ХХ зууны сүүлчээр Хонг Конгийн кино урлагт гадаад орны туршлага бүхий шинэ залуу найруулагчид төрөн гарч ирж, уламжлалт кино урлагийн хэв маяг, хийцлэлийг эрс өөрчлөн, бүхий л талаасаа шинэ арга техникүүдийг уран бүтээлдээ ашиглаж эхэлсэн 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхэн үеийг “шинэ давалгаа” гэж тодорхойлдог.

Энэ шинэ давалгааг хоёр хэсэг бүхий гэж сурвалжууд тэмдэглэсэн байх бөгөөд Аллен Фонг, Мабель Чөү, Алекс Лау, Вонг Кар Вай нарын бүтээлүүд мэндэлсэн цаг үе буюу 1984 оноос хойших үеийг хоёрдугаар шинэ давалгаа гэж авч үздэг. Хоёрдугаар давалгааны үеийн найруулагчдын бүтээлүүд зөвхөн Хонг Конгд төдийгүй олон улсын зах зээлд олны анхаарлыг татаж, чамгүй өндөр ашиг орлого, алдар хүндийг олж, өнөө хэр нь кино урлаг сонирхогчдын ярианы сэдэв хэвээр байна. Тухайн үед Хонг Конгд айл өрх бүр гэртээ зурагттай байгаагүй тул кино театр нь хамгийн түгээмэл зугаа цэнгэлийн хэлбэр байв. Хонг Конг улс 157 жилийн турш Их Британийн колончилолд байсан ба 1997 онд колонийг Хятад руу шилжүүлэх нь цаг хугацааны асуудал болсон тул улс төрийн томоохон өөрчлөлт ч ирсэн юм. Энэхүү адармаатай, тогтворгүй цаг үед тэд мэдрэмжүүдээ кино урлагаар, тэр тусмаа өвөрмөц агаад хараа булаам дүрслэл, өнгө будаг, хөгжмийн сонирхолтой шийдлүүдээр илэрхийлэх болсон нь шинэ давалгааны гол зүрх болсон гэхэд хилсдэхгүй.

Шинэ залуу найруулагчид хүний мөн чанар, хүн хоорондын харилцаа, шинэ мэдлэг мэдээллийг судлан, үзэгчдэд таниулах эрмэлзэлтэйгээр барууны нөлөө, суртахууныг кино бүтээлээрээ дамжуулан харуулахыг зорьдог байжээ. Тэдний дунд хоёрдугаар давалгааны томоохон төлөөлөл Вонг Кар Вай онцгой байр суурь эзэлдэг. Түүнчлэн, шинэ давалгааг дэлхий дахинаа таниулахад ч том хувь нэмэр оруулсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Бидний сайн мэдэх “Chungking Express” (1994), “Happy Together” (1997), “Fallen Angels” (1995), “In the Mood for Love” (2000) зэрэг бүтээлүүд энэ үед төрсөн байна.
1997 онд эрхэм найруулагчид “Three Stories About Food” гэсэн гурван өөр цаг үеийн Хонг Конгийг харуулах гурвал кино хийх санаа төржээ.

Энэ гурвал киноны үйл явдлууд нь хоорондоо хамааралгүй ч бүгдийнх нь гол дүрүүдэд Тони Люн, Мэгги Чун нар хамтран тоглохоор болсон. Эхнийх нь “Days of being wild” (1990), удаах нь “In the Mood for Love” (2000), харин гурав дахь нь “2046” гэх 2004 онд нээлтээ хийсэн бүтээл юм.



Гэхдээ 1960 онд үйл явдал нь өрнөх хоёр дахь бүлэг нь анх төлөвлөж байснаас нь нэлээд урт болсноор үүнийг дангаар нь нэг кино болгон хийсэн нь 2000 онд Каннын кино наадамд нээлтээ хийсэн, бидний сайн мэдэх “Хайрын араншин” кино юм. Сонирхуулахад, эрэгтэй гол дүрийн жүжигчин Тони Люн тухайн наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэж байсан билээ.

