Урлагийн алтан үеийнхний шавь 35 дахь жилдээ төрөлх сургуульдаа багшилж, хуучир хөгжмийн түүхийг өөрийнхөө үед өөрийнхөө эрдмээр баяжуулан уламжилж байна. Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч болж босгоор нь алхсанаас хойш 47 жил энэ сургуулиараа овоглож, өдгөө шавь нар нь Монгол Улсын Консерваторын Хүндэт профессор П.Мөнгөнцэцэгээр овоглосоор буй билээ.
-Та яагаад хөгжим бүжгийн сургуульд элсэн орсон юм бэ, тэр хэдэн он байв?
-Би бусад охидын л адил гоё сайханд дурласан сониуч хүүхэд явлаа. Хүүхэлдэй байсан ч гоё үс зүстэйг нь гайхна, газарт шил таарсан ч хэрхэн гялалзаж байгааг нь анзаардаг тийм нэг сониуч үе охидод байдаг шүү дээ. Дунд сургуулийн бага ангиас харин гимнастикаар хичээллэж, хот, улсын тэмцээнүүдэд оролцдог байнгын бэлтгэл сургуулилалттай спортын гимнастикч охин болсон юм. Манайх “Улаанбаатар” зочид буудлын арын цагаан байранд амьдарч байсан үе л дээ. Манай нэг найз эгч гэртээ төгөлдөр хууртай, би ороод хууран дээр нь долоовор хуруугаараа тогшин ганц нэг ая оруулж баясдаг байж. Нэг өдөр тэр эгч Хөгжим бүжгийн сургуульд ардын хөгжмийн сурагчдыг шалгаж авах гэж байгааг дуулгасан. Тэгэхэд ерөөсөө л тэнд очиж шалгуулж үзмээр санагдсан юм. Байрныхаа гурван охинтой хамт шалгуулахаар Хөгжим бүжгийн гадаа иртэл их урт дараалал үүсчихсэн байж билээ. Миний ээлж ирэхэд надаас ямар хөгжимд сонирхолтойг асуухад би урд зогссон охидыг дуурайгаад “Ятга” гээд хэлж орхисон. Үнэндээ би тэр үед хөгжмийн зэмсгүүдийн талаар тун бага мэдлэгтэй. Сонсгол, ритм зэрэг дөрвөн шатны шалгаруулалт давж шигшигдсээр тэнцсэн. Тэр бол 1975 оны хавар. Тэгж л анх зургадугаар ангидаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн хуучрын сурагч болж байлаа. Тэр үед манай сургууль нийт 450 гаруй сурагчтай, нэг мэргэжлээр цөөн сурагч авдаг байв. Одоо бол манай сургууль 1200 шахам сурагчтай болж өргөжөөд байна. Би одоо өөрийгөө боддог юм, турник, савлуур дээр маш их дасгал хийгээд гар нь нэлээд хатуурчихсан хүүхэд хуучир анх барьж байж дээ гэж. Алдарт Г.Жамъян, Ц.Дашдулам, Л.Цэрэндорж, С.Цэвэлмаа, П.Буян гээд Монголын урлагийн алтан үеийнхнээр хичээл заалгасан, дараа нь хамтарч ажилласан нь миний амьдралын аз завшаан.
-Тэр үеийн Таны нүдээр хөгжим бүжгийн сургууль ямар харагдсан бол?
-Багш нар нь их гоё хүмүүс, хүүхдүүд нь бүгдээрээ мундаг гэж жигтэйхэн, нэг л онцгой газар санагдаж байлаа. Их ч олон орос багш мэргэжилтэн ажиллаж байсан үе. Анги танхим бүрээс дуу хөгжим хангинасан огт өөр ертөнц рүү яваад орчихсон. Хичээл хараахан эхлээгүй байсан ч юм уу, лав л надаас өөр хүнгүй, сургууль эзгүй шахам, хонгилд нэг их том рояль гаргаад тавьчихсантай би таарсан юм. Нөгөө байрныхаа найзынд орж төгөлдөр хуур тогшдог шигээ л санаад ганцхан товчлуур дөнгөж дартал ямар гайхалтай хөг авиа дуугарсан гэж санана. Сургууль дүүрэн цуурайтах шиг л санагдсан. Би мэл гайхаж, ёстой л алмайрсан. “Хөөх, энэ яг миний байх ёстой газар мөн байна. Би урьд нь яагаад ийшээ хүрч ирээгүй хэрэг вэ” гэж бодсон доо.
-Танай гэр бүлд урлагийн хүн байв уу?
