Хайх зүйлээ бичнэ үү

19 мин

Н.Ялалт: Хувь тавилан надад боломж олголоо. Эхнийхийг би өөрөө дэггүй халуунаар алдсан юм


Яг одоо УДЭТ-т залуу найруулагч Э.Ёндоншаравын ерөнхий найруулагчаар ажилласан “Сычуаны сайн хүн” жүжиг үдэш бүр тоглож байна. Дэлгэцийн од Н.Ялалт 23 жилийн өмнө халагдаж данс холдсон театртаа эргэн ирснээ энэ жүжгийн гол дүрээр зарлалаа. Хязгаарлагдмал орон зайд дурангийн өмнө ажиллаж дадсан тэрбээр тайзны алслалаас хамгийн арын үзэгчид үзэгдтэл тоглох ёстой болсон гэхээр ялимгүй санаа зовнилтой хүлээлт үүссэн байхыг үгүйсгэхгүй. 20 гаруй настай эр Ян Суны дүрийг бүтээхийн тулд 45 настай Ялалт хэрхэн ажиллав? УДЭТ-т олон жүжигчин шинээр ирж, бас олон хүн эргэн ирж байгаа нь анхаарал татахгүй байх аргагүй юм. Үүнийг “цус сэлбэлт” гэх, эсвэл шилжилт гэх үү, Монголын театрын амьдралд шинэ залуу найруулагчид төрөн гарч, сонирхолтой үйл явц анзаарагдаж байна. Энэ бүх сэдвээр жүжигчин Н.Ялалттай ярилцлаа. 

-Танд дэлгэцийн жүжигчин гэх алдар хүнд нэгэнт бий болсон 23 жилийн дараа УДЭТ Таныг дахиад л урьжээ. Театрын орон тооны жүжигчин нь болоод эргэн ирэхэд тайз, дэлгэцийн ялгаа Таныг хэр сорьж байна вэ?

-“Урьжээ” гэдэг миний хувьд онгироо үг сонсогдож байна. Надад УДЭТ-т уригдах эрх бий, эсэхэд эргэлзмээр. Гэхдээ би гуйж ирээгүй нь үнэн. Надад үүрэг хариуцлага үүрүүлэх гээд итгэж тавьсан санал, дуудлагыг би хүлээж аваад ажилдаа орсон жүжигчин. Хорин хэдэн жил багагүй хугацаа. Биологийн боломжоос авахуулаад бэрхшээл, сорилт нэг их биш ч гэлээ тулгарч таарна. Өнгөрсөн хугацаанд театртаа завсаргүй ажилласан бол жүжигчний хувьд тайзнаа ажилласан бүтээл, тоглосон дүр, туршлага гээд одоогийн өөртэйгөө зүйрлэх аргагүй байхсан гэж бодох, харамсах юм бий, бий. Гэхдээ хувь тавилан надад боломж олголоо шүү дээ. Эхнийхийг би өөрөө дэггүй халуунаар алдсан. 

-“Сычуаны сайн хүн” жүжгийн зар Н.Ялалт гэдэг нэртэй хамт түгэхэд үзэгчдэд Таныг тайзны орон зайд хэрхэн тоглохыг харах хүлээлт ялимгүй санаа зовнилтой үүссэн байхыг үгүйсгэхгүй. 20 гаруй настай эр Ян Суны дүрийг бүтээхийн тулд 45 настай Та хэрхэн ажиллав?

-Найруулагч дүр өгсөн учраас гүйцэтгэх ёстой. Залуучуудтай зэрэгцэн тоглоход хурдыг нь гүйцэхгүй хөлд нь чирэгдчих вий гэх зовнил надад ч бас байсан учраас бэлтгэл сургуулилалтдаа нэлээд дайчилж хийлээ. Тайзнаас хол байсан бүхий л хугацаанд хөл бөмбөгөөсөө холдоогүй нь надад овоо бэлтгэл болж байж. Би хагас сайн болгоны үдээс хойш 3-4 цагийн турш хөл бөмбөг тоглодог. Одоо 24 дүгээр сургуулийн гадаах талбайд цас, бороо үл хамааран жилийн дөрвөн улиралд хөл бөмбөгөө өшиглөсөөр л яваа. 

-Та холын харааны шил зүүдэг юм байна, тайзанд линзтэй гардаг юм уу? 

-Үгүй, би зүгээр л шилээ тайлаад л гардаг.

