UBLife Logo
Спорт

Х.Энх-Амар: Боксоор тууштай хичээллэж байгаа маань амжилтын сайхан мэдрэмжээс илүүг хүртэх гэсэн шунал юм

Х.Энх-Амар: Боксоор тууштай хичээллэж байгаа маань амжилтын сайхан мэдрэмжээс илүүг хүртэх гэсэн шунал юм

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Герман улсад зохион байгуулагдсан боксын дэлхийн цомын тэмцээнээс Хархүүгийн Энх-Амар мөнгөн медаль хүртэв. Тэрбээр гарцаагүй Монголын ард түмний итгэл найдвар.

Энх-Амарыг дэвжээн дээр тулалдаж байхад нь харвал цуцашгүй эрчимтэйгээр улам улам довтлох дайчин байдлыг мэдрэх биз ээ. Гэтэл амсхийх зуурт нь тухтай ярилцахаар очиход дээрх төсөөллөөс тэс өөр, яриа хөөрөөгөөр элбэг дэлбэг, харц зөөлөн, сэтгэл амгалан угтав. “Дотроо бол би хурц хүн л дээ. Тиймээс өөрийгөө дарж явдаг. Хэрвээ өөрийгөө давуулж бодвол тоглолт маань гарахгүй гэдгийг мэднэ” хэмээн онцолсон. 

Ялагдчихаад рингнээс буухдаа ганцаараа чангаар нэг хашхираад л тайвширсан даа. Монголдоо ирээд долоо хоног тасралтгүй унтсан (инээв). Их ч ядарсан байна лээ. Цаг хугацаа нь болоогүй бол медаль авахгүй юм билээ.

Тэрбээр 2016 оны олимпын эрх олгох сүүлийн тэмцээний үеэр баруун чихээ хагалуулж, хүчтэй зовуурь мэдэрч байсан ч зорилгынхоо төлөө тэвчээртэй, үл няцан зүтгэсээр мөрөөдлийнхөө тасалбарыг атгасан билээ. Энэ бол зорьж зүтгэсэн, тэмүүлсэн бүхнийхээ охь шимийг хүртэх боломж. 

Энх-Амар тэрхүү тэмцээний тухайд “Эхний хоёр тулаанаа дуусгаж рингнээс буусан даруйдаа чихнийхээ усыг соруулсан. Тийм зовуурийг даваад дөрвөн тулаанд ялчихсан атал медальд хүрээгүй байлаа. Үүнээс цааш толгой ч өвдөөд “Ёо, олимпын эрх авахад ийм чанга юм уу?” л гэж бодсон доо. Гэлээ ч “Энэ хүртэл зүтгэчихээд заавал медаль авах ёстой” гэсэн бодол байсан. 

“Олимпын эрх авчихлаа шүү дээ”. Багш маань энэ үгийг хэлэхэд сая би тайвширсан. Тэгэхэд асар хүнд өдрийг даван туулсан даа. Чих задарч, толгой ч дүйнгэтээд. Хүнд сорилтыг даван туулж л олимпын эрх авсан” гэлээ. 

Олимп гэдэг дурсамж бүтээх урлан л гэсэн үг. Энд яаж ирсэн бэ гэдэг бус тээж ирсэн итгэл найдвараа далавч болгож нисээд буцах уу, хоосон чанарыг тэвэрч, харамсан дурсах уу гэдэг л яригдана. Хүмүүст анзаарагдах дурсамж бүтээсэн тамирчныг цээжний чимэг мэт дэлхий даяар дурсдаг.

Энх-Амар 2016 оны олимпод 52 кг-ын жинд тулалдсан ч эхний өрсөлдөгч Мексикийн боксчинд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Дараагийн олимпыг дөрвөн жил хүлээнэ. Хүлээхэд цаг алгуурлан цохилно. Цагийн эрчлээнийг догдлон ажихад хөдөлгөөн нь удаашрах мэт санагддаг билээ.