-Манайх долоон хүүхэдтэй, ах нар гитар тоглодог, дуулж хөгжимддөг ч мэргэжлийн урлагийн хүмүүс байгаагүй. Аав Пэрэнлэй маань нисэхэд аж ахуйн албаны даргаар ажилладаг, ээж “Улаанбаатар” зочид буудалд нярав байв. Хожим, аав ээжээ өнгөрсөн хойно авга Бөхийн Бааст ахтайгаа ярьж суугаад бидний өвөг эцэг икэл хуур сайхан тоглодог, дуулдаг, тууль хайлдаг хүн байсныг сонссон юм. Тэгэхээр надад эцэг өвгөдөөс уламжилсан ген байж. Харин тэр Хөгжим бүжигт шалгуулдаг чинь миний л өөрийн сонирхол, шийдвэр байсан. Тэнцсэн хойноо л аав, ээждээ хэлж байлаа. Ер нь би багаасаа их бие даасан хүүхэд байлаа. Аав, ээж хоёр миний ямар дугуйланд суралцах, хичээлээ хэр хийх зэрэгт оролцдоггүй, би өөрөө л бүхнийг зохицуулна. Харин хувийн хэргээ Хөгжим бүжиг рүү шилжүүлэхээр хоёрдугаар дунд сургууль дээрээ очиход анги даасан багш маань онц сурдаг, спортоор хичээллэж сургуулийнхаа нэрийг гаргадаг үлгэр жишээ хүүхдээ өгөхгүй гээд тун дургүй байж билээ.
-Дуу хөгжимд дуртай хүүхдүүдийг Хөгжим бүжгийн дунд сургууль соронз шиг татдаг ч шалгалтаар цөөн хүүхдэд элсэх боломж олддог. Тэмүүлж тэмүүлж орсон ч дундаас нь өөрөө болих, хасагддаг нь ч цөөнгүй шиг байна лээ. Ирээдүйн мэргэжлээ их бага насандаа шийдэх болдог нь танай сургуулийн онцлог юм даа?
-Үндэсний хөгжимд тавдугаар ангийн хүүхдүүдээс шалгаруулж, зургадугаар ангиас хичээллэж эхэлдэг. Өмнө нь ерөнхий боловсрол 10 жил байхад 13 настай хүүхдүүд элсэн ордог байсан бол одоогийн системд зургадугаар ангийнхан маань 11 настай байна. Хоёр жилийн ялгаа гэдэг мэргэжлийн урлагт маш ашигтай хувилбар. Хүүхдүүд энэ насанд гарынх нь яс бэхжээгүй зөөлнөөрөө байдаг учраас түргэн суралцах боломжтой. Манай хүүхдүүд сургуульд долоон жил хичээллэж 12 дугаар ангиа төгсөөд, бакалаврт дөрвөн жил, магистрт 1.5 жил гээд үндэсний хөгжмөөр нийт 12.5 жил суралцдаг. Тэгэхээр хуучир, ер нь үндэсний хөгжим гэдэг бол урт хугацаанд эзэмших нарийн мэргэжил юм. “Насны хоол” гэж манайхан хэлдэг шиг нэг насаараа ажиллах мэргэжил, боловсрол учраас дугуйлан биш, зүгээр сонирхол, хобби ч биш, энэ бол маш нарийн мэргэшил шүү дээ. Тиймээс 11 настай хүүхэд өөрөө ганцаараа шийдээд ордог сургууль биш гэдгийг эцэг эх ойлгож, ирээдүйн талаар хүүхэдтэйгээ нухацтай ярилцаж шийдэх сонголт. Ингээд нэг элсээд ороод ирсэн хүүхэд багшийнхаа тусламжтайгаар өөрийгөө олох, ойлгох, болж байгаа, болохгүй байгаагаа нээн харуулах, ахиж дэвших түвэгтэй ч гэлээ сайхан замаар явж хөгжимчин болдог юм аа.
-Таны туршлагаар, хуучирчдын онцлог нь энэ юм гэх өвөрмөц тал байдаг уу? Энэ мэргэжлээр төгсөж гарсан хүмүүсийн ирээдүй хэр баталгаатай байдаг бол?
-Зэмсэг бүр онцлогтой учраас хичээллэж байгаа хүүхдүүд өөр өөр төлөвшдөг тал ажиглагддаг. Хөгжмөөрөө хөглөгдөөд, хөгжимдөө дурлана, хөгжмийнхөө онцлог зохион байгуулалтыг мэдэрч дуугаргана гэдэг тоглож байгаа хүнд нөлөө үзүүлэхгүй байна гэж үгүй л дээ, ер нь. Хэн багшийн шавь бэ гэдгээсээ шалтгаалан зан төлөвийн үлгэр дуурайл авдаг ч тал байдаг. Манай хуучрынхан илүү зохион байгуулалттай, нямбай чамбай болдог. Хуучир ч бас тийм амар хөгжим биш л дээ. Биднийг сурч байх үед хуучир хөгжим асар ховор, тэр хэрээр үнэтэй эд байлаа. Өлөн гэдсээр хийсэн утастай, хяхарна, чийхарна, халуун болохоор утас нь чангарч татагдана, цар нь хатчихна, бороотой чийгтэй өдөр бол суларч зөөлрөөд, хөг нь уначихаар дуугаралт тэс өөр болоод ирнэ. Тиймээс хуучрынхаа учрыг олж тоглож сурна гэдэг бол хүнээс их нямбай, чамбай ажиллагааг шаарддаг, өндөр сахилга бат, хариуцлага байлаа. Одоо бол хуучир хөгжмийг урдаас оруулаад ирж байна, утас нь боловсронгуй болсон учраас татахад л хөгжим дуугарна. Гэхдээ хөгжим болгон амьтай байдаг учраас тоглож байгаа хүний авьяас чадвар, ур дүй, хөдөлмөрөөс шалтгаалж амилдаг. Хуучирчаар төгсөн гарч байгаа манай хүүхдүүдийн мэргэжлийн түвшин ахисан, өөрсдийгөө илэрхийлэх чадвар чансаа ч дээшилсэн. Тиймээс би тэднийхээ ирээдүйг гэрэл гэгээтэйгээр л төсөөлдөг.
