Хайх зүйлээ бичнэ үү

21 мин

“Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон”


Зуны амралт эхлэхээс өмнөхөн сургуулийнхаа “Эрдмийн баяр”-ын концертод хүү ардын бүжиг бүжиглэхээр сургууль, гэртгүй бэлдэж гарлаа. Тоолоод л хийгээд байж. Багахан эвсэлгүйг эс тооцвол тун ч хичээнгүйлэн давтсаар биелгээний бүх хөдөлгөөн мадаггүй жин тан, тайзнаа гарахад бэлэн болов. Концертын товт өдөр ааваараа сургуульдаа хүргүүлж очоод хөгжөөн дэмжихээр ирэх ээжийгээ хүлээх тэрхэн зуур. Түүний анхаарлыг тэс өөр зүйл нэгмөсөн татаж орхив. Нэгэн хөвгүүн “Эрдмийн баяр”-т илбэ үзүүлэх гээд гоёмсог хайрцаг сэлт аваад ирж. Хүү удахгүй тайзан дээр гарахаа ч таг мартан тэрхүү хайрцаг зүгт автчихав. Хайрцгийг нь үзмээр байгаагаа хэлэхэд илбэчин хөвгүүн татгалзжээ. Хүү нэг л мэдэхэд хайрцагт гараа хүргэчихсэн доторх эд зүйлсийг онгичиж гарлаа. Илбэчин “Болохгүй” хэмээгээд хайрцгуудаа булаан авах гэхэд хүү түүнийг хариу түлхсэнээр том маргаан дэгдэх нь тэр. Аав илбэчнээс уучлал гуйж, хайрцгийг хүүгээрээ өөрөөр нь буцааж өгүүлэх гэж ятгах хооронд хүү уйлаад л байж, бүр улам чанга уйлчхав. Ерөөс нэг уйлсан бол түүнийг тайвшруулах амар биш. Хамаг хөлс нь цутган тэвдсэн аав хүүгээ сургуулиас нь шалавхан аваад харьжээ. 

“Өнөөдөр манай хүү сургуулийнхаа концертод бүжиглэнэ” хэмээгээд чөлөө хүсэхдээ ээж нь маш их баяртай байлаа. Хүүгээ тайзан дээр бүжиглэхийг харах гэж яаран гарсан ч нөхрөөс нь “Бид гэртээ ирсэн” гэх мессэж ирэв. Сургууль хүрэлгүй гэрийнхээ хаалгаар ороход хүү “Би албаар түлхээгүй. Ээж ээ, намайг уучлаарай. Би танд бүжгээ үзүүлмээр байсан ч чадсангүй” гээд хүзүүдэв. “Миний хүү бүжгээ сайн сурсан шүү дээ, ээж нь бахархаж байна. Ээж нь хүүгээ бүжгийн бэлтгэлээ хийсэнд, бүжиглэж сурсанд харин ч их баярласан”.  

Ээж, хүү хоёул уйлалдан тэврэлдсэн, аав нь мэгдэн сандарсан ийм өдөр эднийд цөөнгүй. “Харин ч бид ямар ихэд суралцаж чадсан юм бэ” гэх урам зоригтой, сэтгэл хангалуун өдрүүд түүнээсээ бүр ч олон. 

                                                                                                                                    Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

-За, хүүгийнх нь концерт сайхан болов уу?

-Сайхаан. Манай хүү ёстой хөөрхөн бүжиглэлээ. 

Энэ удаа ээж нь ийн худал хэлэв. Өөр хариулт сонсохооргүй баяртай асуусан учраас аандаа л анхаарал тавьсан хүмүүсийн хүлээлтэд нийцсэн хариу өгсөн хэрэг л дээ. Гэхдээ хүү нь бүжгээ үзүүлэх гэж хичээсэн, урмыг хугалсандаа уучлал гуйсанд ээж нь баярлаж байлаа.   

Их сургуулийн оюутан, өөрсдөө хүүхдээрээ шахам байхдаа П.Анар, М.Сувданзаяа хоёр удахгүй эцэг эх болох гэж байгаагаа мэдсэн юм. Энэ бол 2011 он. Хайр дурлал, хамтын амьдрал, анхны хүүхэд гээд залуу хосын амьдралын бал бурам шиг өдрүүд үргэлжилж байлаа. Тэд бяцхан хүүгээ өлгийдөж, Болор хэмээн нэрлэлээ. Хүү эрүүл саруул өсөн торнисоор нэг ой хүрснээс хойхно ягаан дэвтэрт хөтөлж ирсэн хүүхдийн хөгжлийн үзүүлэлтүүд алдагдаж, илэрхий хоцрогдол ажиглагдаж эхэлжээ. “Бид хоёр ягаан дэвтрээ дуустал нь, таван нас хүртэл тууштай хөтөлсөн нь сайн болсон. Хэдийд, ямар рефлекс алдагдаж, хөгжлийн ямар хоцрогдолтой нүүр тулж байгаагаа, зайлшгүй чадваруудаа хожуу боловч хэрхэн нөхөн сэргэж байгаагаа ажиглах нь бидний хувьд чухал зүйл болсон юм”.

