Хайх зүйлээ бичнэ үү

26 мин

'Turning points' сурвалжилга | Хөдөөгийн сайхан талд зорино


“Гэрэг" сэтгүүл, Нью-Йорк Таймсын албан ёсны эрхтэй “Turning Points” шинэ дугаарт багтсан "Хөдөөгийн сайхан талд зорино"  сурвалжилгыг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулсан “Хөх сувд” мөсний баяраар Хатгал тосгоны хүн амаас даруй тав дахин олон гийчин иржээ. Зохион байгуулагчид энэ жил 10 орчим мянган хүн, 3000 машин хүлээн авна гэж урьдчилсан тооцсон нь Хөвсгөл далайн гоо үзэсгэлэн болоод хөл хорионд удсан хүмүүсийн сэтгэл зүйг дутуу тооцсон хэрэг байв. Баярын сургаар намраас хойш ажиллаагүй баазууд үүдээ түр нээж, гарын таван хуруунд багтам цөөн хэдэн ресторан аяга, халбагаа нэмж, зэргэлдээх аймаг сумдаас гар урлалын эд  зүйлс, түрээсийн тэшүүр сэлтээ зөөсөн хүмүүс олноор иржээ. Хатгалд өвөлдөө -40 хэм хүрэх шахдаг учраас өдийд зун цагийнх шиг хүний урсгал хүлээлтгүй. Зөвхөн мөсний баярын өдрүүдэд л нэг шуугиж аваад татарна. Худалдаачид болоод гийчид гурав хоногт тус тусын хэргээ гүйцээгээд зүг зүгт одож, нутгийнхан л сууриндаа үлдэв. Хатгал тосгоны гуравдугаар хорооны Нисэхийн 9 тоотод энд аль намар ирээд буцаагүй хэдэн улс, нэг муур бас хоцорчээ. 

Хатгал бол бүрэн тоноглогдсон нисэх буудалтай Монголын бараг цорын ганц тосгон. Үүнээс улбаатайгаар “нисэхийн” гэх суурьшлын хэсэгтэй болсон нь содон сонсогдоно. “Хатгал” нисэх буудлаас холгүй гурван байшинтай томоо хашаанд тэд өнгөрсөн намар Улаанбаатараас нүүж иржээ. Шар дээвэртэй, хоёр давхан ногоон байшингийн захын жижиг өрөөг тэд урлангаа болгож, харин хашаан доторх хамгийн жижиг модон байшинд аж төрж байгаа. Эндхийн хүйтэнд түлээний модоор том байшинг халаан, илчийг байнга хадгална гэдэг амаргүй. Тиймээс хажуугийн жижигхэн шовгор руу гэр бүлийн дөрөв муураа аваад орсон нь өвөл цагт тохируулсан шийдвэр болжээ. 

Хашааны буланд өрсөн мод, хагалсан түлээ бишгүй. Байшингийнхаа ард том том мөснүүд хураасан нь ахуй, ундны усны хэрэглээг хангах аж. Айлын нохой, амины муур, өөрийн хүүхдүүд нь хэд хөөцөлдөж тойроод цуцмаар саруулхан цэлгэр хашаагаар цэнгэг агаар, түлээний модны үнэр сөөлжих нь угаас илэрхий ахуй байдлын сайхныг улам төгөлдөр  болгож байх юм. Урдхан нь Хөвсгөл нуур толийн буй гэж нэмбэл ямар гээчийн гоо зураглал дунд аж төрж байгаа нь танд төсөөлөгдөх нь лав. Улаанбаатар дахь амьдралаас завсарлага аваад ажил амьдрал бүхнээ тэврээд бүтэн гэрээрээ нүүж ирэхдээ тэд чухам энэ л эгэл сайхны төлөө зорьсон биз ээ. 

***

2021 оны наймдугаар сарын 15. ОХУ-ын Сибирийн зүүн хойд хязгаарт ойн түймэр дэгдэж, 250 орчим түймрийн голомт 5720 км2 талбайг хамарч ноцтой гамшиг болсон билээ. Түймрийн утаа голомтоос нь 2000 км-ийн зайд байх Улаанбаатарт хүрч, тэр үед манай хотын агаар дахь PM2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 100мкг/м3 давж байлаа. Энэ л өдөр Ч.Бат-Уянга нөхөр рүүгээ “Хоёулаа хөдөө нүүх үү” гэсэн зурвас бичжээ. 

“Зуны тэр өдөр нөхөр урлан дээрээ хонож ажиллаж таарсан юм. Хоёр хүүхэд өвөө эмээ дээрээ. Өглөө сэрээд тагтан дээрээ гарахад хот маань битүү утаа, нар ч үгүй, тэнгэр ч үгүй сонин бүүдгэр өдөр байж таарсан. Би кофегоо ууж суух зуураа Төгсөө рүү “Хоёулаа хөдөө нүүх үү” гээд биччихлээ. Тэгсэн төд удалгүй “Тэгье” гэдэг хариу ирсэн. Хэсэг байж байгаад “Хаашаа?” гэхэд “Хаашаа ч яах вэ” гэж хариулснаас энэ бүхэн бодитой болж эхэлсэн дээ” гэж Ч.Бат-Уянга ярив. Үүнээс өмнө тэд хөдөө нүүх талаар нухацтай ярьсан удаагүй. Хоёул хотын унаган хүүхдүүд учраас хөдөө амьдарсан туршлага гэхээр ч юм байхгүй. Харин хотод байраа томруулах уу, эсвэл хотын гадна хаус болгож солих талаар гэнэ сэрэггүй ярьж байсан тохиолдлууд бол бий. “Өдөр ярилцсанаа батлах гэж орой нь би “Явбал хэзээ явах вэ, хоёулаа” гэж асуухад Төгсөө “Энэ сардаа багтъя” гэсэн. 14 хоногийн дотор бүх ажлаа зохицуулах хэрэг гарах нь ээ гэж би бодоод бүхнээ төлөвлөх болсон”