Уран бүтээлчдэд өрөөг хуваарилахдаа яагаад намайг энд заасны учрыг мэдэхгүй юм

-Ян Сун тайзнаас шууд лож руу харайдаг шүү дээ, тэр мэтчилэн орон зайг нарийн багцаалах ажлуудыг бэлтгэлээр л гүйцэтгэчхэж байна уу?

-Тийм. Жүжигчин хүн мэдрэмжгүй бол хэчнээн шил зүүгээд яах вэ дээ. Зөвхөн орон зайн баримжаа ч биш. Жүжгээ, үзэгдлээ, зрителиэ, зохиолчоо, найруулагчаа, өөрийнхөө тоглолтыг, партнёраа мэдрэхгүйгээр, залагдах, залахгүйгээр бүтэхгүй эд. 

-Таны сууж байгаа 16 номерын өрөө бол театрын сүр сүлд оршсон жир бус орон зай юм. Энд зөвхөн домгууд тольдож, тайз руугаа гардаг гэж би төсөөлдөг. Та театрт ирүүтээ энэ өрөөнд орчихоор хаалгаар нь биш, тооноор нь ороод ирсэн мэт мэдрэмж төрөх юм уу? 

-(инээгээд) Би хаалгаар нь ёс журмынх нь дагуу орж ирж байгаа хүн шүү дээ. Үнэндээ би өөрөө ч энэ өрөөнд сууна гэх эрхгүй, мэдээж. Уран бүтээлчдэд өрөөг хуваарилахдаа яагаад намайг энд заасны учрыг мэдэхгүй юм. Гэхдээ би бэлгэшээж, урамшиж хүлээж авсан. 

                                                                                                                                                Гэрэл зургийг Г.Ананд

-Таны өрөөний найз Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва гуай театрынхаа төлөө бол хатуу хөтүү үгийг ч ил шулуухан хэлж чадах хүн. Та түүнээс зэм сонсож амжив уу?

-Дагваа ах бид хоёр театраас өмнө киноны ажлаар олон учирч явжээ. Аав, хүүд тоглож явлаа. Аав шиг, ах шиг, хааяа найз шиг суудаг юм, бид хоёр эндээ. Би чинь түүний том хүү Ц.Гансэрээ, бэр Д.Батцэцэгтэй олон жил хамтран ажиллаж дотноссон улс. Тэгэхээр олон холбоос бидний дунд бий. Дагваа ах хал нь гаднаа, хайр нь дотроо асаж явдаг хүн шүү дээ. 

-Таныг ойлгодог, сонсдог, дэмждэг найз нөхөд хаана байдаг вэ? Та ямар хүнтэй сэтгэлээ, итгэлээ хуваалцдаг вэ?

-Би найз нөхдөөр туйлын баян хүн гэж өөрийгөө хэлнэ. Миний найзууд гэж нас хүйс, ажил мэргэжил, амьдралын туршлагаар ёстой янз бүрийн улс бий. Би хүний амжилттай, алдар нэртэй, эд хөрөнгөтэй нөхөрлөж явсангүй. Над яаж өөрийгөө нээж, итгэж, хандаж байгааг нь би дааж, хань нөмөр болохыг боддог. Миний энэ бодол, оролдлого ч бас хажууд минь найз нөхөд байдгийн шалтгаан болдог биз. Нөхөрлөл гэдэг мэргэжил, сонирхлоор холбогдохоос гадна ах дүү шиг гэр бүлээрээ ижилдэн дасах гэж байх юм байна шүү дээ. Хүн хүнийхээ дотор руу өнгийсөн харилцаа бат бөх үргэлжилдэг юм уу даа. 

-Ингэхэд Та яагаад “Сычуаны сайн хүн” зохиолыг анх гар дээрээ авч уншихдаа усны худалдаачны дүрийг өөртөө наагаад байсан юм бэ. Та дэлгэцээс театрт ямар амбийцтай ирсэн бэ. Оногдсон дүрээ л сайн бүтээх, эсвэл гол дүрд өөрийгөө харуулах?

-Дүр хуваарилна гэдэг чинь найруулагчийн л хэрэг. Түүнээс би болохооргүй дүрдээ тэмүүлээд хаачих юм бэ. Хэрэв надад гол дүр хуваарилбал үзүүлээд өгөхийн төлөө ажиллана. “Надаас өөр энийг хийх хүн байхгүй дээ” гэж хардаг төрлийн хүн би биш л байхгүй юү. Би ер нь тайзан дээр тоглох гэж л ирснээс биш гол дүрд л тоглоод байх зорилго над алга. 

