"Game of Thrones" цувралын prequel "House of the Dragon" өчигдөр HBO MAX-аар эхний ангиа цацаж, фэнүүд уйлалдаж, баярлалдлаа. Гэвч маш их хүлээлттэй байсан тус цувралын эхний ангийг үзэх гэсэн хэдэн сая хандалтаас үүдэн HBO MAX ашиглаж буй олон хүн хэсэгтээ л үзэж чадахгүй гацсан байдалтай суусан байна. Бүхэл бүтэн 10 сая хүн зэрэг дайрсан учир аргагүй биз дээ.

"Title not available" гэх бичиг гарч, хүмүүс манайхны нэгэн адил аппликэйшнээсээ гарч орох, утсаа унтрааж асаах гээд түмэн арга хэрэглэсэн байна.

HBO MAX-ийн зүгээс "Зарим хэрэглэгчдэд ийм асуудал үүссэн байна. Та аппликэйшнээсээ гарч ороод үзээрэй. Хэрэв тэгээд ч болохгүй байвал эргээд холбогдоорой" гэх хариулт өгчээ.

Ийнхүү сүр дуулиантай эхэлж буй тус цувралын дараагийн анги 8 сарын 28-нд цацагдах болно. Тэр үеэр аливаа нэгэн асуудал үүсэхгүй байх тал дээр HBO-ийн зүгээс анхаарч байгаа гэнэ.
Та харин эхний ангиа үзэж амжсан уу? Хэрэв тийм бол сэтгэгдлээ хуваалцаарай! <3
Эх сурвалж: NY Times, Deadline.com