Болор хүү хоёр ойноосоо нэлээд өнгөрсөн хэдий ч үг хэлэхгүй л байв. Нэрээр нь дуудахад харахгүй байгаа нь нэг л хачин. Сонсголгүй төрсөн хүүхэд хэлд огт ордоггүй гэх боловч хүү тоос сорогчны зэрэг зарим дуу чимээнд дургүйцэн тавгүйтдэг. Тиймээс тэд хүүгийнхээ сонсголд огт эргэлзэж байсангүй. Тоглохдоо том хүн шиг төвлөрөн сууж машинуудаа томоос жижиг рүү эгнээ үүсгэн жирийтэл өрнө. Ерөөс юугаар ч тоглосон дэс дараалал, эрэмбэ цэгц үүсгэн сатаардаг. Аав, ээжийнхээ асуултад авиа амнаасаа унагахгүй хэрнээ цифр, логонд маш нүдтэй, юутай ч эс андуурах танимхай. Үсэг эвлүүлэн нэг үетэй үг хүртэл бүтээчихнэ. Гэрээр нь зочлох найзууд Болор хүүг бие даасан, сүрхий борогшуу байгааг магтана. Харин хүү гэрт шинэ хүн ирэх, айлд зочлон очих бүрийд тамираа тасартал уйлж сандаргадаг, хоолондоо муу, унтах ёстой цагаасаа 3-4 цаг хэтрүүлэх үзэгдэл үргэлжилсээр байлаа. Ягаан дэвтэр дэх хоёр настай хүүхдийн хөгжлийг тодорхойлсон талаас олон хуудас урагш эргүүлбэл тэнд Болорын хөгжилд дүйх рефлексүүд бий.  

“Миний хүүд юу тохиолдов. Энэ бүхэн ямар учиртай юм бол?”. Нэгэн удаа П.Анарт ээж нь нэгэн хүүгийн ярилцлагыг уншуулснаар толгойд нь үргэлж эргэлдэх бодолд сэжүүр олох шиг санагджээ. Тэр хүү хэлд оройтож орсон, тоглоомоо өрж эгнүүлдэг, шинэ орчин, өөрчлөлтөд дургүй бөгөөд аутизмын хүрээний эмгэгтэй хэмээн оношлогдсон гэнэ. Хүүгийнхээ хөгжлийн хоцрогдлын шалтгааныг ийм онош байх магадлалтайг Анар ойлгов. Тэр үед манай улсад аутизмын талаарх ойлголт түгээмэл бус, оношлуулахаар хандах мэргэжлийн газар ч байсангүй. Анар энэ ярилцлагыг Сувдаад мөн илгээв. “Яг л миний хүү шиг юм”. Ингээд тэд интернэтээс хайж судалсны эцэст “аутизм” гэх нэгэн шинэ нэр томъёотой танилцаж, гэр бүл дэх бяцхан хүнийхээ онцлогийг тандах анхны ойлголттой болжээ.  

Хүүгээ хоёр ой зургаан сартай болоход дөнгөж байгуулагдсан “Анд хүүхдүүд” цэцэрлэгт явуулж эхэллээ. Аутизмтай байж болзошгүй хүүхдүүдийг оношлох, хөгжүүлэх, сургах хөтөлбөртэй Монголын анхны хувийн цэцэрлэг л дээ. Тэнд Германы терапист эмч Ян ирж ажиллаж хүүхдүүдийг үзэхдээ бяцхан Болорт “аутизмын хөнгөн хэлбэр” гэсэн онош тавьжээ. Энэ хүртэл Анар, Сувдаа хоёр хүүгээ аутизмтай гэдэгт 100 хувь итгээгүй байв. 

“Анар энэ оношийг тайван хүлээж авсан. Намайг сэтгэлээр унагахгүйн тулд тэгсэн юм билээ. Өмнө нь ээж, эмээ хоёртоо хүүгээ аутизмын эмгэгтэй байж магадгүй гэж хэлэнгүүтээ жорлонд орчихсон гэсэн. Манай хүн уйлсан байх гэж одоо боддог юм. Хүүгээ ойлгох, дэмжих, хөгжүүлэхэд аав нь миний өмнө гарч, үргэлж урам зориг өгсөөр, хамтдаа хичээн зүтгэж ирлээ”. 

Хүүгийн эмээ, өвөө эхэндээ аутизм гэж юу болохыг сайн ойлгохгүй байв. Хүнд хэцүү өвчин гэж айж, учир шалтгаан, эдгээх боломжийг лавлацгаах болжээ. Гэвч үүнд тодорхой болсон учир шалтгаан одоогоор үгүй. Сувдаагийн аавд зээ хүүгийнх нь онош хамгийн хүнд тусчээ. “Яагаад миний охины хүүхэд ийм болов” гээд л тун их шаналдаг болсон байлаа. “Би аав ээжээ, хадмуудаа тайвшруулахын тулд хүүгээ нэг шинэ юм сурах бүрт бичлэг хийгээд илгээнэ.  Миний хүү хоёр нас есөн сартайдаа анхныхаа авиаг хэлсэн юм шүү дээ. Тэр өдөр манай гэр бүлийнхэн магнайгаа хагартал баярласан даа”.

