Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Сурвалжилга | Өвгөн тосгоны хүүхэд нас


Дээврээс нь хавар дуслах буйд тосгоны нэг давхар сунайсан урт байшин моддын чөлөөнд шувуудын жиргээнээс өөр чимээ аниргүй ханхайна. Энэ байшинг хөглөж, гэгээн цолгиунд урин дууддаг нь намартаа цуглаж, зун тал бүрийд тарж оддог сургуулийн хүүхдүүд юм. Байшингийн дээвэрт дагтаршсан цас газрын уруу дуслахад эндхийн хүүхдүүд нэгдүгээр улирлын амралтаа дуусгаад, дотуур байрандаа цуглав. Тэд дөрвөн долоо хоног амрах хуваарьтай байсан ч өвлийн хүйт чангарсан, ханиад нусгай бузгай дэгдсэнээс зургаан долоо хоног амарчихаад ирсэн нь энэ.

Булган аймгийн Хялганат тосгоны сурагчдын дотуур байр нэгдүгээр сарын 29 буюу ням гарагийн 15:00 цагаас хаалгаа нээхэд 12-р ангийн сурагч Н.Ану 16:00 цаг өнгөрөөж өрөөндөө ирэв. Амралтаараа ЭЕШ-д бэлдэж, давтлага хичээлд суусан тэрээр гэртээ харьж хоёр хоночихоод л ирсэн нь энэ. Эл өдөр түүний адил сургуулийн насны бүх хүүхэд усанд орж, хичээл номоо зэхэж буй. Хялганатын хүүхдүүд төвийнхөө халуун усанд дугаарлана. Сургууль амрахын өмнө энд усанд ороход 2500 төгрөгийн үнэтэй байсан ч хэд хоногийн өмнөөс 3500 болж нэмэгджээ. Үнэ өссөний шалтгааныг бүхий л бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбон тайлбарлажээ.

Өглөөний 6:20 цагт суурингийн гудамж анир чимээгүй. Бүхий л хөдөлгөөн царцсан мэт. Байрны жижүүр өрөө бүрээр шагайн хүүхдүүдийг сэрээснээр өдөр бүрийн эхний дуун дотуур байранд чимээлнэ.

Н.Анугийн өрөөний охид дотуур байр онгойхтой уралдан ирсэн нь волейболын тэмцээнд оролцож буй тасгийнхаа охиныг дэмжихээр яарсных. Н.Ану ч өнгөрсөн жилүүдэд тэдэн шиг хичээлдээ яарч, байр руугаа тэмүүлдэг байсан. Харин өнөө жил гэртээ байх нь түүнд юу юунаас эрхэм санагдах болжээ. “Би ирэх жил эндээс явна. Тиймээс амжиж аав, ээжтэйгээ аль болох ойр байхыг хичээж байна” гэв.

Хялганат тосгоны ЕБС-д 600 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд 77 хүүхэд дотуур байранд амьдарч байна. Нэг өрөөнд 4-8-уулаа байх буюу Н.Ану өрөөндөө наймдугаар ангийн хоёр, мөн есдүгээр ангийн нэг охины хамтаар амьдардаг. Тэдний суудаг өрөө тун энгийн харагдах бөгөөд цахилгаан бараа, охидод ихэнхдээ хэрэг болдог толь ч энд байхгүй. Өрсөн чемодан, хоёр хана дагуу давхар төмөр орнууд, голд нэг ширээ, түүнд ирмэгдүүлэн хүүхдийн тоогоор модон сандлууд байна. Мөн гурван тасалгаа бүхий хувцасны шүүгээ бий.

Дотуур байр гэдэг маань эрэгтэй, эмэгтэйгээрээ хоёр жигүүрт хуваагдан суух 15 өрөө бүхий нэг давхар урт шавар байшин. Үүднээс чанх эгцлэн сурагчдын амралтын өрөө байх бөгөөд тэр нь дотроо хананд өлгөөтэй телевиз, давхарлан өрсөн хэдэн сандлаас өөр үзэгдэх зүйлгүй хоосон шахам.

Дээрх 15 өрөөнөөс гадна ариун цэврийн нэг өрөө голчлон охидын аж төрөх жигүүрт байрлана. Харин коридорт таширласан дөрвөн сүүн гэрэл өдөржин сүүмийнэ. Таазан хэсэг дэх тоолж барамгүй олон цоорхой нь шавар байшинг хэдийн өвгөрснийг сануулах аж.

