UBLife Logo
Д.Төмөртогтох: “Чи үүнийг муу хийдэг” гэж хэн ч, хэзээ ч хэлэхээргүй болтол өөрийгөө сайжруул
Longreads

Д.Төмөртогтох: “Чи үүнийг муу хийдэг” гэж хэн ч, хэзээ ч хэлэхээргүй болтол өөрийгөө сайжруул

Бидний үзэх дуртай супер баатруудыг дэлгэцнээ амилуулж, уран зөгнөлт ертөнцийг бодит дүрслэл болгон хувиргаж буй монгол залууг бид энэ удаа урьж ярилцлаа. Тэр бол "Framestore" студийн визуал эффект хариуцсан техникийн хөгжүүлэгч Д.Төмөртогтох юм. Дэлхийн хэмжээний кино студид ажиллах зорилго өвөрлөн 2016 онд Их Британийг зорьж байсан тэрбээр сургуулиа төгсөөд Европын хамгийн том анимэйшн, визуал эффектийн компани болох "Framestore"-д ажилд орж чаджээ. Д.Төмөртогтох гурван жилийн хугацаанд "Spider man: No way home", "Thor: Love and Thunder", "Moonfall", "Fantastic Beasts: The Secrets of Dumbledore", "Doctor Strange in Multiverse of Madness" тэргүүтэй Холливудын алдартай бүтээлүүдэд ажилласан байна. 


- Юун түрүүнд, таны одоогийн карьер хаанаас эхлэлтэйг сонирхмоор байна. Визуал эффект хөгжүүлэгч болоход юу түлхэц болсон бэ? 

- Хүүхэд байхдаа үзэж байсан кинонууд л нөлөөлсөн болов уу. Багадаа “Харри Поттер”, “Бөгжний эзэн” гэх мэт киног үзээд үүнийг яаж хийдэг юм бол оо гэж боддог, гайхдаг байлаа. Арван жилээ төгссөний дараа интернэттэй танилцаж, тэндээс л анх кино бүтэх үйл явц, визуал эффектийг хэрхэн хийдэг тухай ойлголт олж авсан. Тэгээд бие даан суралцаж, удаа ч үгүй графикчаар ажилладаг боллоо. Тэр үеэс л гадны студид ажиллая гэж шийдээд бага багаар судалж эхэлсэн. 

Графикч хийгээд явж байхад янз бүрийн хүнтэй таарна. Жишээ нь, зурагчнаас графикч болсон хүн байна, уламжлалт уран зургийн чиглэлээр сурч байгаад визуал эффект рүү хөрвөсөн хүмүүс ч байдаг. Зарим тохиолдолд над шиг инженерчлэлээр суралцаж байгаад энэ салбарт орох нь ч бий. Ингэж л өөр өөр мэргэжил, ур чадвартай хүмүүстэй хамт ажиллах явцдаа өөрийнхөө хамгийн сайн чаддаг чиглэлдээ төвлөрч, түүнд шаардлагатай ур чадваруудаа хөгжүүлбэл зүгээр юм байна гэж бодох болсон. Миний хувьд бүтээлч ур чадвар, авьяас гэхээсээ техник сэтгэхүй маань илүү учраас 2016 онд Их Британийг зорьж, Шеффилдийн их сургуулийн компьютер программчлалын ангид элссэн. 

- Компьютер программчлалаар төгссөн хүмүүс гол төлөв IT юм уу код бичдэг юм шиг санагдсан. Таны эзэмшсэн мэргэжил одоогийн ажилтай тань яаж холбогддог вэ? 

-Кино студид ажилладаг хүмүүсийг ерөнхийд нь гурав хувааж болно. Нэгд, хүн төвтэй буюу хүмүүсийг холбож, удирдаж ажиллах чадвартай хүмүүс. Энэ төрлийн хүмүүс ихэвчлэн багаа ахалж, төслийг чирч явдаг. Хоёрт, бүтээлч сэтгэхүйтэй цэвэр артист хүмүүс. Гурав дахь нь, инженерүүд юм. Тэдэн дунд цэвэр инженерчлэлээр мэргэшсэн эвсэл над шиг инженерчлэл, визуал эффектийн аль алиныг хийдэг хүмүүс ч бий. Миний хувьд Монголд ажиллаж байхдаа график дизайн, визуал эффекттэй холбоотой суурь ур чадваруудыг эзэмшсэн. Тийм болохоор хуримтлуулсан туршлага, суралцсан чиглэлийн аль аль нь одоогийн ажилтай холбогддог. Ганцхан ашигладаг программууд нь л өөр.