Сувдаа тэр үед их сургуульд эзэмшсэн мэргэжлээрээ ажилд ороод удаагүй байв. Хүүгийнхээ оношийг тодорхой болсны дараа ажлаасаа бүрмөсөн гарах бодлоо Ян эмчийн зөвлөснөөр хаясан ч гэлээ хэсэг хугацаанд гэртээ байж, хүүдээ зориулан амьдралын тодорхой хэв маягийг бүрдүүлж өгөхөөр шийдэв. Харин түүнд хэр хугацаа хэрэгтэйг мэдэхгүй байсан тул хугацаагүй чөлөө өгөхийг удирдлагаас хүсчээ. “Юу гэнэ ээ. Чиний тэр хүүхдийн асуудал надад хамаагүй шүү. Хугацаагүй чөлөө гэж байдаггүй юм. Чи бүрмөсөн яв” гэв. “Энэ бол миний анхны хамт олон байсан бөгөөд тэр даргаас аутизмтай хүүхдийн ээжийн хувиар анхны хачин мэдрэмжийг авсан учраас мартагддаггүй юм”.

Болор 23 цаг болсон байхад ч нойрмоглодоггүй тун ч сэргэг хүүхэд байв. Харин машинд явахаараа унтчихдаг тул эрт унтуулж хэвшүүлэх гэж аав ээж хоёр нь 20.00 цаг болмогц машиндаа тэврэн сууж, гудамжаар давхин бөх нойрссон хойно нь сая гэртээ орж оронд нь сэмхэн хэвтүүлдэг байв. Хэдэн сарын турш орой болгон ингэж давтсаар цэцэрлэгийн хүүгээ эрт унтдаг, цагтаа сэрдэг болгоод авав. Болор харсан зүйлээ тогтоодгийн хэрэг юу билээ, Сувдаа өдөр бүр хүүтэйгээ хичээллэж байлаа. Дээр нь эсгий харандаагаар бичиж арилгадаг самбарт аяга таваг, халбага, өмд, цамц, гуталнаас авахуулаад мэдвэл зохих бүх зүйлсийг зурж таниулна. Өөрөө халбагаддаг, өмд цамцаа өмсдөг болгох гэж бүтэн жил зарцуулав. Одоо жорлонд сууж бие засуулаад сургачихвал том ажил нугалах юм. Ээж нь гурван настайгаас живхнээс татгалзаж, оронд нь маш олон өмд худалдан авлаа. Самбарт өглөө босоод л жорлон зурна. Тэгээд хажууд нь хүүгээ зурна. Ийнхүү жорлон дээр суун бие засаж байгаа үйлдлийг өдрийн хэд дахин зурсаар л байв. Энгийн хүүхдэд сургахаас хэдэн зуу дахин олон оролдлого, урт хугацаа, тэсвэр тэвчээр шаардсан энэ хичээл тэрхүү самбарт давтагдсаар л, хүү өмдөндөө бааж шээсээр л байлаа. Аав, ээж хоёр нь дахин живх рүү ухарсангүй, угааж цэвэрлэсээр байсны эцэст хүү дөрвөн настайдаа л үе тэнгийн хүүхдүүд шигээ боловсноор бие засаж сурчээ. Энэ хүртэл зөрөн өнгөрөх хүмүүсийн “Өдий том болсон хүүхэд нь өмдөндөө...” гэх дургүйцсэн харц ээжийг нь хүүхдэдээ хайнга, арчаагүй эмэгтэй хэмээн зэмлэдэг байлаа. 

“Миний охин энэ намар сургуульд орсон, одоо зургаан настай. Төрөхөд нь угтсан гэр бүлд аутизмтай ах нь амьдарч байсан болохоор ах хүний талаарх охины минь төсөөлөл, ойлголт ердөө л Болор ах нь. Ах нь өөрийнх нь хувьд энгийн зүйлээс болж хямарч тавгүйтдэг, амархан уйлдаг, ахынх нь толгой өвддөг. Гэхдээ ах нь нарийн ээдрээтэй шинжлэх ухаанд дурлан сонирхох атлаа үлгэр домогт өгүүлэх ёгт эсвэл хошин санааг ойлгодоггүй. Бас халуунд зузаан цамцтай, хүйтэнд дан өмдтэй гараад явж мэднэ. Ахад нь заль мэх байдаггүй. Ах нь цаг яс баримталдаг учраас дүүгээ яг цагт нь авахаа хэзээ ч мартдаггүй. Ах нь дүүдээ амалсан л бол заавал биелүүлдэг. Гэвч ахыгаа өөрийнхөө өмнө тавихгүй бол болохгүйг, буй байгаагаар нь хүлээн зөвшөөрч, уйлах, өвдөхөд нь өмнөөс нь зовж сурсан. Энэ бол миний аутистик ахтай бяцхан охин минь юм”.

