Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

COP27: Хүн төрөлхтний ирээдүйн тухай юу яригдав?


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцод оролцогч талуудын бага хурал буюу COP27 Египет улсын Шарм-эль-Шейх хотноо өчигдөр эхэллээ. Эдүгээ дэлхий дахинд тулгараад буй хамгийн ноцтой асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хэрхэн багасгах, аль болох бага хэмжээнд барих тухай дэлхийн 200 орчим улсын төлөөлөл хэлэлцэж байна. Шарм-эль-Шейх хотноо дэлхийн олон арвын улсын төрийн тэргүүн хүрэлцэн ирсэн боловч ОХУ, БНХАУ, БНЭУ-ын удирдагчид ирээгүй нь анхаарал татаж байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх баасан гарагт COP27 дээр очно гэнэ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Кэрри АНУ-ыг төлөөлөн оролцож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шарм-эль-Шейхт хүрэлцэн очоод буй. 

Хэн юу хэлэв? 

Египетийн Ерөнхийлөгч Абдул-Фаттах Ас-Сиси COP27-г нээн үг хэлэхдээ бид нэг дэлхий, нэг ирээдүй, нэг зорилго, нэг итгэл найдвараар урагшилж яваа ч “гамшиг ар араасаа нөмөрсөөр манай ертөнц зовлон шаналлын ертөнц болж хувираад байна” гэв. Цаашлаад, улс орнууд шуурхай, бодитой арга хэмжээ авахыг дэлхий дахин хүлээж байгаа, энэ бүх зовлон шаналлын эх болж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг буруугүй хүмүүст үүрүүлж, шударга бус хандахгүй гэдэгт итгэж байна хэмээлээ. “Ажиглаж, эргэлзэж суух цаг бидэнд алга” гэснээр түүний үг өндөрлөв. 

 “Ажиглаж, эргэлзэж суух цаг бидэнд алга”

Түүний дараа индэрт гарч ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн "Бид халуун там руу хурдны замаар давхиж байна" гэдэг үг өр зурав. 

Цаг хугацаа урссаар. Бид амьд үлдэхийн төлөөх тэмцэлд ялагдаж явна. Бид халуун там руу хурдны замаар давхиж байна. 


Барбадос улсын Ерөнхий сайд Миа Моттли

Дэлхийн өмнөд хагасын амьдрал хойд хагасаас шалтгаалж байна. 

Тэрбээр өмнөх удаагийн буюу COP26 хуралд оролцохдоо, дэлхийн дулаарал цельсийн 2 градусаар нэмэгдэхэд л арлын орнуудад “цаазын ял болно” гэсэн юм. Олон арваны турш эрдэмтэд дэлхийн дулаарлыг цельсийн 2 градусаас хэтрүүлэхгүйгээр барихад болно гэж үзэж байсан бол 2018 онд НҮБ-ын дэргэдэх IPCC зөвлөл энэ тоог албан ёсоор 1.5 градус болгож тогтоосон. 2015 оны Парисын хэлэлцээрээр улс орнууд дулаарлыг 1.5 градус дотор барих зорилгод санал нэгдсэн түүхтэй. Бид мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж чадахгүй бол энэ зууны эцэст гэхэд дэлхий 2.7 градус дулаарсан байх нь. 

Африкийн холбоо болон Сенегал улсын ерөнхийлөгч Маки Салл 

Улс орнууд түүхэн үйл хэргийг бүтээх, эсхүл түүхэнд хохирогчийн дүрээр бичигдэх замналын аль нэгийг сонгох цаг үе ирээд байна.

Шотландын Ерөнхий сайд Никола Стержен уур амьсгалтай тэмцэхэд зориулж 100 тэрбум ам.доллар босгоно гэх амлалт одоо хүртэл биелээгүй байгаа нь итгэлд сэв болсон, томоохон асуудал гэв. 