Үнэхээр ч дээрх яриа болсноос хойш хөдөө амьдрахаар бүрмөсөн нүүхэд тэдэнд 14 хоног л хэрэгтэй байжээ. Ярьснаа ажил хэрэг болгохыг хоёр долоо хоног дотор багтаах ёстой болсон гэвэл илүү зохих юм байна. “Хэрэв бид нухацтай төлөвлөе, хамаг юмаа сайн зохицуулъя гэж алгуурласан бол хэзээ ч явахгүй байсан ч байж мэднэ” гэж Ч.Бат-Уянга нэмлээ. 

“Хаашаа?” гэдэг хамгийн чухал асуулт байв. Нэгэнт хөдөөг зорьж хэсэг зуур амьдрахаар шийдсэнийх байгалийн үзэмж, агаарын сайхныг нэн түрүүнд бодно. Хоёул freelancer буюу чөлөөт бүтээлч учраас гар утасны сүлжээ, интернэтийн хурд зэрэг ч чухал шаардлага болж ирнэ. Сэлэнгийн Хүдэр, Түнхэл, Үнэгт зэрэг сум суурин, Завхан эсвэл галт тэрэгний өртөө тосгонууд байвал ямар вэ гэж ярилцжээ. Гэсэн ч хоттой хэтэрхий ойрхон, гар утас, интернэтийн сүлжээ муу зэрэг шалтгаанаас болж энэ хувилбарууд цөм хасагдаж, Хөвсгөлийн Хатгал дээр бол харин явахсан гэх шалтгаанууд давхацжээ. 

“Уржнан бид гэр бүлээрээ Хатгал руу аялж, арав хоноод буцсан. Зун цагийн Хөвсгөл нуур чинь хотын бидэнд жаргалын орон шүү дээ. Тэр аяллын нөлөөнөөс болж Хатгалыг сонгосон ч байж мэднэ. Яг үнэндээ яагаад хөдөө явахаар шийдсэн, яагаад Хатгалыг сонгосон гэдэг нарийн шалтгаан асуухаар бид хоёр одоо ч тоймтой хариу хэлж мэддэггүй. Хотоос түр холдмоор санагдсан мэдрэмж, хөл хорионы нөлөө бас бий байх. Ковидын дараа хүмүүс байгаль руу олноор явж байна гэсэн судалгаанд дата нэмэрлэчихсэн байж ч мэднэ. Бүр сүүлдээ нэг инээдтэй шалтаг олсон нь уржнан Хатгалд амраад буцахад хүүхэд маань аквариумдаа хийнэ гээд хэдэн чулуу авсан юм. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил байраа олох гэж зовдог гэж ярьдаг даа. Бид биш чулуу биднийг дууджээ, хэдүүлээ ч бас энд гурван жил болох юм болов уу гэж нөхөртэйгөө яриад инээлдсэн”. 

***

17.9 мянган хүнтэй “Hatgal news” фэйсбүүкийн группт хашаа байшин түрээслэх зар тавиад удалгүй тэд хэргээ бүтээв. Байрлах газраа хотоос сонгохдоо сургуультай ойрхон байх гэсэн ганцхан шаардлага тавьжээ. Одоо тэдний хоёр өөрсдөө ч дэгдээд оччихоор ойрхон сургууль, цэцэрлэгт орцгоосон. 

Бага хүү ковид-19 цар тахлын улмаас хоёр жил цэцэрлэгтээ цахимаар хамрагдаж байсан бол өдгөө Хатгалын “Уран дөш” цэцэрлэгт үе тэнгийнхэнтэйгээ харин ч зугаатай байгаа. Том охиноо тэд хотын сургуульд нь цахимаар хэдэн долоо хоног явуулж үзсэн ч удалгүй больжээ. Одоо тэр энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэх Хатгалын англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сурагч болжээ. “Охиноо хотын сургуульд нь цахимаар хэсэг явуулаад энэ нь дэмий, боломжгүйг ойлгосон. Хоёр жил танхимын сургалтыг хориглосны дараа миний охинд бас нийгэмших, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөх хэрэгцээ бий шүү дээ. Биднийг өнгөрсөн намар ирэхийн өмнө ковид-19-ийн омикрон хувилбар гарлаа гээд шинэ хичээлийн жил танхимаар эсвэл цахимаар орох эсэх нь тодорхой болоогүй байв. Харин Хатгалын сургууль танхимаар хичээллэх нь тодорхой байсан. Энд бид ирээд “Хаана Ковид байгаа юм бэ?” гэж гайхсан. Маск зүүсэн хүмүүс ч ховор. Хүн хоорондын хоёр метрийн зай гээчийг ахуй нь өөрөө шийдээд өгчихсөн цэвэр, цэнгэг агаартай энэ суманд ирэхэд хамгийн амар зүйлсийн нэг нь энэ л байлаа” гэж Ч.Бат-Уянга хэлсэн. Хүүхдүүд Хатгал явах шийдвэрийг уржнангийн аяллын зугаатай сайхан сэтгэгдлээрээ хүлээж авсан нь одоохондоо онцын өөрчлөгдсөн шинжгүй. Цэцэрлэг, сургуульдаа явж, ээж аавтайгаа хамт байх хугацаа нь хотод байдгаас хамаагүй илүү нь бүр ч таатай байгаа аж.  