“Хүн болгонд очоод миний хүүг ойлгоорой, энэ минь аутизмтай юм” гэж хэлэх боломжгүй шүү дээ. Гэхдээ Анар бид хоёр хүүхдээ хэзээ ч, хэнээс ч нууж байгаагүй. Харин ч нийгэмшүүлэх гэж хичээж ирсэн. Энэ нь ч зөв болсон. Аутизм эдгэхгүй, ийм хүүхдүүд төрөхөө болихгүй. Аутизм бол өвчин биш эмгэг учраас хэзээ ч эдгэхгүй, харин хөгжин өөрчлөгдөж болох хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгээхэн зүйл юм. Тиймээс хүмүүс зүгээр л ойлгоод л өнгөрдөг болчихвол, элдвээр гоочлохоо больчихвол л болох нь тэр. Яах учраа олохгүй олон эцэг эх хүүхдээ гэрт нь нуучихаад, хэн нэг нь хүүхдээ асрахаар ажлаасаа гарахад хүрдэг. Биеийг нь өсгөж болно оо, харин сэтгэл зүйг асран тойлдож, сургаж хөгжүүлэхэд маш их хичээл зүтгэл, цаг хугацаа, тусламж дэмжлэг хэрэгтэй болдог. Гэртээ түгжигдсэн хүүхэд хөгждөггүй, эмгэг нь даамжран өөрийгөө зодож цохьдог, орилж хашгирдаг, маш их хямралтай, гэр бүлийнхэндээ хүндрэл учруулж буй жишээ олон байна. Амь нас нь эрсэдсэн тохиолдлууд ч байна. Манай гэр бүл аутизмыг нийгэмд таниулах, хүү шигээ ийм эмгэгтэй төрсөн хүүхдүүдийг эрт оношлох, хүлээн зөвшөөрөх, хөгжүүлэх үйлсэд сайн дураараа идэвхтэй оролцож эхэлсэн юм. 2014 оноос “Тэнгэрлэг ээжүүд” нэгдэл байгуулж, долоо хоног бүрийн пүрэв гаригт ФМ 104.5 радиогоор аутизмыг нийгэмд таниулах нэвтрүүлэг хөтлөн явуулж байна. Анар маань саяхан Мандуулын подкастад аутистик хүүхэдтэй аавуудыг төлөөлөн оролцсон”. 

Албанд явдаг, эрт нойрсдог, жорлонд бие засдаг болсон нь дөрвөн настай Болорын хувьд үнэхээр том хөгжил, ээж аавынх нь хувьд баярлаж бахадмаар амжилт болов. Хоёр ойтойд нь буюу хий насаар гурав хүрэхэд хүүгийнхээ даахийг үргээж, цайллагын дараа ядраад унтчихсан хойно аав нь үсийг нь хусахаар жижиг машин асаан ойрттол Болор гэнэт давхийн цочсоноос хойш илэрч, зургаан нас хүртлээ чанга дуу чимээнээс айн дагждаг рефлекстэй болсон нь ч замхарсаар л байгаа. Жорлонгийн ус татах чимээнээс хүртэл зугтдаг байжээ. “Аажимдаа танил болсон, сонсож дадсан чанга чимээнд мэдрэг байдал нь бүрмөсөн арилсан ч аль нэгтээ хүү минь чихээ таглачихсан зогсох үе таардаг л юм”. 

Болор дөрвөн настайдаа ах боллоо. Дүүгээ уйлахад дургүйцэн бухимдах, чихээ даран тавгүй болох бүрийд аав, ээж хоёр нь тайвшруулах гэж хамаг арга чаргаа бардаг өдрүүд одоо хэдийн ард хоцорчээ. Хоёр талын аав, ээжүүд долоо хоног бүрийн нэг өдрийг тэдэнд бүтэн зориулж, хоёр хүүхдээ асран өсгөхөд маш их тус болжээ. “Миний охин энэ намар сургуульд орсон, одоо зургаан настай. Төрөхөд нь угтсан гэр бүлд аутизмтай ах нь амьдарч байсан болохоор ах хүний талаарх охины минь төсөөлөл, ойлголт ердөө л Болор ах нь. Ах нь өөрийнх нь хувьд энгийн зүйлээс болж хямарч тавгүйтдэг, амархан уйлдаг, ахынх нь толгой өвддөг. Гэхдээ ах нь нарийн ээдрээтэй шинжлэх ухаанд дурлан сонирхох атлаа үлгэр домогт өгүүлэх ёгт эсвэл хошин санааг ойлгодоггүй. Бас халуунд зузаан цамцтай, хүйтэнд дан өмдтэй гараад явж мэднэ. Ахад нь заль мэх байдаггүй. Ах нь цаг яс баримталдаг учраас дүүгээ яг цагт нь авахаа хэзээ ч мартдаггүй. Ах нь дүүдээ амалсан л бол заавал биелүүлдэг. Гэвч ахыгаа өөрийнхөө өмнө тавихгүй бол болохгүйг, буй байгаагаар нь хүлээн зөвшөөрч, уйлах, өвдөхөд нь өмнөөс нь зовж сурсан. Энэ бол миний аутистик ахтай бяцхан охин минь юм”.