- Та сургуулиа төгсөөд л Framestore studio-д ажилд оржээ. Бүтээлч салбарынхан ажилд орохоор ирж буй хүмүүсээс юуг нь чухалчилдаг бол? Ер нь энэ салбарт ажил олоход хэр өрсөлдөөнтэй байдаг вэ?

- Сургуулиа төгсчхөөд ажил хайж явахдаа санамсаргүй байдлаар ахлах сургуулийн төгсөгчдөд зориулсан эвэнт дээр яваад оччихсон юм. Тэр нь кино студид ажиллах сонирхолтой хүүхдүүдээс ярилцлага авч шалгаруулаад дагалдан (apprenticeship) хийх боломжийг олгодог хөтөлбөр байсан юм билээ. Мэргэжлийн дадлага (internship)-аас ялгаатай нь студийн зүгээс хүүхдүүдэд ямар нэгэн үүрэг даалгаврыг заавал биелүүлэхийг шаарддаггүй. Хүүхдүүд өөрсдөө сурахыг хүссэн зүйлээ тодорхойлоод түүнтэйгээ холбоотой ажлууд хийгээд явдаг. Менторууд нь шаардлагатай ур чадваруудыг зааж сургана. Товчхондоо, цалинтай сурна гэсэн үг. Тэндээ 6 сараас 1 жил хүртэл хугацаанд ажиллаж байгаад бүтэн цагийн ажилтнаар үлдэх боломж ч бий. 

Би тэр хөтөлбөрийг ахлах сургуулиа төгсөгчдөд зориулсан гэдгийг мэдэлгүй очоод анх ярилцлагад орж байсан. Тухайн үед хүний нөөцийн мэргэжилтэн багаар ажиллах болон ачаалал даах чадвар гэсэн хоёр зүйлийг чухалчилж буйг анзаарсан. Харин би Монголд байхдаа л ачаалалтай ажиллаад сурчихсан, мөн телевизийн зураглаач, эвлүүлэгч, продюсер гэх мэт олон хүнтэй харьцдаг байсан нь багаар ажиллах чадварыг надад тодорхой хэмжээгээр суулгасан байв. Эхний ярилцлага давгүй болсон уу яасан хүний нөөцийн мэргэжилтэн маргааш нь дахин ярилцлагад орохыг урьсан мэйл бичсэн байлаа. Хоёр дахь удаагаа очтол креатив талаасаа студийн хамгийн том хүн болох 3D хариуцсан ахлах (Head Of 3D) нь ярилцлага авсан. Энэ удаа хэрхэн визуал эффектүүдийг задалж, том даалгаврыг олон жижиг ажил болгож байгааг минь илүү сонирхоод өмнө нь хийсэн ажлуудтай минь ч танилцсан. Ажиллах программыг сурчхаж болох учраас тэрэнд нэг их ач холбогдол өгдөггүй юм билээ. Ингээд хоёр дахь ярилцлагадаа тэнцэж, ажилд орохоор болж байгаа юм. Гэхдээ яг ямар ажлын байранд очих нь тодорхойгүй байсан. 

Их Британи кино салбарынханд өндөр татварын хөнгөлөлт үзүүлдэг. Тиймдээ ч дэлхийн хамгийн том таван кино студийн дөрөв нь Лондонд төвтэй ажиллаж байна.

Их Британийн засгийн газраас ажиллах хүчний хомсдолтой байгаа мэргэжлүүдийн жагсаалтыг гаргасан байдаг бөгөөд мэргэжил нь уг жагсаалтад багтсан хүмүүс Тусгай ур чадварын ажилтны (Skilled Worker) визийг мэдүүлэх боломжтой. Мөн виз авсан тусгай ур чадвартай ажилтанд өгөх цалингийн тодорхой хэмжээ байдаг. Тэр нь тухайн хүний наснаас хамаарч харилцан адилгүй байна. Үүнээс гадна компанийн зүгээс спонсор хийж, тухайн ажилтанд виз гаргаж өгнө гэдэг нь олон шат дамжлагатай өргөдөл бөглөхөөс эхлээд нэлээд цаг шаардсан, ярвигтай ажил л даа. Тэгтэл манай студийн надад санал болгосон цалин нь энэ босгод хүрэхгүй байв. Ингээд визний байдлыг харъя гээд намайг буцаачихдаг юм байна. Хэдэн долоо хоног өнгөрлөө. Тэр хооронд яаж зүгээр суух вэ. Жижиг программ бичээд нөгөө студи руугаа явууллаа. Ер нь бол визнийхээ талаар асууж байгаа нь тэр л дээ (инээв). Тэгтэл гурав дахь удаагаа дуудаж, одоо ажиллаж байгаа албаныхаа даргатайгаа ярилцлагад орсон. Программчлал, инженерчлэлийн талаар надаас нэлээд асуусны эцэст тэнцэж, Framestore studio-д ажилд орж байлаа.

