UBLife Logo
-

Найруулагч Ж.Сэнгэдорж: Д.Сумъяаг олимпоос медаль авна гэж "Цагаан хадаг"-ийг хийгээгүй

Найруулагч Ж.Сэнгэдорж: Д.Сумъяаг олимпоос медаль авна гэж "Цагаан хадаг"-ийг хийгээгүй

Олимпийн мөнгөн медальт тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Цагаан хадаг" киноны найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа. 

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Их ажилтай, завгүй байгаа ч гэсэн цаг зав гарган уулзаж байгаад баярлалаа. Жүдо бөхийн тамирчны бодит амьдралаас сэдэвлэж, найруулан бүтээсэн кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тэр тусмаа сэдэвлэн бүтээсэн нь хүн нь олимпийн мөнгөн медалийг хүртээд ирсэн. Мөнгөн медалийн эзэн болоход нь яаж хүлээж авсан бэ?

-Хавар киноны зураг авалт дуусаад, зун яг олимпийн үеэр би Хятадад өөр киноны зураг авалттай байсан. Тэнд байхдаа би хамт ажиллаж байсан кино уран бүтээлчидтэйгээ цуг интернетээр барилдааныг нь үзсэн юм. Тэр бол сэтгэл огшуулсан хэцүү мөч байсан. Бид заавал тэр медаль авах ёстой ч гэдэг юм уу, тийм утгаар энэ киног анх бүтээгээгүй шүү дээ. Ер нь тамирчин хүн гэж яг ямар хүн юм. Тэр тусмаа жүдо бөхийн эмэгтэй тамирчин яг юуг даван туулдаг, ямар байдаг гэдгийг харуулах зорилгоор энэ киног хийсэн болохоор миний хувьд бол медаль авах эсвэл авахгүй дээр тийм их сэтгэл түгшээгүй. Гэхдээ цаанаа би захаа мушгиж, дэмжин суусан. Үнэхээр гайхалтай байсан. Ганц кино хийснээрээ би биш, манай ард түмэн тэр чигээрээ л сэтгэл догдлон хүлээсэн шүү дээ. Монголын ард түмэн яаж түгшиж хүлээдэг вэ, сэтгэл зүрхэндээ дэмжиж, догдолдог вэ гэдгийг кинондоо харуулах гэж оролдсон. Яг тухайн мөчид мэдэрч байсан үйл явдал маань кинон дээрээ мөн гарч байгаа. 

-Кино зураг авалт хэзээнээс эхэлсэн бэ?

-Кино маань таван сарын эхээр эхлээд зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхэнд дууссан. Тэр үед Чингис хаан гранпри болсон. Тэрэн дээр мөн зураг авалт хийгдсэн байгаа. 

-Өмнө нь та спортын тамирчны тухай кино найруулж байгаагүй шүү дээ. Энэ киног найруулах явцад яг ямар бэрхшээлүүд тулгарч байсан бэ?

-Мэдээж бэрхшээлүүд байлгүй яахав. Бэрхшээлгүй зүйл ч гэж ер нь байхгүй. Би өөрөө цоо шинэ юм руу орох дуртай. Тиймээс ч бүх л сэдэв рүү ордог. Тийм болохоор надад бэрхшээлээсээ болж ухраад, шантраад байх зүйл байгаагүй. Мэдээж тамирчин хүний тухай, тэр тусмаа нэртэй, амжилт нь бүх ард түмний нүднээ ил байгаа ийм хүний тухай кино хийж байгаа болохоор бэрхшээлүүд тулгарч л байсан. Ер нь намтарчилсан кино өөрөө бэрхшээл ихтэй байдаг. Урьд нь "Бодлын хулгайч" гээд кино хийж байсан. Тэр ч бас бодит хүний тухай шүү дээ. Үзэгчдийн зарим нь ихэнх дээ "Ингээгүй шүү дээ, Тэгээгүй, ийм зүйл байхгүй" гэсэн өнцгөөс нь харах гээд байдаг. Харин энэ бол Сумъяагийн бодит амьдралаас нь сэдэвлэсэн уран сайхны кино. Тиймээс уран сайхны кино гэдэг талаас нь үзэгчид илүү ойлгож авах байх. Мэдээж олон бэрхшээлүүд байгаа ч тэр болгоныг дурдаад хэрэггүй байх. Гэхдээ бэрхшээл байж кино амттай болдог. Талбай дээрх хэдэн мянган хүний масс ч юм уу, Олимп, Дэлхийн аваргын зураг авалтуудаас эхлээд бэрхшээлүүд их. Гэхдээ хамгийн бэрхшээлтэй зүйл нь яг тэмцээн үзэж байх үеийн үзэгчдийн сэтгэл хөдлөл, огшил, уналт, босолт болгоныг кинондоо оруулах үе. Гэхдээ бэрхшээл гэхээсээ илүү аз жаргал байсан. 

