UBLife Logo
Спорт

“Байерн Мюнхен” клубүүдийн ДАШТ-д АРВАН гоолын зөрүүгээр хожсон анхны баг боллоо

“Байерн Мюнхен” клубүүдийн ДАШТ-д АРВАН гоолын зөрүүгээр хожсон анхны баг боллоо

Шинэ Зеландын “Окленд Сити” Клубүүдийн ДАШТ-д 12 удаа оролцсон анхны багаар тодорсон. Тэд үүний долоон удаад дараалан оролцсон нь мөн л дээд амжилт билээ.

“Окленд Сити” багийн хаалгач Конор Трейси нутгийнхаа эмийн үйлдвэрийн агуулахад ажилладаг. Тэрбээр Мануэль Нойертой уулзаж мөрөөдлөө биелүүлсэн гэв.

Гэвч ням гарагт “Байерн Мюнхен” багийнхан тэднийг 10:0-ээр бут ниргэлээ.

Германы Бундес лигт 34 удаа түрүүлсэн “Байерн”-ийг буулгаж авна гэдэг Шинэ Зеландын багт хэтэрхий өндөр хүлээлт байсан нь гарцаагүй хэдий ч, ийм хол зөрүүтэй тоглоно гэж бас хэн санах билээ.

“Байерн” клубүүдийн ДАШТ-ий түүхэнд 10 гоолын зөрүүтэй ялалт байгуулсан анхны баг болсон.

Гэхдээ сонирхогчдын түвшний “Окленд Сити”-гийн тоглогчид Шинэ Зеландаас энэ тэмцээнд оролцохын тулд тус тусын ажлаасаа жилийн чөлөө авчээ.

Иймдээ ч Германы үнэмлэхүй аваргуудад арваас олон гоолын боломж байсан. Тэд 31 удаа довтолж, 17-д нь хаалга оносон юм. Харин эсрэгээрээ Шинэ Зеландчууд өрсөлдөгчийнхөө хаалга руу ганцхан цохилтыг чиглүүлжээ.

Үнэндээ эдгээр багуудын хооронд харьцуулахын аргагүй том ялгаа байдаг.

“Окленд”-ийн өнгөрсөн жилийн орлого нь ойролцоогоор 488,000 фунт байсан бол Бундеслигийн аваргууд 810 сая фунтийн ашигтай ажиллажээ.

“Окланд”-ийн тоглогчид долоо хоногт дунджаар 66 фунтийн цалинтай бол Харри Кейн “Байерн”-аас долоо хоногт 400,000 фунт стерлингийн цалинг халаасалдаг. Ингэхээр “Окланд”-ийн хамгийн өндөр цалинтай тоглогч нь Кэйний долоо хоногийн цалинг авахын тулд ойролцоогоор 117 жил хөлбөмбөг тоглох шаардлагатай болох юм.

Transfermarkt сайтын үнэлгээг харахад “Аукланд”-ийг 3.9 сая фунтээр үнэлдэг бол “Байерн” тэнд 769 сая фунт стерлингээр үнэлэгджээ.

“Окленд” энэ тэмцээнээс 2.6 сая фунтийн шагнал авах бол Европын клубүүд 9,9-29,6 сая стерлингийн ашиг хүртэнэ.

Дэлхийн чансаанд “Байерн” 6-р байрт, “Окленд” 5074-р байрт эрэмбэтэй байна. Тэднийг эс тооцвол 625-д бичигдэж буй АНЭУ-ын “Аль-Айн” багийнхан энэ Клубүүдийн ДАШТ-ий хамгийн доогуур чансаатай нь юм.

“Окланд” клубт бага сургуулийн багш, даатгалын зуучлагч, үсчин, Кока-Колагийн худалдааны төлөөлөгч, автомашины жижиглэнгийн худалдаачин болон хэд хэдэн оюутнууд тоглодог.

Хамгийн сонирхолтой нь, “Окланд”-ийн зүүн жигүүрийн хамгаалагч 22 настай Натан Лобо энэ тэмцээний үеэр онлайнаар их сургуулийн шалгалтаа өгөх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.