Хайх зүйлээ бичнэ үү

16 мин

Humans of UB | Миний мэдээлэл минийх!


"Нууц үгээ алдчихлаа", "Найз нь хакердуулчихлаа", "Миний аккаунтаас хэн нэгэн ороод байна" ... Эдгээр үгсийг дуулаагүй, хэлээгүй хүн бидний эргэн тойронд ховор. Монгол Улс цахим гэмт хэрэгт өртөх эрсдлээрээ дэлхийд 5-д ордог болохыг та мэдэх үү? Өдрөөс өдөрт хөгжиж буй дижитал эрин үед бид хувийн мэдээллээ үнэхээр найдвартай сайн хадгалж, нууцалж, ойр дотны хүмүүсээ хамгаалж чаддаг болов уу?  Цахим аюулгүй байдлаа хангах талаар өөр өөрийн мэдлэг туршлагатай, үлгэр жишээ харах өнцөг, арга барилтай үе үеийн төлөөллөөс бид дээрх асуултын хариултыг авлаа.


Америкийн олон улсын хөгжлийн агентлаг USAID болон DAI-ийн зүгээс цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх зорилгоор “Миний Минийх” кампанит ажлыг хэрэгжүүлж байна. Тэдний “Миний данс минийх”, “Миний нууц үг минийх”, “Миний мэдээлэл минийх” уриалгатай та энд  даран нэгдэж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай. 


“Microsoft” компанийн хүртээмжтэй мэдээллийн техникч, контент бүтээгч Н.Түмэнзаяа: 

Хакерууд хүний компьютерт хангалттай вирус орсон гэж бодсон үедээ хакертдаг

Youtube: Zaya Naidandorj Tech

Би “Microsoft” компанид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлогт тааруулан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг инженерээр ажилладаг. Өмнө нь жил хагас Монголд ажиллах хугацаандаа гэмтлийн түлэнхийн тасагт сайн дурын ажил хийх үедээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандан судалгаа хийхээр шийдэн, найзуудтайгаа хамтран 21 аймагт судалгаа хийсэн. Судалгааны явцдаа хөгжлийн бэрхшээлтэй хүн, төв Монголд олон байгаа ч тэнд ажиллах хүний нөөц хомс болохыг мэдсэн. Тиймээс Өвөр монгол, Япон, Солонгос, Герман, АНУ гэх 4 орны ижил салбарын байгууллагуудтай холбогдож, энэ чиглэлээр сурч байгаа хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэхээр хамтарч, Эрдэнэт болон Багануурт 92 м.кв, 86м.кв сургалтын заалуудыг бэлтгэсэн. Тэр үед би өөрөө энэ мэргэжлээр сурах ёстой юм байна гэдгээ ойлгон сурах шийдвэрээ гаргасан. “Microsoft”-д саяхан "Inclusive Tech Lab" төвийг нээж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чөлөөтэй ажиллах, суралцах нөхцөлийг бүрдүүлж, бусад компаниуд ч мөн адил хүртээмжтэй нөхцөл үүсгэж болохыг жишээгээр харуулсан.

