“Кибер дээвэр (cyber dome) бий болгохын тулд бүхий л байгууллага, төр хувийн хэвшил гэлтгүй хамтрахаас өөр аргагүй болов. Энэ “өрх” зөвхөн Израилийг төдийгүй дэлхий нийтийг бүрхэн хамгаалж байж бидний зорилго сая биелнэ” хэмээн Израилийн Үндэсний кибер асуудал эрхэлсэн газрын дарга Габи Портнойн хэлсэн үг “CyberTech Global, Tel-Aviv 2023” арга хэмжээнд оролцсон хүн бүрийн ярианы сэдэв болов.
2011 онд агаарын довтолгооноос хамгаалах “төмөр дээвэр” (iron dome) системийг анхлан дэлхийд танилцуулж байсан тэд цахим дайнд ч иж бүрэн зэвсэглэж буй нь энэ. Кибер технологиор Израил хэдийн дэлхийд тэргүүлэгчдийн нэг болсныг энэ удаагийн арга хэмжээ бүр ч нотлов. “CyberTech Global, Tel-Aviv”-д энэ жил дэлхийн 90 гаруй улсын 20,000 төлөөлөгч хүрэлцэн ирсэн нь түүхэн дээд тоо байлаа. Кибер аюулгүй байдал гэх сэдэв, Израил улс хоёр гурван өдрийн хуралд ийм хэмжээний оролцогч татсанд олон учир бий.
Кибер халдлага 2021 онд дэлхий даяар нийт 6 их наяд ам.долларын хохирол учруулсан бөгөөд хэрвээ үүнийг улс гэж үзвэл АНУ, БНХАУ-ын дараа орох дэлхийн гурав дахь том эдийн засаг байхаар байв. “CyberCrime” сэтгүүлд бичсэнээр 2025 он гэхэд дээрх тоо 10 их наяд ам.долларт хүрэх бөгөөд байгалийн гамшгийн эдийн засгийн хохирлоос ч давахад ойрхон байгаа аж. Нүднээс далд ч өдрөөс өдөрт хүчирхэгжсээр буй “кибер дайн”-д хамгийн чамбай хамгаалалт бэлдсэн улсуудын нэг нь Израил. 2021 оны байдлаар дэлхийн кибер аюулгүй байдлын хэрэгсэл, хамгаалалтын технологийн экспортын 10 хувийг Израил улс дангаар бүрдүүлж байна. Мөн дэлхийн кибер аюулгүй байдлын unicorn буюу тэрбум ам.долларын үнэлгээ давсан старт-апуудын гуравны нэгээс илүүг нь израил компаниуд эзэлж буй.
“Кибер дайны талбар ширүүсэж байна” хэмээн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “CyberTech Global, Tel-Aviv” арга хэмжээний үеэр хэлээд “Израилийн Батлан хамгаалах хүчин Беер Шебад компьютерын шинжлэх ухааны сургууль байгуулж буй бөгөөд 20,000 залуусыг кибер талбарт бэлтгэхээр зорьж байгаа”-г дуулгасан. Кибер аюулгүй байдлыг үндэсний хэмжээнд авч үзэхийг Б.Нетаньяху 2011 онд зарлан тунхаглаж, тухайн жилдээ Израилийн Үндэсний кибер асуудал эрхэлсэн газрыг байгуулсан нь тус улс энэ салбарт дэлхийд тэргүүлэх эхлэл болсон гэдэг. Харин гол цөм нь Тел-Авиваас 108 км-ийн зайд байх Беер Шебад буцалж буй.