Өрөөнүүдэд розетк байхгүй тул дотуур байрны хүүхдүүд үүдэн хэсэг дэх олон залгуурт ээлжлэн утсаа цэнэглэнэ. Байрны жижүүр хичээлийн өдрүүдэд 21:00 цагаас өглөөний 7:00 цаг хүртэл хүүхдүүдийн гар утсыг хурааж бөөгнүүлдэг. Ингээд утасгүй хүүхдүүд ойр зуураа бувтналдаж, хэсэг хөгжилдсөнөөр өнгөт зүүдний аяндаа зэхнэ.

Хүүхдүүд хажуугаар гүйлдэн өнгөрөхөд тэдний салхинаас чихрийн үнэр хамар цоргино. Н.Анутай ярилцаж суухад ч бид нэг л мэдэхэд чихэр ярьж орхисон байлаа. Тэрээр “Нэг чихэртэй болсон ч дөрвүүлээ хуваагаад иддэг. Хөдөөгийн хүүхдүүд тусархуу, өгөөмөр. Ер нь тэгээд энд амиа хичээх арга байхгүй л дээ” гэв.

Ану тавдугаар ангиа төгсөөд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37-р сургуулиас энд шилжин ирсэн бөгөөд гэр нь Хялганатын төвөөс 23 километрийн зайд Шавар хэмээх газарт байдаг аж. Энэ дотуур байранд түүний хоёр эрэгтэй дүү мөн амьдардаг. Дүү нар нь сүүлийн хоёр жил 13-р тасагт байрлаж байгаа юм. “Дүү нар маань дунд ангийнх учраас хичээлийг нь давтуулах гэж өдөр болгон анхаардаггүй. Харин эгчийн хувьд, амралтын өдрөөр хувцас хунарыг нь угааж өгдөг” гэлээ.  

Н.Анугийнхаас таван өрөөний зайтай тавдугаар ангийн сурагч Э.Түвдэндорж амьдардаг. Өрөөндөө зургуулаа суудаг.

ЗурагТайлбар



Э.Түвдэндорж өвлийн амралтаар эндээс 60 километрийн зайтай зэргэлдээх хот Эрдэнэтэд очиж үндэсний бөхийн дугуйланд хичээллэжээ. “Өөртөө сайн итгэлгүй байна. Бэлтгэл хийснээ өрөөнийхөндөө хэлэхгүй ээ. Барилдаад уначихвал онигоо болно шүү дээ” гэв.

Э.Түвдэндоржийн гэр Хялганатын төвөөс 10 орчим километрийн зайтайх Гуравдугаар тасагт байдаг бөгөөд нэгдүгээр ангийн дүүг аав нь гэрээсээ хичээлд нь зөөдөг ажээ. “Халиунаа айлын бага болохоор аав эрхлүүлж байгаа юм. Хичээл нь оройтож тарвал аавыг иртэл дотуур байранд хүлээдэг. Харин аав ирэхдээ надад ихэнхдээ тараг авч өгнө. Би түүнийг нь найзуудтайгаа хувааж уудаг” гэж хуучиллаа.

Э.Түвдэндорж тав дахь өдөр болгон гэр рүүгээ явна. Тиймээс “Дотуур байранд гэрээ санадаггүй ээ” гэсэн юм.  Харин өвлийн амралтаар дотуур байраа багагүй үгүйлжээ. “Байрандаа байсан бол өдийд инээлдээд байж байгаа даа” гэж бодогдоод найзуудаа их санасан. Ээж маань нурууны бэртлээс болоод хүнд юм өргөж чаддаггүй. Би амралтын өдрүүдэд харьж үхрийнхээ баасыг түүдэг. Аав маань байнга ганцаараа түүвэл ядарна шүү дээ” гэв.

Байранд амьдарч байсан эгч, ах нар зөндөө ирнэ. Манай өрөөнд хамт байсан эгч эргэж ирэхдээ “Хөөх, байр маань яасан гоё болчихсон юм бэ, та нар яасан том болоо вэ?” гээд уулга алддаг. Удаан хол байгаад эргээд уулзахаар ч тэр юм уу тэднээсээ салмааргүй л санагддаг

Түүнээс даалгавруудаа хийсэн эсэхийг лавлахад “Хийсэн” гэж хариулсан ч “Гэхдээ хүнд бодлогуудаа санахгүй байна. Энэ долоо хоногт бараг хичээл хийхгүй биз. Найзуудтайгаа тоглож дуусчихаад л хичээлээ хийнэ дээ” гэсэн юм.