Болорыг анх сургуульд орох болоход хаана сургах талаар Анар, Сувдаа хоёр ярилцаад “тусгай хэрэгцээт” хүүхдүүдэд зориулагдсан бус, ерөнхий боловсролын энгийн дунд сургуулийг сонголоо. Хүү нь хэдийгээр оройтож хэлд орсон ч нэг л мэдэхэд монгол, англи хэлээр зэрэг ярьж, бүрэн ойлгодог болсон байв. Үүнд эцэг эхийг нь “хардах” хүмүүс бий. Гэртээ зөвхөн англиар ярьдаг уу, эсвэл хүүхэдтэйгээ амьд харилцаагүй, утас өгөөд орхидог уу гэх эргэлзээ дагана. Эцэг эх нь гэртээ, аав ээж, ах дүү, найз нөхөдтэйгөө бусдын адил монголоор ярьдаг. Болорыг зориудаар англиар хэлд оруулах ямар ч оролдлого хийгээгүй аж. Дэлгэцийг хүүхдэд зөвшөөрөгдөх хэмжээгээр хэрэглүүлж байсан ч тэнд Болорын анхаарал, сонирхлыг татах зүйл илүү байсан нь өөрөө мэдэлгүй англиар хэлд орсон шалтгаан, ээж аавынх нь хувьд ч “гэнэтийн бэлэг” болсон аж. “Хүү англиар ч, монголоор ч зэрэг шахам хэлд орчихсон. Гэхдээ би түүнийг англиар монгол хэлээр ойлгодог шигээ хэмжээнд хүрчихсэн гэж нэг л итгэдэггүй байсан юм. Тэгээд нэлээд хүнд үгтэй англи текст уншиж өгөөд асуугаад байсан чинь агуулгыг нь төгс ойлгоод хариулахад л би хүүгээ англи хэлтэй болсон юм байна гэдгийг мэдсэн” хэмээн Анар ярьсан. 

Хүү нэг, хоёрдугаар ангидаа Зайсанд байрлалтай “Оргил” дунд сургуульд сурч, гэр нь хотын төв рүү нүүхэд орйолцоох “Сэлбэ” сургуульд гуравдугаар ангиасаа суралцаж байна. “Шинэ ангийнх нь багш эрэгтэй хүн гэдгийг сонсоод бид анх жаахан эргэлзэнгүй л байв. Хуучин багш шиг нь хүүг маань ойлгож харилцаж чадах болов уу, эрэгтэй тэгээд залуухан багшийн туршлага, ур чадвар ямар байх бол доо гээд л. Гэтэл хүү маань дунд ангид дэвшин суралцах үеэс багштайгаа өдөр бүр уулзаж амжихгүй болно гэж бодохоороо хямран уйлдаг тийм их хайртай болсон. Сүхбат багш миний хүүгийн итгэлт хүн болж чаджээ”.

Болор өдгөө 10 настай ч оюун ухааны нас нь 19-тэй хүний түвшинд хүрсэн. IQ-112. Гэвч хөгжлийн нас 8-тай хүүхдийнх шиг. Бодит болон хөгжлийн насны зөрүү багассаар байгаад эцэг эх нь урамтай байна. “Бид найз нараасаа хамгийн түрүүнд гэрлэж, тусдаа амьдарч, эцэг эх болсон учраас манайх найз нар маань цугладаг олонтой айл байсан. Тиймээс хүү төрсөн цагаасаа хүмүүсийн дунд байж сурсан юм шиг хэрнээ танихгүй хүн ирэх, эсвэл танихгүй айлд очихоороо учир шалтгаангүй уйлчихдаг. Тэгээд тэр орчноос холдохоос нааш зогсохгүй уйлна. Ойлгохгүй хүмүүс хүүг маань хүний нүүр харахгүй байгаад эгдүүцэж, сүртэйг нь гайхна л даа. Цагаан сараар бид золгуутаар гарахаасаа өмнө бүх хамаатан садныхаа зургийг хүүдээ үзүүлж, шинэ ирэх хүүхдүүдийг таниулж хэдэн өдөр бэлддэг байснаа бодоход одоо маш их сайжирсан. Бид хүүгээ аль болох гадуур авч явж, гэрийн ойролцоох дэлгүүрт ганцааранг нь оруулж, биеийг нь даалгах тал дээр анхаарсаар л байна”. 

