Хайх зүйлээ бичнэ үү

22 мин

Б.Баясгалан: Шүтэн бишрэгч байх үеийн минь нүд хамгийн гоё


“Тагтаа” гэж хэвлэлийн газрын хөөрхөн бас сэтгэл татам нэр монголчуудын танил болсоор 10 гаруй жил өнгөрчээ. Энэ нэр анх дуулдахтай зэрэгцэн Улаанбаатарын номын дэлгүүрүүдийн лангуун дээрх гадаадын уран зохиолын сан нэг л өөрөөр шинэчлэгдэж, олон хэлнээс орчуулагдаж, ковер сэлтээсээ эхлээд л анхаарал татсансан. Залуу хүмүүсийн дунд ном унших, номын тухай, зохиолчдын тухай, ерөөс хаа сайгүй лугшиж буй зүрх зориг, хайр дурлал, амьдрал ахуйн тухай ярилцах орчин цагийн сэдвийг бий болгосон билээ. Зөвхөн номын дэлгүүрт төдийгүй Улаанбаатарын амьдралд “Тагтаа” гэх дугуйлан, сонирхлоороо нэгнээ олох, харилцах трэндийг тэд эхлүүлсэн юм. 

Энэхүү паблишинг хаусын эзэгтэй Батсуурийн Баясгалантай хүүрнэл зохиолын анхны номоо гаргасны дараах энэ өдрүүдэд нь уулзаж ярилцлаа.  

-Та бол Улаанбаатарт 1200 километрийн алсаас ирж суурьшсан хүн. Говь-Алтайнхан яагаад сайн бичдэг юм бол? Таныг бичихэд нөлөөлсөн зүйлийн талаар Та юу гэж боддог вэ? 

-Говь-Алтай зохиолч, яруу найрагч, сэтгүүлч олонтой л гэлцдэг. Үзэг барьдаг хүн нээрэн олон байхыг бодоход нутаг орны байгалийн зүй тогтол нөлөөлж байж ч мэднэ. Зарим газраас дуучин олноор төрдөг, зарим газрын хүмүүс барилдаанч байдаг шүү дээ. Тэдэнд ч бас байгалийн уялдаа холбоо нөлөөлсөн биз. Үгийн урлаг гэдэг чинь хүн дотогш өөртэйгөө ярьж, түүнээ цаасан дээр буулгадаг урлаг шүү дээ. Нутаг оронтойгоо холбож бодох юм бол би байгалийн эрх сүрэн дор төрж, өссөн хүн шиг санагдаж байна. Манай нутаг бол хүн эрхлүүлээд байхааргүй сүрлэг хайрханууд, ганц ч модгүй нүцгэн уул толгод, тэдэн дундуур эрчилсэн хүчит салхины орон. Тэнд дэлхий дэлэгнэж, цэцэг жимс алаглаад л хүн эрхлүүлээд байх юм бараг үгүй. Хүнийг байгалийн эрх сүрэн дор эрхшээж, ямар өчүүхнийг нь мэдрүүлдэг газар. Тэгэхээр би ер нь хэн юм, ямар учиртай энэ орчлонд төрсөн юм бэ гэх мэт оршихуйн асуултыг өөртөө эрт тавьсан болов уу гэж бодож байна. Байгалийн сүрэн дор амьдардаг хүмүүс тэр сүр хүчин дороос өөрийгөө босгож авахын тулд өөрийн эрхгүй л сэтгэлийн, дотоод хүч ихтэй болдог байж мэднэ. 

-Та хот газар амьдарч, төвлөрч сууж байж хийдэг ажилтай болжээ. Би хотын хүн болжээ, би хотод суугаад энэ ажлыг хийж байна гэх төлөв дунд төрөлх хөдөө байдаг уу?  

-Би Монгол орны засаг захиргааны бүх нэгжид амьдарч үзсэн. Найман нас хүртлээ хөдөө эмээтэйгээ мал маллаад амьдарч байж. Сумын төвд төрсөн гэр минь байна. Дараа нь гэр бүлээрээ аймгийн төв рүү нүүж, их сургуульд ороод хотод суурьшсан. Тэгэхээр 18-тайдаа энд ирснээс хойш Улаанбаатарт өнгөрүүлсэн цаг хугацаа минь хөдөө амьдарсан хугацаанаасаа илүү гарах талдаа ороод эхэлжээ. 