Би зүгээр өөрийгөө театрт “цус сэлбэх” үйл явцын нэг эд эс болох жүжигчинд тооцогдож дуудагдсан байх гэж бодож байна.

-Яг одоо УДЭТ-т Танаас гадна олон жүжигчин шинээр ирж, бас олон хүн эргэн ирж байгаа нь анхаарал татахгүй байх аргагүй юм. “Сычуаны сайн хүн”-ий ерөнхий найруулагч Э.Ёндоншарав гэж залуу бас гараад л ирлээ. Үүнийг “цус сэлбэлт” гэх, эсвэл шилжилт гэх үү, сонирхолтой үйл явц анзаарагдаж байна. Таныхаар яг одоо театрын хувьд, Таны хувьд ямар цаг үе бол?

-Би ямар театр судлаач биш тодорхой хэлж мэдэхгүй юм. Би зүгээр өөрийгөө театрт “цус сэлбэх” үйл явцын нэг эд эс болох жүжигчинд тооцогдож дуудагдсан байх гэж бодож байна. Миний харц зөв бол би энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх нь миний туйлын зорилго байж таарна. Театрт цаг үе бүхэнд шинэчлэл зайлшгүй гэдэг. Бас театрын ёс зүй, уран бүтээлийн чанар чансаа ч яригддаг. Залуу найруулагч гарч ирж, ерөнхий найруулагчаар ажилласан анхны жүжгээ шинэлэг төрлөөр тавьж байгаа нь театрт салхи сэвэлзүүллээ гэж бодож байна. Яг одоо театрт 42 жүжигчин ажиллаж байгаа нь театрын түүхэнд байгаагүй өнөр бүрэлдэхүүн болж байгаа юм билээ. 90-ээд хувь нь залуу жүжигчид ажиллаж байна гэдэг санамсаргүй тоо биш болов уу. Театрын удирдлага шинэчлэлийн бодлогоо зарим үйл явцаар эхлүүлж байна гэж ойлгож болох биз ээ. 

-Ийм үйл явцын дунд Та үүрэг хариуцлага гээд зогсож байтал яг л Таны тоглох гол дүртэй татгалзах аргагүй киноны санал ирвэл Та хэрхэх бол?

-Одоохондоо би кинонд шунахгүй байна. Хэд хэдэн санал авсан, татгалзсан.

Би киноноос завсарлага авчихсан.

-Та өөрийгөө дэлгэцийн бүтээлд ханачихсан гэх нь үү?

-Үгүй ээ, би ханаагүй. Би киноноос завсарлага авчихсан. Тайзанд гаръя, сорьё гэж театрт ирээд удаагүй байна шүү дээ. Надад бодол байна, зорилго байна. Театр ч бас намайг авчрахдаа бодсон, зорьсон юм бий. Одоо эргээд 22 настай шигээ салхилаад унаж арай боломгүй цаг үе надад ирсэн байна.

-Та театртай тэгж тохирсон гэсэн үг үү?

-Үгүй дээ, яалаа гэж. Би яг одоо кинонд тогломоор санагдаж байна, санагдахгүй байна гэж ярьж тохироод байхаасаа илүү энэ цаг үе, хариуцлагыг мэдрэх, үйлдлээрээ өөрийгөө харуулах гэж нэг юм бас надад байлгүй дээ. Би бусад жүжигчний л адил эрх, үүрэгтэй. Ажлын бус цагаар кинонд тоглох, аудио ном уншиж бичүүлэх, орчуулгын кинонд дуу оруулах боломжтой. Би яг одоо зүгээр л өөрөө энэ бүхнээс татгалзаж байгаа юм. 

-“Сычуаны сайн хүн” гэж жүжгийн нэр ганц тоон дээр байгаа шиг алив олонлог дотор нэг байх нь өөрөө зөрчил, өвдөлт байдаг. Та олон доторх ганцын зовлон, жаргал, бахархлыг мэдэрч байсан уу?

-Хүн болгон давтагдашгүй. Би ч, та ч ялгаагүй олонлог доторх цор ганцууд. Тиймээс бид биесийнхээ ганц хувь гэдгийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, ганц нь олонлогтоо түвэггүй, хохиролгүй байж чадвал эрүүл нийгэм тэр болно. 