-Та яагаад хөгжимчнөөрөө ажиллахгүй багшлахаар шийдсэн юм бэ?
-Ардын дуу бүжгийн чуулга намайг авах гэж их хүссэн. Надад ч бас хуучраа тоглоод явах хүсэл байлгүй л яах вэ. Гэхдээ надад багшлах ёстой гэсэн нэг тийм хариуцлага өөрөө л хүрээд ирсэн шиг санагддаг. Би Хөгжим бүжгийн сургуулиа төгсөнгүүтээ Казахстаны консерваторид (одоо Казахстаны Үндэсний консерватори) суралцсан, Монголын дээд мэргэжилтэй хоёр дахь хуучирч болж билээ. Тэр үед манай С.Цэвэлмаа багш нэлээд настай болчихсон, багшийн гараас сайн хөгжимчид, хөгжмийн онолчид, удирдаачид төрөн гарчихсан байлаа. Манай сургуулийн захирал Л.Цэрэндорж багш намайг Зөвлөлт рүү дээд сургуульд явахад багш болоод ирээрэй гэчихсэн, би ч сургуульдаа багшлахын тулд суралцаж байгаа гэдэг зорилго өвөртлөөд явсан учраас надад өөр сонголт байгаагүй.
-Багшлах, тэр дундаа хөгжмийн багш байна гэдэг нь чухамдаа ямар хөдөлмөр эрхлэхийн нэр юм бэ?
-Ер нь багшилна аа гэдэг хүнээр хүн хийх үйл. Хөгжмийн багш гэдэг нь нэг талаараа хөгжимд сургаж байгаа, нөгөө талаараа хүнийг төлөвшүүлээд, хөгжимчний имижийг бүрдүүлэхэд зорьж байгаа ажил. Хөгжмийн сайхныг мэдрүүлэх нарийн нандин авиаг эгшиглүүлдэг сайн хөгжимчин болгохын тулд би хүүхдүүдтэй шударга ярина, зарчим, шаардлага тавина. Хичээлээс хичээлд давуу талыг илчилж, сул талыг нь багасган тайзан дээр мянга мянган нүдний өмнө гаргахад сайн сайхан нь илүү харагддаг, дутагдалтай тал нь анзаарагддаггүй тийм л хөгжимчнийг төрүүлэхийн тулд ажилладаг. Олон жил багшлаад ирэхээр өөрийн гэсэн дүр төрх, давтагдашгүй өнгө аястай хөгжимчнийг бий болгоно гэдэг бол хөгжмийн багш хүний олон жилийн хөдөлмөр юм байна гэдгийг улам бүр ухаарч ойлгох болно доо.
-Та хувь хүний өгөгдөл, давтагдашгүй дүр төрх, донж маягийг олзуурхаж байна. Ийм хуучирч бүтээхийг Та чухалчилж байна, тийм үү?
-Яагаад гэвэл, хуучирчийн хувь хүнийх нь онцгой өгөгдөл, шинж чанарыг товойлгон гаргаж байж бид хуучраа алдаршуулах цаг үе ирсэн байна. Монголд алдар нэр нь түгсэн гайхамшигтай моринхуурчид төрсөөр иржээ. Гэтэл Хятадад хуучирчид нь тэнгэрийн юм шиг хүмүүс байна. Бид энэ танхимаас хуучир тоглож сурсан хүмүүсийг бэлтгэн гаргадаг түвшинд хэдийн хүрчихлээ. Ур чадвараар манай хүүхдүүд нэг их дутахгүй. Одоо хуучиртайгаа цойлох хүмүүсийг гаргахын тулд сургалтыг арай нэг өөр болгох сонирхол надад байдаг юм.
-Хуучир манай үндэсний хөгжим биз дээ?
-Манай Монголд үүссэн хөгжим гэж үздэг. Хуучир үүслийнхээ эхэн үед ямар хөгжим байсан талаар одоо судлагдаад л явж байгаа. Гэрийн дэг сургуулиар эзэмшиж ирсэн ардын уламжлал хувьсгалаас хойш дэлхийн урлагийн системээр мэргэжлийн болтол боловсорч хөгжсөөр энэ цаг үетэй золгосон манай үндэсний хөгжмийн зэмсэг мөн. Гэрийн урлагаас тайзны урлагт орж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг учраас хувь хүний онцлог, авьяас чадвараас хамаарч тоглооч нь багшийнхаа заасныг баяжуулан тоглох, өөрийн гэсэн донж маягаа тоглолтдоо шууд гаргадаг хэлбэр хадгалагдаж ирсэн. Манай сургуулийн сургалтын арга зүйд ч ороод явж байгаа. Би 1997 Бээжингийн төв консерваторт мэргэжил дээшлүүлэх сургалтад хоёр долоо хоног ажиллаж байхдаа “Энэ хуучрыг та нар хаанаас гаралтай гэж үздэг юм бэ” гэж зориуд асуусан юм. Тэд “Шар мөрнөөс хойших газар нутагт нүүдэлчин ард түмэн хуучрыг үүсгэсэн” гэж байсан. Хятадууд хуучрыг өөрийн үндэсний хөгжим гэж ярьдаггүй ч өөрсдийн онцлогийг илүү шингээн хөгжүүлж дэлхийд гаргаж ирсэн учраас Хятадын хуучир алдаршсан байна шүү дээ. Манай хуучирт Монголын гэх онцлог байна, хөгжүүлье гэвэл өөрсдийн оюун ухаанаар баяжуулан, яавал олон нийтэд илүү хүргэх вэ гэдэг чиглэлд судалж, боловсруулж, ажиллах хэрэгтэй. Ингэж чадсан хуучирч тодорхой цаг хугацааны дараа гарч ирж л таарна л даа.
