Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ "Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын форум"-ыг аравдугаар сарын 27-нд "Хөдөлгөөнөө эрчимжүүлье" уриан дор зохион байгуулав. Тус сүлжээ нь Монгол улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөөх өргөн хүрээний хөдөлгөөний нэг хэсэг билээ. Уг форумд МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн профессор Д. Бумдарь илтгэл хэлэлцүүлэх үеэрээ "Эмэгтэйчүүд дэлхийн ажлын 66 хувийг гүйцэтгэж, хүнсний бүтээгдэхүүний 50 хувийг үйлдвэрлэдэг боловч орлогын 10 хувийг олж, хөрөнгийн 1 хувийг эзэмшдэг” гэдгийг онцолсон юм. Бид энэ удаа тус форумд оролцогч улс төрийн намуудын төлөөлөлтэй ярилцсанаа хүргэж байна.
НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Адилбиш: 2024 оны сонгуульд улс төрийн намуудын зардал багасна гэдэгт итгэж байна
Монголд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар байгаа вэ гэдгийг хууль тогтоох дээд байгууллагынхаа түвшинд харж болно. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний 13 нь эмэгтэй хүн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, парламентад суудалтай нийт намуудын төлөөлөл дээд түвшиндээ 13.7 хувийг эзэлж байгаа нь дэлхийн болоод Азийн дунджаас хамаагүй бага үзүүлэлттэй байгаа юм. Харин гүйцэтгэх түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа нь цаашид удирдах, шийдвэр гаргах түвшинд ажиллахад хэдийн бэлтгэгдэж, гүйцэтгэх ажлуудыг сайн хийдэг болсныг харуулж байна.
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцохыг дэмжсэн бодлогуудыг боловсруулах шаардлагатай байна. Улс төрийн намын дотоод дүрэмд квот тусгасан байдаг. Тухайлбал, МАН-ын 25 хувь, АН-ын 20 хувьд нь эмэгтэй гишүүд намаа төлөөлөн улс төрийн сонгуульд өрсөлдөхөөр тусгасан байгааг дэлхийн нийтийн чиг хандлагын дагуу 50 хувьд хүргэхийг эрмэлзэх хэрэгтэй.
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцох нь чухал гээд байгаа нь эмэгтэйчүүд суудал, эрх мэдлийн төлөө эрэгтэйчүүдтэй өрсөлдөх эсвэл эрчүүдийн эрх мэдлийг булаацалдах гээд байгаа хэрэг огт биш.
Дэлхийн банкны судалгаагаар аливаа улс орон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоо хоёр хувиар нэмэхэд л эдийн засагт нь 10 хувийн өсөлт ажиглагддаг гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн оролцооны тэгш байдал нь тухайн улсын хөгжилд ямар нөлөө үзүүлдгийг эндээс харж болно.
Саяхан ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдийн дунд “Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ?” сэдэвт гар зургийн уралдаан зарлахад 99 хувь нь эрэгтэй хүнийг зурсан байлаа. Тэгэхээр эрэгтэй хүн удирдагч, эмэгтэй нь харин гүйцэтгэгч байх гэсэн нийгмийн хандлага, жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх ёстой.
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахад саад болж буй өөр нэг хүчин зүйл нь улс төрийн сонгуулийн хэт өндөр зардлыг бууруулах хэрэгцээ юм. Гудамжаар дүүрэн замбараагүй хэвтэх нэр дэвшигчдийн зургууд нь өндөр өртөгтэй өрсөлдөөнийг үүсгэж буй гол шалтгаан. Төрийн эрх барьж буй МАН-аас Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуулиудад энэ зардлыг бодлогоор танасан төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа. 2024 оны сонгуульд улс төрийн намуудын зардал харьцангуй багасна гэдэгт итгэлтэй байна. Үүнтэй зэрэгцээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ илүү олноор нь оруулж ирсэн улс төрийн намд сонгуулийн санхүүжилтийн эерэг хөшүүргүүдийг тусгасан заалт ч мөн хэлэлцэгдэж байгаа.
Мөн улс төрийн намууд зоригтой томилгоонуудыг хийх хэрэгтэй. Жишээлбэл, МАН шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоонд зоригтой өөрчлөлтийг эхлүүлж, 30 жилийн түүхэнд анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүн томиллоо шүү дээ.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Д.Болорсүрэн: Бодлогоор уралддаг болчихвол мөнгөний хана нурна
Гэр бүлийн хэрэглээний хоол, хүнсний худалдан авалтыг голцуу эмэгтэйчүүд хийдэг. Гэтэл шийдвэр гаргах түвшинд давамгай байр суурьтай оролцдог эрэгтэйчүүд глобал асуудлуудаа яриад байдаг ч өрхийн түвшний асуудлуудыг орхигдуулчихдаг билээ. Өөрсдөө мэддэггүй учраас тэр юм. Нийгмийн хэвшмэл ойлголтыг сөрж, аль болох олон эмэгтэй шийдвэр гаргах түвшинд хүрч байж энэ хэмжээгээр нийгэм эрүүлжинэ гэж би хардаг.
