Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

"Гэгээн Муза" наадмын шилдэг зохиолч Я.Баяраагийн ЕСӨН онцлох шүлэг


"Гэгээн Муза-16" олон улсын театрын наадмын шилдгүүд уржигдэр шалгараад буй билээ. Тус наадмын драмын жүжгийн төрөлд шилдэг зохиолчоор Ф.М.Достоевскийн "Гэм зэм" романыг жүжиг болгон хөрвүүлсэн Ядамсүрэнгийн Баяраа тодорсон. Тэрбээр уг шагналыг гардахдаа "Пүрэвхүүгийн Батхуяг багш маань "Гэм зэм"-ийг хянасныхаа хойно "Миний хүү одоо л юмны дөртэй болж байна даа"  гэж хэлсэн. Намайг жүжиг бичиж чадна хэмээн итгүүлж, дөртэй болгож өгсөн багшийгаа өнөөдөр их үгүйлж байна. Энэ бол миний багшийн амьддаа хийсэн агуу их үйлийн үрийн өчүүхэн нэг хэсэг юм. Бид театрт тэнэг юм шиг хайртай учраас ашиг орлоггүй ч гэсэн тайзан дээрээ хадаатай байдаг. Надтай өрсөлдсөн Норовын Пүрэвдагва, Шагдарсүрэнгийн Гүрбазар нарыг ланжгар том зохиолч гэдгийг бид мэднэ. Тэр хоёр ах минь тэргүүн дээрээ намайг өргөн тэнгэрт харууллаа...." хэмээн өчсөн юм. Я.Баяраа "Нэг урлаг", "Цөн", "Таслал", "Бороонд норсон Чeхов", "Хөх мэдрэхүй" (хамтын), "Хүний мөр..." (хамтын) номуудыг хэвлүүлээд буй билээ. Ингээд түүний яруу найргийн номуудаас ЕСӨН шүлгийг онцлон хүргэж байна.

#1

Эцгийнхээ оршихуйг эгнэгт давахгүй юм чинь

Эрэлхэг дүр гаргаад харсан зүгтээ алхчихсан юм

Хүслийнхээ хязгаарт хүрэх нь худлаагаас хойш

Хүзүү ороосон бодлуудаа 

                               дарсны аагинд шатаачихсан юм.


Өглөө сэрсэн өөрийгөө 

                           үдэш унтахдаа танидаггүй юм чинь

Өрөөлийн сэтгэлийг ч бас 

                           жинлэж хэмжихгүйг хичээдэг юм.

#2

Хорвоогийн таталцлын хуулиар 

дэлхий эргэнэ

Хоосон наминчлалт үгсийн дээр

амьдрал эргэнэ...

#3 Дуучин ГААНГ-ийн дурсгалд...

Энэ амьдрал амгаланг эрэгсдэд зориулагдаагүй

Энэ амьдрал амиа тэвчигчдэд зориулагдаагүй

Энэ амьдрал гэгээнтнүүдэд зориулагдаагүй

Энэ амьдралд гэм зэмгүйчүүдэд гишгэх газар үгүй 

Энэ амьдрал хэн ч бишүүдэд зориулагдсан юм

Энэ амьдрал хэнээтнүүдэд зориулагдсан юм

Энэ амьдрал хулчгаруудад зориулагдсан юм

Энэ амьдрал худал хуурмагийн орон зай юм.


Сүрэглэн хөлхөгч шоргоолжны үүр хийгээд

Сүсэглэн гороологч сүм хийд хоёр нь

Сүр хүчний гялбаа тэнгэр газар мэт санагдав ч

Сүйрэл мөхлийн совин агаар нэгэн буюу

Хамаг сэтгэлээ юүлэгч эхийн сэтгэл хийгээд

Халуут эхээ идэгч аалзны хөнөөл хоёр нь

Харгис хэрцгий байдал гал ус мэт үзэгдэв ч

Хамгийг золих чанар агаар нэгэн буюу.

#4 Борооны хэлмэр

Гунихыг би мэдэхгүй
Тийм үгийг сэтгэлээс минь эрэвч олохгүй
Найдвар тасрахыг харин мэднэ
Навчис шарлахад дарсны дон хөдлөх нь 
Бугын дуудлага лугаа байгалийн зөн
Байгалийн зан...
Өөр рүүгээ өнгийвөл гуниг төрнө гэнэ үү?
Өө, түүн шиг ший янгууны үг үгүй ээ
Өөр рүүгээ өнгийх гэдэг чинь толинд харахаас өөр!
Үүр лүүгээ өнгийсөн шувуунд 
Үнэгэнд идүүлсэн өндөгний нь хальс үзэгдэх шиг
Үр хөндүүлсний дараах анхны дур тавилт шиг
Үүл нь үгүй атлаа бүрхэг өглөө шиг
Үхээд удсан андынхаа гэрийн дэргэдүүр өнгөрөх шиг
Үзэн ядмаар үйлдэл шүү...
Үнэн тийм танин ядмаар хол биш ээ
Үхэл шиг тэг хэлбэр, тэгээд гүйцээ
Нүгэл буяны хорвоог нүдээрээ л илж явахад
Нүцгэн улаан зүрх минь удаан цохилохыг мэднэ
Энэ л хангалттай.

#5 Өвлийн шүлэг

Умрын тэнгэрт гэрэлтэх ододыг харнам.