-Таны ой тойнд хадагдсан анхны жүжигчин ямар дүрээр үлдсэн хэн байв?

-Г.Гомбосүрэн гуайг зурагтаар харснаа ер мартдаггүй юм. Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Гомбосүрэн гуай Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы “Арвай хээрийн талд” жүжгийн халзан Тавхайн хэсгээс тоглохыг харсан минь жүжигчний бүтээсэн дүрийн тухай анхны ойлголт, сэтгэгдэл, дурсамж болж үлджээ. 

-Тэгвэл анхны театр, тайз?

-СУИС-ийн оюутан болсон хойноо л анх удаа драмын театрын босгоор алхсан хүн шүү дээ. Би чинь Налайхын хүүхэд. Зурагтаар л теле жүжиг үзсэн үү гэхээс тайзан дээр жүжиг тоглохыг үзээгүй л явсан. Харин кино их үздэг, текстүүдийг нь шууд цээжилчихдэг тийм л хүүхэд явлаа. 

-Жүжигчин болсон хүмүүс ихэвчлэн их багаасаа л энэ мэргэжлийг мөрөөдсөн байх нь олонтоо. Та бас тэгсэн үү?

-Багад ер нь яг юу бодож явсан юм бэ дээ. Лав л наймдугаар анги төгсөхөд есдүгээр ангид дэвшин суралцах хүүхдүүдийг улаан шугамаар таслахад яг миний нэрийн доогуур зураас татагдсан юмдаг. Ийм зураас татах нь ойлгомжтой байсан учраас хэрэв би улаан шугамаар есдүгээр ангид орох боломжгүй болох тохиолдолд яах билээ гэдгээ бодчихсон, чингэхдээ гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засдаг техникийн мэргэжилтэй хүн болно гээд ээжтэйгээ ярилцаад тохирчихсон л явсан үе л дээ. Би бага ангидаа дажгүй сурлагатай, урлагийн үзлэгт гоцлол номертой хүүхэд байснаа дунд анги дээшлэх үед хичээл ном, урлаг уран сайхан гэхээсээ үеийнхэнтэйгээ тоглож наадахад илүү цаг гаргадаг, зурагт, радио эвдрэхээр оролдсоор байгаад учрыг нь олчихдог, нэг тийм л хүү явсан. Аав маань нандин зүйлсээ хадгалдаг нэг ханын шүүгээ байлаа, манайд. Тэр дотор хоёр дамартай магнитофон их л олон жил эвдэрхий хэвтсэнийг би нууцаар гаргаж ирээд, задалж байгаад үзэж тарсан. Тасарсан ременийг нь резинээр холбож байгаад засчихлаа шүү. Тэгсэн аав өвөөгийн маань ярьсан яриа, дуулсан дууг бичиж авсан хальс хадгалагдаж байж. Аав тэр орой ажлаасаа ирээд нөгөө магнитофон нь засагдсаныг үзээд өвөөгийнх нь дуу хоолойг хүүхдүүд бидэндээ сонсгоод манайхан нэг их баярлалдаж билээ. 

-Тэгтэл “гайтай” улаан шугамын дээгүүр жагсаад..?

-Өөрийгөө анги дэвшинэ гэж бат итгэлтэй байгаагүй нөхөр шууд гэр рүүгээ гүйж байгаа юм. “Би улаан шугамын дээр гарчихлаа шүү, ээж. Цахилгаан бараа засахаа яах билээ” гээд л. Тэгсэн ээж “Аравдугаар анги төгсөх боломж гарсан бол юутай ч бүрэн дунд боловсролтой болоод авсан нь дээр” гэдэг юм. Харин би есдүгээр ангид байхаасаа жүжигчин болох талаар бодоод эхэлчихсэн юмдаг. Нөгөө л урлагийн үзлэгт гоцлодог, манлайлдаг хэвээрээ байсан минь ч нөлөөлсөн үү. Ямар ч л байсан би математикч болохгүй нь тов тодорхой л байсан. Аравдугаар ангид бидний хэдэн найз цэнгээнт бүжгийн тэмцээнд хамтлаг болж ороод дүүрэгтээ тэргүүлэв ээ. Урам ч орлоо, тэгээд л дунд сургууль төгсөхдөө СУИС-ийн драмын ангид уралдаант шалгалт өгөхөөр зогсож байсан. Бас болоогүй, тэр чинь нөгөө ангийнхаа гурван хүүхэдтэй хамт шүү. Дүн гарахад би Налайхаас хамт гарсан найз нараасаа ганцаараа тэнцчихсэн байж билээ. 