Чи улс төрийг сонирхохгүй ч, улс төр чамаар оролдоно гэх үг байдаг шүү дээ. Миний хувьд төрийн албан хаагчаар ажиллаж байгаад 2016 оноос улс төрд орсон л доо. Дэд бүтцийн салбарт ч гэсэн эмэгтэй хүний дуу хоолой дутагддаг нь намайг сонголтоо зоригтой хийхэд хүргэсэн. Хүмүүс улс төрд оролцохоос айгаад байдаг. Энэ нь сүүлийн үед “Улс төрчид муухай” гэх хандлага давамгайлаад улс төрийн дархлааг нь унагачхаад байгаатай холбоотой болов уу. Гэхдээ дархлаа нь уначихсан учраас муухай зүйл гээд хаячихаж бас болохгүй. Энийг цэвэрлэхийн тулд, шинэ дүр бий болгохын төлөө улс төрд орохоос өөр гарцгүй.
Эмэгтэйчүүд улс төрд ороход хамгийн их хана тулж буй зүйл нь мөнгө. Гэтэл бодлогоор уралддаг болчихвол энэ хана нурна. Миний хувьд, эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох боломжийг 50+1 хувьд хүргэх хэрэгтэй гэж боддог. Мөн улс төрийн намууд дэнчингээс эмэгтэйчүүдийг чөлөөлөх, санхүүгийн хувьд тэдэнд туслах хэрэгтэй байна. Харин эмэгтэйчүүд нам, нутаг ус, нас харгалзахгүй нэгдэн бие биеэ дэмжиж, шийдвэр гаргах түвшинд илүү олуулаа болсноор энэ нийгмийг зөв голдиролд нь оруулах боломжтой гэж хардаг.
ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл: Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүд нэмэгдэхэд авлига, хээл хахууль буурдаг
ХҮН нам арваннэгдүгээр сарын 4-нд зохион байгуулах чуулга уулзалтаараа “Эмэгтэйчүүдийг улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцохыг дэмжих” манлайллаа зарлах гэж байгаа. Эмэгтэйчүүдийн орон зайг нэлээн өндөр квотын түвшинд дэмжинэ. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн чадавхыг сайжруулах, бэхжүүлэх ажлын мөн өрнүүлэх юм.
Корпорацын түвшинд эмэгтэй удирдах ажилтнууд нэмэгдсэнээр тухайн компанийн ашигт ажиллагаа нэмэгдэх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд өсөхөд авлига, хээл хахууль буурах, төсвийн зарцуулалтын үр өгөөж нэмэгдэх, нийгмийн аливаа асуудалд мэдрэмжтэй шийдэл, бодлого зангилагдах давуу тал ажиглагддаг.
Монгол Улсын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Тэгэхээр нийт хүн амын дийлэнх хэсгийн төлөөлөл шийдвэр гаргах түвшиндээ зайлшгүй шаардлагатай юм.
Хүн болгон чадамжтай, санхүүгийн асуудлаа бүрэн шийдээд улс төрд орно гэвэл маш хэцүү. Тийм учраас сонгуулийн зардлыг бууруулах шаардлагатай байна. Мөн төсвөөс сонгуулийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ эмэгтэйчүүдийг илүү дэмжсэн байдлаар хандах ёстой. Ер нь шинээр улс төрд орж ирэх эрэгтэйчүүдэд ч мөн хууль эрх зүйн орчин ээлгүй байгааг өөрчлөх хэрэгтэй юм.
Томсгосон, жижгэрүүлснээс үл хамаараад мажоритар систем шударга биш. Маш их гишүүнчлэлийн, сүлжээний, мөнгөний сонгуулийн тогтолцоонд зөв чадамжтай хүмүүс ороход бэрхшээлтэй байна. Тэгэхээр сонгуулийн системийг өөрчлөх чиглэлд ажиллахаас өөр аргагүй.
Нөгөө талдаа улс төрийн намуудын нэр дэвшүүлэх процесс нь шударга ил тод байхаас гадна мерит зарчмыг дагах ёстой. Өндөр боловсролтой гээд амин хувиа хичээсэн, эсвэл нэр төр, эрх мэдэл горьдож буй хүмүүсийг нэр дэвшүүлбэл өнөө л гунигт түүх үргэлжилнэ.
Өрсөлдөөний нөхцөл нь шударга биш нь эмэгтэйчүүдийг маш их ядрааж байна. Тийм ч учраас улс төрд эмэгтэйчүүд цөөн байгаа. Сонгуулийн зардал өндөр, гэр бүлийн дэмжлэг зайлшгүй шаардлага бүхий, нийгмийн хэвшмэл ойлголт, итгэл зориггүй байдал зэрэг бусад олон шалтгаан дээр нэмэгдээд өөрийнх нь гарт баригдахгүй, хянаж чадахгүй зүйл нь хууль эрх зүйн орчны шударга биш өрсөлдөөн юм.