 Хүүхдүүдийг өглөө 09.00 цагт тус тусын албанд нь явуулахын тулд 07.00 цагт галаа түлж, гэрээ дулаацуулахаас эхэлнэ. Өвлийн цагт ер нь Хатгалынхны амьдрал зуух, түлээ модоо тойроод л өрнөнө. Энд түүхий нүүрс түлдэг айл ховор, ер нь байхгүй. Түргэн шатаад дуусах модны аягийг олно гэдэг амаргүй. “Энд ирээд даарч л сурсан даа” гэж гэрийн эзэн Б.Төгсжаргал хэлж байсан. Эхэндээ амнаас уур савссан гэрт өглөө сэрэхэд гэр байшинд биш гадаа хээр байгаа юм шиг санагддаг байсанд одоо бол жамаараа дасчээ. Нойтон болоод хуурай түлээний аягийг ч мөн олж сурчээ. “Өдөрт найман цаг ажиллана гэж үзвэл талд нь мод түлээ, галын зуухтай л зууралдаж барна. Төвлөрөөд хэт суучихвал байшин дорхноо хөрчихнө. Хуурай модоор галаа өрдөж асаагаад нойтон мод бага багаар нэмж илчийг нь удаан барьдаг юм. Нүүрс түлж ийм сайхан агаарыг бохирдуулаад яах билээ. Нутгийн хүмүүс ч гэсэн нүүрс түлэхгүй байгаа нь учиртай байх”. 

Жаалууд сургууль, цэцэрлэгтээ явсны дараа Ч.Бат-Уянга, Б.Төгсжаргал хоёр галдаа нойтон мод хийж аваад урландаа орж тус тусын ажлаа явуулна. Энд ирэхдээ тэд нутгийн иргэдийн ажил, орлогоос булаацалдахгүй гэдгээ өөр хоорондоо тохирчээ. Тиймээс ажил амьжиргааны хувьд хоёул Улаанбаатартай холбоотой хэвээр буй. 

***

Нуурын зүг харсан цонхон тушаа ажлын ширээгээ байрлуулжээ. Дээр нь ном, судалгааны бичиг цааснууд бий. Мөн нэг хананд тавцангийнх нь чинээнд тулган ном дүүргэн өрсөн хэвтээ жижиг шүүгээ, компьютерийн ширээ байна. Өрөөний голд зуух, галын үүдэнд гараа ээн суугууштай жижиг явган сандал гээд урлангийн өрөөний тавилга сэлтийг тоочиж дуусаж байна. Цомхон энэ л урлангаасаа манай хоёр Улаанбаатартай холбогдож, албан ажлуудаа явуулдаг. Өрөөнд буй уран зохиолын голдуу номуудын дунд хуулийн болон дизайн, бас судалгааны ном олон байсан нь тэдний мэргэжлийг илтгэнэ. Нөхөр Б.Төгсжаргал график дизайнер, иллюстратор мэргэжилтэй бол эхнэр Ч.Бат-Уянга сэтгүүл зүйн болон хуулийн судалгааны ажлууд голчлон хийж байгаа. Хоёул freelancer буюу чөлөөт бүтээгчид учир орон зайн хил хязгааргүйгээр ажиллах боломжоо өөрсдөө бүрдүүлжээ. Гэр бүлээрээ Хатгалд нүүж ирэх шалтгаануудаас хамгийн том давуу тал нь энэ байв. 

Урландаа хонуулсан суурин компьютерийнх нь процессор саяхан хөлджээ. Ажил амьдралын амин чухал хэрэгсэл болсон учраас урлангаасаа нүүлгэж, жижиг байшиндаа аргагүйн эрхэнд оруулсан байна. Бас Б.Төгсжаргалын зөөврийн нөөц hard нь эвдэрснийг тогны ачаалалтай холбоотой болов уу хэмээн таамаглажээ. Цахилгааны хүчин чадал энд хотыг бодвол тааруу. Мөсний баярын олон гийчид ирсэн үеэр тогны хүч бүр ч мууджээ. Оройдоо интернэтийн сүлжээ удаашрах нь элбэг. Энэ зуурын ахуйн бэрхшээлийг эс тооцвол ажлын бүтээмжийн хувьд харин ч давуу талууд олон бий тухай Б.Төгсжаргал ярьсан. “Би 2019 оноос хойш чөлөөт бүтээлч болсон. График дизайн, иллюстрэйшний захиалгат ажлууд дээр суудаг. Энд ирснээс хойш миний хувьд ажлын захиалга хотод байдгаас лав ихэссэн. Бас илүү бүтээлч ч байгаа. Сатаарах зүйлс бага болохоор гараас юм хурдан гардаг болсон” гэж Б.Төгсжаргал хэлж байна. 

Харин сэтгүүл зүйн болон судалгааны ажлуудад төвлөрч буй Ч.Бат-Уянгын хувьд арай өөрөөр тусжээ. “Миний хувьд хотод амьдардаг байхтай харьцуулахад орлого маань багассан. Сургалт орж, хичээл заадаг орлогууд маань байхгүй болсон. Үндсэн ажил маань судалгаа хийж, тайлан гаргах боловч тэр нь бас багассан. Ахуйн ажлуудаас шалтгаалан бүтэн төвлөрч сууж чадахгүй, мод, мод, түлээ түлш гээд байхаар судалгааны ажил барагтай бол авахаа больсон. Дээр нь эндхийн цаг агаар, байгалийн сайханд “сайн дурааараа” сатаарч буй маань ч бас нөлөөлнө. 