-Таны хичээлийн цаг ер нь хэрхэн өнгөрдөг вэ?
-Манай мэргэжлийн онцлог бол хичээл ганцаарчилж ордог. Өнгөө яаж гаргаж байна, хөгжмөө хүргэж чадаж байна уу гэдгээ сонсох их чухал байдаг юм. Мэдээж хэрэг анги ангиар янз янз. Эхэлж байгаа хүүхэд, нэг хоёр гурван жил сурсан хүүхэд, бүр оюутнууд гээд анги ангийн хөтөлбөр, тоглох чадвар чансаагаар өөр байна. Тэгэхээр хичээлүүд маань хоорондоо уялдаатай юм шиг боловч нөгөө л хувь хүний чадамж нь ямар байна, яаж хөгжиж байна гэдгээсээ хамаараад л үзэж байгаа программдаа тулгуурлан хичээл дээр ажилладаг. “За чи гоцлол тоглож байна шүү, өөрийгөө одоо тайзан дээр гоцлоочоор бод” гэдэг үгийг ангийн жижиг тавцан дээр гаргахаас эхлээд сургуулийн тайзан дээр гарах, бүр том тайзан гаран гарах хүртэл нь байнга хэлж, дадлагажуулаад л явна. Төгсөхөд тэр гоцлол хөгжимчин болох дадлагаа хичээл дээр бүр эхэн шатнаасаа авдаг. Хүүхэд анхандаа хараахан ойлгодоггүй л дээ. Гэхдээ чихэнд нь суулгаж л байхгүй бол ач холбогдлыг нь тэр бүр бодохгүй. Төгсгөлд нь багш бид чинь нэг аятайхан артист хөгжимчин гаргах гээд байна шүү дээ.
-Та ямар хүүхдүүдтэй ажиллах дуртай вэ?
-Авьяастай, эвлэгхэн.
-Таны үеийн сурагчид, Таныг дөнгөж багш болж байх 80-ад оны сурагчид болон одоогийн сурагчдын дунд хэр их ялгаа байдаг вэ?
-1980-ад оны сурагчдад арай л их ухаан зарах шаардлага тулгардаг байсан юм уу даа. Яагаад гэвэл, тэр үеийн хөгжмийн зэмсэг төдийлөн одоогийнх шиг түвшинд хүрээгүй байсан. Манай хуучир одоогийнхоос хэр өөр байсан талаар би дээр хэлсэн шүү дээ. Хөгжмөө сайн дуугаргахын тулд хүүхдүүд янз бүрээр үзнэ. Хөгжмийн эд анги бэлэн байгаагүй учраас нэг даавуу хийж үзнэ, нэг поролон хийж үзнэ, цаас ч хавчуулж үзнэ. Тэр болгон өөрсдөө эрж хайгаад л, “Тэр хөгжим ямар гоё дуугараад байна аа, юу хэрэглэсэн юм бол” гээд л бүгдээрээ харна. Одоо бол маш чанартай хөгжимтэй болсон, хөгжмөө арчлах, хянах, сайжруулах шаардлага гарахгүй. Юм нь байгаад байдаг, гэвч анхаарал сонирхлыг нь татах хөгжмөөс өөр янз бүрийн мэдээлэл дунд хүүхдүүд төдийлөн тогтож суух нь бага болсон. Ухаан зарж хичээллэх, төвлөрч бодох, хөдөлмөрлөх цагийг нь булааж буй олон сонирхолтой юм интернэтээр дүүрсэн ийм л эмх замбараагүй мэдээллийн дундуур хүүхдүүд хөгжим сурч байгаа цаг үе юм даа.
Хөгжим гэдэг хэр тогтмол давтаж байгаагаас өнгө зөв сайхан болдог юм. Нөгөө мэдрэмжийн л асуудал. Чиний гараас чихээр чинь бие рүү дамжиж, оюун ухаан, зүрх сэтгэл чинь хөгждөг учраас өдөр бүр тогтмол цагт давтаж байх нь чухал. Хөгжмөө хөрөөдөөд дуугаргаад байдаг, яг тэр өнгө авиагаа сонсож байна уу, бодол санаа нь тогтож байна уу, ухаан нь яг хаана явна вэ, тийм ээ? Аль болох тогтмол, гурав дөрвөн цаг сууж давтвал сайн болно. Манай үеийн оюутнууд бид тав зургаан цаг давтдаг байлаа. Одоо тэгж суух оюутан бараг олдохгүй болсон.
-Одоогийн залуу хүмүүсийн сонсдог хөгжим Танд таалагддаг уу?