Жингээ буруу хассанаас болоод тэр өглөө унтаж чадаагүй. Тэгтэл тулааны завсарлагаагаар толгой ивэх төдийд л өөрийн эрхгүй унтаж байлаа. Тэгээд хонх дуугарахаар сэрээд тулалдаж байгаа юм. Би ч өөрийнхөө энэ байдалд гайхширсан. Олимпын ордонд монголчууд “Оноо яаж яваад байгаа юм бэ?” гэж хашхиралдах нь халти сонсогдсон. Ялагдчихаад рингнээс буухдаа ганцаараа чангаар нэг хашхираад л тайвширсан даа. Монголдоо ирээд долоо хоног тасралтгүй унтсан (инээв). Их ч ядарсан байна лээ. Олимпод оролцоход маш их тэвчээр шаарддаг. Цаг хугацаа нь болоогүй бол медаль авахгүй юм билээ”.

Бэлтгэл болон мэдрэмж нь ханасан тамирчин л амжилтад хүрдэг. Ялахын тулд сэтгэл зүй болон биеэ жигд бэлдэж, яг л зүүн дээр тогтооно гэсэн үг. Өрсөлдөгчөө хэт бассан, сэтгэл зүй хурц байгаа үед хоёр гар урагш явдаггүй, эсрэг тамирчин монжоод байдаг. Би бүр эрчимтэй бэлтгэл хийснийхээ дараа л боксоос таашаал авдаг хүн шүү дээ. Өөрийгөө хүн гэдгээ тэгж л мэдэрдэг

Багадаа гүйдэлд дайруулж, татаж унадаг болчихсон нь өнөөгийн шилдэг тамирчны боксоор хичээллэх хүсэлд хориг болов. Түүний эрүүл мэндэд санаа зовсон ээжид нь бол юун тулаан манатай. Тийм байдалтай ямар л эхийн сэтгэл үүнийг амархан зөвшөөрөх вэ дээ. Энэ бол боксын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Хархүүгийн Энх-Амарын түүх юм.

Хэд хэдэн лам дээр очиход “Хүний ясаар тоглосон байна. Тэр сүнс чамайг байнга дагаад, шоглоод байна” гэсэн. Тиймээс гуравдугаар ангиасаа тогтмол эмчилгээ хийлгэх болов. Гэлээ ч нөхцөл байдал сайжрахгүй хэвээр байлаа”.

Аав нь цэргийн алба хаагч байсан тул бага насаа Ховд аймгийн Үенч сум дахь хилийн застав дээр өнгөрүүлсэн Энх-Амарт гүйдэлд дайруулахаас өмнө ч хар дарж зүүдэлсэн шөнө олон. Тэндхийн цэргүүд аймшгийн үйл явдлуудын тухай ойр зуураа хэлэлцдэг байсан нь түүнд ийн нөлөөлжээ.

2001 онд Х.Энх-Амарынх гэр бүлээрээ Улаанбаатар тийш нүүв. Тухайн үед түүний аав хэлмэгдэж, ажлаасаа халагдсанаас үүдэн ийн суурин газар бараадахад хүрчээ. Сонирхолтой нь, энэ нүүдлийн дараагаас Энх-Амарын гэмгүй татаж унах нь зогссон аж. Үенчийн сургуулиас хот руу шилжсэн Энх-Амар шинэ орчиндоо дасаад аав, ээждээ ч хэл дуулгалгүй өглөө, оройд хүнд хүчир ажлуудад биеэ дайчлах болов. “Арван жилдээ машины дугуй худалдаалдаг хүмүүс дээр очиж тусалдаг байлаа. Дугуйнуудыг өглөө агуулахаас гаргаж, оройд нь буцааж өрнө. Ингэж ажиллаад нэг худалдаачнаас л гэхэд өдөрт 2000 төгрөгийн цалин авдаг байв. Бусад хүүхдүүдтэй уралдаж ажиллана. Би тэр үед ангидаа хамгийн их мөнгөтэй нь байлаа шүү дээ. Өдөрт 5000 төгрөгийн орлоготой. Аав, ээжийн цалин сарын сүүлчээр бууна. Харин тэр зуурт нь би гэр бүлийнхээ санхүүгийн хэрэгцээний тодорхой хэсгийг хангачихдаг л байлаа” хэмээн тэр үеийн  дурсамжаа хуваалцав.

