Та бүхэндээ кино стрийминг үйлчилгээнүүд дээрх хамгийн содон, сонирхолтой, шилдэг бүтээлүүд санал болгож, хаанаас үзэх боломжтой тухай мэдээлэл өгөх гэж байна. Цаашид шинэхэн буланг маань дагаж, яг одоо хамгийн трэнд болж буй бүтээлүүдийн тухай мэдээлэл болон хаанаас үзэхийг олж мэдээрэй.

1. The Fabelmans

Драм төрөлд Шилдэг кино мөн Шилдэг найруулагч шагналыг тус тус хүртсэн. Сэмми хэмээх хүү багадаа аав ээж хоёртойгоо цуг кино үзэхээр яваад, тэр үеэс хойш эргэлт буцалтгүйгээр кино урлагт дурлаж буй тухай өгүүлнэ.
Хаанаас үзэх вэ? ︱Amazon Prime Video

2. Guillermo del Toro's Pinocchio

Шилдэг анимэйшн төрлийн ялагч болсон энэхүү бүтээл Пинокиогийн түүхийг танд илүү өвөрмөцөөр, зүрх сэтгэлийн утсыг хөндөх, гоо үзэсгэлэнд нь автуулах stop-motion аргаар хийгдсэн билээ.

Хаанаас үзэх вэ? ︱ Netflix

3. The Banshees of Inisherin

Инээдмийн болон мюзикл төрөлд Шилдэг кино, Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг кино зохиол шагнал хүртсэн тус бүтээл өнгөрсөн оны хамгийн шилдэг бүтээл хэмээн тодорхойлогдоод буй.

Хаанаас үзэх вэ? ︱ HBO

4. Everything Everywhere All at Once

Инээдмийн болон мюзикл киноны төрөлд Шилдэг эмэгтэй жүжигчин, Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн тус бүтээл мультиверс болон гэр бүлийн харилцааг харуулах хамгийн баялаг үйл явдалтай сонирхолтой бүтээл болж чадсан билээ.

Хаанаас үзэх вэ? ︱ LookTV

5. Elvis

Драм төрлийн Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн тус бүтээл агуу уран бүтээлч Элвисийн түүхийг өгүүлэх болно.

Хаанаас үзэх вэ? ︱ LookTV

6. Euphoria

Драм төрлийн телевизийн бүтээл төрөлд Шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг энэхүү бүтээлээрээ жүжигчин Зендая хүртээд байгаа билээ. Уг кинонд ахлах сургуулийн сурагчид болон тэдний эргэн тойронд өрнөх "галзуу" гэж хэлэхэд багадахгүй үйл явдлуудыг харуулна. Өнөө цагийн Z үеийнхний тод томруун жишээ хэмээн дурдах нь ч бий.

Хаанаас үзэх вэ? ︱ VOO

7. All Quiet on the Western Front

Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд нэр дэвшсэн энэхүү бүтээл дайн тулааны тухай өгүүлэх 2022 онд гарсан хамгийн шилдэг кино хэмээн үнэлэгдээд буй.

Хаанаас үзэх вэ? ︱ Netflix

8. Glass Onion: A Knives Out Mystery

Инээдмийн болон мюзикл төрөлд нэр дэвшигч энэхүү бүтээл таны гэмт хэргийг гогцоог тайлж, учрыг нь олох гэсэн хүслийг улам бүр өдөөж өгөх болно. Уйдаахгүй бас хөгжилтэй гэдгийг амлах байна.

Хаанаас үзэх вэ? ︱ Netflix

9. House of the Dragon

Шилдэг телевизийн цуврал төрөлд ялагч болсон House of the Dragon цуврал өнгөрөгч оны хамгийн дуулиантай бүтээл байж чадлаа.

Хаанаас үзэх вэ? ︱ LookTV ︱ HBO

10. Decision to Leave

Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд нэр дэвшсэн энэхүү бүтээл Өмнөд Солонгосын алдарт найруулагч Пак Чан-укийн өнгөрсөн онд гаргасан шинэхэн бүтээл билээ. Триллер болон романс хосолсон эл бүтээлээс та сэтгэлийн хөндүүр, догдлолыг мэдэрнэ.

Хаанаас үзэх вэ? ︱ LookTV ︱MUBI

11. The Bear

Инээдмийн болон мюзикл төрлийн телевизийн бүтээл төрөлд Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн энэхүү бүтээл өнгөрөгч оны бүтээлүүдээс онцгойрч, ихээхэн анхаарал татаад байгаа билээ. Гэр бүлийн бизнесээ авч явахаар хичээж, олон бэрхшээл саадыг туулж буй залуухан тогооч эрийн түүх танд дэндүү ойр санагдаж мэднэ.

Хаанаас үзэх вэ? ︱ Hulu

12. The White Lotus

Шилдэг богино хэмжээний цуврал киноны шагналыг хүртсэн тус антологи богино цуврал таныг хором ч уйдаахгүй. Нэгэн амралтын газар амрахаар ирсэн хүмүүсийн хар бараан нууцууд болон түүхүүдийг өгүүлэх бараан комеди бүтээл юм.