Сэлэнгэ мөрний зүүн эрэгт, мод боловсруулах үйлдвэрээс сууриа тавьсан Хялганат тосгоны хүн ам өдгөө дөрвөн мянгад хүрчээ. Засаг захиргааны нэгжийн хувьд Булган аймгийн Хангал сумын нутагт хамаарах ч Сэлэнгэ болон Хангал сумын төвөөс адилхан 25 километрийн зайтай.

Өглөөний 6:20 цагт суурингийн гудамж анир чимээгүй. Бүхий л хөдөлгөөн царцсан мэт. Байрны жижүүр өрөө бүрээр шагайн хүүхдүүдийг сэрээснээр өдөр бүрийн эхний дуун дотуур байранд чимээлнэ.

Хялганатын сургууль, дотуур байртайгаа залгаа барилга агаад өдрийн хоёр ээлжээр хичээллэдэг. Н.Анугийн хичээл өглөөд орох ч тэднийхтэй ээлжлэх анги байхгүй тул үдээс хойхно ч сургууль дээр үлдэн хичээлээ давтах боломж олддог.

Өглөөний 7:00 цагт өрөөнд нь очиход тэр хэдийн босоод хичээлдээ гарахад бэлэн болжээ. "Би их аймхай юм аа. Өрөөндөө ганцаараа байж чаддаггүй. Өчигдөр орой нөгөө гурав маань тэмцээн үзсээр 00:00 цаг өнгөрөөж ирсэн, би ирэх хүртэл нь унтаагүй. Дөрвүүл өрөөндөө цуглаж, хөгжилтэй зүйлс ярилцан инээлдэж байгаад унтсан. Хотод өөр ч, энд бол айгаад оройн цагаар ер гадуур гардаггүй юм. Гэгээтэйд бүх ажлаа амжуулаад гэртээ бүгдэг” гэж ярилцангаа бид хамт өглөөний цайгаа ч ууж амжив. Эндхийн хүүхдүүд байрны чанх арын гал тогооны өрөөнд орохдоо үүдэн хэсэгт гадуур хувцсаа тайлж өлгөөд, давхарласан сандлуудаас нэгийг авч, өөрөө өөртөө үйлчилнэ. Босохдоо аяга тавгаа хурааж, тогоочид баярласнаа илэрхийлэн, сандлыг байранд нь буцаан өрөөд байр руугаа гүйлддэг. Энэ байдал өдөрт гурвантаа давтагдана.  

ЗурагТайлбар



Биднийг сургууль руу хүрч очиход настайвтар эмэгтэй багш “Нэг хүүхэд балаа гээчихэж. Асууж ирнэ байх даа” гэсээр цагаан үзгэн балыг жижүүр рүү сарвайж байгаа харагдлаа. Тэр даруйд жижүүр ч “Балаа хаясан хүүхэд байна уу?” гэсээр дуугаа хадаав.

Н.Анугийн ангид эхний цаг математикийн хичээл орж, самбарын дээд хэсгийг эмжээрлэн “Бататгал хичээл” гэх гарчиг зурайлгажээ. Тэрээр шүдний эмч мэргэжлээр суралцаж ирээдүйд хувийн шүдний эмнэлэгтэй болохыг хүсдэг. Тиймдээ ч хими, биологи, математикийн хичээлүүдийг сонгон бэлдэж байгаа аж. 

Түүнтэй өчигдөр ярилцахад “Анх багш болно л гэж боддог байсан. Манай бага ангийн багш үзэсгэлэнтэй эмэгтэй байлаа. Багш шигээ тийм хөөрхөн багш болно оо л гэж боддог байв. Гэхдээ ажилгүйдлийн мэдээ үзээд “Монголоор дүүрэн багш мэргэжилтэй хүмүүс бий болоод энэ мэргэжил ер нь эрэлт, хэрэгцээтэй байхаа больж байгаа юм байна даа гэх бодол төрж долдугаар ангиасаа эмч болохоор шийдсэн” гэсэн нь санаанд тодхон. 

Энэ өрөөний цонхоор гэрэл, нар илүү цэлгэр орж ирдэг шиг санагддаг юм. Бороо орох нь ямар үзэсгэлэнтэй харагддаг, борооны дараа цонхоо онгойлгоход үнэр нь хэчнээн гоё гэж санана аа. Өвөл цас унах нь ч гоё. 