-Олимпийн тэмцээнд явахаас нь өмнө та түүнтэй уулзсан уу? Уулзаад юу гэж хэлж байсан бэ?

-Өмнө нь уулзалдаад Сумъяатайгаа ярилцаж, тэмцээнд явахаасаа өмнө надад өөрийн сэтгэгдлээ хэлж байсан. Бид хоёр сайн ойлголцсон байсан л даа. Уулзалдахдаа би түүнд "Кинонд ерөөсөө санаа зовох зүйл байхгүй. Урдах тэмцээндээ л санаа зов. Бүх юмаа хий" гэж хэлж байсан.  

-Сумъяатай уулзаад анх ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Хувь хүн талаас нь юуг нь хамгийн их хүндэлж, биширч байсан тухайгаа хуваалцаач?

-Өөрийнх нь туулж өнгөрүүлсэн амьдрал, өдий зэрэгтээ хүрсэн байгаа зэрэг нь, тэр тусмаа эмэгтэй тамирчны хувьд бол гайхалтай амжилт юм. Тэр талаас нь хараад үнэхээр биширсэн. Яагаад гэвэл тэр их сэтгэлийн хат, тэр бүхнийг туулаад гараад ирсэн. Тэр бүхний араас өдий зэрэгтэй босоод ирсэн байгаа нь, баргийн эр хүнээс ч гарахааргүй тамир, өөрөөс нь гарсан байгаад би бахархаж, хүндэлж явдаг. 

-Кино зураг авалтын үеэр тамирчидтай хамтран ажилласан шүү дээ. Дунд нь ороод ирэхэд танд яг ямар байсан бэ? Жүжигчидтэй ажлахаас өөр шүү дээ. 

-Бид кино зураг авалтын бэлтгэл үе болон бэлтгэл сургуулилтын үед тамирчидтай, тэр тусмаа жүдо бөхийн тамирчидтай, тэдгээр хамт олонтой их ойр байж, дунд нь орсон. Тэнд очоод, тэр тодорхой мэдрэмжийг аваад, тэр мэдрэмжээ зохиолдоо эргүүлэн шингээх гэх мэт их уялдаа холбоотой ажилласан. Шууд л ийм кино хийнэ гээд харанхуй гараад давхина гэж байхгүй. Хажууд нь харж ажиглаж байхад бол үнэхээр шандас шавхсан зүйл болохыг, тамирчид маань яаж хамаг хөлс хүчээ гарган байж тэр амжилтанд хүрдэг юм бэ гэдгийг мэдэрч байсан. Энэ бүхэн тэр чигтээ хэцүү бөгөөд гайхамшигтай байсан. Жүдо бөхийн холбоо ч мөн мундаг ажилладаг гэдгийг анзаарсан. Дэлхийн тавцанд гарахын тулд ямар их хөлс хөдөлмөр ордог, санхүү эдийн засаг зэрэг дээр ямар их ач холбогдол өгч анхаарч байна вэ гэдэг нь хажууд нь очиж, хамт ажиллаж байхад мэдрэгдэж байсан. Маш олон тамирчидтай бид танилцсан. Аваргуудаас авхуулаад ирэх 20 оны, 24 оны олимпод бэлтгэгдэж байгаа тамирчидтай манай гол дүр, зохиолч маань хүртэл  ах дүү найз нөхөд болж, их ойртож байж кино маань илүү үнэмшилтэй бөгөөд, бодитой зөв хүрэх байх гэж бодсон.