Хүн ганцхан ухаалаг утас хэрэглэснээрээ дижитал иргэн болохгүй. Илүү ухаалаг үйлдэл хийх тусмаа бусдыгаа хүндлээд, аюулгүй орон зай бий болгож буй хүнийг би дижитал иргэн гэж боддог. Ихэнх хүмүүс цахим аюулгүй байдлыг интернэттэй холбоотой гэж боддог. Гэвч таны хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүн гар утас, лаптоп, таблет, бүр принтер хүртэл бүгд хакердуулах боломжтой. Хүмүүс хакеруудыг төсөөлөхдөө нэг хүн компьютерын  ард суугаад хакердаад байдаг гэж боддог. Гэвч ихэнх хакерууд вирус байрлуулчихдаг. Хүмүүс бусдын оюуны өмчийг үнэлэх хэрэгтэйг онцолмоор байна. Үнэгүй дуу, зураг, кино зэргийг ямар сайтаас татаж байгаагаа анзаарахгүй бол үнэгүй зүйлс хүмүүсийг татдаг болохоор хакерууд яг л тэнд вирус байрлуулчихдаг. Тэгээд хүний компьютерт хангалттай вирус орсон гэж дохио өгөх үедээ хакертдаг. Түүнээс биш ганц юм дарсан чинь минийхийг хакердчихлаа гэдэг бол өрөөсгөл ойлголт. Цахим орчинд аюулгүй байнаа гэдэг өөрийгөө болон хайртай хүмүүсээ ямар нэгэн болзошгүй, аюултай байдалд орохоос сэргийлнэ. Аюулгүй байдлын тухай хүмүүс “Аан миний дансанд угаасаа их мөнгө байхгүй юм чинь” гэж ханддаг. Таны дансан дахь мөнгө яригдаж байгаа биш, та болон таны хайртай хүмүүсийн эрүүл мэнд яригдаж байдаг юм шүү. Энгийн нэг жишээ гэвэл хүмүүс сошиал орчинд 9 сарын 1-нд бага насны хүүхдийнхээ зургийг нэр, сургууль, ангитай нь хамт тавьчихдаг. Үүнийг нь харсан таних танихгүй хүн сургууль дээр нь очоод нэр усыг нь хэлээд хүүхдийг нь аваад явах боломжийг та өөрөө нээчхэж байна гэсэн үг. 

Манай аав ээж хоёр технологид дуртай ч хэлний бэрхшээлээсээ болоод мэдээлэл хайж олох хэцүү байсан. Тэгээд нэг өдөр ээж маань “Миний охион, үүнийг тайлбарласан бичлэг хийгээд өгөөч. Хэрэв хийгээд өгчихвөл бид хоёр байн байн залгаад асуугаад байхгүй ш дээ” гэсэн. Хайртай хүмүүстээ туслахаас контентууд эхэлсэн гэхэд болно. Одоо манай суваг 77 бичлэгтэй, 16 мянган дагагчтай болжээ. Бид дөрвөн гишүүнтэй ажилладаг.. Манай сувгийн онцлог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  хүртээмжтэй бичлэгүүд тавихын тулд хадмалтай, анхаарал сарнилтай хүмүүст тохируулаад демо тохируулгатай явдаг. 

Хувийн мэдээллээ хадгалахын тулд наад зах нь хувийн сошиал аккаунтууд фэйсбүүк, инстаграм, ТикТок зэрэгт танихгүй хүнээ авахгүй байх хэрэгтэй. Миний мэдээлэл хувийнх байх ёстой, зөвхөн надад үлдэх ёстой гэж боддог. Microsoft-д ажиллаад энэ бодол бүр ч нэмэгдсэн. Ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд хамгааллын олон аргуудыг ашигладаг. Манай Youtube суваг гурвалсан хамгаалалтад байдаг. Жил хагас Youtube хийж байхдаа гурван удаа дайралтад өртсөн. Олон залуус аккаунтаа алддаг. Тэгэхээр эхнээсээ маш болгоомжтой байж, анхнаасаа оюуны өмчид халдсан зүйлүүдийг хийхгүй байвал аюулгүй байж болно. 

Хамгийн энгийн зүйл нь нэгт өөрийн хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавихгүй байх, хоёрт мэйл үүсгэхдээ давхар хоёр дахь майлээ оруулах юм. Мэйл, аккаунтаа алдсан хүмүүст сэргээх боломж бүрэн байж байдаг. Гуравт, сошиал платформд хувийн мэдээллээ “publiс” байлгахгүй, мэдээллээ тавихгүй байгаасай. Дөрөвт, оюуны өмчийг үнэлэх, үнэгүй дуу зураг кино татаж авахаас сэргийлэх хэрэгтэй. Тавд өөрийн банкны мэдээллийг өөртөө үлдээж байх ёстой. Монголд бол дэлгүүрийн худалдагч нар “Пин код чинь хэд вэ, сүртэй юм” гээд л авчихдаг бол та татгалзаж сурах хэрэгтэй. Сүүлийн үед манай өсвөр үеийн хүүхдүүдийн цахим ертөнцийн дарамт нэмэгдэж, хүүхдүүд нэгнийгээ цахимаар дээрэлхэж элдвээр хэлэх нь олширчээ. Манай хуудаст “Манай ангийн хүүхэд миний фэйсбүүкийг авчхаад дарамтлаад байна” гэсэн зурвас өдөрт бол дөрөв, таваараа ирдэг. Энэ талын мэдрэмж мэдлэгийг эцэг эхчүүд сургаасай гэж хүсдэг. Бага насны хүүхэд цахим дарамтад орж, амиа хорлох тохиолдол ч байна. Эдгээр аюулаас сэргийлэхийн тулд бүх хүмүүс цахим аюулгүй байдалд суралцаж, хүүхдэдээ ч зөв ашиглахыг зааж өгвөл цахим орчинд аюулгүй байж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн мэдээллээс хоцрохгүй хөгжиж чадна. 

