
Судалгаа: АНУ-ын цагдаагийн албыг яаралтай шинэчлэх шаардлагатай гэв
Энэ сарын 7-нд АНУ-ын Мемфис хотын таван цагдаа Тайр Никольс нэртэй 29 настай залууг зодож хөнөөсөн нь Америкийн цагдаагийн албаны тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэнийг нэхэн санууллаа хэмээн шинжээчид хэлж буй. “Washington Post” сонины мэдээллээр, АНУ-ын цагдаа нар жилд 1000 хүний аминд хүрдэг байна.
“Police Executive Research Forum” (PERF) судалгааны байгууллагаас хийсэн судалгаанаас харахад АНУ-ын цагдаагийн хөтөлбөрүүдийн сургалт дунджаар ердөө 800 гаруй цаг буюу 20-22 долоо хоног явагддаг нь бусад улс орныхоос эрс бага, хангалтгүй байдаг гэж дүгнэжээ. “Цагдаагийн албанд элсэгчдийг сургах хөтөлбөрийг шинэчлэх нь: Голлох 40 зарчим” нэртэй уг судалгаанд АНУ даяарх 18 мянган нэгжийг шинжээд, элсэн суралцагчдад зэвсэг, тактикийн хичээл л ордог, өдөр тутамд нэн шаардлагатай, шийдвэр гаргах, харилцааны ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх хичээл бараг ордоггүй, сургалт нь хэт богино хэмээн онцолсон байна. Харьцуулахад, Германд цагдаа болохоор горилж буй элсэгчдийг 2.5 жил, Финландад гурван жил бэлддэг. Монголын Цагдаагийн сургууль гэхэд мэргэжлийн цагдаа нарыг таван жил сургаж бэлддэг жишиг бий. Түүнчлэн дээд боловсролтой хүмүүсийг хоёр жил сургаж мэргэшүүлдэг хөтөлбөрүүд байдаг.
Гэхдээ АНУ-ын цагдаа нарт бусад улсын цагдаа нарт барагтай тулгардаггүй бэрхшээлүүд тулгардгийг шинжээчид онцолжээ. Тухайлбал, сүүлийн жилүүдэд фентанил хэмээх асар хүчтэй мансууруулах бодисын хэрэглээ эрс ихэссэн, маш олон хүн буу зэвсэг эзэмшдэг зэргийг дурдаж болно. АНУ-д цагдаа нарын гарт мянга мянган хүн амь үрэгдсээр байгаа нь тогтолцоогоор нь шинэчлэх хэрэгцээг харуулж байна хэмээн шаардах хүн олон байгаа ч боловсон хүчний нөөц, санхүүжилт хангалтгүй, ажлын цаг урт, цалин хөлс өндөр биш зэрэг нь цагдаагийн нэгжүүд бие даан өөрчлөлт хийх боломжийг хязгаарлаж буй. 2020 онд хийсэн судалгаанаас харахад, тус улсын цагдаагийн байгууллагуудын 71 хувь нь төсвийнхөө таван хувийг л сургалтад зарцуулдаг аж.
2020 онд PERF-аас Цинциннати мужийн төв Луисвилл хотын Цагдаагийн газарт зөрчлөөс зайлсхийх арга ухаан, шүүмжлэлт сэтгэлгээний сургалт хэрэгжүүлснийг Цинциннатигийн их сургуулийн судлаачид шинжиж үзжээ. Ингээд харахад, уг сургалтад хамрагдсан цагдаа нарын хүч хэрэглэх нь 28 хувь, гэмтэж, гэмтээх нь 36 хувиар багассан байв.
Эх сурвалж: ABC
Баяр 2023.01.31 103.140.11.178
Монголд Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнийг 3 сар бэлддэг
0 0 Хариулах