Уур амьсгалын өөрчлөлт эдийн засагт нөлөөлж байгаагаас гадна дэлхийн зарим бүсийнхний амьдрал ахуйг тэр чигт нь өөрчилж байна. Соёл, өв уламжлал нь ч устаж байгаа учир чинээлэг орнууд тэдгээр улс орны хохирлыг барагдуулахад туслах ёстой гэж бодож байна. 

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц 

Шатах ашигт малтмалыг хэрэглэхээ больцгооё. Хэрэв, гэхдээ гэх юм байхгүй! Шатах ашигт малтмалын сэргэн мандалт болж болохгүй.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, 18 настай уганда охин Леа Намугерма индрээс “Би багадаа нэг сая мод тарихаар зорьж байгаа. Та юу хийж байгаа вэ” гэж асуув. Бага ахуйгаасаа хүмүүс үер, нуранги зэрэг байгалийн гамшигт нэрвэгдэж амь үрэгдэхийг харсан тухайгаа, төрөлх Уганда нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай тэрээр ярьжээ. 

 Леа Намугерма 

Өнгөрсөн жил Шотландын Глазго хотод болсон COP26 хурлаар дэлхий дахин нүүрсний хэрэглээг эрс бууруулна, дэлхийн дулаарлыг бууруулахын төлөөх төлөвлөгөөгөө шинэчлэн НҮБ-д мэдүүлнэ, 2030 он гэхэд ойгүйжилтийг зогсооно, метан хийн ялгарлыг 30 хувиар бууруулна гэх зэрэг амлалтыг өгсөн билээ. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд ОХУ Украин руу дайрсан, эдийн засгийн хямрал гаарсан зэрэг хүнд нөхцөл байдал үүссэн нь уур амьсгалын өөрчлөлтөөс удирдагчдын анхаарлыг холдуулах вий гэж эмээх үндэс болов. Дэлхийн дулааралд хамгийн их нөлөө үзүүлсэн, хөгжингүй улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаас гадна хүлэмжийн хийн ялгарал багатай хэр нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг өөр дээрээ асар хүчтэй мэдэрч буй, буурай, хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай тулгараад буй. Уур амьсгалын өөрчлөлтөөс хамгийн их хохирч буй орнуудыг хэрхэн дэмжих вэ гэдэг COP27-аар хамгийн их яригдаж буй сэдэв болоод байна. Тухайлбал, хүлэмжийн хийн нийт ялгаралд гурван хувийг л эзлэхүйц хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг хэр нь Африкийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс хамгийн их хохирч буй бүс нутаг байгаа нь шударга бус байгааг хурлын төлөөлөгчид онцолжээ. Кенийн Ерөнхийлөгч Уильям Рутогийн хэлснээр, үер, усны гамшгаас шалтгаалан 2030 онд гэхэд 700 сая африк орон гэргүй болох гэнэ. 

Буурай орнууд тэрхүү санхүүжилтээр юу хийх вэ? 

  • Эрчим хүчний уламжлалт эх үүсвэрээс зайлсхийж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх

  • Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан аюул гамшгаас хамгаалах, сэргийлэх. Тухайлбал, үерээс сэргийлэх байгууламж барих, эрсдэлтэй бүсэд амьдарч буй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хуурай нөхцөлд илүү тэсвэртэй ургамлын сорт авч тариалах. 

Хамгийн их уншилттай
1
2022.11.07
Дуучин Seryoja бүсгүйчүүдийн зүрхийг булааж, эрчүүдийг "бухимдуулж" буйг батлах 20 пост
2
2022.11.24
Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар яваад эд эрхтний наймааны хохирогч болжээ
3
2022.11.23
Аргентины хөгжөөн дэмжигчдийн "өр эмтлэм" 20 пост
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
2022.12.02
2023 оны өнгөтэй танилц: Вива Магента!
3
2022.12.02
Индекс: Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотууд
санал болгох
1
2 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
3
Өчигдөр
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.