Ярилцсан: Б.Нямзул


“Lemon press”-ийг үүсгэн байгуулагч Ц.Анхбаяр: 

Хүн шүдний эмчид хагас жилдээ нэг удаа хяналтын үзлэгт ордог шиг нууц үгээ сольж занших нь зөв

Lemon Press нь санхүү, бизнесийн мэдээ мэдээлэл, тоон өгөгдлийг ойлгомжтой, энгийнээр илэрхийлсэн контент бүтээх замаар, уншигчдаа ухаалаг шийдвэрт хөтлөх зорилготой санхүүгийн медиа компани юм.
Манай байгууллагын 16 ажилтан тус бүрийн гол харилцаа и-мэйлээр явагддаг учраас мэдээллийн аюулгүй байдлаа найдвартай хамгаалах нь хамгийн чухалд тооцогддог. Бид Google Workspace платформыг ашигладаг. Манайх аюулгүй байдлын инженер авч ажиллуулдаггүй ч, Google Workspace-ийг ашиглаж буйн төлөө жилд 10 орчим сая төгрөг зарцуулж цахим аюулгүй байдлаа бүрэн хангаж байна. Энэ платформоор байгууллагын бүхий л имэйл, шэйрлэгдсэн линкүүдийг хянадаг. Танихгүй төхөөрөмжийн хандалтыг ч хянах боломжтой. Бид мөн л өөрсдийн дата мэдээллийг хамгаалах, ажилтнуудынхаа цахим аюулгүй байдлыг хамгаалах үүднээс компанийн дотоод харилцаандаа Slack платформыг ашигладаг. Энэ нь Lemon Press-ээс өөр аккаунт нэвтрэхээс сэргийлэх, аюултай хандалтыг таних боломжтой учраас байгууллагын дотоод харилцаанд зайлшгүй шаардлагатай гэж үздэг. 

Орчин цагт зөвхөн технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд төдийгүй иргэд дижитал орчинд хувийн мэдээллийнхээ аюулгүй байдлыг хамгаалахад суралцаж, амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй болсон шүү дээ. Би хувь хүнийхээ хувьд мэдээллээ хэрхэн хамгаалж байгаа талаараа хуваалцъя. Нэн тэргүүнд хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын сахилга бат чухал. Хаана, юунд ямар нууц үгээр бүртгүүлж байгаагаа байнга хянаж байх хэрэгтэй. Хэрэглээндээ Apple-ийн бүтээгдэхүүн ашиглахыг найдвартайд үздэг. Бусдын утас, компьютер зэрэг өөрийнхөөс өөр төхөөрөмжөөс фэйсбүүк зэрэг аккаунт руугаа нэвтрэхээс аргагүй нөхцөл хүнд тохиолддог шүү дээ. Ийм явдлын дараа нууц үгээ даруй сольсон нь дээр гэж зөвлөе. Цахим орчинд тоо, үсэг хольсон 10-аас багагүй тэмдэгт бүхий автомат нууц үг ашиглан аливаа платформд бүртгүүлэх нь хакерын халдлагад өртөх магадлалыг эрс бууруулдаг гэдэгт итгэдэг. Ер нь хүн шүдний эмчид хагас жилдээ нэг удаа хяналтын үзлэгт ордог шиг нууц үгээ тогтмол давтамжтайгаар сольж занших нь зөв. Түүнчлэн https://haveibeenpwned.com зэрэг платформыг ашиглан өөрийн мэдээллийг алдсан эсэхийг шалгаж болно.