-Та энэ цагийн тайз дэлгэцийн оддын хамт СУИС-д сурчээ. Урлаг, театр гэдгийг Танаас хамаагүй эрт таньж мэдсэн урлагийн гэр бүлээс гаралтай, эсвэл драмын дугүйлангийн сурагчаас оюутан болсон хүүхдүүдтэй нэг ангид сурахад Та тэднээс анхандаа бэргэж байв уу, Та юугаараа онцгой оюутан байсан бол?

-Би ер нь айх бэргэхийг мэддэггүй л оюутан байсан. Өөртөө итгэхгүй байх, голох чамлах гэхээсээ оногдсоноо чанартай хийх гэж хичээдэг байсан. Харин мэдэхгүй, чадахгүй байгаа хэр хэмжээгээ бол мэддэг, мэддэг чаддаг болчих юмсан гэж суралцдаг, мэргэжилдээ дурласан, өөрийгөө хөгжүүлсэн оюутны он жилүүд байлаа гэвэл онох биз. 

-УДЭТ-аас танай ангийн онц төгсөгч Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ тэгээд Танд ажлын санал тавьжээ, 1999 онд. Та гурвыг ажиглаж байжээ, та гурав анзаарагдам байжээ л гэсэн үг. Ажлын гараагаа энэ театраасаа эхэлсэн ч Та тэр ондоо кинонд тоглохоор яваад эргээд ирэхэд театр Танд хаалгаа барьчихсан. Харин нөгөө хоёр үлдээд тайзан дээр хэрхэн гялалзсаныг бид мэднэ. 

-Гэнэн ч байж дээ. Н.Нармандах найруулагчийн “Дурласан, дурлуулсан хоёр” гэж кинонд тоглооч гэхээр нь завтай чөлөөтэй байгаа дээрээ гээд л ухасхийчихсэн. Тэгээд намар нь театрт хүрээд ирэхэд халчих юм чинээ төсөөлөл ч байхгүй шүү дээ. Би бүр гайхаад. Үгүй одоо сонин юм аа, намайг авъя гэж хавар дуудсан, тэгээд намар нь халчихдаг гэнэ ээ л гэж бодоод үлдсэн. Театр надаас ямар хариуцлага харж байсныг ч ойлгохгүй л явсан хэрэг. Гээд яах вэ, нэг хаалга хаагдсан, нөгөө хаалга нээгдсэн.

-Та тэгэхэд салхи шиг дураараа тийм л хүү байв уу?

-Аав ээж хоёр намайг зоргоор минь өсгөсөн, үнээн. Гурван эгчийнхээ араас хүү хүлээсэн аавдаа 10 жилийн дараа төрсөн анхны эр хүн нь би юм. Гэхдээ монгол айлд баримталдаг ах зах, ёс төр, хэм хэмжээтэй сургасан юм шүү. Өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч амьдрахыг хичээж явна. Уран бүтээлч хүнд салхи шиг явах ч үе таардаг, сууж аваад төвлөрч бодох ч үе гардаг л юм байна. 

-УДЭТ-аас зүүн тийш ганцхан замын цаана, ердөө тавхан минутын газарт өөр нэг театр мөн л сайхан сэтгэл, хүн чанарын тухай, олонлог доторх ганцын тухай “Опал” жүжиг тоглож байна. Э.Ёндоншарав ч тэр, М.Батболд ч тэр, эдгээр залуу найруулагч яагаад заавал энэ сэдвийг ярилцаж тохирсон мэт сонгож найруулах болов? “Орфэй” хаалтын тоглолтуудаа зарлаж байхад танайх эхэлж байна.

-“Сычуаны сайн хүн” бол яалт ч үгүй яг одоо цагийн захиалга. Үүний адил М.Батболд найруулагч ч гэсэн “Опал” жүжгээ тэгж л сонгосон байх. Бараг өөрсдөө нийгмийн шаардлагаар найруулагчдын гар дээр ирсэн зохиолууд биз. 