Улаанбаатараас 100 хувь хамааралтай ажиллана гэдэг нь сэтгэл зүйгээ ядаж 80 хувь хотод амьдруулна гэсэн үг. Би үүнийг хүсэхгүй байна. Буй биеэрээ байгаа энэ орчиндоо ядаж л сэтгэл зүйнхээ 50 хувийг байлгамаар байна. Оны сүүлчээр тэсэлгүй уур хүрч эхэлсэн. “Би энд Хатгалд байгаа ш дээ. Гэтэл би яагаад далай орж чадахгүй байна вэ, яагаад би ууланд гарах завгүй сууна вэ?”. Ийм сайхан орчинд ирчихээд өдөржин компьютерийн ард хадагдана гэдэг “шударга биш” хэрэг”. 

***

Ч.Бат-Уянга, Б.Төгсжаргал хоёрын Хатгалд хамгийн орох дуртай газар нь “New Roots” кофе шоп. 2015 онд Крис гэх америк хүний нээсэн энэ кофе шоп кофены чанар болоод тохь тухын хувьд Улаанбаатарт байдаг кофены газруудыг дагуулахааргүй. “TripAdvisor” олон улсын аяллын цахим хуудаст 4.5 одтой энэ кофе шопоор Хатгалд аялагчид л хамаг орлогыг нь оруулдаг байсан бол өнгөрсөн өвлөөс нутгийн иргэд үйлчлүүлж, кофе ууж дадсан хэмээн бариста А.Наранчимэг хэлэв. 

Ч.Бат-Уянга Улаанбаатарт бол олны яриа, хөлөөс зугтаж, ажил хэргээ тайван тухтай амжуулж авах, ганцаараа байх гэж кофе шоп ордог байсан нь Хатгалд нийгэмших хэрэгцээг нь хангадаг гол газар болжээ. “Өглөө ажлын ширээний ард суухдаа, эсвэл “New Roots”-д ирээд дадал болсон зангаараа мэдээллийн сайтуудыг гүйлгэж хардаг. Нэг л мэдэхэд мэдээллийн сайтуудаар урсаж буй тэр их мэдээний 80 хувь нь надад ямар ч хамааралгүй болсон байсан. Хотод болж буй үзвэр үйлчилгээ, утаа түгжрэлийн талаарх улигт мэдээ, тэнд автобус дэлбэрч, энд гэмт хэрэг гарлаа гэдэг ч юм уу. Цаг үеийн мэдээ биш нийтлэл, ярилцлага болон хот хөдөөгийн алинд байхаас үл хамаарах контентууд л үлдэж байгаа юм. Урьд нь би ч мөн адил Монголын амьдралыг Улаанбаатараар л хэмждэг байж дээ гэж бодогдсон. Жишээ нь, намайг энд ирснээс хойш Хөвсгөл аймаг төвийн мэдээллийн хэрэгслүүдээр ердөө хоёрхон л удаа гарсан”. 

Энд хэлж буй хоёр үйл явдлын сүүлийнх нь саяхан болсон мөсний баярын тухай бол эхнийх нь Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан талаарх мэдээ юм. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн ажиллагааны дараа 2021 оны арваннэгдүгээр сард хөлөг онгоцыг бүрэн татаж гарган, эрэгт байрлуулсан нь мөсний баярт очсон хүмүүсийн сонирхлыг татах цөөн хэдэн зүйлсийн нэг байв. 

5.7 метр өндөр, 309 тонн жинтэй энэ хөлгөөр ЗХУ-аас шатахуун болон бусад бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байсан тухай “Монцамэ”-гийн мэдээнд дурджээ. 37 жил усан дотор хэвтсэн хөлөг дотроос олдсон хуучин ор, шүүгээ, сүүний шил, консервний лаазнууд нь одоо ч байна билээ. Гэвч үнэндээ “Сүхбаатар” хөлөг живэх үед Хатгал сум ямар байсан яг тэр хэвээрээ шахам өнөөдөртэй золгожээ. Зарим талаар бүр дордсоныг ч энэ хөлөг хэрэв хүн байсан бол хэлэх байсан болов уу. 

37 жилийн өмнө “Сүхбаатар” хөлөг живэх үед Хатгал сум 7000 орчим оршин суугчтай байсан бол модны тэргүүтэй үйлдвэрүүд хаагдаж, ачаа тээвэр багассаны дараа хүмүүс эндэхийг орхин явах нь нэмэгдсээр 2000 онд 2498 хүн л үлдсэн тухай Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Одоо бол 877 өрх, 3000 орчим хүн амтай хэмээн Хатгал сумын албан ёсны цахим сайтад мэдээлсэн байв. Монголын аялал жуулчлалын гол бүсийн хувьд нуурын эрэг дагаж амралтын газрууд олон нээгдсэнийг эс тооцвол дэд бүтцийн бүтээн байгуулалт бараг хийгдээгүй гэж хэлж болохоор. 

