“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг "Миний сурвалжилга - Миний түүх" уулзалт болж өндөрлөлөө. Энэ удаа МҮОНР-ийн гуравдугаар суваг болох P3 радиогийн сэтгүүлч, хөтлөгч З.Бямбасүрэнг урьж, "40 долоо хоног" нэвтрүүлгийг бүтээсэн түүхээс хуваалцлаа.
Сэтгүүлчид бүтээлийнхээ түүхийг өөр хоорондоо хуваалцаж, шинэ санаа, бүтээлч байдлын эрэлд гарахад түлхэц болох энэхүү уулзалтыг “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл жилийн өмнө эхлүүлж, анхны уулзалтдаа Mpress.mn сайтын эрхлэгч О.Ариунбилэгийг урин Гал тогоондоо ГАЦСАН монгол ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ нийтлэлээ бичсэн түүхээс нь хуваалцаж байв. Өдгөө "Миний сурвалжилга - Миний түүх"-ийн 10 орчим уулзалтыг зохион байгуулаад байна.
Энэ удаагийн уулзалтыг P3 радиогийн "Ном ярьж өгье" нэвтрүүлэгтэй хамтран радио хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог байлаа.
З.Бямбасүрэн: Жирэмслэлтийн явцад гарч ирдэг эрүүл мэнд, сэтгэлзүй, нийгмийн болон харилцааны бүхий л асуудлыг цогцоор нь хөндөхийг зорьсон
"40 долоо хоног" нэвтрүүлгийг санаачилж, хөтлөгчөөр нь ажиллаж буй З.Бямбасүрэн "Энэ нэвтрүүлгийн санааг хөл хүнд байхдаа бодож олсон юм. Би дөнгөж нэг долоо хоногтой байхдаа жирэмсэн гэдгээ олж мэдсэн. Гурав дахь долоо хоногоос дааврын өөрчлөлт хурдацтай явагдаж, бүх зүйл надад маш хэцүү санагдаж эхэлсэн. Эмнэлэгт цаг авч үзүүлэх уг нь тийм ч хэцүү зүйл биш. Гэтэл жирэмсэн эмэгтэйд энэ мэт зүйлс хүртэл амаргүй байдгийг тэгэхэд ойлгосон. Тухайн үед юу хийх ёстойг минь долоо хоног бүр хэлээд өгдөг хэн нэгэн байвал гэж бодож байсан нь хожим энэ нэвтрүүлгийг хийх сэдэл болсон. Ер нь, эмэгтэй хүн жирэмслэхэд бие физиологи нь өөрчлөгдөөд зогсохгүй тухайн эмэгтэйг тойрсон гэр бүл, ойр дотны хүмүүсийн харилцаанд ч өөрчлөлт гардаг гэдгийг эмч нар хэлдэг. Тиймээс ийм нэвтрүүлэг зайлшгүй байх хэрэгтэй юм байна гэдэгт улам итгэлтэй болсон. Жирэмслэлтийн явцад гарч ирдэг эрүүл мэнд, сэтгэлзүй, нийгмийн болон харилцааны бүхий л асуудлыг шийдэхэд туслах, тэгэхдээ нэвтрүүлгээ яг л найз нь хажуугаас зөвлөж байгаа юм шиг уур амьсгалтай байлгахыг зорьсон. Нэвтрүүлэг маань одоогоор 21 дугаар цацагдаад байна" гэсэн юм.
"Дөчин долоо хоног" нэвтрүүлгийн сонсох бол ЭНД дараарай.
Холбоотой мэдээлэл: Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна