Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

2022 оны ОНЦЛОХ ЦОМОГ+ДУУ


"Гэрэг" сэтгүүлийн "The New York Times"-тай хамтран гаргасан "Turning Points 2023" дугаарт 2022 оны онцлох цомог, дуунуудыг нэрлэснээ хүргэж байна. 

Розалиа - “Motomami”

Хоёр дахь “El Mal Querer” цомгоороо тэсрэлт хийн, ахархан хугацаанд Испанийн бүх цаг үеийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болсон Розалиягийн шинэ цомог “Motomami” өмнөх цомгоосоо тэс өөр. “El Mal Querer” шиг хүчтэй, цогц цомгийг шат ахиулна гэдэг амархан хийчих зүйл биш ч тэр хангалттай чадсан. Нэрээр нь овоглон гарч ирсэн фламенко хөгжмийнхөө уур амьсгалаас холдож, илүү ч зоригтойгоор өөрийгөө нээсэн нь энэ цомгийн гол ололт юм шиг. Цомгийн дуунууд эхэндээ онц авцалдахгүй мэт санагдавч сонсох тусам цар тахлын соньхон, хүндхэн цаг үед бидний мэдэрсэн бүхнийг тод тод өнгийн будгаар зотон дээр буулгачихсан нь мэдрэгдэнэ. Аль ч хоёр дуу нь төстэй биш, гэхдээ бүгд нийлээд мартагдашгүй мэдрэмжийг өгөх тийм л цомог. Жич: Фаррель Уильямс, Фрэнк Оушен, Жэймс Блэйк нартай хамтарсныг дурдахгүй өнгөрч болохгүй ээ. 


Макс Рихтер - “The New Four Seasons - Vivaldi Recomposed”

Дэлхийн хүн бүр мэддэг, сонгодог бүтээлийг барьж авч өөрийнхөө онцгой төсөөлөл, содон найруулгаар “дахин бүтээнэ” гэдэг маш сонирхолтой төсөл байж таарна. 2012 онд Германы хөгжмийн зохиолч Макс Рихтер Италийн суут хөгжмийн зохиолч Антонио Вивальдигийн “Дөрвөн улирал”-ыг сонгон авч “Recomposed by Max Richter: Vivaldi – The Four Seasons” цомог гаргасан нь яг л тийм төсөл байлаа. ”Хийлийн шингэн дуу сонсогдсон эхний хормоос тархи танил дотно хэмээн бүртгэж авсан ч миний урьд сонсож байсан “Хавар” биш болох нь даруйхан мэдэгдсэн. Ер бусын содон синтетик дуугаралт нь чихэвчтэй хотын гудамжаар алхаж яваа надад яагаад ч юм бүхнээс илүү натурал санагдсан нь тэр жилийн онцлох мөчүүдийн нэг болж сэтгэлд үлджээ. Макс Рихтер “Бид бүгд “Дөрвөн улирал”-ыг тээж явдаг. Хаа ч явсан таардаг юм чинь. Тийм ч болохоор бид чин зүрхнээсээ сонсож чадахаа байчихдаг шиг. Энэ төслийг эхлүүлэхээр шийдсэн нь энэ хөгжмийг эргүүлэн олж авч, дотор нь ороод өөртөө дахин нээхийг хүссэнийх” хэмээн тэр үед ярьж байв. Үнэндээ “Дөрвөн улирал” бол зүгээр ч нэг хүн бүхний мэддэг бүтээл биш, сая сая хүний ой санаан дахь сонгодог хөгжмийн тухай мэдээллийг хавтасладаг, төлөөлдөг бүтээл юм. 

Үүнээс 10 жилийн дараа буюу энэ онд М.Рихтер “Дөрвөн улирал”-ыг дахин нэг сонсгохоор шийдэж, өөр хөгжимчид, өөр зэмсгүүдийн бүрэлдэхүүнтэйгээр “The New Four Seasons - Vivaldi Recomposed”-ийг бүтээв. Өмнөх цомгийн улирал бүхэн агаарлаг, хөнгөн байсан бол энэ цомгийн улирлууд хөрслөг, хурц нартай, илүү их бороотой, цастай. Зэрэгцүүлээд сонсохыг зөвлөе. 


Кэндрик Ламар - Mr. Morale & The Big Steppers

Кэндрик Ламар сонсогчдоо гонсойлгож үзээгүй гэж хэлэхдээ би лав огтхон ч эргэлзэхгүй. “Mr. Morale & The Big Steppers” хэдий “To Pimp a Butterfly” шигээ агуу (“Rolling Stones” бүх цаг үеийн шилдэг 500 цомгийн жагсаалтаа 2020 онд шинэчлэхдээ тус цомгийг 19 дүгээрт эрэмбэлсэн) цомог биш ч гэлээ түүнийг хувь хүнийх нь үүднээс таних боломжийг олгож буйгаараа хэмжээлшгүй үнэ цэнтэй юм. 2017 онд “DAMN”-ийг гаргаснаасаа хойш бодол сэтгэлдээ юу тээж явсан нь сонин байв. 

Хоёрдугаар дуу “N95” нь “Сайн уу, шинэ ертөнц өө, охид хөвгүүд ээ, Надад өгүүлэх үнэн байна” (Hello, new world, all the boys and girls, I got some true stories to tell) гэж эхлэх бол сүүлээсээ хоёр дахь дуу “Mirror” нь “Дэлхийг аварч чадаагүйд уучлаарай, найз минь, Өөрийнхөө ертөнцийг дахин босгоод завгүй байлаа, Би өөрийгөө сонгосон, уучил” (Sorry I didn't save the world, my friend, I was too busy buildin' mine again, I choose me, I'm sorry) гээд өндөрлөнө. Энэ хоёрын заагт ганцаардал, тэмцэл, уналтын түүхийг өгүүлэх үнэн үгс л буй. Үнэндээ яг л түүний хэлсэнчлэн, өөрийгөө тулж босгож чадаагүй хүн дэлхийд нэмэр болж чадахгүй ээ.  


Crimson - Saffron Bane 

Энэ жил өөр аль ч монгол уран бүтээлчээс сонсоогүй бүтээлч арга барил энэ цомогт шингэсэн байсан. Дуугаа зохиомжилсон байдал, дуулахдаа үгээ хуваарилах байдал нь түүний уран бүтээлчийн ялгамжит чанарыг “монгол” гэж тодорхойлохуйц болгожээ. Нийтлэг ийм шинж буй ч 13 дуу нь бүгд л өөр өөр тийш хөтлөх мэт, шинэлэг санагдах нь тун сонирхолтой. Дуунуудынх нь илхэн санагдаж байгаа хэсгүүдэд ч далд давхарга бий мэт. 


Big Thief - “Dragon New Warm Mountain I Believe In You”

Гоё инди, фолк цомог хэзээ гарах бол гээд хүлээж байсан бол “Dragon New Warm Mountain I Believe In You”-ийг сонсоод цад. 

Энэ цомогтой холбоотой юм бүхэн “гоё”: Бүтээлч сэтгэлгээ, баяр баясал асгарсан бүхэл бүтэн 20 дуутай нь ч гоё, Адрианн Ленкерийн вокал ч гоё, найруулга нь ч гоё, утсаар ярьж суухдаа таталчихсан мэт ковер зураг нь ч гоё, сэрүүн үдэш түүдэг галын дэргэд суугаа мэт санагдуулах нь гоё, юунд ч хэзээ ч баригдахгүй мэт, баригдаж ч байгаагүй мэт, хэзээ л ийм хөнгөн аз жаргалтай, эрх чөлөөтэй байж ирсэн мэт мэдрүүлэх нь гоё, би ч яг одоо биччихэж чадах мэт амархан эгшиглэх нь гоё. Хамтлагаараа уран бүтээл дээрээ ажиллан таван сар бүгэхдээ бичсэн 45 дууных нь дээж энэ. Сонсож дуусаад та ч бас Адрианн Ленкер энэ цаг үеийн шилдэг дуу зохиогчдын нэг юм байна гэж итгэнэ байх.