- Тэгэхээр таны мэргэжил Их Британид хүний нөөцөөр дутмаг салбарт багтдаг байх нь ээ? 

- Тэгж хэлж болно. Netflix, Amazon, Paramount Pictures гээд томоохон тоглогчид киног олон зуугаар нь үйлдвэрлэж байна. Тэр болгоны цааны ажлын байр бий гэсэн үг шүү дээ. Үүнээс гадна, Их Британийн засгийн газар бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг сайн дэмжиж, кино салбарынханд ч өндөр татварын хөнгөлөлт үзүүлдэг. Тиймдээ ч дэлхийн хамгийн том таван кино студийн дөрөв нь Лондонд төвтэй ажиллаж байна. 

- Бидний үзэх дуртай Холливудын кинонууд яаж бүтдэгийг ерөнхийд нь зураглавал?

- Мэдээж бүхий л киноны ажил зохиол гаргахаас эхэлнэ. Түүний дараа киноны найруулагч болон визуал эффектийн продюсер (VFX producer)-ийг сонгодог. Энэ хоёр хүн кино зохиолоо олон бүлэг хэсэг (sequence) болгож хуваагаад хэсэг тус бүрийг өөр өөр студид хариуцуулж өгдөг. 

Визуал эффект хийхэд зураг авалтын талбайн гэрэлтүүлэг, камерын хөдөлгөөн гэсэн хоёр зүйл хамгийн чухал. Тиймээс зураг авалт эхлэхэд студиэс хүн очиж эдгээртэй холбоотой датаг цуглуулдаг. Үүнээс гадна сүүлийн үед жүжигчдийн 3D хувилбарыг давхар бүтээдэг болсон учраас хэрэгцээт моделийг хийхэд шаардлагатай бэлтгэл ажлыг ч мөн энэ үеэр хангана. 

Jingle Jangle: PrevisualisationЭх сурвалж: Framestore

Үүнтэй зэрэгцээд студи пре-продакшн (pre-production)-ийн ажлаа гүйцэтгэж эхэлнэ. Киноны гол өрнөл хэсгийн консепт арт (concept art)-ыг тодорхойлохын тулд при-визуализаци (previsualization) буюу тухайн хэсгийн ерөнхий дүр зургийг болхи анимэйшн хэлбэрээр гаргадаг. При-визуализаци гаргаснаар визуал эффектийн ажил эхлэхээс өмнө найруулагч тэр хэсгийн талаар тодорхой ойлголт, төсөөлөлтэй болно гэсэн үг л дээ. Тэгж байж юуг өөрчлөх, хасах, шинээр нэмэхээ шийддэг. Олон сар үргэлжлэх визуал эффектийг хүлээлгүй, ажлаа богино хугацаанд явуулахын тулд ингэж хийдэг. Энэ үйл ажиллагаа дууссаны дараа пост-продакшнын ажил эхэлж, зураг авалтын талбайгаас цуглуулсан датагаа ашиглан бүх 3D моделиудаа бүтээнэ. Мөн при-визуализаци (previsualization)-уудыг шот болгож хувааснаар артистуудын үндсэн ажил эхэлдэг.

- Одоо гарч байгаа дэлгэцийн бүтээлүүд визуал эффектийг их, бага хэмжээгээр ашиглаж байна. Гэхдээ визуал эффектийг яаж хийдэг, үүний цаана ямар үйл явц болдгийг үзэгчид төдийлөн мэдэхгүй байх. Тиймээс таны одоо хийж буй ажлын талаар асуумаар байна. Визуал эффект хөгжүүлэгч инженер (Pipeline technical director) яг юу хийдэг вэ? 

