UBLife Logo
Сэтгэл судлал
Гар утсаа гүйлгэх зуршил тархинд нөлөөлж, сэтгэл зүйг гэмтээдэг

Гар утсаа гүйлгэх зуршил тархинд нөлөөлж, сэтгэл зүйг гэмтээдэг

Ub.life
Ub.life

Та өглөө сэрээд л шууд утсаа барьж аваад фэйсбүүк, инстаграмаа шалгадаг уу? Эцэс төгсгөлгүй хэрэгтэй, хэрэггүй янз бүрийн мэдээгээр дүүрэн мэдээллийн эрэнд “doomscrolling” буюу утсаа зогсолтгүй гүйлгэж сөрөг мэдээллүүд хүлээж авах асуудал хүмүүсийн дунд түгээмэл тохиолдох болжээ. Товчхондоо, цахим орчинд мэдээ мэдээллийг ямар ч шүүлтүүргүй хүлээж авч, утасныхаа дэлгэцээс нүд, хуруугаа салгахгүй оролдох нэгэн төрлийн донтолт юм.

Дэлхий даяар өрнөж буй үймээн самуун, дайн дажин, гэмт хэрэг, аливаа сенсацийг хэвлэл мэдээллийн сувгууд хүмүүсийн анхаарлыг татахын тулд сэтгэл түгшээм гарчигтай мэдээллээр уншигчдыг бөмбөгдөх нь элбэг. Өглөө хамгийн эхэнд хүлээн авах мэдээлэл сөрөг байх нь тухайн өдрийн бүтээмжид тодорхой хэмжээнд муугаар нөлөөлдөг аж. Оксфордын англи хэлний толь бичигт 2020 оны онцлох үгсийн нэг болсон “doomscrolling’’ гэх үзэгдэл Covid-19 цар тахлын үед  олны анхаарлыг ихээхэн татсан билээ. Энэ үед уг өвчнөөр өвчилж, үрэгдсэн хүмүүсийн талаар өдөр бүр мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан нь үүний хамгийн том шалтгаан болоод байсан юм.

Цар тахлын дараа, “doomscrolling”-ийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг илүү өргөн хүрээнд судалжээ. 2023 оны 4-р сард “Амьдралын чанарын хэрэглээний судалгаа”-нд нийтлэгдсэн тоймд нийт 1200 орчим насанд хүрэгчдийг хамруулж, дүн шинжилгээ хийхэд “doomscrolling” нь сэтгэл зүйн хэвийн байдлыг алдагдуулж, аливаа зүйлээс авах сэтгэл ханамжийг бууруулахад хүртэл нөлөөлсөн байна.

Харвардын Анагаах Ухааны Сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Ричард Моллика “Бидний тархи, бие махбод богино хугацааны стрессийг даван туулах хангалттай чадамжтай байдаг. Гэхдээ жил ирэх тусам хүмүүсийн стресс багасахгүй нэмэгдсээр л байж мэднэ. Итгэл найдвар авах сайхан мэдээллүүдээс илүү сэтгэл зүйг гэмтээх сөрөг мэдээллийг байнга хүлээж авснаас болж бидний тархи хүртэл сайхан зүйлсэд баярлах мэдрэмжээ бага багаар алдсаар байна. Doomscrolling бол хүний тогтвортой сэтгэл зүйг мөхөөгч” хэмээжээ. 

Doomscrolling яагаад аюултай вэ?

Стресс, ажлын ачаалал нь утсаа оролдох хүслийг өдөөдөг. Гэсэн ч бидний стрессээ тайлах гэж утсаа оролдсон 5 минут хүлээж авч буй мэдээллийн чанараас шалтгаалан улам илүү бухимдал, стресс төрүүлэх ч магадлалтай.

Сөрөг мэдээллүүдийг байнга хүлээж авснаар тархинд сөрөг бодол, мэдрэмж үүсч, сэтгэлийн түгшүүр, нойргүйдэл, хямрал зэрэг асуудлуудтай тулгарах эрсдэлтэй. Хэдий чинээ их цагийг утсаа гүйлгэхэд зарцуулна, төдий чинээ их асуудлууд бидний сэтгэл зүйд үүснэ. Утас оролдох цагаа багасгах, түр завсарлах нь ийм эрсдлээс өөрийгөө хамгаалахын зөвхөн нэг хэсэг юм.

Doomscrolling-д хэн илүү өртдөг вэ?

Аливаа гэмт хэрэг, тухайлбал аллага, хүчирхийллийн мэдээ хүлээн авч буй эмэгтэйчүүдийн сэтгэл зүй эрэгтэй хүмүүсийнхээс илүү цочролд ордог байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүний тархины лимбийн тогтолцооны ялгаатай холбоотой байдаг. Ийм төрлийн сөрөг мэдээ хүлээж авсан эмэгтэйчүүдийн тархинд өөрийгөө хамгаалах совин төрж, ямар нэг аюул тохиолдох вий гэж ургуулан бодож эхлэхэд хүргэдэг байна.

Яаж өөрийгөө хамгаалах вэ?

“Унтахдаа утсаа өөрөөсөө хол тавь, муу долгион нь тархинд чинь муу” гэж аав ээжүүдийн анхааруулдаг нь ч үнэний ортой байж мэдэх юм. Утаснаас ялгарах долгионоос илүү, утсаа оролдоод цахим орчноос хүлээж авч буй шүүлтүүргүй мэдээллүүд харин тархинд бүр ч муугаар нөлөөлдөг байх нь. 

Юун түрүүнд, мэдээлэл авч буй сувгуудаа нягталж, байнга сөрөг мэдээллүүд цацдаг сувгуудыг unfollow хийж, аль болох найдвартай, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах нь “doomscrolling”-оос сэргийлэх хамгийн энгийн алхам юм. Утас оролддог цагаа багасгаж оронд нь ойр дотны хүмүүстээ болон өөрийн хобби, сонирхолдоо зарцуулах цагаа нэмэгдүүлснээр сэтгэл зүй, амьдралын чанарт мэдэгдэхүйц хэмжээгээр тус болно. 

Мэдээ мэдээллээс ангид амьдрана гэдэг угаас боломжгүй тул юуг хаанаас, хэрхэн хүлээж авах цензур, шүүлтүүрээ уншигч та өөрөө тогтоогоорой. Сэтгэл зүйгээ сөрөг мэдээллээс хамгаалцгаая.

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.