Харин мэдсээр байж цааш нь түгээдэг хуурамч /disinfo/, үл мэдэгч нэгэн итгэн хуваалцдаг ташаа /misinfo/ мэдээллүүдийг Mongolian Fact-Checking Center баримтаар шалгаж, үзэгдэлтийг бууруулах, устгах хүсэлт илгээх зэргээр тэмцэн ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх боломж бий...

Хуурамч мэдээллийн үр дагаварыг бүрэн дүүрэн хэмжиж, тогтоосон судалгаа Монголд хараахан байхгүй байна. Гэвч хуурамч мэдээлэл түгээмэл бөгөөд иргэд мэдээллийн боловсрол дутмагаас шалтгаалж санаандгүй байдлаар, эсвэл эрх бүхий субьект тодорхой эрх ашгаа хэрэгжүүлэх зорилгоор санаатайгаар түгээж буй хэлбэрүүд гол жин дарж байна. . Тухайлбал, спиртийн найрлагатай бодис ковидоос сэргийлдэг гэх ташаа мэдээлэлд итгэн цэвэр спирт уусны улмаас 2020 оны эхний гурван сарын байдлаар дэлхий даяар 5,800 орчим хүн эмнэлэгт хүргэгдэж, 800 орчим нь амиа алджээ. Харин Монгол Улсад “Вакцин бол хүний бие дээрх туршилт, чип суулгаж удмын сангийн мэдээллийг авах гэж буй хэлбэр” гэх зэрэг хуурамч, ташаа мэдээллүүд өргөнөөр тархсан бөгөөд улмаар 920,000 хүн цар тахалд нэрвэгдэн, энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 2177 хүн амь насаа алдаад байна. Цар тахлын оргил үед эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд вакцины тундаа бүрэн хамрагдаагүй иргэдийн биеийн байдал хурдан хүндэрч, амиа алдах эрсдэлд орж байгааг анхааруулж байв. 

Улмаар дэлхийн улс орнууд коронавирусийн цар тахлаас гадна инфодемиктэй тэмцэх шаардлагатай болж, хариу арга хэмжээ авсан. Тухайлбал, Өмнөд Африкийн Засгийн газар бүх интернэт сайт ковидын талаарх баталгаажсан мэдээлэл өгөх албан ёсны сайтын холбоосыг байршуулах журам батлан, Их Британийн ЗГ “Хуурамч мэдээллийн эсрэг үүр” байгуулсан бол Энэтхэгийн Засгийн газар  хуурамч мэдээллийн эсрэг WhatsApp чатботыг нэвтрүүлсэн байна. Харин Монгол Улсын хувьд Mongolian Fact-checking Center веб сайтдаа “ковид” тусгай цэсийг үүсгэж, коронавирустэй холбоотой баримтуудыг цаг алдалгүй нягталж, олон нийтэд хүргэж байсан юм. Тус байгууллага нь 2020 оноос цахим орчинд тархсан эргэлзээтэй мэдээллийг баримтаар нягталж олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх байдлаар тогтвортой ажиллаж ирэв. Өөрөөр хэлбэл хэдийн тархсан мэдээллийн сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор үр дагавартай тэмцэж иржээ. Харин энэ оноос тус байгууллага дотоод болон олон улс дахь үйл ажиллагаагаа тэлж, зөвхөн үр дагавартай төдийгүй, учир шалтгаантай нь тэмцэхэд анхаарч эхлээд байгаа аж. Энэ удаагийн мэтгэлцээний тэмцээнийг дэмжин зохион байгуулсан нь ч энэхүү зорилгынхоо хүрээнд хийж буй анхны далайцтай ажлуудын нэг байв. 

Учир шалтгаантай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус байгууллага энэ оны намраас дотоодын мэдээний редакцуудтай хамтран ажиллаж, дотоод бүтэцдээ баримт нягтлан шалгах үйл ажиллагааг интеграц хийх чиглэлээр анхааран ажиллахаар бэлтгэл ажилдаа хэдийн ороод байна. 

 Мэтгэлцээний тэмцээний 3-р байрын шагналт оролцогч М.Энхзаяа “Би сэтгүүлч мэргэжлээр суралцдаг. Салбарынхаа тухай сайн мэднэ гэж бодож байсан ч  төсөөлсөн шиг минь байгаагүй. Тэмцээнээр дамжуулан хуурамч мэдээллийн талаарх ойлголтууд, түүнийг бууруулах арга зам зэргийн талаарх мэдлэгээ дээшлүүлнээс гадна хүн бүрийн мэдээллийн боловсрол, хүлээн авах мэдээллийн чанарыг сайжруулснаар дам хор нөлөөнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ойлгосон. Аливаа мэдээллийг гарчгаар нь дүгнэх, шууд итгэлд суурилсан үйлдэл хийхгүй байх, хуваалцахгүй байхад уриалж, өөрийн хувь нэмрээ оруулах болно” хэмээн шагналт байранд шалгарсандаа сэтгэл дүүрэн байгаагаа хуваалцаж байв. 

Мэтгэлцээний тэмцээний 3-р байрын шагналт, МУИС-ийн сэтгүүл зүйн 4-р түвшний оролцогч Б.Энхзаяа түүний хамтрагч Б.Оюунсайхан нар

Тэмцээний шилдгүүдийг шалгаруулах үеэр “Mongolian Fact-checking Center”-ийн Ерөнхий редактор Энхтайваны Батцэцэг бүтэн өдрийг хуурамч мэдээлэл, түүнийг тойрсон сэдвүүдийн талаар хэлэлцэн өнгөрүүлсэн оюутан залууст талархал илэрхийлж, “Энэ тэмцээнд хэн ялах нь чухал биш, харин тэмцээний турш үзэгч, оролцогч байж, хуурамч болон ташаа мэдээллийн тухай мэдлэг олж авсан хэн бүхэн ялагч шүү” гээд цаашид хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулж, олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд залуучуудын хувь нэмэр хамгийн чухал гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. 

"Mongolian Fact-checking Center”-ийн Ерөнхий редактор Э.Батцэцэг илтгэгч, мэтгэлцэгчдэд хандан үг хэлж буй нь 

Мэдээллийн боловсролыг зөвхөн сургалт хэлбэрээр бус мэтгэлцэх, илтгэл хэлэлцүүлэх зэрэг биет арга хэмжээнд суурилан залуучуудын санал шүүмжийн тусламжтайгаар олгох нь өндөр үр дүнтэй, хэзээ ч мартагдахгүй тогтвортойгоор хоногших мэдлэгийн тогтолцоог бүтээж байсныг ч энд цохон тэмдэглээд инфодемик гэгч нүдэнд үл үзэгдэх аюултай тэмцэхэд дор бүрнээ хувь нэмрээ оруулахыг ирээдүй болсон залууст уриалъя.

Нийтлэлийг бичсэн: Т.Намуунболор, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.