Davaidasha - “Түгжээ” 

Аль ч стрийминг үйлчилгээг нээгээд Монголын хамгийн эрэлттэй дууны плэйлист рүү ороод үзвэл эхний аравт нь Davaidasha-ийн нэг ч биш нэлээн хэдэн дуу байх л болов уу. Өөрийгөө хуучны радио тоглуулагчтай зүйрлэсэн түүний бичдэг үгэнд эгэл, хүүхдэрхүү гэмээр хэр нь ой тоонд “наалдаад” үлдчихдэг ямар нэг зүйл заавал байдаг. Энэ онд гарсан “Түгжээ” нэртэй EP цомог нь өмнөх бүтээлүүдийнхээ хэв маягаас онц холдоогүй ч гэлээ монгол уран бүтээлчдийн 2022 онд гаргасан онцлох цомог дунд гарцаагүй бичигдэхээр санж. 

“Би нар шиг жаргамаар байна

Доторхоо ч гаргамаар байна

Хэрэггүй маш олон зүйлсэд зарцуулж, энергээ” 


Бейонсе - “Renaissance” 

Бейонсе долоо дахь студийн цомгоо талийгч нагац ах Жоннидоо зориулжээ. Дэргэд нь байж өсгөлцсөн, Бейонсе гэдэг бие хүн бүрэлдэхэд онцгой нөлөө үзүүлсэн, хаус, диско, фанк хөгжмийг түүнд танилцуулсан нагац ахдаа өргөн барьсан энэ цомгоо “Сэргэн мандалт” гэж нэрлэсэн нь төгс зохисон мэт. Цар тахлын үеэр хавчигдаж дарагдсан бие сэтгэлээ чөлөөлөх, эрх чөлөө, бүтээхүйн эрч хүчийг дахин мэдрэх хэрэгцээнээс төрсөн гэх “Renaissance”-ийн эхний сингл нь “Break My Soul” байв. Эхний дуунаас өгсүүлээд дуусан дуустал нь нэг цагийн турш Queen B-ийн тансаг хоолой, хэнийг ч суудлаас нь босгох тачаангуй хэмнэлд бүрэн бууж өгөөд өөрийнхөө гэрлийг, онцгой, сайхныг мэдрэх нь энэ жилийн тод нэгэн мөч байлаа. 


Сесиль Маклорин Сальван - “Ghost Song”

“Ghost Song” Кэйт Бушийн “Wuthering Heights” дууны чинхүү төгөлдөр ковероор эхэлнэ. Сесиль Маклорин Сальваны уянгалаг хоолой Эмили Бронтегийн “Аянгат даваа”-ийн түүхийг өгүүлж эхлэхэд мананд хучигдсан Английн нуга хөндий нүдэнд үзэгдэх шиг болно. 1:40 минутаас хөгжимчид хүч түрэн орж, Сесиль “Хитклифф ээ, би байна, Кэти. Би хариад ирлээ. Даарч байна” хэмээн дуулах үеэс цомгийн ховсонд бүрэн автана. 33 настай, өнөөгийн хамгийн нөлөө бүхий жазз вокалистуудын нэг Сесиль Маклорин Сальваны “Ghost Song” тийм л үзэсгэлэнтэй цомог. 

Банжогийн эгшигтэй “Optimistic Voices/No Love Dying”, сэтгэл шимшрүүлэм “Until”, Сара Воаныг санагдуулам “Moon Song” гээд л дуу бүрийнхээ дотоод чанарыг бүрэн цогцлоож, амилуулж чадсан нь аль ч жанрын уран бүтээлчдэд сургууль болох мэт ээ. Түүний өмнөх гурван LP бүгд грэммигийн шилдэг жазз вокал цомгоор тодорсон юм. 


Онцлох дууAlvvays - "Easy On Your Own?"


Weyes Blood - "God Turn Me Into a Flower"


The 1975 - "About You"


Florence and the Machine - "My Love"

Цэндсүрэн - "Аяз"


Bad Bunny - "Moscow Mule"


Stromae - "L'enfer"


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Уржигдар
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.