Жишээ нь, “Хатгал тосгоны хөгжлийн 2012-2020 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө” хэмээх бодлогын баримт бичигт “Төрийн бүх төрлийн үйлчилгээг (боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж) тэгш хүртэх, зөв сонгох орчныг бүрдүүлнэ, хүний хөгжлийг дэмжинэ. Иргэдийнхээ хөгжих, ая тухтай, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог хангана...” гэсэн тунхагийн шинжтэй төлөвлөгөө олон байх бөгөөд мөн 2020 он гэхэд тосгоны хүн ам 4800 орчимд хүрнэ гэж тооцжээ. Гэвч уг төлөвлөгөөнд 4800 хүнийхээ хэрэгцээг хангах ундны ус түгээх худаг барина гэсэн төлөвлөгөө багтаагүй байв. Хөвсгөл хэмээх Монгол төдийгүй дэлхийд томд тооцогдох цэнгэг уст нуурын дэргэд байдаг хэрнээ Хатгал тосгонд ундны ус түгээх худаг нэг ч байхгүй. Өвөлдөө нуурын мөсийг портерыг нь 15000 төгрөгөөр худалдаж авдаг үйлчилгээ энд унд залгуулж байна.  

“Орон нутгийн фэйсбүүк группүүд дээр хамгийн их хэлэлцүүлж, хэрүүл хийдэг сэдэв бол худаг болон усны машины асуудал. Энэ талаар бичихээр хүмүүс нь хоёр хуваагдана. Одоогийн хүүхдүүд ажилгүй, их усны хажууд байж усгүй гэж байвал хохь нь, залхуу чинь тэр гээд л. Нөгөө хэд нь үнэн шүү дээ гэж дэмжинэ. “21-р зуунд би та нараас дэд бүтэц шаардах ёстой, цэвэр бохир усны хоолой шаардах ёстой. Гэтэл адаг дээр нь уначихаад усны машин, худаг гуйгаад сууж байна. Та нар бод...” гээд л би бичнэ. 

Ундны ус бол хүний эрхийн тухай асуудал. Шаардлага тавьж, ярьсаар би нэг донор төсөлтэй холбогдсон. Хатгалын далайгаас хол хойд хэсгийн айлууд дунд жишиг худаг барих төсөл бичээд, санхүүжилт хайж байгаа. Энэ маань овоо нааштай, ирэх зун гэхэд бүтэх янзтай яваа. Орчин үеийн худагтай болох ёстой гэдгийг бодитоор хийгээд харуулчихвал орон нутаг нь төсөвтөө оруулаад цаашид нутгийн удирдлагын газар хариуцаад, шинээр худаг бариад явах болов уу гэсэн хүлээлттэй. Гэвч нутгийнхан нэгэнт далайгаас усаа үнэгүй авах, эсвэл усны машинаар хүргүүлж авах соёлд дадсан тул энэ санаа минь бүтэхгүй ч байж магад. 

Хөвсгөл далайгаас ундны усаа аваад байж болох ч жишээ нь машингүй хүн өвөл далайгаас ус зөөнө гэдэг амаргүй. Энэ талаар ярихаар хүмүүс усны тэргээ түрээд явж буй идэр насны эрэгтэй хүнээр төсөөлөөд байх шиг байдаг. Гэтэл суманд ганц бие ээж, хөгшин настай хүмүүс, жирэмсэн эмэгтэй, ажил нь орой тардаг багш гээд янз янзын л амьдрал бий. Тэднийг их усны хажууд байж усаа авч чадахгүй гэж хэлж болохгүй шүү дээ” хэмээн Ч.Бат-Уянга ярьсан. 

Соёлын ялгаа, ахуйгаас үүдсэн энэ мэт шаардлагуудтай тэд өдөр бүр тулж буй. Дасан зохицох, дуугүй өнгөрөх, соёлын ялгааг хүлээн зөвшөөрөх тохиолдол олон ч зүй ёсны зарим сэдвүүд дээр түүнд эвлэрэх бодол алга байна. “Соёлын ялгаа их гарна л даа. Нэг үндэстэн, тэр нь том биш боловч ахуйгаас үүдсэн ялгаа, асуудлууд энд олон бий. Тэр нь гэхдээ ялгаа болохоос нэгний буруу, зөв гэсэн үг биш. Заримдаа тэдний, заримдаа миний зөв болно. Гэхдээ соёлын ялгаа гээд хүлээн зөвшөөрч болохгүй юмс бас байдаг. Сургуулийн модон жорлон, ундны ус авах худаг, усны машин хүрэлцэхгүйд жишээ нь дасаж огтхон ч болохгүй”.

Жижиг суурингийн давуу тал олон. Асуудал нь тодорхой харагдаж, шийдлүүд нь ч том сууринг өөрчлөхөөс уг нь амархан байх боломжтой. Залуус Улаанбаатарыг өөрчлөх гэхийн оронд өөр өөр мэргэжлийн арав арван хүн сумдад очоод хэсэг ажиллаж амьдарвал нүдэн дээр л босоод ирнэ дээ гэсэн Ч.Бат-Уянгын үгтэй аргагүй санал нийлж байна. Тэд өөрийн мэргэжлийн онцлог, сонирхлын дагуу жижиг боловч өөрчлөлтийн бяцхан очис энд асаасаар байна. 

Ч.Бат-Уянга өнгөрсөн намраас Хатгалын ерөнхий боловсролын сургуулийн дэргэд “Охидын клуб” ажиллуулж эхэлжээ. Энэ клубт 9-12-р ангийн 20 гаруй сурагч бүртгүүлсэн гэнэ. Сурагчдын амралтаар зургаан долоо хоногийн семинар ажиллуулж, мөн хотоос мэргэжлийн нүүр будагч “Anaraa’s make up”-ийн Анартай цахимаар холбогдон “Нүүр будалтын сэтгэл зүй” гэх хичээл бас оржээ. Мөн сургуулийн дэргэдэх “Өсвөрийн сурвалжлагч” клуб, “Номын клуб”-тэй тэр хэдийнэ холбогдож, сургуулийн номын санчтай үйл ажилагаанд нь хамтран оролцож байгаагаа дурдав. Өөрийг нь энд тэнд таарахдаа “Багш аа” гэж дууддаг 60-80 орчим хүүхдүүдтэй болсноо хэлж байв. 