***
Улсынхаа газаз нутгийн бараг тэхий голд нь орших Беер Шеба хотыг Израилийн “Кибер технологийн нийслэл” хэмээх болжээ. Эндхийн Бер-Гурион их сургуулийн орчимд дэлхийн хаана ч олж харахгүй өвөрмөц экосистем бий. Академик судалгааны төв, кибер аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг компаниуд, Кибер онцгой байдлын баг (Cyber emergency response team) тэргүүтэй төрийн байгууллагууд, цэргийн технологийн ангийнхан 200 метр алхаад хүрэх зайд байрладаг. Негевийн цөлд байрлах энэ хот нэгэн цагт хүнгүй шахам орхигдож байсан бол “Cyberseason”, “CyberArk” хэмээх дэлхийн хоёр том кибер компани судалгаа хөгжүүлэлтийн төвөө ийш нүүлгэснээр IBM, “Dell”, “Amazon”, “Cisco”, “Microsoft”, “Google” тэргүүтэй дэлхийн томчуудыг араасаа дагуулсан. Өдгөө энэ хотод 80 гаруй технологийн компани нүүж ирээд буй. Түүнчлэн төрийн томоохон долоон байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах төв энд байрлаж байгаа.
Беер Шебаг онцгой болгож буй нэг зүйл нь “Bsmach” компьютерын шинжлэх ухаан, кибер аюулгүй байдал, дата инженерингийн альфа сургууль. Израилийн кибер аюулгүй байдлын нэгэн чухал хэсэг нь цэргийн анги бөгөөд “Bsmch” сургууль жил бүр 1500 цэргийн албан хаагч залуусыг сонгон шалгаруулж 3-5 сарын хугацаанд кибер технологийн чиглэлээр бэлддэг. Энэ сургуульд суралцах өрсөлдөөн маш ширүүн болдог бөгөөд төгсөөд үргэлжлүүлэн цэргийн ангидаа ажиллах, хувийн компанид орох боломж нь их байдаг байна. “Bsmch”-д өдгөө суралцаж байгаа оюутнуудын 52 хувь нь эмэгтэйчүүд аж.
***
Израилийн Үндэсний кибер асуудал хариуцсан газрын дарга Габи Портной. Гэрэл зургийг Oded Karni.
“Өнгөрсөн онд бид Израилийн эдийн засагт томоохон хохирол учруулахуйц 1000 гаруй томоохон цахим халдлагыг зогсоож чадсан” хэмээн Израилийн Үндэсний кибер асуудал хариуцсан газрын дарга Габи Портной хэлсэн. Кибер халдлагыг хурдан хугацаанд таслан зогсоож, үлэмж хохирлоос сэргийлэхэд иргэдийн оролцоо их. Израилд 119 хэмээх тусгай дугаар байх бөгөөд кибер халдлагатай холбоотой асуудлыг иргэд энэ утсанд мэдээллэдэг. 2022 онд л гэхэд энэ утсанд 20,000 гаруй дуудлага, мэдээлэл иржээ. “Бидэнд ирж буй кибер халдлагууд дэлхийн бусад улсаас нэг зүйлээр өөр. Тэр нь Иран. Ираны зохион байгуулалттай, кампанит халдлагууд арга барилаа өдөр бүр өөрчилж, улам бүр ширүүсэж байгаа. Тэднийг яаж ажилладгийг бид судалж мэдсээр байгаа учраас ихэнх тохиолдолд тэдний оролдлого бүтэлгүйтдэг. Гэхдээ энэ нь бид тайвширна гэсэн үг биш” хэмээн Габи Портной ярив.
Беер Шебад байрлах Бен-Гурионы их сургуулийн дэргэд Кибер аюулгүй байдлын судалгааны төв бий. Энд мэргэжлийн судлаачид болон оюутнууд хамтран болзошгүй халдлагуудыг урьдчилан таамаглах, төрийн болон хувийн байгууллага, эмнэлэг, сургууль, болон шинэ гарч буй төхөөрөмжүүдийн кибер халдлагад “хэр эмзэг” буйг судлан, туршилт явуулдаг байна. “Кибер халдлагууд үргэлж хувьсаж, шинэчлэгдэж, улам нарийн болсоор байдаг. Хэрэв үүнийг таслан зогсоохыг хүсвэл бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй” хэмээн Кибер Бен-Гурион лабораторийн Инновац хариуцсан захирал Олег Бродт ярьсан.