- Визуал эффектийг машин бүтээх үйл явцтай зүйрлэвэл Pipeline нь машины үйлдвэр юм. Үйлдвэрийн нэг хэсэгт цонхыг, нөгөө хэсэгт дугуйг нь хийдэг шүү дээ. Тэгвэл цонх, дугуйг хийж буй ажилчид нь манайхаар бол 2D,3D хийж буй артистууд. Эдгээр креатив артистуудын хийсэн ажлуудыг холбож, улмаар нэг бүхэл болгож байгаа үйл явцыг Pipeline гэж хэлээд байгаа юм. Товчхондоо, бид артистуудын хийсэн ажлыг хооронд нь холбож, эцсийн бүтээл гаргадаг гэсэн үг. Миний ажилладаг Лондоны Pipeline-ийн хэлтэс 5-6 хүнтэй бөгөөд инженер бүрийн ажиллах хүрээ харилцан адилгүй. Би camera tracking болон creature effects дээр төвлөрдөг. 

Нэг киноны ажил ойролцоогоор 1-3 жил үргэлжилдэг бөгөөд энэ явцад визуал эффект хийхэд тулгарч буй технологийн асуудлуудыг шийдэж, тэдгээрийг сайжруулахад шаардлагатай программуудыг сэдэх, шинээр хөгжүүлэх хэрэгтэй болдог.

Camera tracking гэдэг нь камераар зураг авсан бичлэгийг авч, хөдөлгөөнийг нь хянаж, 3D элементүүдийг нэмж оруулах юм. Камерын линз, мэдрэгч, хөдөлгөөнийг 3D-гээр давхар бүтээж байж визуал эффект илүү бодитой, үнэмшилтэй болдог. Харин хүн, араатан амьтантай холбоотой дүрслэл нь creature effect юм. Жишээ нь, хүний үс, булчин, өмсөж буй хувцас зэргийг дуурайлгаж загварчлах (simulation) ажлууд үүнд хамаарна. Энэ мэтчилэн инженерүүд өөр өөр деталиудад төвлөрч ажилладаг. Манай багийн өөр нэг залуу зөвхөн нурж буй барилга, далай, усны эффект дээр ажиллах жишээний.  

- Сүүлийн үеийн кинонуудыг үзэхээр CGI (компьютер график), визуал дүрслэл ямар мундаг хөгжсөн юм бэ гэж бодогддог. Энэ нүсэр ажлыг яаж хийдэг бол гэж бодохоор сүрддэг. Анх ажилд ороход танд юу хамгийн сорилттой санагдсан бэ? 

- Студидэд маш олон баг ажиллаж байгаа. Аливаа ажлыг нэг багаас нөгөө баг руу шилжүүлж буй тэр систем нь бүхэлдээ яаж ажилладгийг ойлгох л хамгийн хэцүү байсан. Бараг бүтэн жил ажиллаж байж учрыг нь олсон доо (инээв). Хариуцаж авсан төслүүдтэй холбоотой гэвэл Fantastic Beasts-ийн визуал эффект хамгийн сорилттой байсан. Нэг киноны ажил ойролцоогоор 1-3 жил үргэлжилдэг бөгөөд энэ явцад визуал эффект хийхэд тулгарч буй технологийн асуудлуудыг шийдэж, тэдгээрийг сайжруулахад шаардлагатай программуудыг сэдэх, шинээр хөгжүүлэх хэрэгтэй болдог. Fantastic Beasts-ийн визуал эффект дээр ажиллахдаа би post-viz pipeline шинээр үүсгэж байсан юм. Манайд байсан нь хуучирсан учраас дахиж хийхээс өөр аргагүй байсан л даа. Бүгдийг бие даан гүйцэтгэж, тэр явцдаа олон ч удаа алдаж, түүнээсээ суралцсан. Нэлээд олон сар зарцуулсан болохоор Fantastic Beasts визуал эффектийн хувьд тун дажгүй болсон гэж хардаг.

- IMDB дээрх профайлаас тань харахад та гурван жилийн хугацаанд 30 орчим дэлгэцийн бүтээл дээр ажиллажээ. Үүнээс гадна та бүхний ажил багийн ажиллагаа их шаарддаг юм байна. Энэ олон төслийг яаж нэгэн зэрэг авч явдаг вэ?