Үдээс хойхно уулзахдаа бид түүний өрөөний цонхоор үзэгддэг гоо үзэсгэлэнгийн талаар ярилцлаа. Д.Батбаярын “Шувуу бүхэн жаргалтай” жүжгийн зохиолд гардаг шиг энэ цонхоор “Нар хүртэл алтан шаргал хивс шиг харагдаж” байв.

Цонх гэдэг чинь юу вэ гэдгийг чи мэдэх үү? Хүсэл... мөрөөдөл... тайвшрал... Манай сумын сургуулийн дотуур байрны цонхоор ямар их холын бараа харагддаг байсан гэж санана. Би тэр алсын бараа, агаарт тогтчихоод жиргэж байгаа шувуудыг хараад гэрээ санаж байгаагаа ч таг мартдаг байсан” гэж эл жүжигт хүүрнэдэг шүү дээ.

Н.Ану цонх руу харангаа “Тасагтаа ганцаараа байгаа үед цонх руу ширтэх нь сайхан зүйл биш, бараан бүрхэг мэдрэмж төрүүлдэг, надад лав. Энэ өрөөний цонхоор гэрэл, нар илүү цэлгэр орж ирдэг шиг санагддаг юм. Бороо орох нь ямар үзэсгэлэнтэй харагддаг, борооны дараа цонхоо онгойлгоход үнэр нь хэчнээн гоё гэж санана аа. Өвөл цас унах нь ч гоё. Хэцүү үеүдэд хамт байхаар өрөөнийхөнтэйгөө улам дотно болоод байгаа шиг санагддаг. Дүү нараа гунигласан үед нь чихэр авч өгөх зэрэг жижиг сажиг зүйлсээр аргадна аа. Бид эгч дүү гэхээсээ найзууд шиг л байдаг. Намар “Аль тасагт ормоор байна?” гэхэд нь “Багш аа, би гэртээ орно шүү” л гэдэг” хэмээн ярилаа.

Түүний өрөөний цонхоор ертөнц рүү өнгийвөл дотуур байрны дээврээс хавар дусалж байлаа. Харин Н.Ану “Өрөөндөө бид дөрвүүлээ ч түүнээс олуулаа болчихдог үе олон” хэмээн ярихдаа хөгжилтэйгөөр инээв. Түүнд энд амьдрах аз жаргалтай, сонирхолтой байгаа нь ярианы өнгөнөөс илт. 

ЗурагТайлбар



Байранд амьдарч байсан эгч, ах нар зөндөө ирнэ. Манай өрөөнд хамт байсан эгч эргэж ирэхдээ “Хөөх, байр маань яасан гоё болчихсон юм бэ, та нар яасан том болоо вэ?” гээд уулга алддаг. Удаан хол байгаад эргээд уулзахаар ч тэр юм уу тэднээсээ салмааргүй л санагддаг. Ах, эгч нарын яриаг сонсоод л баймаар. Би ч гэсэн оюуmан болчихоод дүү нар дээрээ дотуур байрандаа ирвэл бөөн л юм болно байх. Сэтгэлийн хөөрөл ихтэйг ч хэлэх үү. Уйлахын наагуур л юм болно доо” гэх нь догдолсон сэтгэлийн тусгал мэт. Энэ хавар Хялганатын дотуур байрнаас их хөлийн газар руу эрдмийн аянд мордохоор зэхэн суугаа хоёр охины нэг нь Н.Ану.

Айлын ганц охин болохоор зоргоороо аашлах гээд байдгаа засаж байгаа. Олон хөлийн газар очоод дураараа аашилна гэвэл хэцүү шүү дээ. Би ноднин дээд ангийн хүүхдүүд төгсөхөд л уйлж эхэлсэн. Хавар ч далай л болох биз дээ, миний нулимс. Дараа жил намайг байхгүйд дүү нар маань яана даа. “Ундрал аа, хойтон хамгийн том нь чи шүү. Дүү нараа, манай хоёр дүүг сайн хараарай” гээд л захиж сууна. Эрэгтэй хүүхдүүд болохоор үймээн тарихаас эхлээд асуудал гарч юун магад. Бага дүү маань дураараа, хэлж загнах хүн хэрэгтэй. Би явах гэж байгаа болохоор хамаатны хүүхэд, бас хар багаасаа тоглож өссөн гэр бүл шиг дотно санагддаг Ундралдаа итгээд их зүйлийг даатгадаг ” гэв.