-Үзэгчдид мэдээж киног үзээд өөр өөрийн сэтгэгдэлтэй буцна байх. Гэхдээ таны хувьд ийм зүйл ойлгоод аваасай, энийг нь илүү анхаарч хараасай гэж бодсон зүйл бий юу?

-Би соён гэгээрүүлэгч биш гэж өөрийгөө бодож байна. Соён гэгээрүүлэгч гэж багш хүн шүү дээ. Харин би бол хувь уран бүтээлч. Уран бүтээлчийнхээ зүгээс, өөрийн харж байгаа өнцгөөсөө би хийж байгаа. Хэрэв харж байгаа өнцөг маань буруу очвол би өөрөө л яланд унадаг. Зөв очвол эргээд босдог. Яг л үүнтэй адил. Энийг үзсэнээр та нарт ийм ач холбогдолтой, хүмүүжлийн хувьд ингэж өөрчлөгдөх юм гэж хэлэхгүй. Тэртээ тэргүй уран бүтээл цаагуураа хүнийг хүмүүжүүлж байдаг. Үүгээрээ л ач холбогдолтой болов уу гэж бодож байна. Гэхдээ ер нь энэ киног үзээд бүх хүмүүс ойлгох байх.

-Яагаад яг анх энэ зохиолоор кино хийхээр шийдсэн юм бэ?

-Над дээр олон кино зохиол ирдэг л дээ. Тэр зохиолууд дундаас "Цагаан хадаг" цаанаа нэг өөр байсан. Тэмцээн уралдаан гэхээр масст хандсан ч юм шиг. Нөгөө талдаа тухайн тамирчны дотоод ертөнц гэхээр уран бүтээлдээ илүү харуулмаар, оруулмаар ч юм шиг. Зохиолыг өөрийг нь задлаад, ухаад явбал илүү их ажиллагаатай, өөрөөсөө илүү их юм гаргах, өөрийгөө хурцлах, ямар нэг зүйл төрүүлэм тийм зохиол байсан. Тэгээд би нилээн их бодсон л доо. Нэгт бол зүрхшээсэн. Энэ бол монголын ард түмний хараанд байж байгаа сэдэв. Хүн болгон харж, мэдэж байдаг. Хэрэв дутуу хийвэл яах вэ, дутуулчихвийдээ гэсэн бодол мэдээж төрөлгүй яах вэ. Нөгөө талдаа надад их бахархууштай байсан. Энэ сэдвээр, тэр тусмаа мятрашгүй тамирчдынхаа тухай кино хийнэ гэдэг надад гайхалтай байсан. Ер нь бол урлаг, спорт хоёр цуг шүү дээ. Тэгэхээр бид нэгэн салбарынхан юм шиг байдаг болохоор барьж авахдаа бахархаж, зохиол руугаа орсон. Тамирчин хүн гэдгээр дамжуулж хүний өөрөө өөрийгөө олох ертөнцийн тухай уг кинонд гарч байгаа юм. 

-Мөн нэрний хувьд их сонирхолтой байна л даа. Зохиолчийн өгсөн энэ нэрний тухайд таны бодол?

-Зохиолч Номуунзул маань энэ нэрийг анх зохиолдоо өгч явуулсан, тэрүүгээрээ л мөн явж байгаа. Би энэ нэрний утга учрыг бол шуудхан задлаад хэлчихмээргүй байгаа юм. Ерөнхийдөө бол үзэгчид маань үзээд олгоно. Нэр гэдэг аливаа юмны тодорхойлолт байдаг. Энэхүү нэрнээс бол бүтээл маань үнэртэж байгаа байх гэж би бодож байгаа. 