Бокст гүн дурлаад орчихсон учраас бүх зүйлээс нь сайхан мэдрэмж авч байна. Би жингийнхээ дэлхийн бүх шилдэг тамирчинтай гар зөрүүлээд үзчихсэн. Энэ зуурт хэнтэй нь яаж тоглох вэ гэдгээ бас мэдэрчихсэн. Надад олимп, дэлхийн медаль маш ойрхон санагддаг. Амжилтад хүрэх цаг маань ирж байгаа гэдгийг мэдэрч байна.

Энх-Амарыг арван настай байх үед түүний дотнын найз Золоо боксоор хичээллэж эхэлсэн бөгөөд “Би ганцаардаад байна. Чи хамт дугуйланд яваач” хэмээн түүнээс уйгагүй гуйдаг байжээ. Найзынх нь аав мөн хүүтэйгээ хамт дугуйланд явуулах гэж санал тавьдаг байсан аж. Гэсэн ч Энх-Амар боксоор хичээллэх тухайд онц бодохгүй явсаар энэ үйл явдлаас хойш хоёр, гурван жил ч өнгөрөв. 

2008 он. Бээжингийн олимпод Монгол Улсаас боксын төрлөөр оролцсон Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль ганзагалж ирсэн гэгээн он жил билээ. Монголын ард түмэн даяараа баярлаж, тийм гэрэл гэгээнд тэмүүлсэн олон хүүхдийн цээжинд итгэл найдварын бамбар буухиалсны нэг нь Энх-Амар. Тэр жил Энх-Амарт спортоор хичээллэх бодол төрж, “Алдар” спорт хороог зорьжээ. Энэ бол замналынх нь эргэлтийн цэг байсан юм. 

Хэрэв би аймхай, зориг муутай байсан бол боксоор хичээллэхгүй байлаа. Аав маань цэргийн начин цолтой. Ээжийн талд ч том цолтой бөх байсан. Тиймээс гэрийнхэн маань намайг бөхөөр барилдана гэж хүлээдэг байв. Би ч тухайн үед “Барилдаад үзье” гэж санаад чөлөөт бөхийн дугуйланд бүртгүүлэхээр “Алдар” спорт хороонд очсон юм. Тэгтэл Золоо тааралдаж “Чи боксын дугуйланд орохоор ирээ юү?” гэхээр нь тийм гээд тэр чигтээ боксоор хичээллэж эхэлсэн”.

Энх-Амар боксоор хичээллэх болоод гурван сарын дараагаас л залуучуудын Үндэсний шигшээ багийн дуудлагыг хүлээн авсан юм. Үүнээс өмнө клубийнхээ 120 гаруй тамирчнаас шалгаран “Олимпын гараа” тэмцээнд оролцож, түрүүлсэн нь түүний олон амжилтын эхлэл. Тэрээр өдгөө боксын өсвөр үе, залуучуудын УАШТ-д долоо, насанд хүрэгчдийн УАШТ-д есөн удаа түрүүлээд байна. 

Энэ зуурт “Юу ч бодохгүй, мешок цохиод л бэлтгэлдээ урсгалаараа хандвал ямар ч ахицгүй, өнөө хэвэндээ байж л байна. Бэлтгэл болон мэдрэмж нь ханасан тамирчин л амжилтад хүрдэг. Тулааны үед нэг гараа буулгаад цээж рүүгээ цохиулахад л өөрийгөө мэдрэхгүй болчихдог шүү дээ. Иймд ялахын тулд сэтгэл зүй болон биеэ жигд бэлдэж, яг л зүүн дээр тогтооно гэсэн үг. Өрсөлдөгчөө хэт бассан, сэтгэл зүй хурц байгаа үед хоёр гар урагш явдаггүй, эсрэг тамирчин монжоод байдаг. Боксоор тууштай хичээллэж байгаа маань амжилтын сайхан мэдрэмжээс илүү ихийг хүртэхийн тулд тэмүүлж буй шунал юм. Би бүр эрчимтэй бэлтгэл хийснийхээ дараа л боксоос таашаал авдаг хүн шүү дээ. Өөрийгөө хүн гэдгээ тэгж л мэдэрдэг” гэлээ.

Түүнд айсуй баярын зөн мэдрэгдэнэ.

