Удаан хугацаанд хөдөлгөөнгүй суух, шөнө оройтож унтах, ойр ойрхон түргэн хоол идэх, хийжүүлсэн ундаа, бэлэн гоймонгоор хооллох зэрэг хорт дадлыг бид сайн мэддэг. Гэвч яг л түргэн хоол шиг сэтгэл зүрхийг гэмтээн шархлуулдаг хорт дадлуудыг та мэдэх үү?
1. Өөрийгөө бусадтай харьцуулах
Гадаад төрх, бие махбод, царай төрх, амьдрал, найзууд, ер нь бүхий л зүйлсээ бид өөрийн мэдэлгүй бусадтай харьцуулдаг. Өөртөө гутарч, сэтгэлээр унах хамгийн том шалтгаан ч энэ. Бусадтай өөрийгөө харьцуулж гутарч буйгаа мэдэрвэл энэ мэдрэмж, хүчээ эергээр ашиглах гээд үзээрэй. Болохыг хүсэж буй хүн шигээ хичээж, хийдэг эерэг дадлуудаас нь суралцахад л огт өөрөөр мэдрэгдэх болно.
Яах вэ?
Сошиал сүлжээнд атаархал, хорт бодол төрүүлдэг хүмүүсийг аль болох дагахгүй байх
Бодлоо өөрчлөх. Бусдын сайн сайхан байдлыг өөртэйгөө харьцуулах бус сайн сайхан байгаад нь баярлаж сурах
Өөрийн сайхан талуудаа хайрлаж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх
2. Сөрөг бодол, таагүй мэдээгээр хүрээлүүлэх
Өглөө сэрээд утсаа нээмэгц л болж бүтэхгүй, аймшигтай, сэтгэл эмзэглүүлэм мэдээ таныг угтдаг бол өдрийн турш сэтгэлээр унах нь аргагүй. Сөрөг, таагүй мэдээлэл хүлээн авч, муухай бодол бодогдоход өөрийгөө зогсоож чадах тэвчээрийг өөрт суулгаарай. Бид бодол бүрээ захирч чадахгүй ч сөрөг бодлоо зогсоож чадна.
Яах вэ
Сөрөг таагүй мэдээлэл хүлээн авахаа багасгах буюу утсаа бага харах, мэдээ үзэхээ болих
Эерэг, дулаахан мэдээ мэдээлэл түгээдэг сошиал сувгуудыг дагах
Сөрөг мэдээллийг баримт талаас нь хүлээн авч, хэрхэн анхаарч болохыг суралцах. Жишээ нь, газар хөдлөлтийн улмаас олон зуун хүн нас барсанд гутарч шаналахын оронд цаашид өөрийгөө болон дотны хүмүүсээ хэрхэн хамгаалж, болзошгүй үед ямар арга хэмжээ авахад суралцах.
3. Үгүй гэж хэлж чадахгүй байх
Найзууд, эргэн тойрныхноосоо өөр үзэл бодолтой үедээ өөрийгөө илэрхийлэх нь төвөгтэй байдаг уу? "Үгүй" гэж хэлээгүйн улмаас дургүй зүйлээ хийчихдэг үү? Тэгвэл одооноос зоригтойгоор татгалзаж сураарай.
Яах вэ
Юу хүсэж, юу хүсэхгүй байгаагаа өөртөө тодорхой байлгах
Бусдад үгүй гэж хэлснээр тэд танд дургүй болохгүй, харин ч таны бодлыг хүндэтгэж сурахыг анхаарах
Зарим зүйлд татгалзаж байж л хэрэгтэй зүйлдээ цаг гаргаж чадахыг санаарай
4. Үргэлж бусдыг буруутгах
Алдаа дутагдал гарах бүрт хэн нэгэнд бурууг тохохыг хүн бүр хүсдэггүй ч өөрийн мэдэлгүй хийчихдэг. Ингэснээр өөрт ч муухай санагдаж, өөртөө гутарч, бусадтай үүсгэсэн харилцаагаа хөнөөж орхих болно.
Яах вэ
Аливаа асуудалд өөрийгөө болон бусдыг шууд буруутгалгүй, олон ургалч талаас нь харахыг хичээгээрэй.
Шүүгчийн байр сууринаас асуудлыг харж, сэтгэл хөдлөлөөрөө бус аль аль талынх нь сайн ба муу талуудыг жагсаан бичээд дүгнэлт хийгээрэй.
5. "Хортой" харилцаанаас салж чадахгүй байх
Таныг өвтгөдөг, зовоодгийг нь мэдэх хэрнээ л хортой үерхэл харилцаанаас өөрийгөө татан авч, салж чадахгүй байх нь сэтгэлийг хамгийн ихээр өвтгөдөг юм шүү. Өөрийгөө илүү их хайрлаарай.
Яах вэ
Тэр хүний сайн ба муу талуудыг жагсаан бичээд тус бүр танд хэрхэн нөлөөлж буйг эргэцүүлэх
Хэрвээ тэр хүнтэй анхнаасаа харилцаа үүсгээгүй бол харамсах байсан уу?
Харилцаагаа орхин явснаар ямар эерэг үр дүн бий болохыг бодолцох, орхих шийдвэрээ гаргаарай
6. Тусламж гуйхаас татгалзах
Хэцүү үедээ хэнд ч хэлэлгүй нууж, бүх асуудлыг ганцаараа давахаар зүтгэх нь үнэхээр хэцүү. Тусламж гуйх нь хэцүү санагддаг ч эргэн тойрны хүмүүс тань таны төлөө ямар нэгэн зүйл хийхэд үргэлж бэлэн байдгийг санаарай.
Эх сурвалж: Psych2go