Ярилцсан: Б.Энхцэцэг


“Tomujin alternative school”-ийн сурагч Д.Тамир: 

Хүүхдүүдийг ч цахим хэрэглэгч гэж хүлээн зөвшөөрч, хэрэглээний соёлыг нь зааж өгөөсэй гэж хүсдэг.

Миний хувьд өглөө сэрүүлэг дуугарахаас эхлээд орой инстаграмаа шалган унтах хүртэлх бүхий л хугацаанд дижитал ертөнц амьдралтай салшгүй холбоотой байдаг. Хичээлээ хийх, найзуудтай холбогдох, мэдээлэл авах, бүр унтаж байхдаа ч нойроо хянах аппликейшн хэрэглэх зэргээр 24 цаг дижитал орчинд амьдардаг гэхэд болно. Би хааяа хааяа “social break” буюу дижитал орчноос завсарлага авч, “deactive” хийн бүх хаягаа түр хаадаг. Тэр хугацаанд харилцаа холбоо маш багасч, нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж төрдөг. Дижитал ертөнц нь нетворкинг хийх харилцаа холбоонд маш их нөлөөлж, мэдээ мэдээлэл авахад тусалдаг. Өдөр тутам “Google calendar”-ийг хамгийн их үр бүтээмжээ өгч чаддаг. Хичээл сургалтуудаа төлөвлөж, уулзалтуудаа хуанлидаа шууд оруулж холбоосыг нь холбох зэргээр олон талаар ашигладаг. Сургуулийн насны манай үеийнхэн бүгд л дижитал ертөнцийг ашиглаж, мэдээ мэдээлэл авч, бие даан суралцах чадвартай ч ихэнх сургуулиуд өмнөх цаг үеийн арга барилаараа гар утас хураан авдаг нь утгагүй санагддаг. Биднээс огт өөр цаг үе, өөр сурагчдад хэрэглэж байсан арга барил шүү дээ. Харин манай сургууль утас хурааж авдаггүй бөгөөд хичээлийн үеэр сурагчид өөр өөрсдийн сонирхсон мэдээллээ цахимаар хайн хичээлийн сэдвийг илүү дэлгэрүүлэн судалдаг. Ганцхан сурах бичгээс харан хичээлээ хийх нэг өөр, өөрт төрсөн асуултуудыг цахимаар хайн дэлгэрүүлж, илүү их мэдээллийг гар утсаараа авах илүү өөр. Үүнийг бусад сургуулиудад хэрэгжүүлээсэй гэж хүсдэг.

Саяхан дизайн технологийн хичээл дээр өөрийн мөрөөдлийн байшингийнхаа дизайныг хийх даалгавар өгсөн. Биетээр, minecraft дээр гэхчлэн төрөл бүрийн дижитал орон зайг ашиглан хийж болох нь маш сонирхолтой байсан. Мөн бид хичээл дээрээ хүн ямар эрхтэй, ямар хариуцлагатай байх талаар хуулийг өөрсдөө бичсэн. Хүүхдүүд өөрсдөө NTF гаргаж, түүнийхээ ашгаар нийгмийн сайн сайхны төлөөх үйлс хийх, өдрийн хоолоо идэхдээ төлбөрөө койноор хийн ашиглах гэхчлэн боловсролыг технологитой хослуулсан жишээ шийдэл олон бий. Манай сургуулийн 10-12 ангийн хүүхдүүд “Ирц” нэртэй аппликейшн хийсэн. Хичээл дээр багш нар ирц бүртгэхэд хүүхэд бүрийн нэрийг дууддагаас хичээлийн цагаас багагүй үрэгддэг бол энэ аппликейшнийг ашиглан сурагчдын зургийг даран датаг нь бүрдүүлж, цаг хэмнэх давуу талтай юм.