- Нийгмээ дагаад хөгжмийн чиг хандлага өөрчлөгдсөөр ирсэн, цаашид ч хувьсан өөрчлөгдсөөр л байх жамтай юм. Тиймээс сүүлийн үед жазз, хип хоп гээд түгэн дэлгэрч байгаа чөлөөт урсгалуудад хүндэтгэлтэй ханддаг. Гоё хэмнэлтэй үглэхийг сонсоход гоё л байдаг шүү дээ. Гагцхүү амьдрал дээр хүний олноороо хэрэглээд байдаггүй үгс бүхий зарим нэг хип хоп дууг таашаамгүй. Урлаг бол соён гэгээрүүлэх чанартай байх ёстой гэж үздэг.
-Та хэдий хуучрын багш боловч Таныг маш их дурлуулдаг өөр ямар нэг хөгжмийн зэмсэг байдаг уу? Ер нь Та хөгжмийн ямар урсгал, чиглэлд дуртай вэ?
-Анх төгөлдөр хуурт дурласан ч одоо бол би бүх хөгжимд дуртай. Хөгжим бүжигт суралцсан эхний жилээс төгөлдөр хууртай шууд л найзалсан. Хичээл эхлэхээс цагийн өмнө ирээд төгөлдөр хуураа давтана. Утсан хөгжмийн хүүхдүүдэд заадаг төгөлдөр хуурын хичээлийн хөтөлбөрийг зургадугаар анги төгсөхдөө бараг л тоглоод сурчихсан байсан. Хөгжим сонсож ойлгодог, тэжээгдэж таашаал авдаг болоод ирэхээр тэр хөгжим гоё, энэ хөгжим гоё гэж ялгаж хэлж чадахгүй болчихдог юм.
-Таны хоёр хүүхэд ч бас мэргэжлийн хөгжимчид гэдгийг мэдэх юм. Та сонголтыг нь өмнөөс нь хийчихсэн юм биш байгаа гэж хардангуй асууж байгаад уучлаарай?
-(Инээгээд) Том хүү маань аав, ээжээ дагаад сургууль дээр өнждөг, хичээлийн дараа тоглолт, концертын бэлтгэл гээд ерөөсөө л хөгжмийн уур амьсгалд байсаар өөрөө сургуульд орох насанд хүрсэн юм. Ямар сайндаа миний хуучирт тоглож байгаа ямар л зохиол байна, тэр нь Чайковский байна уу, Чойдог ч байна уу тэднийг л аялаад явдаг болчихсон байх вэ. Энхмөнхийг нэгдүгээр ангид орох жил манай сургууль анх удаа морин хуурын ангийг нэгдүгээр ангиас хичээллүүлэх болдог юм. Морин хуурын наадамд Өвөр Монголын алдарт морин хуурч Чибулаг ирсэн, би Батчулуун багштай хамтарч уран бүтээл их хийдэг, УАДБЧ-ын гоцлооч хөгжимчид манайд ирж багшилдаг, бид хамтлаг байгуулан концерт тавьдаг үе таарсан нь ч их нөлөөлсөн ч юм уу, хүү өөрөө морин хуурын ангид оръё гэхээр нь оруулчихсан юм. Бага хүүг бол би төгөлдөр хуурын ангид шалгуулна гэж зүтгэсээр байгаад шалгуулсан. Зүтгүүлэх болсон шалтгаан мөн л түүний өссөн хүмүүжсэн хөгжмийн орчин, ахуй нөхцөл шүү дээ. Төгөлдөр хуур бол арван хуруугаараа тоглодог, асар хүнд хөгжим учраас хүнээс илүү авьяас, илүү хөдөлмөр шаарддаг. Бид сонголтыг чиглүүлсэн үү гэвэл яах аргагүй чиглүүлсэн.
-Хөгжмийн багш нарын амжилтыг мэргэжлийн тоглооч болсон шавь нарынх нь тоо, улсын болон олон улсын уралдаануудаас авчирсан шагналуудаар хэмждэг бололтой юм билээ. Таны хувьд Таны ажлын амжилт бүтээлийн гол үзүүлэлт юу вэ?
-Сайн шавь нар гэдэг үнэндээ олон улсын, дотоодын томоохон уралдаан байг гэхэд энэ сургуулийнхаа уралдаанд шилдэг байх нь багшийн ажлын амжилт, үзүүлэлтийн салшгүй нэг хэсэг. Манай үндэсний хөгжмийнхөн чансаа сорих олон улсын уралдаан тэмцээн харьцангуй цөөн оролцдог юм шүү дээ. Сүүлийн хоёр гурван жилд харин манай хуучрын хүүхдүүд цахимаар олон улсын уралдаанд цөөнгүй өрсөлдөж маш өндөр амжилт гаргалаа. Тухайлбал, энэ жил Америкийн уралдаанаас гранпри хүртлээ. Францаас тэргүүн байрын шагнал авлаа. Ийм амжилтууд гаргахаар нь би үнэхээр их баярлалаа.
-Та цаг төлөвлөхдөө ямар нэг тоглолт, концертын наана, цаана тааруулж их завгүй байх юм. Тэр концертуудад Таны гүйцэтгэдэг үүрэг, тавьдаг шаардлага, ерөөс тэдгээрт Таны цаг заваа зориулж буй хамгийн чухал зүйл нь юу вэ? Тоглолт ямар болвол Та яг боллоо гэж үздэг вэ?