Олон нийтийн газар, танил бус хүмүүс, хүмүүсийн харц, дуу чимээ, тэгээд бусадтай харилцана гэдэг дасан зохицоход Болорт өнөө хэр ойлгомжгүй хэвээр. Гэтэл шинжлэх ухааны мэдээллүүд, сансар судлалд ухаангүй дуртай. Алив тогтсон дата, өөрчлөгддөггүй өгөгдлүүдийг ямар ч түвэггүй тогтоочихдог. Нэг очсон газрынхаа хаягийг олон сарын дараа ч цээжээр хэлдэг. Үйл явдлыг он, сар, өдөртэй нь ярьдаг. Харин хүнтэй яриа эхлэхийнхээ өмнө амар мэндийг нь эрэх, салахдаа “баяртай”, тусламж авбал “баярлалаа”, уурлуулбал “уучлаарай” гэж хэлэхэд сургахын тулд бас л нэлээд хугацааг туулж байна. Лифтэнд ороод дураараа товч дарах, танихгүй хүмүүсийн ярианд хөндлөнгөөс гэнэт оролцох, эд зүйлд нь дураараа хүрэх гэх мэтээр биеэ хэрхэн авч явбал зохих тун хэмжээг тааруулах мэдрэмж хүүд хараахан бүрэн суугаагүй л байна. “Ямар тэнэг хүүхэд вэ”, “Яасан хүмүүжилгүй юм бэ” гэж хачирхах, загнах, гадуурхах хандлагууд түүний эргэн тойронд амь бөх байна. 

“Болор өнгөрсөн хавар ангидаа нэг хэрэг мандаасан. Хэн нэгэнтэй муудалцаад уурандаа ангийн хойд талд байсан ширээг түлхэж унагасан байгаа юм. Харин ангийнхан нь хүлээцтэй хандаж, түүнийг тайван орхисноор хүү буцаад түргэн тайвширсан байна лээ. Үүний өмнө сургуулийн хонгилоор явж байгаад бас л нэг тулгаралтад орж бөөн уйлаан дэгдээхэд ангийнхан нь ирээд “Болор удахгүй зүгээр болчихно” гээд гайхаж цугласан хүүхдүүдэд тайлбарласан гэсэн. Хүү ангидаа ганцаараа аутизмтай ч бусад хүүхдүүд ойлгож, хүлээн зөвшөөрч байгаад Сувдаа бид хоёр үнэхээр их талархдаг” хэмээн аав Анар нь өгүүлж байна. “Би эцэг хүний хувьд хүүгээ гэр сахьсан, гэртээ хоригдсон хүн болгохыг анхнаасаа тэвчээгүй. Хорвоо ертөнц гэдэг дан сайн сайхнаар дүүрээгүй учраас янз бүрийн нөхцөл байдал тулгарахад сэтгэл зүйгээ удирдах, биеэ авч явахад сургахыг хичээж л байна. Саяхан шөнө дунд мань эрийн өрөөний хаалгыг тогшоод ортол гялс худлаа унтаж буй дүр үзүүлэн заль гаргахад над лав таалагдсан, яах вэ дээ болж л байна шүү дээ. Унтсан байх ёстой ч тоглоод шөнө болгосондоо гэмшин намайг аргалах гэж анх удаа оролдож байгаа нь тэр. Аутизмтай хүүхэд орчинтойгоо зохицох шинэ оролдлого хийж байна гэсэн үг. Харилцах мэдрэмж нь дээшилсэн хэрэг шүү дээ. Удахгүй өсвөр насанд шилжинэ, хайр дурлал гэдгийг үзнэ гэх мэтээр хүүгийнхээ туулах бүхэнд би дэргэд нь хамт л байна. Багаар тоглодог спортоор хамтдаа хичээллэнэ. Би бүр хүүгээ 21 нас хүрэхэд анхных нь шар айргийг хамтдаа ууна, хүн хална, согтоно гэж юу байдгийг мэдрэхэд аав нь дэргэд нь байна гэж боддог. Аутизмтай хүнийг хөгжүүлж л чадвал энгийн хүний 80 хувьд хүрэх боломжтой гэж үздэг юм билээ”. 

Ээж шигээ дугуй цагаан царайтай, аавынхаа өндөр тэгш нурууг яг хуулчихсан. Ийм нэгэн хүү үе тэнгийн арван настнуудын адил тавдугаар ангид суралцаж байна. Дугуй жийн хотхон дундуураа сүнгэтэл давхиж, цаг нь болохоор гэрийн ойролцоох цэцэрлэгээс дүүгээ авч өгдөг байсан ах одоо өөртэйгөө адилхан сургуульд явдаг дүүдээ санаа тавьж яваа. 

-Болор оо, би чамтай танилцах гэж ирсэн юм аа?

-Тийм ээ, ээж надад хэлсэн. Би ярилцахад бэлэн байна. 

-Чи надад хичээл, сургуулийнхаа тухай яриач?

-Манай сургууль явганаар долоон минутад очих ойрхон байдаг. Би хоёрдугаар сарын 25-нд хэмжсэн юм. Би монгол хэлний зарим дүрэмдээ сайн, заримд нь муу. Харин математиктаа сайн. Хүн ба орчин гэж хичээлийг би “Хүн очно” гэж өөрчилж хэлбэл та ойлгох уу? Сургуульд явах замдаа бодож олсон юм, хөгжилтэй байгаа биз?

-Тийм байна, өөр ингэж өөрчилж болох ямар нэр, үг байж болох вэ?

-Содном гэж хүүг би Соёмбо гэж дуудсан. Бас Цовоог Цох оо гээд л. 

-Чи чинь алиа юм уу даа?

-Бараг л.