Анх хотод ирэхэд соёлын нэг их ялгаа мэдрээгүй. Гаднаа хөдөөнийх ч дотроо асар хотжуу бодол санаатай хүүхэд байсан л даа. Уншиж, сонссон юмстай минь холбоотой байж магадгүй. Хөдөө амьдарч байхад хөдөөний тухай уншаад байхаасаа илүү миний таньж мэдээгүй, миний очиж үзээгүй хотыг илүү сонирхож, хот газрын тухай өгүүлсэн зохиол, хотоос ирдэг сонин хэвлэл, хотын, тэр тусмаа гадны хөгжим түлхүү сонирхдог байж. Шинэ найз нөхөдтэй болоход миний сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг кино баргийн хотын хүүхдээс илүү хотжуу санагдаж байсан. Тэгэхээр би өөрийгөө яг хөдөөний хүн гэх, эсвэл хотын хүн гэж хэлэхэд хэцүү болдог. 

-Таныг өсгөсөн эмээ, өвөөгийнхөө тухай яриач..?

-Эмээ өвөө хоёр маань нас нэлээд дээр гарсан хойноо Монголын анхны тээврийн жолооч эмэгтэйчүүдийн нэгнээс нялх үрийг нь өргөж авч, ганц хүүтэй болсон нь миний аав л даа. Эхлээд аавыг, дараа нь бүгдийг нь өсгөсөн эмээгээ бид хөгшин ээж гэнэ ээ. Одоо санахад дал гарсан хойноо ная гарсан нөхрөө асраад, мал хуйгаа хариулахын сацуу биднийг өсгөлцөж байж. Эмэгтэй хүнийхээ хувьд ядарч, шандуурч явсан юм биш байгаа гэж хааяа бас бодно. Эмээ аавыг минь ёстой л бурханчлан тахих мэт хайрладагсан. Авдрандаа аавын гэх бүх юмыг нандигначихсан. Хүүгийн минь угж гээд үхрийн эвэр, тоглоом нь гэж мөнгөн морь гаргаж ирнэ. Нэгдүгээр ангиас авахуулаад бүх дэвтрийг нь  хадгалчихсан байна. Аавыг сумын төвөөс ирэх нь үү гэж өдөр бүр хүлээнэ. Замын тоос гарах бүрт нэг нүдний дуран бариад харуулдана, алганд нь өнхөрсөөр тос даан мөлийсөн мэргийн дөрвөн шагайгаараа зөвхөн аавыг мэргэлнэ. Өөр юм мэргэлэхээр нь мэргэ нь төөрчихдөг гэнэ. Эрх хүн эрхээрээ өтөлдөг шиг байна. Эхнэр, хүүхдүүд нь ганц хүүг нь өнөө хэр эрх дураар нь байлгаж байгааг хардагсан бол эмээ минь бидэнд баярлаж байгаа байх аа гэж хааяа боддог. 

Харин өвөө маань нас дээр гарахын хэрээр ой санамжаа алдчихсан өвгөн байлаа. Ганц хүүгээ ч танихаа байсан. Бид хөгшин аав зөнөчихсөн л гэж хар тойн яриад байсан болохоос одоо бодоход алцхеймер гээч өнөөх өвчнөөр шаналж байсан ч байж мэднэ. Өвөө юу ч хамаагүй аваад толгой дээрээ тавьчихна. Гутал, эрхи, бүр цэрний саваа ч хамаагүй. Яаж байгаа юм гэхлээр “Аравнайлж байна аа!” гэдэгсэн. Өвөөгийн минь бүх юм гэгээн, үхэл нь хүртэл ариун санагдаж билээ. 