-Хөгжмийн багш хүнд зүгээр л цалин авахын тулд цагийг тоолох, зохицуулах тухай ойлголт бүр огт байхаа больчихдог юм шүү дээ. Миний гар дээр янз бүрийн хүүхэд, янз бүрийн хүмүүжил, оюун ухааны өөр өөрийн чадамж, өгөгдөлтэй орж ирдэг учраас надаас маш их хугацаа, бас ухаан шаардана. Уурлах ч үе гарна, уйлах ч үе байна. Багш хүний ажил нэг талаар хүүхдүүдийнхээ ээж аав шиг нь ч байх ёстой л болдог. Хичээл дууслаа, баяртай гэж болдоггүй. Тэдний том, жижиг бүх концертыг бэлдэнэ, үзнэ, хамт байна. Миний шавь нар надаар л овоглодог. Хаана ч очсон тэднээс “Багш чинь хэн бэ” л гэж асуудаг. “Ээж аав чинь хэн бэ” гэж асуудаггүй. Багшийн арга барил шавиас харагддаг, мөн шавиар дамжиж уламжилдаг. Энэ зүй тогтол хэзээ ч үгүй болохгүй. Бие сэтгэлээ зориулж ажилладгийн гол учир ердөө л энэ. Нөгөөтээгүүр, тэжээгдэх гэж би ямар нэгэн концерт, амьд хөгжим сонсдог. Миний нөгөө л хайгаад байгаа юм тэнд байдаг. Хүн яаж харахыг мэдэхгүй, янз янз байх. Яаж нэгэн цөм болж тоглов, удирдаач яаж удирдаж байна надад маш сонирхолтой. Бүр хүний нь царайг харахад ч сонирхолтой. Тэгж л би хүмүүжсэн онцлог гэх юм уу, тийм юм байна даа, над. Түүгээрээ л тэжээгдэж, түүнээсээ санаа сэдлээ шинэчлэн хичээлээ заана, миний залуу шавь нарт ч хэрэгтэй. Багш хүнийхээ хувьд би заавал амьд хөгжим сонсох ёстой.
-Бага наснаасаа ерөнхий эрдмээс гадна хөгжмөөр хичээллэж, мэргэшиж байгаа хүүхдүүдийн сурлагын чанар ар гэрийн нөхцөл, эцэг эхийн харилцаа, хандлагаас их шалтгаалж таарна. Та сурагчдынхаа эцэг эхэд ямар шаардлага тавьдаг вэ?
-Шаардлага гэдэг үг арай хатуудна. Шаардлага биш юм аа. Сурагчдынхаа эцэг эхтэй эвтэй сайхан харилцаа үүсгэж ойлголцох хэрэгтэй. Энэ нарийн мэргэжлийн хүндрэл нь юу байдаг юм, сайхан нь юу байдаг юм гэдгийг юуны өмнө ээж аавдаа ойлгуулахыг би урьтал болгодог. Хүүхэд ингэж хичээллэнэ, давтана, ажиллана гэдгийг илэн далангүй хэлж, энэ дагуу зарчмын шаардлага бол заавал тавина. Үүнийг шаардлага гэж үзэхэд арай л биш юм уу даа. Урлагийн хүн болж яваа сурагчийн амьдрал тийм амар хялбар биш л дээ. Аль болох тайзан дээр гарч, өөрийгөө харуулж байх ёстойг ээж аав нар дэмжиж байж хүүхдийн нөр их хөдөлмөр гялалздаг. Тайзан дээр гараад айж салгална уу, эсвэл өөрийгөө аваад гарах уу, тухайн сурагч бид хоёрын хамтын ажил хэр үр бүтээлтэй байснаас хамаарна. Би гар утсаараа хүүхдийн бичлэгийг явуулж болно, алдаа дутагдлыг хэлнэ, амжилт гаргасныг урамшуулж магтана, ингээд ээж аавдаа илэн далангүй тайлагнана.
-Таны нөхөр Монгол Улсын Консерваторийн цохивор хөгжмийн багш, Цохивор хөгжмийн чуулгыг үндэслэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт гэдгийг урлагийнхан бол андахгүй. Хоёр хөгжимчин, нэг дор ажилладаг хоёр хөгжмийн багш нэг гэрт амьдрахад сайхан нь, бас таагүй нь ч гэдэг юм уу тийм зүйлс юу байдаг бол?
