Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner

Үзэсгэлэнтэй кино


2007 онд буюу өдгөөгөөс 15 жилийн өмнө бүтээгдсэн “Atonement” (Наманчлал) кинонд хэд хэдэн гайхмаар чанар байдаг. Эхнийх нь өнөө цагийн хамгийн алдартай англи найруулагчдын нэг Жо Райт “Atonement” киногоо дөнгөж 35 насандаа бүтээсэн гэдэг үнэхээр гайхширмаар баримт. 64 дэх удаагийн Венецийн кино наадмыг “Atonement” нээж байсан нь Жо Райтыг дэлхийн кино урлагийн эл нэр хүндтэй арга хэмжээг нээсэн хамгийн залуу найруулагч болгож байв. 

Удаах нь энэ бол уран зохиолын бүтээлээс сэдэвлэж хийсэн кинонууд дунд гайхмаар амжилттай болсон тохиолдол юм. “Atonement” киноны эх зохиол болсон ижил нэрт роман нь ч тэр уран зохиолын чансаатай бүтээл бол уг сайн бүтээл дэлгэцэнд хувирахдаа ч тэр чансаагаа алдаагүй нь “кино номоо гүйцдэггүй” гэсэн “мөнхийн” гонсойлтыг ер дагуулаагүй билээ. Харин ч уран зохиолын ийм ярвигтай бүтээлийг яаж ийм урнаар дэлгэцэнд буулгаж, кино болгож чадав гэж гайхширмаар. 

Сүүлийнх нь “Atonement” бол үнэхээр гайхмаар гоо үзэсгэлэнтэй кино. Хүн болгоны дотор санах бүрт зүрхэн дотроос нь нухалдаг далдхан нэгэн харуусал, шимшрэл байдаг биз. “Atonement” бол кино урлаг дахь тийм нэгэн шимшрэм “харуусал” билээ. Гэхдээ зөвхөн кино гээч зүйлээс л мэдэрч болох үзэсгэлэнтэй харуусал. Тиймдээ ч маш олон үзэгчийн хувьд “Atonement” бол зүрхнийх нь наманчлал болсон кино. 

1935 оны Англи. Таллисын чинээлэг гэр бүлийн хамгийн бага нь болох 13 настай Бриони охин (Saoirse Ronan) гэр бүлийн чухал нэгэн уулзалтад зориулж өөрийн бичсэн жүжгээ тоглуулахаар бэлдүүлж буйгаар кино эхэлнэ. Тэр явцдаа Бриони гэрийнхээ цонхноос эгч Сесиля (Keira Knightley), гэрийнх нь үйлчлэгчийн хүү Робби (James McAvoy) хоёр гадаах усан санд нэг л жигтэй байгааг харчихдаг. Тэр өдөр Робби эгчид нь захиа дамжуулж өгөхийг Брионигоос хүсдэг. Уул нь Робби хоёр хувилбартай захиа бичсэнээ бурууг нь дугтуйлаад сэтгэлтэй эмэгтэйнхээ дүү болох Брионид өгчихсөнөө мэддэг. 13 настай Брионигийн хувьд тэр өдөр нүднийх нь өмнө өрнөж буй эгч, Робби хоёрын харилцаа насан туршдаа харамсаад баршгүй эндүүрэлд хөтлөдөг. Киноны турш үзэгчийг хөтлөх, сэтгэлийг нь шимшрүүлэх эл эндүүрэл, ээдрээ бий болж буй анхдагч шалтгаан буруутгаж боломгүй хүүхдийн өөгүй дүгнэлт байдаг нь туйлын хяслантай нөхцөл байдал. 

4 жилийн дараа, дэлхийн хоёрдугаар дайн ид өрнөж байна. Тэр нэг өдөр Таллисын бага охин Брионигийн мэдүүлгээс болж хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр буруутгагдан дөрвөн жил шоронд суугаад байсан Робби армид элсэх нөхцөлтэйгөөр шоронгоос суллагдсан байна. Робби дайны үеэр өөрийн салаанаас тасарч Данкиркийн эрэг дээр ирдэг. Данкиркийн эрэг дээрх энэ хэсгийн зураглал үнэхээр бахадмаар, шидлэг, тэгсэн хэрнээ үзэсгэлэнтэй. Киноны төгсгөлд өрнөх Данкиркийн эрэг дээрх хэсгийг нэг үргэлжилсэн зураг авалтаар шийдсэн нь, тэр тавхан минутын сцений төлөө 1300 хүн зөвхөн нэг зүйлд төвлөрч ажиллаж байсан нь гайхалтай гэж Жо Райт найруулагч ярилцлагадаа дурдсан байдаг. 