Хархүү гуайнх ам бүл наймуулаа. Таван эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэдтэй. Дөрвөн хүү нь боксын спортоор хичээллэдэг бөгөөд Энх-Амар, Энхмандах нар Үндэсний шигшээ багийн тамирчин билээ. Харин өдгөө 19 настай Билгүүнсайхан өнгөрсөн онд насанд хүрэгчдийн Улсын АШТ-д анх удаа оролцож 54 кг-ийн жинд мөнгөн медаль хүртээд байна. Тэрээр 2014 онд “Олимпын гараа” тэмцээнээс мөнгөн медаль авч боксын замналаа эхлүүлсэн юм.

Билгүүнсайхан “Багадаа ах нарынхаа тэмцээнийг байнга очиж үздэг байлаа. Үзэхдээ их сандарна, ах нар маань ялахаар өөрөө хожчихсон мэт санагддаг. Тэмцээн үзэхдээ найзуудаа дагуулна. Зарим нь боксод дуртай болсон. Арван жилийн нэг ангийн хоёр найз маань хамт боксоор хичээллэж байгаа. Өдгөө том ахаасаа тэсвэр, тактикийн зөвлөгөөнүүд түлхүү авдаг. Харин жижиг ах маань алдаа байвал хараад хэлж өгдөг юм. Хөлсөө гаргаагүй үеүдэд цаанаасаа стресстээд байдаг юм. Сонин шүү дээ, хөлс гаргахаар л сайхан болчихдог. Би 2023 оны ДАШТ болон 2024 оны олимпын наадмын эрх авахаар төлөвлөж байна” хэмээн ярилаа.

Сонирхуулахад, Энх-Амарын эхнэр Армийн Дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй боксчин Төмөрхуягийн Болортуул билээ. Тэд хоёулаа дотоодын рингэнд ялагдашгүй, олон улсын томоохон тэмцээнүүдээс ч удаа дараа медаль хүртэж байсан шилдэг тамирчид.

Нөхөр маань дотооддоо олон жил дийлдэшгүй байлаа шүү дээ. Би ч ялна гэдэгт нь үргэлж итгэдэг. “Чи түрүүлэх нь тодорхой” гэж би хэлдэг юм. Тэмцээн дуусахад алтан медаль зүүгээд л зогсож байдаг. Нөхөр болон нөхрийнхөө дүүтэй 2016 оноос хойш олон тэмцээнд хамт явлаа. Сүүлд Армийн ДАШТ-д оролцоод нөхөр бид хоёр мөнгө, дүү хүрэл медаль авсан. Нэг нь рингэн дээр гарахад бусад нь догдлоод бараг л хамт тулалддаг юм. Өөрөөсөө түрүүнд нөхрөө л олимп, дэлхийн медальтан болгохыг хүсдэг” хэмээн Болортуул ярилаа. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сараас хойш бэлтгэл сургуулилалтаа түр зогсоогоод буй. Эднийх хоёр дахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа юм.

Энх-Амар өдгөө Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн сонсогчийн батальонд салаан захирагчаар ажиллаж байна. Өглөө 7:00 цагт ажилдаа очно. 14:00 цагаас бэлтгэл нь эхлэх учир даргадаа хэлээд хоёр, гурван цагийн чөлөө авч “Алдар” спорт хороо руу явна. Тэрээр ”Бээлий өмссөн тохиолдолд дүү нартайгаа ч яг л тэмцээнд тулалдаж байгаа мэт шийдэмгий үздэг. Бокст гүн дурлаад орчихсон учраас бүх зүйлээс нь сайхан мэдрэмж авч байна. Би жингийнхээ дэлхийн бүх шилдэг тамирчинтай гар зөрүүлээд үзчихсэн. Энэ зуурт хэнтэй нь яаж тоглох вэ гэдгээ бас мэдэрчихсэн. Надад олимп, дэлхийн медаль маш ойрхон санагддаг. Амжилтад хүрэх цаг маань ирж байгаа гэдгийг мэдэрч байна. Би ганцхан алхаад л медаль авахад бэлэн байгаа. Ядарсан үеүдээ жаахан л тэвччихвэл цаахан нь ялалт байдаг” хэмээн ярьснаар бидний уулзалт өндөрлөлөө. Түүнд айсуй баярын зөн мэдрэгдэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.