Мөн энэ хавар тэр сумын Соёлын төвд найруулагч С.Бямбаагийн “Алсын удирдлага”, “Хүсэл, шунал”, “Хэвтрийн хүн”, найруулагч Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг”, “Од ба гэгээ” гэсэн таван киног гаргахаар төлөвлөж, уран бүтээлчдээс зөвшөөрлийг нь авснаа хэлэв. “Би клубын хүүхдүүдээсээ сүүл үеийн нэртэй найруулагч, зохиолчдыг таних уу гэж асуухад ихэнх нь үгүй гэж байсан. Тиймээс холбогдох боломжтойгоор нь эхний ээлжинд С.Бямбаа, Л.Бат-Амгалан найруулагчдыг сонгож, бүтээлээс нь үзүүлэхээр шийдсэн. Энэ үзвэрийн дараа тэд маань ядаж С.Бямбаа, Л.Бат-Амгалан найруулагч, зохиолч Г.Аюурзана, дуучин Magnolian-ийг мэддэг болно. Хотод оюутан болоод очихдоо соёлын ялгаа бага гараасай, тодорхой түвшний мэдрэмж, мэдээлэлтэй болсон байгаасай гэсэн хүсэл бий” хэмээн Ч.Бат-Уянга ярив. 

Сонирхлынхоо дуудлагаар эхлүүлсэн энэ мэт ажлуудынх нь үр дүн бага багаар харагдаж, анх бүрэг ичимхий байсан хүүхдүүд аажмаар задарч, сургалт орж буй багш нараас асуулт асуух хэмжээний зоригтой болж буйд нь тэр хамгийн их баяртай байгаа. Хөдөөд мэргэжил, ур чадвар, хандлагууд үгүйлэгдэж байгаа, хэрэвзээ хэрэгтэй хүмүүс нь ирээд бодитоор нөлөөлж чадвал хэрхэн эергээр өөрчлөгдөж болохыг тэр өөрийн биеэр баталж байна. Хатгалд жишээ нь, хуулийн мэргэжилтэй, хот хөдөөгийн боломжийг анзаарч, зөв ашиглаж чаддаг залуухан мэргэжилтэн захиргаанд ирээсэй гэж тэр хүсэж буй. Бас аялал жуулчлалын сайн менежер энд ирвэл Хатгал хэрхэн өөрчлөгдөхийг ч тэр дотроо төсөөлж амжжээ. “Энд газар аваад томхон урлан байгуулахсан гэж Төгсөө бид хоёр ярилцаж байсан. Тэр нь сургуультай ойрхон байвал хүүхдүүд маань цуглаад сургалтаа орчихдог, хотоос зочин авчраад тухтай зааланд лекц, хэлэлцүүлэг зохиодог, уран бүтээлчид өвөлдөө нэг сараар ч юм уу ирээд урлан болгоод ашиглах боломжтой байх гэхчлэн мөрөөдсөн. Гэвч сургуулийн хажууд буюу Хатгалын төвд газрын үнэ 140 сая хүрсэн байна. Ямар ч бизнесийн зорилгогүй, орон нутгийн хүмүүсийн орлоготой булаацалдахгүй ийм төсөлд энэ хэмжээний мөнгө зарцуулах боломж бидэнд байхгүй л дээ” хэмээн тэр ярьсан. 

***

Өнгөрсөн намар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр Хотын төвөөс ажлын байраа нүүлгэвэл төсвийн дэмжлэг үзүүлдэг болох, хотоос хөдөө рүү нүүсэн иргэдэд дэмжлэг үзүүлдэг болох боломжийг судалж, танилцуулах үүргийг холбогдох албаны хүмүүст өгч байв. Одоогоор энэ асуудалд тоймтой үр дүн гарч амжаагүй байгаа. Харин Ч.Бат-Уянгын үзэж буйгаар, газар худалдан авах, байшин сав барих асуудал аймгийн төвд л очоогүй бол хэцүү байдгийг халахаас эхлэх хэрэгтэй аж. “Газрыг ашиглах зорилгоос нь хамаарч нөхцөлтэй олгох, хөдөөд бизнес эрхлэх бол хөнгөлттэй зээл олгох, татвараас хөнгөлөх зэрэг угаас яригддаг сэдвүүд шийдэлгүй хэвээр. Дээр нь нэмээд интернэтийн сүлжээ болон цахилгааны хүчийг нэмэх, сайжруулах зайлшгүй шаардлага байна” гэв. Энэ бол хотоос хөдөө рүү нүүсэн залуусын хувьд ямарваа нэгэн мөнгөн тусламж зэргээс илүү ач холбогдолтой, томоохон асуудал юм. 

Сүүлийн жилүүдэд хөдөө амьдрахаар шийдэн гэр бүлээрээ хотоос явж буй залуучуудын тоо нэмэгдэж байгаа. “Хөдөөгийн шинэчлэл хөгжлийн түншлэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ч.Батцэцэг “Хөдөө амьдарцгаая” гэх фэйсбүүкийн групп нээсэн нь өдгөө 7800 гаруй хүнтэй болжээ. Хотоос хөдөөд чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хот хөдөөгийн иргэдийн нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, шилжилт хөдөлгөөнийг дагасан хөрөнгө оруулалтыг эдийн засгийн үр өгөөжтэй салбарт чиглүүлэх зорилготой “Хөдөө амьдаръя” группийг тэр дөрвөн жилийн өмнө нээсэн нь явсаар “Хөдөөгийн шинэчлэл хөгжлийн түншлэл” ТББ болж өргөжжээ. 