Өөрийн өөгүй дүгнэлт, эргэлзээгүй эндүүрлээсээ болж эгчийгээ хайртай залуугаас нь гашуунаар хагацаасан Бриони 18 настай том охин болсон, Лондонгийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байна. Дүүгийнхээ хийснийг уучилж чадаагүй эгч нь холбоогоо бүрэн тасалсан байна. Хийсэн гэмдээ дотуур шаналсаар яваа Бриони эгчээсээ уучлал гуйх гэж биечлэн гэрт нь очдог киноны өрнөлийн эл хэсэг сэтгэл шимшрэм төгсгөлийн үндэс байсныг үзэгчид кино төгсөхөд л мэдэрдэг. Тэр чухам юу байсныг үзэгчдэд үлдээе.

Энэ дашрамд киноны жүжигчдийн бүрэлдэхүүнийг заавал дурдах хэрэгтэй. 13 настай Брионигийн дүрийг бүтээсэн Сирши Ронан багаасаа л ямар онцгой авьяастан байсныг “Atonement”-аас харах боломжтой. Мөн Кира Найтлигийн эрхэмсэг дур булаам чанар, Жеймс Макэвойн гүн цэнхэр, гунигтай харцаар л илэрхийлэгдэм эрдүү гуниг, тэдний хооронд дэлгэцнээ өрнөж буй таталцал, зохицол харц салгахын аргагүй дур булаам.

Өөр нэгэн гарцаагүй онцлох учиртай зүйл бол найруулагч Жо Райт зохиолч Иэн Макьюэн “Atonement” хэмээх эх зохиолд нь тун хүндэтгэлтэй хандсан явдал. “Зохиолдоо үнэнч хандах, зохиолд өгүүлж буй түүхийг аль болох үнэн, тодорхой гаргах. Хэт хичээж, холион бантанг нь хутгах хэрэггүй, засаж сайжруулах ч хэрэггүй. Энэ бүтээл бол шидээвэр, дутуу дулимаг зүйл байхгүй, тиймээс засаж додомдох гэсний хэрэггүй.”  “Atonement” романыг кино зохиол болгохдоо бид ийм л зарчим баримталсан” гэж найруулагч ярилцлагадаа хэлж байснаас тодорхой харагдана.  Үнэхээр ч эх зохиолынх нь шугаман бус өгүүлэмж, уур амьсгал кинондоо ч сайтар шингэснээс ч болсон уу, эл кино үйл явдлын хувьд түүхэн цаг үеийг өгүүлж буй боловч төрүүлж буй уур амьсгал нь тун орчин үелэг санагддаг.

Кино төгсгөлдөө ойртжээ. Тэр нэг өдөр өөрийн бичсэн жүжгээ тавихаар бэлдүүлж байсан бяцхан охин Бриони хэдийн хөгширч, басхүү алдартай зохиолч болжээ. Киноны төгсгөлд телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгч буй зохиолч Бриони, өөрөө хорт хавдартай болсноо, тэгээд амьдралынхаа эхний бичсэн романыг “Наманчлал” нэрээр хамгийн сүүлчийн зохиолоо болгон гаргаж буйгаа хэлдэг. Эгчийнхээ золгүй хайр дурлалын буруутан болсон Бриони эгч болоод эгчийнхээ хайртай залуугийн хэзээ ч бүтээгээгүй жаргалтай ирээдүйг, хэзээ ч тэдэнд ирээгүй учралыг зөвхөн уран зохиолын хүчээр л амилуулсныг үзэхэд үнэхээр сэтгэл шимшрэм. Хайр гэж биегүй хоосон зүйлд ямар ч эргэлзээгүй итгэмээр, хамтдаа хаа нэгтээх жижигхэн байшинд амьдармаар…

Далайн эргийн бяцхан байшиндаа Сисиля, Робби хоёр амар тайван, аз жаргалтай хамтдаа буй дүр зургаар “Atonement” кино төгсдөг.

Дашрамд дурдахад, Юнивишнийн HBO багцад шинээр кино, цувралууд нэмэгдэж байгаа бөгөөд та “Atonement”-ээс гадна дараах шилдэг бүтээлүүдийг уг багцаас сонгон үзэх боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
3
Уржигдар
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
холбоотой мэдээ
1
2022.09.26
Харри Стайлстай уулзуулах 6 кино
2
2022.05.10
King maker: The fox of the election кино ревью | Tegshee’s Movie Corner
3
2022.03.15
Эрэгтэй хүнийг илүү сайн ойлгоход туслах 10 кино | Tegshee's Movie Corner
санал болгох
1
9 цагийн өмнө
Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга
2
12 цагийн өмнө
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ
3
Уржигдар
"Wednesday"-ийн дүрийг анх бүтээж байсан жүжигчин Лиза Лоринг таалал төгсжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zulaa 2022.09.29 192.82.64.248

huchtei kino shu, haramsaj duud ni gomdoj zondoo uilsansan. Ner shigee l kino

0 Хариулах