
Цар тахлаас 2 жилийн дараа Хойд Солонгост коронавирусийн АНХНЫ тохиолдол бүртгэгдлээ
Дэлхий дахинд коронавирусийн цар тахал дэгдсэнээс 2 жилийн дараа буюу энэ сард Хойд Солонгос улсад анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, тус улсад "онцгой байдал" зарлажээ. Чухам хэчнээн тохиолдол бүртгэсэн тухай мэдээлээгүй ч нийслэл Пхеньян хотод энэ сарын тавдугаар сарын 8-нд хэд хэдэн хүнээс шинжилгээ авахад Омикрон хувилбар илэрсэн гэнэ. Тус улсын Ерөнхийлөгч Ким Жон Уны шийдвэрээр хотуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Ким Жон Ун "Хэрэв улсад нь коронавирусийн цар тахал дэгдвэл үндэсний хэмжээнд ноцтой аюул учирна. Тийм эрсдэлд хүргэх албан тушаалтнуудыг шууд ажлаас нь чөлөөлнө" хэмээн мэдээлж байв. Хойд Солонгос нь дэлхийд цар тахал тархсан 2020 оны нэгдүгээр сараас олон улсын хилээ хаан, Бээжин зэрэг хотуудтай хийх худалдаагаа зогсоосон юм.
Дэлхий даяар өнөөг хүртэл коронавирусийн өөр өөр хувилбарын 519 сая тохиолдол бүртгэгдэж, 6.26 сая хүн амь насаа алдаад буй. Хэдий олон улсаас "тусгаарлагдмал" хэмээн Хойд Солонгосыг үздэг ч хоёр жилийн хугацаанд нэг ч тохиолдлыг ил зарлаагүйд дэлхий нийт тус улсыг мэдээллээ нууцалж байна хэмээн "хардахад" хүргэсэн юм.
Хойд Солонгост одоогоор ямар вакциныг хэчнээн хүнд хийсэн тухай мэдээлэл ч нууцлаг хэвээр бөгөөд хоёрдугаар сард тус улс тээвэрлэлтээ шийдвэрлээгүй тул их хэмжээний Ковакс вакциныг эргүүлэн татсан тухай Ройтерс агентлаг мэдээлсэн удаатай. НҮБ-аас тус улсын иргэдийг хамруулахын тулд дор хаяж 60 сая тун вакцин шаардлагатай тухай анхааруулсаар буй.
Эх сурвалж: CNN