Берлин хотын эмэгтэйчүүд тун удахгүй нийтийн усан санд цээж нүцгэн сэлэх боломжтой болох гэж байна. Эмэгтэйчүүд нийтийн усан сангийн ойролцоо цээж нүцгэн явснаас үүдэн ялгаварлан гадуурхалд өртсөн тохиолдол Германд хэд хэдэн удаа гарснаас үүдэн хотын удирдлагууд ийм шийдвэр гаргажээ.
Тухайлбал, нэгэн эмэгтэй задгай усан сангийн ойролцоо цээж нүцгэн наранд биеэ шарсаны улмаас хуулийн хариуцлага хүлээсэн байна. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард дотор усанд сангаар үйлчлүүлж байсан эмэгтэйг цээжээ халхлахыг шаардсан тохиолдол гарчээ.
Эрх баригчид үүнийг ялгаварлан гадуурхал гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Берлин хотын нийтийн усан сангаар үйлчлүүлж буй ямар ч хүн цээж нүцгэн явах эрхтэй болохыг ийнхүү хуульчлаад байна. Өнгөрсөн жил Германы Гёттинген хот, Вестфалия муж тус тус ийм шийдвэр гаргасан юм.
Олон нийтийн газар цээж нүцгэн явахыг орон орны соёлд харилцан адилгүй хүлээж авдаг боловч Германд үүнийг зөв, эрүүл хэмээн үздэг байна. Гагцхүү үүнийг хэрхэн зохистой хэмжээнд байлгах нь хотын удирдлагуудын санааг зовоож байгаа аж.
Гэвч Европ дахь усан сангийн үйл ажиллагаа эрхлэгч хамгийн том компани болох Berliner Bäderbetriebe (BBB) дүрмээ өөрчлөөгүй байгаа ба хүйс үл харгалзан усан сангаар үйлчлүүлж буй бүх хүн бэлэг эрхтнээ халхлах ёстой гэсэн дүрэм үйлчилсээр байгаа гэжээ.
Эх сурвалж: BBC