UBLife Logo
Технологи
Дуу тусгаарлагчтай чихэвч ойрын ирээдүйд асуудал дагуулах уу?

Дуу тусгаарлагчтай чихэвч ойрын ирээдүйд асуудал дагуулах уу?

Ub.life
Ub.life

Кафе дахь кофе чанагчийн чимээ, замын хөдөлгөөн, машины сигнал гэх мэтчилэн олон дуу чимээг ялгаж салгахын тулд бидний тархи тасралтгүй ажилласаар байдаг. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд энэ хэт олон чимээг сонсох нь хүндрэлтэй болж, бусад чухал зүйлдээ төвлөрөх саад болох нь олонтаа. Технологийн хөгжлийн хэрээр дуу чимээ тусгаарлагчтай чихэвч залуусын дунд өргөнөөр хэрэглэгдэх болсон. Харин энэ технологи нь сонсголд хэрхэн нөлөөлж буйг шинжилсэн судалгаа сүүлийн жилүүдэд олноор хийгдэж байна. 

Дуу чимээ тусгаарлагчтай чихэвч хэрхэн ажилладаг вэ?

ANC /Active noise cancelling/ чихэвч нь гадны дуу чимээг багасгахдаа  гаднах дуу чимээг мэдрэх микрофоноор дамжуулан тэрхүү дууны эсрэг чиглэлтэй авиаг үүсгэж, чихэнд хүрэх чимээг багасгах байдлаар ажилладаг. Энэхүү техниологи нь онгоц, нийтийн тээвэр, олон нийтийн газар хэрэглэхэд маш тохиромжтой байдаг ч өдөр тутамдаа удаан хугацаагаар хэрэглэх нь сөрөг үр дагавартай байж болзошгүй юм.

Чимээгүй орчинд удаан байх нь тархины үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэдгийг батлах нэгэн жишээ Англид олны анхаарлыг татаад байна. 25 настай Софи гэх бүсгүй хөдөө фермд өссөн бөгөөд хэдхэн жилийн өмнө их сургуульд орохоор Лондонд ирэхдээ л сонсгол нь хэвийн биш байгааг анзаарчээ. Софи лекцэнд сууж багшийн яриаг сонсох, олон хүнтэй харилцахад аливаа дуу чимээнүүд хаанаас гарч байгааг ойлгож сонсоход хэцүү байсан тул онлайн хичээлд суух, видео хичээл үзэхийг илүүд үздэг байв.

 “Лекцэнд биечлэн сууж байх үед би яаж ч хичээж сонссон багшийн яриа ямар ч утгагүй үргэлжилсэн үгийн цуглуулга шиг сонсогддог байсан” -Софи

Түүний сонсголын асуудал даамжирч, нийгмийн амьдралд нь нөлөөлж эхэлснээр эмчид үзүүлжээ. Софигийн APD /Auditory processing disorder/ буюу тархины сонсгол боловсруулах хэсгийн үйл ажиллагаа доголдсон байв. Үүнээс үүдэн тэрээр сонсгол алдагдлын нэг төрлөөр оношлогдсон байна. Ингэж оношлогдсон шалтгаан 100 хувь тодорхойгүй ч  нэгдүгээрт, дуу чимээ багатай нам гүм орчинд олон жил амьдарсан, хоёрдугаарт өдөрт таваас доошгүй цаг дуу тусгаарлагчтай чихэвч хэрэглэдэг зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж эмч үзжээ.

APD нь тархины гэмтэлтэй эсвэл хүүхэд байхдаа чихний дунд мэдрэлийн дивергентийн эмгэгээр өвдөж байсан хүмүүст түгээмэл тохиолддог. Гэсэн хэдий ч эдгээр ангиллаас бусад APD эмгэг шинээр үүссэн хүмүүст дуу тусгаарлагчтай чихэвч нөлөөлсөн эсэхийг судалсаар байгаа билээ. Хүний тархины ялгаж, боловсруулж сонсох чадварууд өсвөр насанд хөгжиж дуусдаг. Өсвөр наснаасаа дуу тусгаарлагчтай чихэвч хэрэглэж эхэлснээр сонсгол муудах эрсдэл нэмэгддэг байна.

Хүн байгалиасаа гадны чимээг сонсож, түүнийг боловсруулж байх ёстой. Гэтэл дуу чимээ тусгаарлагч чихэвчийг олон цагаар зүүх нь тархины чимээ ялгаж боловсруулах үйл явцыг сулруулж болзошгүй юм. 2023 онд АНУ-ын “National Institute of Deafness and Other Communication Disorders” байгууллагаас хийсэн судалгаагаар өдөрт дөрвөөс дээш цагийн турш дуу тусгаарлагчтай чихэвч зүүдэг хүмүүсийн дуу чимээг зөв ялгаж сонсох чадвар буурч байгааг тогтоожээ. 

ДЭМБ 85 дециблээс дээш чанга дууг удаан хугацаанд сонсвол сонсгол муудах эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл энэ төрлийн чихэвчийг хэрэглэдэг хүмүүс хөгжмийнхөө дууг өндөр тохируулах, 100 децибел хүртэл чанга төвшинд сонсох тохиолдол олон гардаг байна.

2022 онд Их Британийн “Royal National Institute for Deaf People” 18-35 насны залуусын дунд хийсэн судалгааны ажлын үр дүнд  ANC чихэвч хэрэглэдэг судалгаанд хамрагсдын 30 хувийн сонсголын түвшин буурсан гэж мэдээллэжээ. Мөн 10-15 жилийн дараа залуусын дунд сонсголын асуудал үүсэх магадлал өндөр болохыг анхааруулжээ. 

Хэрвээ та дуу тусгаарлагчтай чихэвчийг өдөр тутамдаа хэрэглэдэг бол:

  • Чихэвчний дууны түвшинг 60 хувиас хэтрүүлэхгүй сонсох

  • Нэг цаг тутамд чихэвчээ тайлж, чихээ амраах

  • Жилдээ нэг удаа сонсголоо шалгуулж, өөрийнхөө сонсголын түвшинг хянаж байх

  • Чанга хөгжмийг удаан хугацаанд сонсохоос зайлсхийх

Дуу чимээ тусгаарлагчтай чихэвч нь бидний анхаарал төвлөрөлийг нэмэгдүүлэх, гадны чимээнд сатаарахаас сэргийлэх гэх мэт олон давуу талтай. Гэхдээ удаан хугацаанд хэт их хэрэглэх нь сонсголд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг судалгаанууд харуулж байна. Тиймээс чихэвчний хэрэглээгээ зохистой хэмжээнд барьж, сонсголоо хамгаалахыг уриалъя.

Бэлтгэсэн Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.171.211
medeelelee ysto sn beltgesen bna🕺🏻
ЗОЧИН\13.212.171.211
medeelelee ysto sn beltgesen bna🕺🏻