-Хэдэн ч жилийн өмнө юм, яг л ийм хавар өдийд дунд сургуулийн төгсөх ангийн Баясгалан мэргэжлээ сонгож байж. МУИС-ийн улс төрийн ангийг энэ миний мэргэжил юм аа гэж харж байсан уу, аль эсвэл би ирээдүйд зохиолч болох юм чинь нийгмийн салбарыг судлаад үзье эндээс л эхэлье гэж бодож хийсэн сонголт байсан уу. Тэр үед энэ мэргэжлийн тухай танай гэрт ер нь ямар яриа болж байсан бэ?

-Манай гэрт ямар ч яриа болоогүй (инээв). Манай аав ээж хоёр миний ер юунд ч оролцдоггүй. Тэр нь надад харин их сайнаар нөлөөлсөн. Шөнийн 4, 5 цаг хүртэл хүссэн юмаа хийгээд сууж л байдаг, нэг ч удаа чи унт гэж гэрэл унтрааж үзээгүй. Тэр сургууль сонгох үеэр манай хоёр хөдөө явчихсан байсан. Хүүхдүүд дандаа эцэг эхтэйгээ ороод хуваариа сонгодог шүү дээ. Намайг манай сургуулийн захирал хөтөлж орсон. Мэргэжлийн хувьд миний өөрийн сонголт. Тухайн үедээ бичихтэй ойр учраас сэтгүүл зүйн анги авбал авъя гэж бодож байсан байх. Бас улс төрийн ангид конкурс өгсөн. Багад улс төрийн үйл явдалтай роман бичих хүсэл төрдөг байсан болохоор улс төрийн мэдлэг олоод авчихвал тиймэрхүү юм бичдэг зохиолч болоход минь дөхнө дөө л гэж бодож байсан. 

-Ер нь яг ямар бичвэр, ямар зохиолын ямар дүр зохиолч болъё гэж хүсэх эргэлтийн цэг байсан бол?

-Зохиолч болъё гэж яг нэг мөчид шийдсэн юм байхгүй. Би аль тав зургаан настайдаа бичиг үсэг тайлагдаад, наймтай сургуульд орохдоо ном сонинтой хэзээний танилцчихсан хүүхэд байсан юм. Бичиг сураад, шүлэг бичдэг болсноосоо эхлээд л уран зохиолын хүн болно гэж өөрийгөө төсөөлөдөг болсон болов уу. Тэр бодлоосоо огт гажаагүй. Улс төрийн хуваарь аваад явж байхдаа ч гажаагүй гэж боддог юм. Анхны мөрөө тавьж байхад төрсөн зөнгөөрөө л явж байгаа.

-Зохиолч байна гэдэг төрмөл өгөгдөл юм уу, эсвэл чадвар уу. Төрмөл гэж хэлэхэд зарим хүнд илүү үнэмшилтэй байх. Нэг үг, ганц үйлдэл, үзэгдлээс төсөөлөн бодож бичих чинь ур чадвар гэх нэг хэсэг байна байх. Гэтэл хэн нэгэнд учирсан тохиол, баяр гуниг, сэтгэлийн хөндүүр ч түүнийг зохиолч болгож мэдэх. Маргаантай сэдэв байх. Эдгээрийн чухам аль нь зохиолчийг бий болгодог юм бол. Та юу гэж хэлэх вэ?

-Бүгдээрээ л гэж би хэлэх гээд байна л даа. Манай их сургуульд утга зохиол шүүмжлэлч, судлаачийн анги байдаг, гэтэл мэргэжлийн зохиолчийн анги гэж байдаггүй. Би үүнийг байнга эсэргүүцдэг. Яагаад гэхлээр зохиолчид нь мэргэжлийн биш, дандаа сайн дурынхан байхад тэдний бичсэн юмсыг мэргэжлийн дипломтой, мэргэжлийн хүмүүс шүүх нь. Уг нь зохиолч гэдэг бол мэргэжил юм. Манайхаас бусад бүх л орны их сургуульд зохиолчийн хөтөлбөр байдаг. Зохиол бүтээл бичнэ гэдэг мэргэжлийн үйл ажиллагаа. Зохиолч болоход мэдээж эхний шалгуур авьяас. Авьяасгүй хүн зохиолч болох тухай яриа байхгүй. Авьяастай хүүхдүүдэд анхны шүлэг, анхны романаас хойших хэдэн мянган, хэдэн зуун жилийн турш хуримтлагдсан хүн төрөлхтөний агуу их бичгийн өвөөс үүдэлтэй туршлагуудыг зааж сургах нь зүй ёсны ажил. Тэгэхээр зохиол бол авьяаст тулгуурласан мэргэжлийн үйл ажиллагаа гэж би хэлнэ. Яг л хөгжмийн зохиолч яаж бэлтгэгддэг билээ, тэгж бэлтгэгдэх учиртай. 