-Чиний сонирхлыг хамгийн их татдаг зүйл юу вэ? 

-Шинжлэх ухаан сонирхдог. Гэхдээ хичээлээс өөр загваруудад, интернэтээс хайж олдог мэдээллүүдэд илүү дуртай. 

-Ухаантай юм аа. Чи одоо нэмж юу сурмаар байгаа вэ?

 -Зургийн дугуйланд явмаар байна. Радиогийн ярилцлагад хамт орсон Тулга гэдэг найз маань их сайн зурдаг шүү. Та Исаак Ньютоны хуулиудыг мэдэх үү?

-За байз Ньютоны гуравдугаар хууль гэж инерцийн хуулийг хэлдэг тийм ээ?

-Мөн, мөн. Нэг, хоёр, гуравдугаар хууль гэж байдаг юм. 

-Чи яаж тоглох дуртай вэ?

-Би гадаа хөөцөлдөх, бас нуугдаж тоглох дуртай. Би бас дугуй унах, гүйх дуртай. 

-Чиний ой их сайн юм байна шүү дээ. Санаж байгаа хамгийн анхны зүйл чинь юу вэ?

-2014 онд болсон явдал. Би хоёр настай, хоолны сандал дээр сууж байгаад аягатай усанд аавынхаа утсыг хийчихсэн. 

-Аав нь зэмлэсэн үү?

-Санахгүй байна. Харин хамгийн сүүлд эмээдээ хэдийд загнуулснаа санаж байна. Тэр бол 2022 оны нэгдүгээр сарын 7. Тэгээд уучлал гуйсан. Ээж намайг хамгийн сүүлд зургаан өдрийн өмнө загнасан. За би танд дэлхийн хамгийн хүйтэн өдрийг хэлэх үү?

-За тэг. 

-Арванхоёрдугаар сарын 22. Халуун нь долдугаар сарын 15 орчимд болдог. 

-Чиний дуртай өнгө?

-Би бүр багадаа цэнхэр, ногоон өнгөнд дуртай байсан чинь 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон. За би танд хүн яагаад зүүдэлдгийг хэлэх үү?

-Яагаад зүүдэлдэг хэрэг вэ?

-Хүн унтах үед дөрвөн тархины гурав нь унтаад, нэг нь сэрүүн байх тохиолдолд зүүдэлдэг юм шүү дээ. 

-Чиний бодлоор хүний хүч чадал юундаа байдаг вэ?

-Гэр бүл, хайр, найз нөхөд.

-Амьдралд хамгийн хэрэггүй зүйл юу вэ?

-Муудалцах. 

-Би чамайг тэвэрье?

-Тэг ээ, тэврэлт чинь бас л хайр шүү дээ. 

                                                                                                                                Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

Хамгийн их уншилттай
1
2022.09.09
Хатан хаан II Элизабетийн тухай "хайр хүргэм" 12 БАРИМТ
2
2022.09.13
Эммигийн тайзнаа Зендаяг Леонардо Ди Каприотой болзоход "хөгшдөх" тухай хошигнов
3
2022.09.20
“Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон”
холбоотой мэдээ
1
2022.09.16
Авторын булан: Владивосток-Лондон-Токио
2
2022.09.09
Авторын булан: Владивостокоос тэнцвэрээ олсон төслүүд ба Нью-Йорк Таймсын онцлох мэдээ
3
2022.09.05
Зураачийн хөрөг
санал болгох
1
Уржигдар
Жонни Дэппийн болзож буй өмгөөлөгч Жоэль Ричийн тухай 6 баримт
2
Уржигдар
Онцлох сайт: Солонгос, англи, хятад зэрэг таван хэлээр үнэгүй үлгэр сонсож, уншиж болох...
3
Уржигдар
О.Анхзаяагийн "Lost in Sound" (Анирт алсрах нь) номоос онцлох 12 ЭШЛЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
154
1
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (17)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

D 21 цагийн өмнө 219.121.85.127

Iim nztai boloh um san

0 Хариулах


hi Уржигдар 202.21.100.164

nulims melmerehed barag 10 udaa ten oirhon bailaa. ajil deeree bgaa tul bariad unshlaa. iim huuhduudiig oilgodog baih n chuhal yum baina.

0 Хариулах


x Уржигдар 202.179.21.219

autizmtai huuhdiin emchilgeend probiotik (tusgai hoolloltgej nerleed bgaa )iheer uguh ni sain nuluutei buguud uudel esiin emchilgee nevtersen shuu Turk ulsad hiigdej bgaa minii medehiin ,

0 Хариулах


Зочин 22 цагийн өмнө 103.212.119.154

Ghdee uudel esiim emchilgee hiilgeed yg edgerne gsn batalgaa bhgui

0 Хариулах


Хмм Уржигдар 66.181.161.109

Манайд аутизмтэй хүүхэд байна. Гэхдээ би хүүгээ мундаг хүн болоод аавынхаа нэрийг дэлхийд дуудуулна гэж боддог. Чүү миний хүү хичээгээрэй. Аав нь ямар ч стресс байсан гэртээ хурхирахаас өөр чимээ гаргалгүй 10 жил болжээ. Аав нь энд баатар болох гэж нэр усаа үлдээхгүй. Дотроо боддог бодлоо интернэтэд зүгээр д хуваалцалаа. Дэлхийн хүүхэд бүр, гэр бүл нь бүтэн, аз 60галтай байг