Би өөрийнхөө амьдралд гаргасан алдаагаа тайзан дээр илчлээд задалчих юмсан, өөдгүй өөрийгөө тэгээд ч бол цагаатгачих юмсан гэх сэтгэгдэл төрсөн.  

-Та амьдралдаа хайр сэтгэлт хүний догдлон хүлээснийх нь хариуд Ян Сун шиг хандаж үзсэн тохиолдол бий юү. Танд ч бас Ян Сун шиг зөвхөн дүүлэн нисэх хүсэл мөрөөдөлтэй залуу нас байсан биз дээ? 

-Бусдын чин сэтгэлийг гишгэлээд өөрийнхөө л хүсэл мөрөөдлийг тулгаад явж үзсэнгүй ээ. Залуу халуун ойворгон насандаа ч тэр. Ийм шалтгаанаар хайр сэтгэл буруулах, хамтын амьдралаа цэглэх шийдвэр гаргаагүй юм. Ялалт яагаад гэр бүлээсээ салаад, эхнэр солиод байсан юм гэдгийн учрыг мэдэх хүмүүс нь л мэддэг. Хөндлөнгийн хүмүүст би тайлбарладаггүй. Миний амьдралыг шүүх эрх бусдад байгаа шиг надад ч бас нарийн нандин бүхнээ дэлгэхгүй байх эрх бий. Хэдий амьдрал сарниж, хоёр тийш явсан ч үр хүүхдийнхээ төлөө хэзээд бэлэн аав нь байсаар л ирлээ. Ийм л хүн. Миний хүүхдүүдийн том одоо СУИС-ийн найруулагчийн хоёрдугаар курсэд сурч байна. Аавыгаа хэн бэ гэдгийг харах, ойлгох, уучлах насанд хүрцгээж байна.

-Ян Суныг харахаар худалч, амиа хичээсэн, хүйтэн, бүтэлгүй залуутай учирч байсан дурсамж нь эмэгтэйчүүдэд сэдэрч байх боломжтой л юм. Та энэ сөрөг дүрээ бүтээхдээ дотроо хэрхэн өмгөөлж хамгаалсан бэ?

-Энэ жүжгийн зохиолч Брехт өөрөө театрын онолч хүн. Зохиол, тавилт түүний зохиосон аргачлалаар бичигдсэн, явагдсан учраас бидний сурсан Станиславскийн системтэй зөрчилдөх талууд байлаа. Ян Суныг бүтээхдээ би бодит амьдралаасаа үлдсэн дурсамж дахь өөрийгөө хөндлөнгөөс харж, дуудаж шингээсэн хэсгүүд бий, бий. Энэ нь үнэн байдаг учраас би ер нь дүрүүд дээрээ ингэж ажиллахыг үр дүнтэй гэж үздэг. Би өөрийнхөө амьдралд гаргасан алдаагаа тайзан дээр илчлээд задалчих юмсан, өөдгүй өөрийгөө тэгээд ч бол цагаатгачих юмсан гэх сэтгэгдэл төрсөн.  

                                                                                                                                                Гэрэл зургийг Г.Ананд

-“Явуулын хүн” Таныг дэлгэцэнд ямар уран бүтээлч вэ гэдгийг тод илчилсэн кино болсон учраас Тантай энэ тухайд ярилцахгүй өнгөрч чадашгүй. Хаанаас, хэнээс ирсэн нь бүү мэд, дараа нь хаашаа хэн рүү явах нь ойлгомжгүй тийм эрийг таньж мэдэх, ойлгомжтой цэгцтэй харилцаанд урвуулж чадах увдист чанар, хүсэмжит хүн гэж хүүхэн бүр өөртөө итгэхийг хүсдэг юм аа. 

-Надад ч бас “Явуулын хүн” гоё санагдсан. Эх зохиол гайхамшигтай, монгол хөрсөнд сайн буулгасан кино. Анх продюсер Урнаа, Алтантөр, найруулагч Баярсайхан нэг хоёр хүнд санал тавихад цаадуул нь зөвшөөрөлгүй надад ирсэн дүр юм. Би өөрөө сэтгэлийн торгон утас хөндсөн, уянгын жанрт дуртай хүн л дээ. Сүхбаатарын дүр надтай олон талаар төстэй ч санагдсан. Хамтран тоглосон Баярцэцэг маань ч тун мэдрэмжтэй жүжиглэсэн учраас бидний дундах хайр сэтгэлийн харилцаа чимээгүй ч гэлээ хүчтэй, бодитой сэтгэгдэл төрүүлсэн. Би ирээдүйд өөрөө яг тийм кино хийнэ ээ. Энгийн хэрнээ цаанаа нэг гоё нандин кино байдаг даа (инээв). 