Монголд уран зохиолыг мэргэжлийн үйл ажиллагаа гэж үнэлэхгүй, мэргэжилтэн бэлдэхгүй, зохиолч мэргэжлийн байх шаардлагагүй, авьяас, амьдралын туршлага л байхад болно, эсвэл юмыг жаахан өөр өнцгөөс харахад л болно гээд байдаг. Зохиолчоор мэргэжил эзэмшинэ гэдэг нь яаж роман бичихийг ягштал заалгана гэсэн үг биш л дээ. Тэнд чинь жүжгийн зохиол гэж юу юм, хүүхдийн зохиол гэж юу юм, яруу найраг гэж юу юм, драм, кино, телевизийн нэвтрүүлгийн зохиол, рекламны зохиол  гэж юу юм гээд бүгдийг нь салгаж үздэг. Манайд зохиолыг мэргэжлийн гэж үзэхгүй байгаа болохоор сайн кино зохиол бичдэг хүн байхгүй, театрын сайн зохиолч байхгүй, телевизийн нэвтрүүлгийн зохиолч байхгүй, адаглаад рекламны зохиол биччихдэг олигтой хүн алга. Урлаг нь массаараа доогуур байгаагийн гол учрыг эндээс гогдож болж байгаа биз.  

Би ч өөрөө мэргэжлийн хүн нь биш, өнөө сонирхогчдын нэг. Гэхдээ паблишинг хаус эрхлээд арван хэдэн жил болоход талбар дээрээ асар олон талаар мэргэшиж байна. Уран зохиол гэдэг чинь мэргэжлийн үйл ажиллагаа яах аргагүй мөн юм байна аа гэдгийг ойлгох өдий төдий туршлага хуримтлуулжээ. Гадаадын агентлагуудтай, гадаадын зохиолчидтой байнга харилцана, тэдний зохиол бүтээлүүдтэй ажиллана, олон улсын хөтөлбөрүүдэд явна, тэндээс юм дуулж мэднэ. Тэр тоолонд уран зохиол бол мэргэжлийн үйл ажиллагаа юм байна гэдэг бодол маань батаждаг. 

-Хэрвээ өнгөрсөн арван жилийн туршид орчуулгуудаа таныг сүр дороо автуулж, хэн бэ гэдгийг чинь мэдрүүлсэн тэр орчинд хийсэн бол ямар байх байсан бол?

-Боломжгүй байх л даа. Нэг үг байдаг шүү дээ, “Жинхэнэ авьяас хөдөө төрж Парист ясаа тавьдаг” гэж. Тэр бол хот газар авьяастай хүн төрдөггүй гэсэн үг биш. Ер нь авьяас гэдэг юм хаана ч төрсөн байг, хот газар ирж бойждог юм аа гэсэн санаа л даа. Энд уншигчид, номын сан, номын дэлгүүрээс өгсүүлээд хийж байгаа ажлын минь “дэд бүтэц” нь төвлөрчихсөн байхад аглагт суугаад уран бүтээл туурвих гэвэл миний хувьд боломжгүй. Гэтэл Данзангийн Нямсүрэн гуай шиг хөдөөдөө аг жиг сууж байгаад жинхэнэ юм бүтээчихдэг улс алийг тэр гэх вэ. Хүн хүний л онцлог. Би хүмүүст юу уншуулахаа сонгохын тулд бусдаас илүү мэдээлэлд ойрхон байх, энэ дэлхий дээр хэн хаана юу бичиж байгааг түрүүлж авах, бусдаас хурдан унших, боловсруулах ёстой ажил хийдэг учраас яах аргагүй хот газар суурин суух ёстой хүн байна.