0 Хариулах


Зочин Уржигдар 202.21.108.182

aav eej ni yamar mundag hicheel zutgel gargasan ym be baharhaj baina

0 Хариулах


Зочин 3 өдрийн өмнө 124.158.95.187

bi autistic huugiin eej. zarimdaa shantrah uy bs gardiimaa. meddeg hernee l ogloo bolgon zgr bolchihson bh bolov uu gj bodoj serdeg. ih goy gegeeleg niitlel bn. ger buld n az jargal husey. ulam ih hicheegeeri. nulimsaa barij chadalgui unshij duusgalaa. hicheej bga mash olon ger bul bga. ta nar bugd mundag shuu. hezeech bitgii buuj ogoorei

0 Хариулах


Зочин 4 өдрийн өмнө 66.181.190.198

Aav eej Bolor bolon duud n hair hurch baina! Manaid bas negen Bolor baigaa, udur bur hamtdaa hugjij uragshilsaar bid bugd davgui shuu ☺️ Ta 4tuu az jargal husey! ❤️

0 Хариулах


Zolzaya 4 өдрийн өмнө 103.161.242.112

Аав, ээжээр нь болон Болороор үнэхээр бахархаж байна. Netflix-н Atypical гээд цуврал кино үзэж байсан юм. Аутизмтай аав, ээж, дүүтэйгээ амьдардаг хүүгийн тухай гардаг. Миний хамгийн дуртай цувралуудын нэг яг тэр киног санагдуулж, хэзээ ч бууж өгөөгүй эцэг эхэд нь баярлалаа. Нийтлэл бас их гэгээлэг уншихат тун таатай байлаа. Баярлалаа <3

0 Хариулах


Зочин 4 өдрийн өмнө 103.161.242.112

Аутизмтай хүү болон аав, ээж, дүү*

0 Хариулах


Enhuul 4 өдрийн өмнө 66.181.161.58

Ugluu bosood unshsan anhnii niitlel iim goy gegeeleg baisan bayrlaj bainaa. Ymar mundag, ymar hair hurmeer ym be Bolor oo? ireeduid ch bas odoogiinh shigee, odoogiinhoosoo ch iluu mundag baih baihaa chamd itgej baina. Ogt tanihgui ch gesen zunduu baharhaj talarhaj unshlaa. Niigem ch bas busad humuus ch bas engiineer huleej avaasai. Tanai ger buld az jargal husie, tsaashid ch bas hamtdaa az jargaltai olon jiluudiig unguruuleesei :)

0 Хариулах


Болорын фэн 4 өдрийн өмнө 103.9.90.130

Мундаг аав, ээжийн хичээнгүй хүү байнаа. Баярлалаа аав ээжид нь ;)

0 Хариулах


Ana 2022.09.21 137.83.224.136

Huudee iim ih anhaaral halamj uigagui tavisaar amjiltand hurch baigaa eej aav n yostoi mundag bn. Huugee jiriin huuhduud shig, bur tednees ch iluu medremjtei bolgoj chadsan bn. Uneheer nur ih hudulmur shuu. Angiinh n huuhduud bas yamar huurhun zuv tuluvshilttei huuhduud ve. Bur hair hurchlee. Niigem maan buh niiteer iim huuhduudiig oilgodog, demjdeg boloosoi.

0 Хариулах


Соко 2022.09.20 103.26.194.119

Мундаг аав ээжийн хайранд өсч байгаа хүүхэд байна даа. Үнэхээр мундаг сэтгэлийн хаттай, хайрламаар гэр бүлийн орчинд өсөж байгаа нь богинохон ярилцлагаас л мэдрэгдэж байна шүү.

0 Хариулах


pingu 2022.09.20 27.122.12.247

huurhn ymbe, tevermeer, tevruulmeer sanagdchihlaa:> mundag shinjleh uhaanch bolooroi♡

0 Хариулах


Зочин 2022.09.20 66.181.164.138

Extraordinary Attorney Woo шиг санагдлаа. Ийм хүүхдүүд Гоц ухаантай байдаг гэсэн. Ээж аав нь мундаг болхоор биеээ даасан мундаг хүн болох байхаа. Жаахан дүү охин нь ч гэсэн ямар мундаг юм бэ

1 Хариулах


Зочин 2022.09.20 202.21.104.2

Хөөрхөн, бас сод ухаантан юм аа. Амжилт жижигхэн үр ээ

0 Хариулах


Зочин 2022.09.20 202.131.227.213

Ямар хөөрхөн юм бээ <3

0 Хариулах


Зочин 2022.09.20 122.201.26.130

Мундаг аав ээж 2, хөөрхөн хүү. Ялгаатай хөгжлийг олйгодог орй тойрныхноор нь ч бахархмаар.

0 Хариулах