Эби гарсан байна, Болд-Эрдэнэ маань бас кино руу түлхүү ороод явах шиг боллоо... Наранбаатар найруулагчийн хувьд амьсгаа авах, карьерынхаа шинэ үеийг эхлүүлэх, уран бүтээл төлөвлөх цаг үе нь ирсэн байж болох юм.

-“Эргэж ирэхгүй намар” мэргэжлийнхний үнэлгээнээс хальж, үзэгчдийн сэтгэлд монгол киноны хөгжилд итгэх харцыг авчирч байгаа энэ үед Та дэлгэцээс театрт ирэв ээ. Театрт очоод хамт ажиллавал сайхан аа гэж бодоод иртэл Тантай зөрөөд театр дахь ажлаа хумьж байгаа, явж байгаа уран бүтээлч байна уу?

-Эби гарсан байна, Болд-Эрдэнэ маань бас кино руу түлхүү ороод явах шиг боллоо. Ангийн хоёртойгоо хамтраад үзэж тарна гэсэн мөрөөдөл мөхөхгүй ээ. Яг одоо л амжуулмаар зорьсон төлөвлөснөө хийчхээд эргээд ирэх нь тодорхой. Тэр хоёр чинь театртаа элэгтэй уран бүтээлчид шүү дээ.

-Н.Наранбаатар найруулагч сүүлийн бараг 20 жил театрт ганцаараа юм шиг л ажиллажээ. Гэтэл 2020 онд тавьсан “Анна Каренина”-гаас хойш түүний дуулиан гэнэт тасарлаа. Өнгөрсөн жил М.Батболд “Гэм зэм”-ээрээ шуугиан тарьж, “Хэро” Б.Баатар эзэгнэдэг байсан тайзан дээр нь түүний найзуудтай “Тамгагүй төр”-өө хаваржин, зунжин тасралтгүй тавьж орхисон нь хоёр арван дамнаж дархлагдсан найруулагчийн карьерт ямар цаг үеийг авчрах бол? 

-Би дээр хэлсэн, би театр судлаач, шүүмжлэгч биш. Гэхдээ найруулагч төдийгүй ерөөс алив уран бүтээлчийн карьерт сэргэн мандалт, уналт, шинэчлэлт, дахин төрөх үеүдийг туулдаг юм гэсэн. Наранбаатар найруулагчийн хувьд амьсгаа авах, карьерынхаа шинэ үеийг эхлүүлэх, уран бүтээл төлөвлөх цаг үе нь ирсэн байж болох юм. Одоогоор нууцалж байгаа ч надад унших зохиолын даалгавар өгсөн. Залуу найруулагчид төрөн гарч шинэ бүтээл, туурвил үзүүлж байгаа нь Монголын театрын урлагийн хөгжлийг цаашид харах цонхыг өөр өөсдийнхөөрөө нээж буй сайн үйл явдал. Шинэчлэл бол уламжлалд суурилдаг учраас Батболд, Ёндоншарав нар аль аль соёл, давуу чанарыг хослуулах үүргээ гүйцэтгэх болов уу. Үүнээс хойш төрөх найруулагч нарыг ил өрсөлдөөн, цагаан атаархал хурцалж, урлаг чанаржиж, жүжигчид чадваржиж, олон сайхан уран бүтээл театруудын урын сан төрөн гараасай, Монголын театр дэлхийд танигдаасай билээ. 

Хамгийн их уншилттай
1
2022.11.07
Дуучин Seryoja бүсгүйчүүдийн зүрхийг булааж, эрчүүдийг "бухимдуулж" буйг батлах 20 пост
2
2022.11.24
Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар яваад эд эрхтний наймааны хохирогч болжээ
3
2022.11.23
Аргентины хөгжөөн дэмжигчдийн "өр эмтлэм" 20 пост
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллээс онцлох 5 баримт
2
2022.11.09
Авторын булан: Маргааш хэдүүлээ хэнийг огцруулах вэ
3
2022.10.13
Авторын булан: Төсөв-2023 ба муу юмс ч сайн тийш эргэдэг
санал болгох
1
2 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
3
Өчигдөр
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.