Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Г.Очбаатар: Цагаан халаадтай алхаж явна гэтэл тостой хувцас өмсөөд үйлдвэрт ажилладаг залуу болчихсон


Дэлхийн ур чадварын тэмцээний CNC токарь төрөлд оролцогч Г.Очбаатар

Эм зүйч болох мөрөөдөлтэй байлаа. Цагаан халаадтайгаар өөрийгөө төсөөлнө. Тэгтэл 2015 онд ээж надад нэг санал тавьсан юм. “Чи удахгүй есдүгээр ангиа төгсөх гэж байна. Политехникийн коллежид сураад мэргэжилтэй болчих. Үргэлжлүүлээд ЭЕШ өгч хүссэн сургуульдаа суралцаж болно. Сурахынхаа хажуугаар мэргэжлээрээ ажиллаад хэрэглээнийхээ мөнгийг, цаашлаад сургалтынхаа төлбөрийг ч олох боломжтой” гэлээ.

Тухайн үед аймгийн химийн олимпиадаас хүрэл медаль хүртээд байв. Тэр жил есдүгээр анги төгссөн 180 хүүхдийг дүнгээр нь жагсаахад би эхний 30-д багтсан. Гэтэл тэдэн дундаас ганцаараа Политехникт орно гэхэд багш нар “Уг нь үргэлжлүүлээд суралцвал илүү ирээдүйтэй” гэсэн үг хэлж, миний шийдвэрт гайхсан л даа. Тэр үед бид улаан шугамын доор орвол сургуулиас хасагдаж, муу сурлагатай хүүхдүүд нь Политехникт элсдэг гэх ойлголттой байсан юм. Тиймээс энэ сонголтыг маань шүүмжлэх хүн олон тааралдсан.

Анх мэргэжилдээ дуртай ч байгаагүй. Дадлага дээр хөрөөдөх, хуурайдах, гар ажилбар зэрэг мэргэжлийн хичээлүүд ороход надад ямар ч дөр байсангүй. Гэтэл үеийнхэн маань ядаж л төмрийг яаж боловсруулахыг мэддэг байв. 

Ийн Дорнод Политехник коллежид цахилгаанчнаар элсээд байтал аравдугаар сард Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслөөр Үйлдвэрлэлийн механикийн анги нээгдэх болж, 100 гаруй хүүхэд тийш орохоор шалгалт өгөхөд 20-ийг нь сонгож авсан юм. Тус төслөөр манай сургуульд хувийн хамгаалах хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулж, герман мэргэжилтэн бидний дадлагыг удирдан, тэдгээр төхөөрөмжийн арга ажиллагааг зааж өгөв. 

Орон нутагт суралцахад стрессгүй, дадлагын байр маань тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаад байсан нь ур чадвар ахихад нөлөөлсөн. Тэр үед өглөө гэрээсээ гараад шөнө л буцаж ирдэг байлаа. Тэгж их цаг заваа зарцуулаад зорьж, хичээсэн болохоор өнөөгийн түвшиндээ хүрсэн болов уу. Би ер нь дутуу мэдрэмж авчихвал тэрийгээ дүүргэх гэж зөв хор шараар зүтгэдэг зантай. Төгсөхдөө сургуулийнхаа шилдэг оюутан болж, ангийнхан маань ч миний хичээл зүтгэлийг гайхаж байсан. Нэг хүүхэд бүр “Чи чадсан байна аа” гэж хэлэхэд нь урамшиж, мэргэжилдээ улам дуртай болдог юм билээ. 

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсоноор шинэ технологи харж ашиглаж сурсан, өөрийн алдаа дутагдлыг олж харсан цаашдаа юу хийх ёстойгоо ойлгосон. Энэ мэргэжил бүхий л салбарт эрэлттэй байдаг ялангуяа үйлдвэрлэлийн механик мэргэжил бол их чухал. Ирээдүйн том баялаг бүтээх гол шат гэж боддог.