- Артистууд өөр өөр деталь дээр ажилладаг тухай сая дурдсан. Жишээ нь, нэг артист жүжигчний 3D моделийг бүтээж, нөгөөдөх нь уг моделийг будаж арьсыг нь хүнийхтэй адилхан болгоно. Бэлэн болсон моделийг өөр нэг хүн авч үсийг нь хийх зарчмаар ажилладаг. Тэгэхээр тухайн артистад анх ажил өгөхдөө ямар үр дүн хүсэж байгаагаа тодорхой илэрхийлнэ, мөн дараагийн хүнд ямархуу модель өгөхөө бас хэлж, ойлголцоно гэсэн үг. Харилцааны энэ асуудлыг автоматжуулж, визуал эффект бүтээдэг 2D,3D аппликэйшндээ нэмэлт программ байдлаар суулгаж өгсөн байдаг. Студи бүхэн визуал эффект бүтээдэг программуудаа өргөжүүлж, өөрсдийнхөө хэрэгцээнд нийцүүлэн өөрчилдөг. Мөн нэгэн зэрэг олон бүтээл дээр ажиллах зориулалттайгаар зохион байгуулсан байдаг. Миний ажилладаг Framestore студи Канад, АНУ, Энэтхэгт салбартай бөгөөд нийтдээ 2000 гаруй ажилтантай. Үүнээс 1000 орчим нь Лондоноос ажиллаж байна. Манай артистууд аль ч салбарт очоод ажилласан программ, нетворк, Pipeline нь бүгд адилхан учраас нэгэн зэрэг олон төсөл дээр ажиллахад хүндрэл гардаггүй.

- Таны бодлоор, дэлхийн хэмжээнд ажилладаг студиэс авууштай хамгийн чухал чанар юу вэ? 

- Багаар ажиллах чадвар. Гэхдээ багаар ажиллана гэдэг нь тэнд байгаа 10 хүн санаа нэгдэхэд биш, харин тус тусынхаа ажлаа тултал нь хийх юм. Хүмүүс өөрийнхөө хамгийн сайн хийж чадах ажилдаа төвлөрч, бусдадаа ажлаа хийх орон зайг олгоод ирэхээр хүн хамаагүй чөлөөтэй сэтгэж, ажиллахад ч амар байдаг. Хамгийн гол нь “Чи үүнийг муу хийдэг” гэж хэн ч, хэзээ ч хэлэхээргүй болтол өөрийгөө сайжруулж, хөгжүүлэх хэрэгтэй.

- Нэг үеэ бодвол монгол залуус Холливудын хэмжээний бүтээлүүдэд ажилладаг болсон. Мөн эргээд дотоодын кино уран бүтээлчидтэйгээ холбогдож, хамтран ажиллахыг хичээж байна. Би саяхан АНУ-д уран сайхны кино, телевизийн олон ангит шоунуудад найруулагчаар ажиллаж буй эмэгтэйн ярилцлагыг уншлаа л даа. Орчин үед техникээс илүү зохиол чухал болсон. Харин сайн зохиол бичихийн тулд онолын мэдлэгээ дээшлүүлж, судалгаа сайн хийх ёстой гэсэн байна лээ. Тэгвэл та визуал эффект хийдэг хүний хувьд дотоодын кино уран бүтээлчдэд юу зөвлөх вэ?

- Монгол кино үзэлгүй удсан байна. Хамгийн сүүлд “Ану хатан”-г үзсэн байх. Сая таны хэлсэнчлэн ямар ч кино зохиол муутай бол сайн бүтээл төрөхгүй. Харин визуал эффектийн тухайд зураг авалтын үеэр студи шаардлагатай датаг цуглуулах нь хамгийн чухал. Энэ дата байхгүй бол артистуудын ажил төвөгтэй болно, визуал эффект ч сайн болохгүй. 

- Залуус гадаадад суралцаж төгсөөд тэндээ ажиллах сонирхолтой болсон байна. Гадны улсад мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй залууст хандаж та юу зөвлөх вэ? 

- Ажиллаж, амьдрахыг хүсэж байгаа улсынхаа визний нөхцөлийг сайтар судлаад тэр шаардлагыг хангахын тулд хэрэгтэй зүйлсээ хийгээрэй гэж зөвлөе. Мөн чиний сонгосон мэргэжил тухайн улсад хэр эрэлттэй вэ гэдгийг харгалзаж үзэх нь зөв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
8
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.