Тухайн үед төсөв мөнгө, цаг хугацаа, зураач зураглаачдын ажлын амрыг бодоод, үйл явдал нь 2000 онд өрнөх гурав дахь хэсгийн зургийг эхэлж авсан байжээ. Киноны зураг авалт арван таван сарын турш үргэлжилсэн аж. 1960-аад оны Хонг Конгийн уур амьсгал, аж байдлыг киногоороо дамжуулж өгүүлнэ гэдэг түүний хувьд нэн хувийн ач холбогдолтой байв. 1963 онд Соёлын хувьсгал эхлэхийн өмнөхөн Вонг Кар Вайн гэр бүл Шанхайгаас Хонг Конг руу нүүжээ. Ийнхүү түүний хүүхэд нас Британийн колончлогчид, кантон хэлээр ярьдаг нутгийн иргэд, Азийн өнцөг булан бүрээс ирсэн цагаачид гээд олон хэл соёл холилдсон орчинд өнгөрчээ. Тавхан настайдаа ийм түм түжигнэж, бум бужигнасан газар ирсэн тул кантон хэл, англи хэлний алийг нь ч мэддэггүй байв. Түүний бага насны дурсамжууд дунд ээжтэйгээ хамт кино театрын үзвэр алгасалгүй үздэг байсан нь тод үлдсэн бөгөөд энэ нь түүнийг кино урлагийн замнал руу хөтөлж, уран сайхны мэдрэмжийг нь гаргууд хөгжүүлжээ. Тиймээс тэрээр хүүхэд ахуй насныхаа хотын гудамжнуудыг зохиомлоор сэргээн босгохын тулд элдэв тусгай эффэкт ашиглахаас зайлсхийж байсан тул продакшны багийнхан тухайн үеийнхээс хол зөрөхгүй хийцлэл, архитектурын шийдэл бүхий газруудыг хайж эхэлсэн байна.

Хонг Конг хэдий хүнд хэцүү цаг үеийг нүүрлэж байсан хэдий ч 2000 он гэхэд 1960 оноос авч үлдсэн зүйл үгүй болтлоо хурдацтай хөгжсөн байсан тул тухайн үеийн дурсгалт газрууд, хуучны барилгууд бараг үлдээгүй аж. Гадаа, гудамж талбай дахь ихэнх үзэгдлийн зургийг Тайландын Бангкок хотын хорооллуудад авсан байна.

“Хайрын араншин” киног судласан бүтээлүүдэд Вонг Кар Вай найруулагчийн кино урлаг, сэтгэл зүйн шинж байдал, шинэ давлагааны үед эзлэх байр суурийг авч үзсэн судалгаанууд багтана. Жишээлбэл, кино шүүмжлэгч Дэвид Бордвелл нарын судлаачид Вонг Кар Вайг шинэ давалгааны гол төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрч, түүний зохиолын нарийн бүтэц, өнгө гэрэл, дүрслэлийн хэв маягуудаас бүтээлүүдэд нь илрэх давтагдсан адил төстэй шинж чанаруудыг онцолж ирсэн. Тухайн судалгаануудаар Вонг Кар Вайн кино нь уламжлалт гуниг харууслын сэдэвт романууд болон төгсгөлгүй мөрөөдөл тэмүүллийн мэдрэмжийн огтлолцол болохын сацуу өнгө тавилт болон дүрслэлийн хэв маяг нь энгийн нэг гудамж талбайг ч үзэмж төгөлдөр бөгөөд зохиолтойгоо нягт уялдуулан, тухайн уур амьсгалыг үзэгч өөрөө дунд нь орсон мэт мэдрүүлж чадахуйц энгийн хэр нь няхуур хийцлэлтэй болохыг онцолсон байдаг.
“Хайрын араншин” нь Вонг Кар Вайн өмнөх бүтээлүүдээс ялгарах өвөрмөц шинж ихтэй. Уг киноны дүрслэлд Австралийн кино зураглаач Кристофер Дойл болон И Фин Бин нарын оролцоо их бөгөөд тэдний кинонд шингээсэн тус тусын хэв маяг хоорондоо багагүй зөрүүтэй ч найруулагчийн ухаалаг шийдэл, зохион байгуулалтаар нэгэндээ сайн уусан нэвчиж, уялдсан байдаг.

Зарим шүүмжлэгчид Дойлын динамик хөдөлгөөн ихтэй, хурц тод өнгө зонхилсон өнгө тавилт, Фин Биний удаашрах монтаж ихтэй дүрслэлүүд зөрчилдөх магадлал ихтэй байсан ч киноны ихэнх кадрууд дээр Вонг Кар Вайн мэдрэмжтэй шийдэл, зохион байгуулалтаар адил жигд зохицсон гэж тэмдэглэсэн байна. Зураг авалтын тухайд Хонг Конг, Франц хэв маягийг эн тэнцүүхэн шигтгэж хийсэн нь гол дүрүүдийн хувцаслалт, харагдах байдал, амьдарч буй байрны засал, орчноос нь анзаарагдна.

Өнгө тавилтын хувьд улаан болон бараан хүнд өнгөнүүд зонхилох бөгөөд энэ нь Чоу болон Сү нарын үнэн сэтгэл, нэгнээ гэх хүчтэй хүсэл тэмүүллээ хазаарлаж буй зарчимч агаад бодлогоширонгуй сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлэх бол цэнхэр, ногоон хүйтэн өнгүүд тэдний гунигт нөхцөл байдлыг илтгэх метафор болжээ. Нарийн гудамж, хаалганы завсар, борооноос хорогдон нөмөр бараа хайн зогсох зэрэг орон зайн хувьд баригдмал дүрслэлүүдээр дүрүүд сэтгэлдээ хэрхэн шаналж, хавчигдмал байдалд орж буйг харуулах мэт.