Хотоос хөдөө амьдрахаар явсан залуус олноор очсон сумдын нэг бол Булганы Хутаг-Өндөр болсон. Тэнд амьдарч буй залуусыг оролцуулан “Хөдөөгийн шинэчлэл хөгжлийн түншлэл” ТББ, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЗДТГ-аас хамтран “Хутаг-Өндөр мэдээллийн өдрүүд” нэртэй уулзалт зохион байгуулах үеэр Ч.Батцэцэг “Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжих залуучууд цэвэр, бохир шугамд холбогдсон нэгдсэн дулаан халаалт, тав тухтай орон байранд амьдрахыг хүсдэг. Орон нутагт түрээсийн байр хомс, очоод амьдарч байгаа ганц орчин нь хашаа байшин. Бид Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 30 айлын хотхон байгуулах санаачилга гаргаж, төсөл боловсруулсан. Гэтэл манай улсын хувьд ипотекийн зээлийг аймаг, нийслэлд өгдөг мөртлөө суманд өгдөггүй. Суманд зээл гарахгүй юм бол залуучууд суманд орон байртай болох боломж бүрдэхгүй. Орон байргүй байвал сумдад ажиллах залуус олдохгүй. Орон нутагт ипотекийн зээлийн нөхцөлийг илүү таатай, 100 ам.метр хүртэл ипотекийн зээл олгох хэрэгтэй. Шинэ Засгийн газрын тэргүүн шилжилт хөдөлгөөнийг дэмжинэ гэсэн. Хөдөө орон нутаг руу шилжин суурьшина гэдэг бол эрх зүйн орчныг дэмжих тухай асуудал. Энэ нь санхүүжилттэй шууд холбоотой. Орон нутагт газар олголт, татварын хөнгөлөлт, НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт асуудлыг дэмжиж байж залуус хөдөө орон нутагт удаан хугацаанд ажиллаж, амьдрах боломжтой” хэмээн ярьж байжээ. 

***

Хатгалд амьдрахын нэг давуу тал бол хот өөрөө чам дээр хүрээд ирдэг гэж Ч.Бат-Уянга хэлээд инээж байна. Өвөл, хаврын цагт хотод буй танил, найзууд нь хүрээд ирнэ, хүний урсгал ер тасрахгүй янзтай. Ирэх зун төлөвлөгөөт ажил бараг авахгүй байхаар шийдсэн хэмээн наргисанд нь үнэний ор ч бас бий байх. 

Тэр Хатгалд ирснээс хойш одоогоор нэг ч удаа хот ороогүй байгаа. Орохгүй, явахгүй гэж бодсон учраас тэр гэнэ. “Үнэхээр зайлшгүй шаардлага гарахгүй л бол хот орохгүй гэж одоохондоо бодож байна. Байраа түрээслүүлчихсэн учраас хотод би одоо орон гэргүй болчихсон шүү дээ (инээв). Орон гэр маань одоо энд, Хатгал болжээ. Хотыг санаад үгүйлээд байсан юм алга л байна. Магадгүй хугацаа нь арай болоогүй ч байж мэднэ”. 

Хэрэвзээ хот очвол юу хиймээр байна вэ гэхэд тэр Чингисийн задгай шар айраг, Ариг&Анягийн тонкацү, чаахан, “Bitsy.Co”-гийн Tee-гийнхээ коктэйль, Дан Даны жантай гоймон гээд дуржигнуулж байна. “Өнгөрсөн аравдугаар сард Хатгалд нүүж ирснийхээ “нэг сарын ой”-гоор хэрэггүй болсон апп-уудаа утаснаасаа устгажээ. Ubcab хамгий түрүүнд, дараа нь Songo, CU, GS25-ийн аппууд болон мэдээний сайтуудынхаас ангижирчээ. Энд зөвхөн ХААН болон Төрийн банк л байдаг учраас бусдаас нь бас салав”. Ингэж тэр Улаанбаатараас өөрийгөө аажим аажмаар чөлөөлж байна. 

Энд ирээд харин подкаст сонсох зав их гарч буйд тэр олзуурхаж байгаа. Хотод юунд ч юм яарч, хий завгүй явахдаа бүтэн сонсож амждаггүй цомгууд болон хөгжмийн тоглолтуудаа ч мөн бүрэн тоглуулж чадаж байгаа гэнэ. 

“...Хүн ч дасахдаа хурдан юм аа. Анхлан булан тохой бүрийг ажиглан алхдаг, зарим өглөө сэрээд хана, таазаа харахаараа гэнэт гайхаж, өөр газар амьдарч байгаадаа итгэдэг байсан бол одоо эв энгийн, хэв хэвийн, анхнаасаа энд л төрж, өссөн мэт л байна. Дасаад ирэхээр байгаа газрынхаа тухай онцгойчлон бодохоо больчихдог шүү дээ. Улаанбаатарт амьдрахдаа “Би Улаанбаатарт амьдарч байна” гэж байнга боддоггүй байсан шиг л. Ахуйдаа дасахаа зөв гэж бодож буй. Харин ахуйгаас цаадах бол юунд ч дасахгүй дээ гэж битүүхэн бодно оо. Дасаж болохгүй газар учраас тэр биш шүү. Ер нь хаана ч, юухан, хээхэнд ч дасч орхиод тохь тухтай бүсээ болгохгүй шүү, тэгвэл сониуч нүд сохорно...” гэж #Хатгалынтэмдэглэл хэмээн тодруулсан фэйсбүүкийн цуврал постуудынхаа нэгэнд бичсэн байв. 