Би дижитал орчныг хэрэглэж байж л хэрэглэж сурна гэж боддог. Шууд л зөв зохистой хэрэглэдэг хүн ховор байх. Хүүхдүүдийг эцэг эх нь тоглоом тоглож байхад нь шууд л “Боль” гээд, ТикТок үзэж байхад нь “Цагаа дэмий үрлээ” гээд хоригловол хүүхдүүд далдуур хэрэглэж, ээж аавыгаа сошиал сүлжээнээсээ блок хийхэд хүрдэг. Хүүхдүүдийг ч хэрэглэгч гэж хүлээн зөвшөөрч, хэрэглээний соёлыг нь зааж өгөөсэй гэж хүсдэг. Ялангуяа Монголд интернэт цахим хайлт хөгжихөөсөө өмнө сошиал сүлжээнүүд хөгжсөн учраас ямар ч мэдээллийг google-ээс хайхад сошиал дээрх мэдээлэл нь эхэнд харагддаг. Нэг рестораны мэдээлэл хайлаа гэхэд тухайн газрын фэйсбүүк хуудас нь л харагдана уу гэхээс, гадаадынх шиг тухайн газрын сайт, холбогдох дугаар, google maps дээрх хаяг байршил нь байдаггүй жишээтэй. Хүүхдүүд фэйсбүүк инстаграмаас үнэн худлаа нь мэдэгдэхгүй мэдээлэл авах биш өдөртөө баталгаатай мэдээллийн сайтаас ч юм уу мэдээлэл авдаг дадалтай болоосой гэж хүсдэг. TomYo, Melearn зэрэг сурах боломжтой аппликейшн маш их гарсан ч хүүхдүүд хараахан ашиглаж дадаагүй. Харин хэрэглэж үзээд л байвал өөрийнхөө юу хэрэглэх хэрэгтэйг мэддэг болно гэж би боддог.

Иргэн хүн гэдэг нийгэмдээ эрх үүрэгтэй, хариуцлага хүлээдэг хүнийг хэлдэгчлэн “дижитал иргэн” нь дижитал орчинд хариуцлагаа ухамсарладаг, үүргээ биелүүлдэг хүн. Хүссэн зүйлээ уншиж, мэдэж, хэвлэн нийтлэх эрхтэй ч үүндээ тодорхой хариуцлага хүлээдэг хүн. Хүүхдүүд ч өөрсдийн эрх чөлөө, хувийн орон зайтай, тэр нь дижитал орчинд ч байх хэрэгтэй. Манай үеийнхэн үерхэж нөхөрлөхдөө нэгэндээ заавал нууц үгээ өгч, үүгээрээ итгэж буйгаа баталдаг ч юм уу тал анзаарагддаг. Гэтэл хүний хувийн орон зайд хэн ч халдах эрхгүй шүү дээ. Хулгайн сайтаар кино үзэх, тоглоом тоглох, үнэгүй гэх сайтуудаар ороход хүний утсанд хадгалагдсан мэдээлэл алдагдах тохиолдол их. Энд тэнд таардаг үнэгүй wi-fi-аар ороод мэдээллээ алддаг учраас хүн өөрийнхөө мэдээллийг хадгалж, хамгаалах чадвартай байх нь чухал учраас үеийнхэндээ үүнийг хэлмээр байна.


“Гэрэгэ системс” ХХК-ийн системийн инженер Ч.Төгөлдөр: 

Ажлын компьютероос аюултай талбарт нэвтрэх нь байгууллагын мэдээлэл найдваргүй гарт байгаа хэрэг

 “Гэрэгэ системс” бол төрийн болон хувийн хэвшлийн олон төрлийн үйлчилгээг технологийн шийдэл ашиглан иргэдэд хүргэдэг үндэсний технологийн томоохон компани гэдгийг одоо монгол хүн бүр мэдэх болсон билээ. Бид үйлдлийн болон төлбөрийн “Гэрэгэ” системийг монгол инженерүүдийнхээ ур ухаанаар бүтээж байгаагаараа бахархдаг. Манай байгууллагын явуулж буй бүхий л үйл ажиллагаа сервер компьютеруудаар дамждаг. Аливаа байгууллагын ажилтан ажлын компьютероос аюултай талбарт нэвтэрч байна гэдэг нь тухайн хүний болон байгууллагын мэдээлэл найдваргүй гарт байгаа хэрэг шүү дээ. Тиймээс мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны аюулгүй байдал манай ажилтан нэг бүрээс эхэлнэ. Бид технологийн компанийн хувьд мэдээллийн хариуцлагатай байдлыг сахин хамгаалахын тулд байгууллагынхаа дотоодод өөрийн гэсэн хатуу чанд бодлогыг баримтлан ажилладаг. Мэргэжлийн нэр томъёо хэрэглэвэл иргэд, олон нийтэд ойлгомжгүй санагдаж, түвэг удах тул би их энгийн тайлбарлая. “Гэрэгэ системс” компани сервертээ байгууллагын үндсэн үйл ажиллагаанаас өөр ямар ч талбарт нэвтрэх боломжгүй тохируулга хийдэг учраас ганцхан замтай гэж ойлгож болно. Хэдийгээр манай компанид залуу хүмүүс ажилладаг боловч ажлын цагаар олон нийтийн сүлжээнүүдэд орох болон тоглоом тоглох боломжгүй. 