-Хэн хүний амьдрал ерөөсөө баялаг шүү дээ. Хүндрэлтэй үе байна, сайхан үеүд ч байна. Би нэг уран бүтээл хийх гээд, Зоригоо ч бас концерт гээд л хоёр талд яг адил асаад явж байх цаг үргэлж шахам давхацна. Энэ сургууль бид хоёрын гэр л болчхож байгаа юм чинь. Тийм үед ар гэр жаахан хаягдчих гээд байдаг. Эмэгтэй хүн, ээж хүн, эзэгтэй хүн нь би юм хойно гэр орон, хань нөхөр, үр хүүхдэдээ арай л илүү анхаарал халамж тавихаас аргагүй. Үгүй тэгээд амжуулаад сурдаг л юм даа. Тийм айхтар хэцүү юм манай гэр бүлд байгаагүй ээ, гайгүй. Сайхан зүйл бол харин зөндөө шдээ. Нөхрийн маань амжилт бол миний амжилт. Миний амжилт бол нөхрийн маань л амжилт. Хүүхдүүдийн маань амжилт манай гэр орны л баяр. Бидний хэн нэг ямар нэгэн сайхан юм хийлээ, бүтээлээ гэхэд бид дөрвийн дөрвүүлэнгийнх нь л баяр. Бид дөрөв цуглаад ярихад нөгөө хөгжмөө л ярина. Бид хоёр шавь нараа л ярина.
-Нөхөртэйгөө нэг газар ажилладаг, адил сонирхолтой гэхээр Таны амьдрал заримдаа хэтэрхий явцуу юм шиг санагддаг уу?
-(Инээгээд) Манай гэр сургуулийн чанх урд, хэдхэн алхмын зайд байдаг гээч. Ямар сайндаа би Улаанбаатарын унаган хүүхэд мөртлөө Хөгжим бүжгийн сургууль, теарт, чуулгаас өөр газар мэддэггүй шахам, хөгжимчдөөсөө өөр хүн таньдаггүй болчихсон юм билээ. Дээхэн үед манай захирал М.Цэрэндорж нэг удаа “Ингэхэд та хоёр чинь цуг гэртээ хоносон биз дээ” гээд “явуулж” байлаа. Зоригоо бид хоёрыг одоо ч хамт зогсоод ярилцаж байхыг харсан хүмүүс “Та хоёр салж зогсооч” гээд л тоглодог юм. Үзэл бодол, харах өнцөг нэг юм уу, бид хоёр хөгжмөөрөө тэжээгдээд жаргалтай л амьдардаг. Тэгээд шавь нар сайхан явбал бид нарын урам чинь ердөө тэр шүү дээ.
-Багш хүн дандаа шавь нарынхаа хүндэтгэл бишрэлийг хүлээдэг шүү дээ. Харин Танд шавь нараасаа бишрэн хүндэлдэг хүн байдаг уу?
-Байлгүй яах вэ, сайн тоглож, хуучраа олонд сайхнаар харуулж байгаа хүүхдүүдээ би яаж хайрлахгүй, бишрэхгүй байх вэ. Гэхдээ урлагийн хүн юуг сэтгэж, юуг ч бүтээж бий болгож болох учраас оройн дээд, хязгаар гэж үгүй. Ямар нэгэн амжилтад хүрэхээр нь би хүүхдүүддээ хэлдэг л дээ. “За хариуцлага нэмэгдэж байна шүү, дааж л явна шүү дээ. Энэ дөнгөж эхлэл, цаана нь орой байгаа шүү” гээд л.
Миний шавь нарын амжилт олон улсын хэмжээнд 2005 оноос эхэлсэн юм. Буриадад олон улсын үндэсний хөгжимчдийн “Найдал” уралдаан болоход тухайн үед гуравдугаар курсийн оюутан С.Цагаанцоож маань хуучраар хоёрдугаар байр эзэлж байлаа. Тэр бол манай үндэсний хөгжмийнхний оролцсон олон улсын анхны уралдаан байсан. Морин хуур, хуучир, шанз, эвэр бүрээ гээд 10 төрлийн хөгжмийнхөн бүх шагналыг нь аваад ирж билээ. Тэгэхэд Д.Шинэцог морин хуураар тэргүүн байр эзэлсэн. Манай Э.Цэндсүрэнгийн анхны амжилт ОХУ-ын Красноярск хотод зохиогддог чансаа өндөртэй олон улсын үндэсний хөгжимчдийн “Надежда-2014” уралдаанаас хүртсэн тэргүүн байр. Тэр уралдааныг шүүх бүрэлдэхүүнд ажилласан алдарт хөгжмийн зохиолч А.Цыганков “Манай утсан хөгжмийн багш Цэндсүрэнгийн “Испани дуулал”-ыг сонсог” гээд гала концертод тоглуулж байсан. 2017 онд яг энэ уралдаанаас манай Тэмүүлэн мөн гранпри хүртэж байлаа. Дараа нь Цэндсүрэн маань 2018 онд Хятадад болсон олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. За тэгээд одоо манай гуравдугаар курсийн оюутан Э.Энхбатын амжилтууд эхэлсэн дээ. 2019 онд Горный Алтайн олон улсын тэмцээнд нэгдүгээр байр, Хабаровскийн олон улсын тэмцээнээс гранпри авсан. 2020 онд цахимаар зохиогдсон олон улсын уралдаанд АНУ, БНСУ, Япон, Хятад, Орос гээд дэлхийн 10 гаруй орны хөгжимчидтэй өрсөлдөн гранпри хүртсэн. 2022 онд Буриадын наадмаас нэгдүгээр байр эзэллээ. Энэ зуныг бид хоёр бас зүгээр өнгөрөөсөнгүй ээ. Долоодугаар сард Францын уралдаанд цахимаар оролцож нэгдүгээр байр, Америкаас гранпри хүртээд байна. Энэ бол манай хуучирчдын төдийгүй үндэсний хөгжмийнхний дотор их том амжилт гэж би бардам хэлнэ.
