UBLife Logo
Newsfeed

Танилц: Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголоос оролцож буй 7 ОРОЛЦОГЧ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Танилц: Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголоос оролцож буй 7 ОРОЛЦОГЧ

"WorldSkills" буюу Дэлхийн ур чадварын тэмцээн яг одоо дэлхийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдаж байна. 22 хүртэлх насны шилдэг залуу мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулдаг уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй 7 залуу оролцогч ба тэднийг зааварчлан ажиллаж буй эксперт багш нарыг танилцуулж байна. 

Монгол улсын оролцогчид токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан гэх 7 төрлөөр ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсад тэмцээнд өрсөлдөх бөгөөд зарим оролцогчид аль хэдийн тэмцээнээ амжилттай өндөрлөөд буй.

"WorldSkills" буюу Дэлхийн ур чадварын тэмцээнээс онцлох 5 БАРИМТ

#1 Г.Хатанбаатар - Мужаан

Мужааны эксперт багш: Б.Анхбаяр

Тэмцээний хуваарь: 10 сарын 7-16, Швейцар улсын Базель хот

Завхан Политехник коллежийн суралцагч Г. Хатанбаатар нь Монголын ур чадвар 2021 тэмцээний тэргүүн байрын эзэн, Дэлхийн ур чадварын тэмцээний төрөлдөө хамгийн залуу оролцогчийн нэг. Тэрээр тэмцээний өдрүүдэд өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэж дуусган 800 онооноос 665 оноотойгоор тэмцээнээ амжилттай өндөрлүүлжээ. Барилга болон мод боловсруулах салбарт гарч буй шинэ техник технологи бүтээгдэхүүний танилцуулга болон шийдлийг харуулах зорилготой мужааны тэмцээн ийн өндөрлөөд байна.

#2 О.Наранбаатар - Өрөг угсралт

Өрөг угсралтын эксперт багш: Л.Эрдэнэчулуун 

Тэмцээний хуваарь: 11 сарын 20-28, Австри улсын Зальцбург хот

Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар нь өрөг угсрагч, угсралтын техникч мэргэжилтэй бөгөөд одоо зургийн техникч мэргэжлээр дахин суралцаж буй чадварлаг мэргэжилтэн юм. Монголын ур чадварын тэмцээнд 2016, 2019 онуудад амжилттай оролцсон О.Наранбаатар нь ирэх сард Австри улсын Зальцбург хотод тэмцээндээ оролцох юм. Тэрээр эксперт багшийн хамт бэлтгэлээ амжилттай хангаад байна.

"Бурхан хүнийг бүтээсэн бол барилгачид бусдыг бүтээнэ гэж хэлж байсан нь энэ мэргэжилд дурлуулсан" 

- О.Наранбаатар

#3 Г.Адъяадорж - Сантехник

Сантехникийн эксперт багш: С.Батаа

Тэмцээний хуваарь: 10 сарын 29- 11 сарын 6, ХБНГУ-ын Лар

Монголын ур чадварын тэмцээний сантехникч мэргэжлийн шилдэг оролцогч, Техник, технологийн политехник коллежийн суралцагч Г.Адъяадорж эксперт багшийн хамт С. Батаагийн хамт Ховд хөгжил Политехник Коллеж болон Техник Технологийн Политехник Коллеж дээр бэлтгэлээ хангаж байна. Тэр 2019 оноос хойш Монгол ур чадварын тэмцээнд амжилттай оролцож буй оролцогч юм.

Г.Адъяадоржийн оролцсон нэвтрүүлэг: 

#4 Г.Очбаатар - ТокарьЗүүн талаас:  Г.Очбаатар, Г.Оюунбат

Токарийн эксперт багш: Г.Оюунбат 

Тэмцээний хуваарь: 10 сарын 6-17, ХБНГУ-ын Леонбург

Дорнод Политехник коллежийн суралцагч Г.Очбаатар энэ сарын эхэнд Леонбург хотод тэмцээндээ оролцон ирээд байна. Дорнод Политехник коллеж болон Завхан аймгийн Политехник коллеж, Барилгын Политехник коллеж, Техник Технологийн Политехник коллеж зэрэг сургуулийг “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд "Чадамжийн төв" болгон тохижуулсан билээ. "Чадамжийн төв"-ийн суралцагч нар ийн дэлхийн хэмжээний тэмцээнд оролцон олон улсын туршлагаас судлан, үе тэнгийн залуустай өрсөлдөж байна.

#5 Д.Амаржаргал - Гагнуур

Гагнуурын эксперт багш: С.Батсайхан 

Тэмцээний хуваарь: 10 сарын 13-22, Америкийн нэгдсэн улс, Кливленд хот

АНУ-ын Кливланд хотод үргэлжилж буй Гагнуурын мэргэжлийн тэмцээний оролцогч 17 настай Д.Амаржаргал эхний модулиа хийж дуусгаад байна. Гагнуурын эксперт багш С.Батсайхан нь Дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 оноос хойш дөрөв дэх удаагаа аа оролцож байгаа туршлагатай нэгэн юм.

#6 А.Шинэхүү - Цахилгаан угсралт

Цахилгааны эксперт багш: Ж.Уранцэцэг

Тэмцээний хуваарь: 11 сарын 20-28, Австри улсын Зальцбург хот

Тэрээр 2017 оноос буюу 1-р курсээсээ бэлтгэгдсэн туршлагатай залуу оролцогч бөгөөд ирэх сард Зальцбург хотыг зорихоор бэлтгэж байна. Налайх МПК-ийн суралцагч А.Шинэхүү өндөр амжилттай ирэх бизээ.

#7 С.Өсөх-Ирээдүй - Тогооч

Тогоочийн эксперт багш: С.Цэнд-Аюуш 

Тэмцээний хуваарь: 10 сарын 19-28 Швейцар улсын Луцерн хот

Хүнс-Технологийн Политехник коллежийн суралцагч С.Өсөх-Ирээдүй Монгол Ур чадвар 2019, 2021 онуудад амжилттай оролцсон бөгөөд өчигдөр эксперт багшийн хамт тэмцээн болох улсыг зорилоо.

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буй мужаан, өрөг угсралт, сантехник, токарь чиглэлийн оролцогч нарыг “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслөөс дэмжин ажиллаж байна. Тус төслийг ХБНГУ-ын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны даалгавраар, ХБНГУ, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.