“Гэрэгэ системс” мониторингийн системтэй, аюулгүй байдлын ажилтан компанийн бүх сервер төхөөрөмжийн үйл ажиллагааг дэлгэцэнд хянадаг. Аюулгүй байдлын ажилтны өөр нэг үүрэг бол компанийнхаа ажилтнуудад цахим аюулгүй байдлын талаар сургалт орж, мэдлэг мэдээллээр хангаж байх явдал. Цахим мэдээллийн аюулгүй байдлаа манай компанийн ажилтнуудын хувьд компьютер, сүлжээ, дата бааз гэх зэргээр нарийвчлан ангилж хамгаалдаг.  

Ярилцсан: Б.Энхцэцэг


ШУТИС-ийн Программ хангамжийн ангийн 2-р курсийн оюутан Ч.Сувд: 

Зарим платформ дээр интернэт ашиглахдаа аюулгүй байдлаа сайжруулахын тулд VPN холболт ашигладаг 

Хичээлийн үеэр мэдэхгүй зүйлс их гарч ирдэг. Тэр бүрийд шууд л интернэт рүү хандахаар нөтбүүкээ барьж авдаг юм. Ялангуяа бие даалтын ажлаа хийхийн тулд багадаа 4-5 цагийг Google-ээс хайлт хийхэд зарцуулдаг. Гэтэл зарим сайт руу нэвтрэхийн тулд яалт ч үгүй мэйл болоод нууц үгээ ашиглах шаардлагатай болдог. Бас Youtube-ээс код бичиж байгаа бичлэгүүдийг үзэж, Google-д шейр-лэгдсэн кодуудыг харах тохиолдол олонтоо. Гэхдээ олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэх нь анзааргагүй веб хэрэглэгчдэд ойртох хакеруудын шилдэг аргуудын нэг гэдгийг байнга санах хэрэгтэй. Өөрийн хувийн болон нийгмийн амьдралд болгоомжтой, анзааргатай ханддаг шигээ цахим орчинд ч мөн болгоомжлол, биеэ зөв авч явах нь чухал. 

Миний хувьд, нууц үгээ амархан байдлаар хийдэггүй. Зарим хүмүүс төрсөн өдрөөрөө нууц үгээ хийгээд хойноос нь нэрээ бичээд л орхичихдог. Иймэрхүү байдлаар хайнга хандаж болохгүй. Хоёрдугаарт, эрсдэлтэй нөхцөл үүссэн тохиолдолд нууц үгээ гялс сольдог. Ер нь нууц үгээ давтагдашгүй, хэцүү байдлаар л хийх хэрэгтэй. Нэвтэрч үзмээр байгаа ч мэдээлэл алдагдах магадлалтай линк рүү орохдоо өөр дугаар дээр бүртгүүлсэн хуурамч и-мэйлээ ашигладаг. Учир нь хэн ч танихгүй хүнд хувийн мэдээллээ өгөхгүй л биз дээ. Тэгвэл цахим орчин дахь сая сая хүмүүст тэрхүү мэдээллээ нээлттэй харуулахгүй байх хэрэгтэй гэж боддог. Зарим платформ дээр интернэт ашиглахдаа аюулгүй байдлаа сайжруулахын тулд VPN холболт ашигладаг юм. VPN нь солилцож байгаа мэдээллийн урсгалыг хэн ч хянах, авах боломжгүй, аюулгүй холболтыг таны төхөөрөмж болон интернэт сервер хооронд үүсгэж өгдөг. 