-Ер нь урлагийн мэргэжилтэй болсондоо тааламжтай байх гол шалтгаан тань юу вэ?
-Хэрвээ би хөгжим сонгоогүй байсан бол монгол ардын хөгжмийнхөө сайхныг ингэтлээ мэдэхгүй байх ч билүү. Би анх наймдугаар ангиа төгсөөд Куба улсад дэлхийн залуучууд оюутны их наадамд УАДБЧ-ын мастеруудтай нэг оркестр болж тоглолт хийхээр сургуулийнхаа оюутан ах эгч нар, залуу багш нартай 10-уул оролцохоор явж байсан юм. Намайг хамгийн бага нь юм байна гэж тэнд хэн ч харахгүй гээд л өдөржин шөнөжин бэлтгэл хийгээд явж байлаа. Тэгээд тэнд очиж орон орны үндэсний хөгжмийн тоглолт үзэж, өөрсдөө мөн тоглохдоо л Монголын минь урлаг ямар гоё юм, ямар сайхан, баялаг юм бэ гэдгийг ёстой нэг сэрж, онгирч байлаа. Дараа нь би Алматыгийн консерваторт оюутан болж очоод манайх шиг арван төрлийн хөгжимтэй, арван янзын тембр дуу авиа гаргадаг үндэсний хөгжмийн оркестр дэлхийд Монголоос өөр байхгүйг ойлгосон. Казах гэхэд домбр, кобыз гэдэг үндэсний хоёр гол хөгжмөө янз бүрийн өнгө тембр дуугаргахын тулд баяжуулаад хийчихсэн байх жишээтэй. Орос ардын найрал хөгжимд гэхэд л томоос жижиг хүртэл янз бүрийн хэмжээ, дуугаралттай балалайка, баян хуур, домра голчилдог. Гэтэл манайх олон төрөлтэй учраас баялаг дуугаралттай үнэхээр сүрлэг. Хубилай хааны үед таван зуу гаруй хөгжимчин их найрал тоглодог байсан тухай эх сурвалжид тэмдэглэгдсэн нь бий. Улсын ардын дуу бүжгийн чуулгын их найрлыг 110 хүний бүрэлдэхүүнтэй болгох зарлиг байдаг боловч одоогоор энэ тооны үндсэн бүрэлдэхүүн байхгүй. Манай их найрал 2014 онд Өвөр Монголд 110 хүний бүрэлдэхүүнтэй очиж тоглоход би хөгжмөөрөө маш их бахархаж байлаа. Үндэсний хөгжмийнхөө гайхамшгаар л би бахархаж, биширч, эндээсээ л тэжээгдэж урам авч явдаг юм шүү дээ.
-Өнгөрсөн зун Таны нөхөр оюутнуудаа уриалан ХБК-ийг хашаалсан төмөр хашааг нүдэж, эсэргүүцлээ илэрхийлж байгааг бүх сувгаар үзүүлсэн. Тайзан дээрээс урлагийн гоо сайхныг харуулдаг Цохивор хөгжмийн чуулгын удирдагч, гавьяат багш хүний тийм дүр төрхийг олон хүн харсан. Тэр үед Танд ямар сэтгэгдэл төрж байв?
-Тэр үед сургуулийнхаа газрыг хамгаалахаар багш нар ч, шавь нар ч, эцэг эхчүүд ч үзэл бодол нийлээд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн юм. Манай сургуульд байшин барьж өгнө гэсэн юм яриад байсан байгууллагын ашиг сонирхол ч юм уу, авлига ч юм уу, бүү мэд. Манай одоогийн удирдлагын үүрэг гүйцэтгэгч бидний саналыг авалгүйгаар газрын ойлгомжгүй асуудал үүсгэснээс тэр явдал эхтэй. Аль хэдийн тавдугаар сард бичиг баримтад гарын үсэг зурсныг бид бүр долоодугаар сард мэдэж байгаа юм. Сургууль амарчихсан, олон нийтийн анхаарал баяр наадамд сатаарчихсан, биднийг анзаарахгүй өнгөрч болох сиймхийг ашиглах гэсэн. Тийм юмнаас болж бид үзэл бодол нэгдээд Зоригоо тэр хашааг нь бөмбөрдсөн хэрэг. Тэр бол хэмнэл болохоос нүдсэн ч юм биш. Хөгжимчид өөрсдийнхөө дуу хоолойг хэмнэлээр илэрхийлсэн юм. Би Зоригоогоороо бахархсан. Бид хариуцлагаа үүрээд, сургуулийнхаа газрыг хамгаалах үүргээ биелүүлсэн шүү дээ. Тэр үед мэдээлэл авсан олон зуун улс ирж гарын үсэг зурсан, хандив ч босгосон. Саяхан фэйсбүүкээр манай сургуулийн хойд талын цэцэрлэгийг ямар гоё ойтой юм бэ гээд пост хийчихсэн байхыг уншаад бид зөв юм хийсэн шүү гэж бодогдож байлаа.
-Хэрэв Танд бүхнийг эхнээс нь эхлэх боломж гарлаа гэж бодоход Та дахиад л Хөгжим бүжгийг зорих байсан уу?
-Тийм ээ, дахиад л очно.