Тэр ододын дор төрсөн гэр минь буй

Зузаан ботийн хуудас эргэх шиг

Хуйлраа салхинд цас угалзран буй

Дулаан хөнжилдөө эрх дүү минь

Зуныг зүүдлэн нойрсож буй.

Илч уугисан галын гэрэлд

Унийн толгой улалзан буй

Ижий аавын орны хөлөөр

Илгэн гос нь түшилдэн буй.


Гэнэн цагийн гэрэлт дурсамж

Гэнэтээр сэтгэлд жавар сийгүүлж

Умрын тэнгэрт гэрэлтэх ододыг

Урьд урьдаас шунаглан ширтнэм.

Тэр ододын дор төрсөн гэр минь буй

Инээд хөөрийн минь цуурай шингэсэн

Банзан хашааны хөлд, овойх цасан дунд

Их л багадаа тарьсан улиангарын минь

Идэрхэн бие гэрэлтэн буй.

#6

Зэврүүн зэврүүн л гэнэ, хавар л бол хавар л даа

Зэрэгцэж зогсоод ургах нарыг угтахад

Зээлийн маань тэндэх эл хульхан булангаас

Дэврүүн бага нас минь гүйгээд ирэх юм шиг

Амар алдуулсан гэнэн бодол гэнэтэд төрж

Ахин нэг удаа цагийн хурдад санааширна.

"Нар манддаг нь хэчнээн сайхан бэ?" гэж шивнээд

Найдах, итгэх бүхнээ сэтгэлийн угтаа тэмтэрнэ

Тийм ээ, нар ийнхүү ахин дахин мандсаар буй нь

Надад өгүүлшгүй баяр төрүүлж байна.

Хайлан урсах цасны чимээ бие сэтгэлийг нэвтэлж

Хаа нэг тийш нисэн одохдоо үүнийг улам дэвэргэсэн байна 

Барьцгүй тунгалаг мэдрэмжээ дагаад хийсчихэлгүй

Барьж өөртөө үлдээтэл гарыг минь тэр тавьсангүй

Зэврүүн зэврүүн л гэнэ, хавар л бол хавар л даа

Зэрлэг байгалийн өмнө хайраас бусад нь хүчгүй л дээ.

#7 Уналт

Зүгээр л Жеймс Бондын удаах ангийг хүлээж 

   Үсээ арагш илсээр уснаас гарч ирэхэд нь

      Үнэн сэтгэлээсээ догдлон дуу алддаг

                     Үзэгч байж үзэхсэн

                   Гутал нь тоосгүй л бол

                  Сэтгэлийн ачаа хөнгөрч

               Гулиалж, алиалж амьдардаг

              Гуниггүй хүн сүрэгтээ очихсон

                 Зожгирч ганцаардсан үгс

Мөсөн бүрхүүлтэй бяцхан тооройс мэт дотуур гүйлдэж

         Зожгирч ганцаардах хүслийг гижигдэх тусам

                            Зожгирч ганцаарднам

            Олон үйлдэлтэй цахилгаан багаж эсвэл

Оролт гаралт бүхий улс төрийн тогтолцоо мэтээр

   Биеэ төсөөлж, төсөөлөлд ургасан дүрүүдтэйгээ

                    Плато мэт цэцэн яриа өрнүүлж

      (Ийм маягаар цаг гаруй ярилцсаны дараа)

   Ихэвчлэн өөрөө л яриад суугаагаа анзаарахад

           Ичгүүр бус инээд баясал төрнө..,

                 Энэ хүртэл бичсэнд минь

      Эрүүл ухаан агшин ч үгүйг мэдэж байвч

Энэ маягаар би Илиадаг ч бичсэн чадахаар байна

   Азгүйчүүдийн бурхан байдаг бол одоо л сонс

     Азгүй, улам азгүй шүлэгч болгож хайрла!

#8 Номын баярын үдэш

Ганцаараа дуулж байгаа хүн

Ганцаараа уйлж байгаа хүн

Ганцаараа хоол хийж буй хүн

Ганцаараа гав ганцаархнаа суух хүн

Ганцаараа гүүр уруудаж яваа хүн

Ганцаараа шивүүр нүдэж суугаа хүн

Ганцаараа тамхи татаж зогсоо хүн

Ганцаараа архи ууж байгаа хүн

Ганцаараа хурьцаж буй хүн

Ганцаараа худал хэлж хэвтээ хүн

Ганцаараа цор ганцаараа атал

Ганцаараа байж сураагүй хүн.

#9

Улаангомынхоо өвлийг үгүйлнэм

Улбар ягаан охидыг нь үгүйлнэм

Нусаа хацартаа нааж явахдаа

Нуугдаж харсан эгч нараа үгүйлнэм


Үүрдийн цэлмэг тэнгэрээ үгүйлнэм

Үхэр бэлчдэг гудмаа үгүйлнэм

Манай эриний өмнө нь ч манай хот байсан гэж

Маргаангүй итгэж явсан насаа үгүйлнэм


Үргэлжилсэн урт жүжгийг санагдуулам

Үймээн шуугиангүй амьдралаа үгүйлнэм

Үймээн шуугиангүй амьдралын дунд

Үзэгдэл нэмэх өвлийг нь үгүйлнэм


Чандага цагаан өвлөө дурсахад

Хундага хундага гуниг төрнөм

Хөлчүү нийслэлийн давчуу булангаас

Хөгшрөлийг сугадан гэртээ харьнам

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zolaa 2022.06.13 64.119.23.148

nice

0 Хариулах