Дотуур байрны барилгыг шинэчлэх шаардлагатай гэж үзээд аймгийн захиргаанд хүсэлтээ явуулсан ч хариугаа хүлээсээр арваад жил өнгөрөөд байна. 2025 онд шинэ байртай болчих юм сан гэж хүсэж, хүлээж байна даа.

Хялганатын сургууль суурингийн төвөөс 3 километр орчимд байх Цулхар хэмээх газар анх бага сургуулийн статустайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус сургууль энэ онд 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. 

Харин 2006 оноос энэ барилгад үйл ажиллагаагаа явуулах болсон дотуур байрны цонхнууд өдгөө өвлийн улиралд онгойдоггүй. Бүх өрөөний цонхыг чамбай нааж, гялгар цаасаар давхарлан битүүлжээ. Энэ байшингийн хана таазанд тоолж барамгүй олон цууралт үүсэж, хаа сайгүй хүйтэн агаар сийгэх тул ийн бүхэлд нь битүүлэн дулаалахаас өөр аргагүйд хүрдэг байна.

Байрны багш Ц.Энхзул “Жилд 150 хүүхэд дотуур байранд орох хүсэлтээ ирүүлдэг ч бид ихдээ л 105 хүүхдийг байрлуулдаг. Барилгын хувьд 60 хүүхдийн хүчин чадалтай. Энэ жил хамгийн цөөн хүүхэд аваад байгаа нь энэ. Бусад жилүүдэд дандаа л 80-аас олон хүүхэдтэй байсан. Дотуур байрны барилгыг шинэчлэх шаардлагатай гэж үзээд аймгийн захиргаанд хүсэлтээ явуулсан ч хариугаа хүлээсээр арваад жил өнгөрөөд байна. Та бүхний өмнөхөн аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ирээд энэ ондоо багтаж төсвийг нь шийдэж өгөхийг хичээе гэсэн. 2025 онд шинэ байртай болчих юм сан гэж хүсэж, хүлээж байна даа” гэсэн юм.

Дотуур байрны үүдээр гарахын алдад нэгэн толь харагдана. Түүнд хүүхдүүд ээлжлэн тольдоно. Энэ толь хэчнээн хүний хүүхэд ахуйн төрхийг санадаг бол? Таамаглахад ч хол.

Н.Анугийн хамгийн сүүлд мэдрээд буй нэг сайхан зүйл нь мэдлэгээ хуваалцах. Тэдний өрөөнийхөн бүгд химийн хичээлээ гүнзгийрүүлэн судалж, намар сургуулийн олимпиад болоход наймдугаар ангийн хоёр дүү нь нэг болон гуравдугаар байрт шалгарчээ. Түүний зөвлөж байсан сэдвийн дагуух дасгалууд орж ирсэн учраас өрөөнийх нь охидын амжилт Ануг ч гэсэн ихэд баярлуулсан аж.

Тэрээр хичээлээ тарж ирэхдээ өдрийн ундаа уучихаад ангийнхаа зүг даруй яаравчлав. Давтлагадаа сууна, шалгалтдаа бэлдэнэ гээд энэ хавар түүнд чөлөө зав хомс байх бололтой. Сургуулийн коридорт хүүхдүүдийн бүтээлийг дэлгэсэн нь сэтгэл булаам харагдана. “Авьяастай юм аа” хэмээн бодох зуураа түүний ангиар шагайвал бүгд хичээлдээ махран суугаа үзэгдэв. 

ЗурагТайлбар




Та бүхэн Хялганат тосгоноос бэлтгэсэн Та яг одоо ямар дуу сонсож байна вэ? контентийг ЭНД дарж үзнэ үү. Мөн ЭНД дарснаар Хялганатын фото сурвалжилгыг үзэх боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Т.Ану 2023.02.15 202.126.89.67

хүүхдүүдийн ертөнц хөөрхөн юм аа

0 Хариулах


Иргэн Эрдэнээ 2023.02.13 66.181.160.127

манай тосгон үнэхээр сайхан тосгон шүү. Ёстой л үлгэрийн тосгон доо. Ирсэн хүн буцах дургүй эргээд л ирдэг дээ...

0 Хариулах