Түүнчлэн, 1960-аад оны Хонг Конгийн уламжлалт, дэг журмыг хатуу баримтладаг нийгэмд дүрүүд хайр сэтгэлээ бие биедээ илэрхийлэхийг хүсэвч ёс суртахуундаа захирагдаж байгааг тод томруун өгүүлэх нь нийгэм түүхийн цаг үеийг ч бас харуулжээ. Тэдний харилцаа улам гүнзгийрэх тусам тэд өөрсдийг нь хуурсан эхнэр, нөхөрийнхөө адил болохоос айж, ёс суртахуун хүсэл хоёрын зөрчил дунд тарчилдаг.

“Хайрын араншин”-гийн нэг сэдэл, сурвалж нь Хятадын найруулагч Фэй Мү-гийн “Spring in a Small Town” (1948) хэмээх кино байв. Баруунд бараг танигдаагүй энэ бүтээл ч мөн адил адармаатай нөхцөл байдал дунд гацсан дурлалт хосын тухай өгүүлдэг. Харин Вонг Кар Вайн “илбэ шидийн мэдрэмж” нь дэлгэцэн дээрх бүхнийг яг тухайн мөчид анх удаа болж байгаа мэт шинэлэг, бодит мэт мэдрүүлэх чадварт нь оршдог гэж ‘’The New Yorker’’ сэтгүүлд онцолжээ.
Киноны хөгжмийн найруулгыг энд дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Найруулагч 1991 оны Японы “Yumeji” киноны хийлийн аялгууг гол сэдвийн нэг болгон ашиглаж, Чоу, Су нарын харилцааны ээдрээтэй, гунигт байдлыг илтгэн эгшиглүүлжээ. “Энэ хөгжим өөрөө шүлэг юм” хэмээн Вонг Кар Вай хэлсэн байдаг. Японы хөгжмийн зохиолч Үмебаяши Шигэрү “Yumeji’s Theme” бүтээлээрээ олон улсад танигдсан бөгөөд Сүгийн цэцгэн хээтэй даашинз, дүрүүдийн дунд үүсч буй халуун дулаан өнгө аястай төгс зохицдог. "Вонг Кар-Вай бид хоёр бүх зүйлийг адилхан мэдэрдэг тул хоорондоо харилцахдаа үг хэлэх ч шаардлагагүй байдаг" хэмээн Үмебаяши найруулагч BSOSpirit сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь бий.
Хонг Конгийн “Шинэ давалгаа” бол зөвхөн нэгэн үеийн, улс орны дунд өрнөсөн хөдөлгөөн бус нийгмийн өөрчлөлт, түүхэн цаг үед өрнөсөн соёлын томоохон шинэчлэл байлаа. Энэ давалгааны гол онцлог нь барууны кино урлагийн хэв шинж, хэл найруулгыг дорнын сэтгэлгээ, улс орны иргэдийн аж амьдрал, дотоод сэтгэл зүйтэй сүлэлдүүлсэнд оршдог. “Хайрын араншин” кино бол энэ хөдөлгөөний үед төрсөн бүтээлүүд дундаас уран сайхан, гоо зүйн оргил төдийгүй, цаг хугацаа, хайр дурлал, хүний сэтгэлийн нарийн мэдрэмж, ганцаардлын тухай бүх нийтийн дунд хэвшин тогтсон ойлголтыг шинэчлэн тайлбарласан суут бүтээлүүдийн нэг мөн. Вонг Кар Вай энэ киногоор дамжуулж хүний сэтгэлийн гүнд орших нарийн зангилааг ил гаргаж, Хонг Конгийн шинэ давалгааг сэтгэл зүйн гүн ухаан гэж хэлэхэд хилсдэхгүй урлагийн түвшинд хүргэж чадсан. Түүний найруулга, өнгө, хөгжим, хэмнэл цөм цаг хугацаа болон дурсамжийн тухай эргэцүүлэл болох увидастай. Шинэ Давалгааны дараах үеийн кино урлагт Вонг Кар Вайгийн нөлөө үлэмж. Түүний бүтээлүүд зөвхөн Хонг Конгийн урлаг соёлын нэг хэсэг төдийгүй, дэлхийн кино урлагийн дотоод мэдрэмж, гоо зүйн ойлголтод шинэ босго тогтоож өгсөн юм. Тиймээс “Хайрын араншин” нь өнгөрсөн ба одоо, бодит ба дотоод ертөнцийн хил хязгаарыг цогцлоосон, орчин үеийн кино урлагт нэгэн мөнхийн дурлалын симфони болж үлдсэн билээ.