Анх Хатгалд юутай ч нэг жил болоод ирье гэж ярилцсан тэд өдгөө намар, өвлийг үдэж, хаврыг даваад байна. Одоо бол Ч.Бат-Уянгаас хэр удах бодолтой байна гэж асуувал өөдөөс хоёр хуруугаа гозойлгоно. “Үүнээс ч илүү байх боломжтой санагдаж байгаа. Яахав зөвхөн Хатгалдаа хоёроос дээш жил амьдарна гэвэл би эргэлзэж байна. Үүний оронд харин “хоёр нутагтан” байхыг илүүд үзнэ. Санаа зовж буй нэг зүйл гэвэл одоо дөрөвдүгээр ангийн охин маань дунд анги руу шилжих шатанд ээж хүнийхээ хувьд яг үнэндээ хотод боловсрол эзэмшүүлмээр байгаа. Тэгэхээр бид хайбрид маягаар амьдарч, хот хөдөөг хослуулсан хэв маягийг ч бодож үзнэ. Яг одоогийн сэтгэл зүйгээрээ би эргээд 100 хувь Улаанбаатартаа амьдарч чадахгүй байх” гэж тэр хэлэв. 

Харин Б.Төгсжаргалын хувьд бүрмөсөн эндэхийн айл болчихмоор байгаа гэнэ. Мэдээж бодит байдалд хотод ирэн очин байх хувилбар хамгийн үнэмшилтэй боловч тэр үед ихэнх хугацааг хөдөө амьдрахад зарцуулна гэсэн. Тэгээд бүр “Үлдсэн амьдралынхаа...” гэж тодотгосон юм. 

“Энд бүх юм амар, тайван. Орчноо дагаад сэтгэл санаа ч амар, стрессгүй болчихдог юм билээ. Хэрэв таагүй байх юм бол далай руугаа алхчихна. Тэгж алхах зуураа нэг л мэдэхэд тайвширчихсан байдаг. Хөдөө хэсэг зуур ч болтугай амьдарч үзье, хотоос гаръя гэж бодож байгаа хүн байвал би “Яв, туршаад үз” л гэж хэлнэ. Хотод асуудал бий, энд ч асуудал бий. Гэхдээ эндэхийнх хотынхоос хамаагүй амар байх” гэж Б.Төгсжаргал хэлсэн. 

Хөдөө амьдрах тухай бодохдоо бүх амьдралаа “all in” хийгээд мөрий тавих гэж байгаа юм шиг бүү бод гэж Ч.Бат-Уянга зөвлөж байна. “Хөдөө явлаа гэхэд бүх насаараа амьдрах албагүй шүү дээ. Таалагдахгүй бол буцна л биз. Хэнд ч өргүй, хэнд ч юуг ч батлах албагүй гэдгээ санах хэрэгтэй. Бид хоёрын хувьд ч тэр, эргээд хот руу буцахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэсэг зуур ч гэсэн хотоос завсарлага аваад Хатгалд ирж амьдарсан маань хамгийн зөв шийдвэр байсан гэж хэзээд итгэлтэй бодно.

Хөдөө мэдээж орчин, дэд бүтэц, тухын хувьд дутуу гуцуу юм зөндөө бий. Зарим нэг үйлчилгээ, дутуу гэж санагдсан зүйлээ бодохоороо “Ч.Бат-Уянга аа, хэрэв чи хотоо 100 хувь нүүлгэж ирэх гэсэн юм бол хөдөө яах гэж ирсэн юм бэ” гэж өөртөө хэлдэг болсон” гэлээ.   


Хамгийн их уншилттай
1
2024.02.12
Монголын Үлэмж биет сүмог чимээгүйхэн орхилоо
2
2024.01.25
Фото: Сун Хе-гю Инчон стиль
3
2024.01.26
10 мянган төгрөгт багтах Цагаан сарын КҮҮЛ 8 бэлгийн санаа
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2024.02.02
Б.Тэмүүлэн: Харилцагч юу хүсэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох нь бидний гол зор...
3
2023.11.30
Авторын булан: Ерөнхий сайд ба АВЛИГЫН ШҮҮХ
санал болгох
1
2 цагийн өмнө
ХҮҮХДҮҮДИЙН НҮДЭЭР: Жүжигчин Б.Төгөлдөр гэж дуудуулах гоё байсан
2
21 цагийн өмнө
Удахгүй нээлтээ хийх "Dune: Part 2" киноны тухай 9 сонирхолтой баримт
3
Уржигдар
Үзэх юм байна уу? | Зөвхөн хөндүүр зүрхнүүдэд зориулан санал болгох 10 кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.06.06 66.181.164.138

Эргээд хөдөөнөө амьдрахаар явж буй олон залуусын талаар сонсож, мэдэх /Зарим нь таньдаг хүн/ боллоо. Бахархаж байна шүү

0 Хариулах


Зочин 2022.06.04 59.153.115.71

Амьдрах гэж биш попрох гэж хөдөө гарч байгаа олон хүнийг мэднээ. Харин энэ хоёр маань яг л өөрсдөө амьдрах гэж өөрсдийн таалалдаа тааруулан хэцүү гачуутай нь ҮНЭН амьдарч байна даа... Хайртай шүү <3

0 Хариулах