Харин сургуулиа төгсөхдөө 18 нас хүрээгүй байсан болохоор үргэлжлүүлэн үйлдвэр техникчийн ангид 1.5 жилээр суралцав. Надад техникийн анхан мэдлэгээс эхлэн зааж сургасан Дорнод Политехник коллежийн Б.Мөнхбат багш “Монгол ур чадварын тэмцээн болох гэнэ. Чи CNC токариар бэлдвэл боломж байгаа шүү” гэсэн. Би энэ төрөл рүү ороод яг гурван жил болж байна. CNC токарь гэдгийг энгийнээр тайлбарлавал үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйл явц юм. Багаж, тоног төхөөрөмжийн дадлага дээр суурилагдан сургалт явагддаг, хөрөнгийн зарлага өндөртэй мэргэжил л дээ. Металлыг хасаж бүтээгдэхүүн хийдэг учраас нэг л алдвал засах боломжгүй байдаг.

Өдгөө Монгол Улсад CNC токарийн боловсон хүчин дутмаг. Цаашид үйлдвэрлэл, уул уурхай хөгжих тусмаа CNC токарь мэргэжлийн эрэлт өснө.

Харин би зорьсноороо Монгол ур чадварын тэмцээнээс сонгогдож Дэлхийд өрсөлдөх эрхээ авсан юм. Бэлтгэлийг маань ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн доктор Г.Оюунбат багш удирдсан. Цар тахлаас үүдэн тэмцээний хуваарь савлагаатай байснаас бэлтгэл нэлээд тасалдахад хүрсэн л дээ.

Эцсийн дүнгээрээ Дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдсөн хорь гаруй улсын залуучууд оролцсоноос 668 оноо авсан. Босго оноонд арай хүрч чадаагүй. Өмнөх жилүүдэд гурван тэнхлэгт дээр угсралт хийдэг байсан бол энэ удаад дөрвөн тэнхлэгтэй болж хийх зүйл маань улам өргөн цар хүрээтэй болсон нь амжилтад нөлөөллөө. Багажийн сонголт буруу байсан нь ч, ашиглаж байгаа технологийн ялгаатай байдал ч нөлөөлж, дээрээс нь жижиг алдаанууд мэр сэр гаргасан. Гэхдээ дараагийн тэмцээнээс Монгол Улс медаль хүртэх бүрэн боломжтой. Харин энэ тэмцээнд нэг хүн ганцхан удаа оролцох журамтай байдаг.

Би цаашдаа мэргэжлээрээ ажиллана, бас инженерээр суралцана. Ямар ч байсан өөрийгөө тасралтгүй хөгжүүлнэ гэж бодож байгаа. Герман руу тэмцээнд явахдаа үеийнхээ залуучуудыг өөртэйгөө харьцуулахад тэд боловсрол, хэлний чадвараар хамаагүй илүүг мэдэрч хор шар хөдөлсөн л дөө.

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсоноор шинэ технологи харж ашиглаж сурсан, өөрийн алдаа дутагдлыг олж харсан цаашдаа юу хийх ёстойгоо ойлгосон. Мөн дараа дараагийн тэмцээнд оролцох хүүхдийг бэлтгэхэд багагүй туршлага хуримтлуулсан.

Энэ мэргэжил бүхий л салбарт эрэлттэй байдаг ялангуяа үйлдвэрлэлийн механик мэргэжил бол их чухал. Ирээдүйн том баялаг бүтээх гол шат гэж боддог.

Ирээдүйд цагаан халаадтай алхаж явна гэж бодож байтал тостой хувцас өмсөөд үйлдвэр дотор ажилладаг залуу болчихлоо (инээв). Гэхдээ хүн аливаад суралцах тусмаа түүндээ улам дурлаж, үнэнч болдог юм байна.


Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буй мужаан, өрөг угсралт, сантехник, токарь чиглэлийн оролцогч нар нь “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмждэг Чадамжийн төвүүдийн суралцагч, төгсөгчид юм. Тус төслийг ХБНГУ-ын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны даалгавраар, ХБНГУ, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж байна.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
“Бодь мөрийн зэргийн сургаал орчин үед” сэдэвт эрдмийн хурал 12-р сарын 8-нд болно
2
4 цагийн өмнө
Цаасан сонин, цахим сайтын хослол шинэ үеийн "Зууны мэдээ"
3
7 цагийн өмнө
Уур амьсгалын өөрчлөлтөд шийдэл өгөх COP28-аас онцлох 5 БАРИМТ
санал болгох
1
4 цагийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?
2
7 цагийн өмнө
Уур амьсгалын өөрчлөлтөд шийдэл өгөх COP28-аас онцлох 5 БАРИМТ
3
Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай хамгийн том 9 ташаа ойлголт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.