Эндхийн кибер халдлагын дуудлага хүлээн авах өрөөний хананд томоо дэлгэцнээ бодит цагийн кибер халдлагын газрын зураг харагдаж байлаа. Аль улсаас хаашаа ямар төрлийн кибер халдлага өрнөж буйг минут, секундээр харуулж буй дэлгэцнээ хамгийн их халдлагад өртөж буй салбаруудыг “боловсрол, эрүүл мэнд, төрийн байгууллага” тэргүүлцгээжээ. Харин халдлагад хамгийн их өртөж буй улсуудын нэгдүгээрт Монгол Улс байх юм.
***
Үргэлж шинэчлэгдэн мэдээллэх энэ газрын зургийг та яг одоо харсан ч аанай л манай улс нэгдүгээрт бичигдэж байх вий. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр манай улс өдгөө 127 дугаарт жагсаж буй. Гаднын залуу хакерууд Монголын төрийн байгууллагуудын цахим хуудсууд дээр “дадлага хийдэг” гэсэн яриаг та сонсож л байсан болов уу. Үнэхээр ч кибер аюулгүй байдал Монголын хамгийн эмзэг асуудлын нэг болсон нь үнэн билээ.
Үндэсний дата төвийн мэдээлснээр манай улсыг чиглэсэн цахим халдлага 2013 оноос эрчимжиж эхэлсэн бөгөөд жилд дунджаар 14 тэрбум хандалт хүлээн авдгийн 4 тэрбум орчим нь халдлагын шинжтэй байдаг аж. Хэтэрхий хожуу ч гэлээ өнгөрсөн онд манай улс Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг баталсан. Энэ хуулийг батлахын тулд 15 жил зарцуулж, долоон удаагийн төсөл боловсруулагдсан тухай УИХ-ын гишүүн Э.Батшугар хэлж байв. Уг хуульд онц чухал дэд бүтэцтэй 17 чиглэлийн байгууллагыг тодорхойлсон бөгөөд “Энэ 17 салбарын байгууллагын мэдээллийн систем нь доголдоход нийгэм, эдийн засагт үлэмж нөлөө үзүүлнэ гэсэн үг. Хуульд заасны дагуу эдгээр байгууллага хоёр жил тутамд аюулгүй байдлын хараат бус хөндлөнгийн аудит хийлгэж, үйл ажиллагаагаа сайжруулж байхаар болсон” хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл ярьж байв. Өдгөө манай улс Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг байгуулахаар ажиллаж байгааг бас ч гэж дэвшил гэж харж болохоор.
Кибер аюулгүй байдлын индексийг гаргасан тайланд дурдсанаар, манай улсын кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтын орчин бүрдээгүй, нэгдсэн удирдлага зохион байгуулалт хангалтгүй, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, үндэсний хэмжээний кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх баг бүрдээгүй, олон нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэг ойлголт дутмаг, кибер аюулгүй байдлыг хангах мэргэжлийн холбоо, олон улсын болон дотоодын хамтын ажиллагаа хангалтгүй байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн, уг судалгааны тайланд дурдсанаар дэлхийн 131, тэр дундаа Азийн 26 улс үндэсний кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвтэй бөгөөд ийм төрлийн төв байгуулж амжаагүй 11 улсын тоонд манай улс багтжээ.
Одоогоос 12 жилийн өмнө есөн сая хүн амтай Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Үндэсний кибер асуудал хариуцсан газрыг байгуулах санаачилга гаргахдаа “Израил улс кибер аюулгүй байдлын салбарт дэлхийд тэргүүлэгч гурван орны нэг болно” гэсэн тодорхой зорилт тавьж байжээ. Энэ зорилт хэдийн бодит ажил болсныг тэрбээр “CyberTech Global, Tel-Aviv 2023”-ийн үеэр бахдалтай хэлж байлаа. Бодит аюул хаяанд төдий бус хойморт залрах дөхсөн манай улсын хувьд Израилаас судлах туршлага маш их байна.