Түүнчлэн цахимаар худалдан авалт хийхдээ аюулгүй байдал хангасан нууцлалтай холболт бүхий сайтуудад л тодорхой мэдээллээ өгч байгаарай гэж зөвлөе. Та тухайн сайтын аюулгүй байдал хангасан, нууцлал бүхий холболттой эсэхийг шалгахын тулд  https: гэж эхэлж байгаа эсэхийг нь анзаарч хараарай. (S нь аюулгүй холболттой гэсэн үг) Мөн тухайн сайтын хаягны хажууд цоожны дүрсээр тэмдэглэсэн байдгийг анзаарч харвал зохилтой.

“Хүн бүр программ бичих урлагт суралцах хэрэгтэй. Учир нь программчлал нь хэрхэн бодож сурахыг заадаг” гэж нэгэн алдартан хэлсэн байдаг. Бодож сурна гэдэг нь тархин дахь бодлуудаа цэгцэлж сурна гэсэн үг. Тархиа цэгцэлж сурсан хүн өөрийгөө, гэр бүлээ, амьдралаа авч явахад арай хялбар байх болно. Программчлалд суралцсанаар "төгс гэгээрнэ" гэж хэлэхгүй. Гэхдээ юмсыг харах өнцөг арай өөрчлөгдөнө. Би программчлалыг хүмүүсийн сайн сайхны төлөө, өөрчлөлт, хөгжлийн төлөө ажилладаг мэргэжил гэж ойлгодог.  Программ зохиогчийг хөгжүүлэгч гэж нэрлэдэг нь ийм учиртай юм. Ирээдүйд компьютер, машин, робот гэх мэт олон технологиуд хүч түрэн орж ирнэ. Тэгвэл тэр хүч, боломжийг удирдаж, юу хийхийг нь зааж өгдөг шидтэнүүд бол программ зохиогчид, хөгжүүлэгчид юм. Ер нь магадгүй 50, 100 жилийн дараа хүнд хийх ажил юу үлдэх бол гэж боддог. Биеийн хүчний ажлууд бүгд алга болж, үүнийг машинууд, роботууд орлох болно. Одоо ч юм угаах, хог шүүрдэх гэх мэт олон ажлыг машинууд хийдэг болсныг бид мэднэ. Тэгэхээр хүнд үлдэх ганц үүрэг бол сэтгэн бодох юм. Тиймээс би программ хангамжийн мэргэжилдээ дуртай.

Ярилцсан: У.Чинзориг


“Миний данс минийх”

“Миний нууц үг минийх”

 “Миний мэдээлэл минийх" ... 

Уншигч та энэхүү уриалгыг өөртөө болон эргэн тойрондоо түгээн өөрийгөө болон хайртай хүмүүсээ цахим халдлагаас хамгаалан, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулаарай. 

Зураг дээр даран “Миний Минийх” сошиал хуудсыг дагаж, илүү их мэдээллийг аваарай   


Хамгийн их уншилттай
1
2022.09.09
Хатан хаан II Элизабетийн тухай "хайр хүргэм" 12 БАРИМТ
2
2022.09.13
Эммигийн тайзнаа Зендаяг Леонардо Ди Каприотой болзоход "хөгшдөх" тухай хошигнов
3
2022.09.20
“Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон”
холбоотой мэдээ
1
2022.06.10
Би нэгдье: Хэрхэн нийгмийн идэвхтэй байх вэ?
2
2022.06.06
Humans of Global Youth Summit: Залуучууд дижитал ирээдүйг тодорхойлох нь
3
2022.03.28
Humans of UB | Ялгаатай байдлыг яагаад чухалчлах хэрэгтэй вэ?
санал болгох
1
Уржигдар
Жонни Дэппийн болзож буй өмгөөлөгч Жоэль Ричийн тухай 6 баримт
2
Уржигдар
Онцлох сайт: Солонгос, англи, хятад зэрэг таван хэлээр үнэгүй үлгэр сонсож, уншиж болох...
3
Уржигдар
О.Анхзаяагийн "Lost in Sound" (Анирт алсрах нь) номоос онцлох 12 ЭШЛЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.