-Фэйсбүүкээр дамжуулан киноны зарим хэсгийг олонд цацсан байсан. Хүмүүсийн хүлээн авсан байдал, сэтгэгдэл зэрэг нь төсөөлсөн шиг байсан уу?

-Ний нуугүй хэлэхэд бол би фэйсбүүкт муу. Ямар сайндаа гэр бүлийнхээ хүнээс энэ комментыг нь яаж уншдаг юм гээд асууж байх вэ. Ер нь бол бусдын яриа, хандлага, сэтгэгдэл зэргийг хальт сонссон. Сайхан л байна лээ. Ер нь фэйсбүүкт ч байдаг юм уу, өөр хаа ч байдаг юм аливаа юмыг ямагт сайн сайхнаар, цагаан хадаг шиг гэгээнээр харж байвал тэр үйлс аяндаа бүтэж байдаг. Айхтар муулаад байсан зүйл байхгүй байх. Сураг сонсохнээ олимпийн дараа энэ киног хийчихлээ гэж ойлгоод байх шиг байна лээ. Энэ бол тийм биш л дээ. Аль өнгөрсөн жилээс явагдсан прожект. Явагдсаар байгаад бүтэн өвөлжин зохиол дээрээ ажиллаж, хаваржингаа зураг авалт нь хийгдсэн кино шүү дээ. Үүн дээр тайлбар өгөхөд бол ийм байна. Надад бас жоохон эмзэг туссан. "Нээрээ гэв гэнэтхэн медаль авчихаар нь кино хийчихэж байгаа юм шиг хүмүүст санагдчих шиг боллоо. Бас эвгүй л юм байна" гэж бодогдсон. Гэхдээ тамирчдын тухай кино манай улсад бол хоёр гуравхан байгаа шүү дээ. Гарьд магнай ч гэдэг юм уу. Морины тухай бол зөндөө байгаа байх л даа. Гэхдээ яагаад энэ олон жилийн дараа тамирчны тухай кино гарч ирэхэд үүнд ингэж сөргөөр хандана гэж, тийм ээ? 

-Энэ том киноны ард гарахад ямар мэдрэмж төрж байна вэ? 

-Миний хувьд, жилдээ нэг кино дуусгадаг шүү дээ. Ингээд бодоход яг л тэр мэдрэмж байгаа юм. Олимпийн аваргын тухай, Сумъяагийн тухай хийсэн болохоор арай илүү өндөр ч гэдэг юм уу, тийм зүйл бол байхгүй. Яг л нөгөө мэдрэмж. Хүүхдээ өлгийдөж гаргах гэж байгаа мэт мэдрэмж төрдөг юм. гэхдээ үзэгчдийн айхтар өндөр хүлээлт байгаа болохоор тэр талаасаа жоохон тусч магадгүй. Гэхдээ гайгүй ээ. Учир нь сая хамт ажилласан баг хамт олон, Hulegu Pictures, операторын групп, гэрэл, монтаж, жүжигчид гээд бүх л хүмүүс сэтгэлээсээ ажиллаж бүтээсэн учраас кинооноосоо айж түгших, санаа зовох зүйл алга байна. Нэмж хэлэхэд манай гол дүрийн охин Жинжиймаа гээд СУИС-т сурдаг охин бий. Тэр охин үнэхээр дайчин оролцсон. Бас л тэр жоохон охиноос гарахааргүй их тэвчээрийг шаардсан. Яг л тамирчин хүнээс гарах тэвчээр, бэлтгэл сургуулилт гээд бүх зүйл нь үнэхээр бахархуулсан. Жүжигчдийг би нүүрэн дээр нь магтах дургүй л дээ. Гэхдээ өсөх ирээдүйтэй, сайн суралцаж яваа охин болохоор ирээдүйд нь амжилт хүсье. Бусад бүх уран бүтээлчиддээ мөн амжилт хүсье.  

Ярилцлага хийсэн О.Анхзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
21
43
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.