-Ер нь олон жил уран зохиол орчуулаад, дадаад ирэхлээр зохиолчийн өмнөөс зохиолоо ингэж өөрчилсөн бол гэх мэргэн санаа, төсөөлөл урган адгах үе гарах уу?

-Орчуулга дээр гайгүй. Яагаад гэхлээр би үнэхээр өөрт таалагдсан бүтээлээ шилж сонгож барьж авч буй учир. Гэхдээ таны асуулт зөв шүү. Ажиглах нь ээ, зүгээр л уншигчийн хувьд ном уншиж чадахаа больчихсон байна лээ. Уг нь бол цэвэр уншигчийн, цэвэр шүтэн бишрэгчийн нүд гоё шүү дээ. Тийм нүдээр текстийг харж мэдрэхийг одоо ч бараг мартаж байна даа. 

-Уншигч байх үеэ Та гоё гэх гэж?

-Тийм ээ. Багад олж уншсан ганц шүлэг байсан ч шүтээд л, нэг дуу сонссон ч их гоёор чагнадаг байжээ. Цэвэр шүтэн бишрэгч байсан нүд, чихээ би их үгүйлдэг. Одоо бол текстийг ачаалалтай уншдаг болчихоод байна. Ном уншихдаа бал бариад л сууна. Алдааг нь засдаг, санааг нь шүүрддэг, энэ нь онцгүй, тэр нь ч тиймхэн гэсэн тэмдэглэгээнүүдийг тавьж уншина гэдэг тийм ч таатай ажил биш. Өөрт заримдаа их ярвигтай. Тэгэхгүй байя гэхнээ бас чадахгүй. Тэгэхээр шүтэн бишрэгчийн нүд минь л над хамгийн гоё.

-Орчуулах, өөрөө зохиол бичих ажлыг зэрэгцүүлэхийн сул тал гэж байх уу. Өөрийн санааг орчуулж байсан бусдын өгүүллэгийн эргүүлэг рүү алдаад байх тохиолдол гардаг уу?

-Санаанаас илүүтэйгээр орчуулга намайг яаж олон жил “алсан” бэ гэдгийг саяхнаас ухаараад байна. Юу гэхлээр би өөрийнхөө юмыг бичих гээд суухаар юу нь ч юм хэцүү санагдаж халгасан үед орчуулга миний зугтах арга болж байжээ. Түүгээрээ миний цаг хугацааг үрсэн юм шиг санагддаг. Тэр хугацаандаа би болсон болоогүй юмнуудаа бичиж байсан бол өдийд одоогийнхоосоо ч илүү туршлагажчихсан зохиолч болчихсон байж магад шүү дээ. Хүний бичсэнийг орчуулах нь өөрөө бичихээс амархан болохоор л мухардах, халгах үедээ орчуулга барьж аваад л зугтах газраа амархан олчихдог байсан шиг. 

Харин орчуулга  хийх гэж уншсан, судалсан юмнууддаа автаад л, хүмүүсийн санаа бодол, бичлэгийн хэв маягийн нөлөөнд ороод байсан юм байхгүй. Би чинь хүний нөлөөнд ороод байхааргүй харьцангуй төлөвшсөн насан дээрээ ирсэн хойноо хүүрнэл зохиолуудаа уншигчдад хүргэж байна шүү дээ. 20 гаруй насанд бичсэн өгүүллэгүүдээс маань яах аргагүй нөлөөнд автсан, хэт моодорхсон, барууны маягт шүтсэн юмс харагддаг. Тэр үедээ хэвлүүлээгүй нь аз (инээв).  

-Урлаг, утга зохиолыг систем юм, мэргэжил юм, тусгай онолтой академик зүйл юм гэдэг байр суурь илэрхийлэхэд нөгөө их авьяастай, юу л бол юуг хийх хүсэл мөрөөдөлтэй мэргэжлийн бус хүмүүсийн зүгээс эгдүүцэж эсэргүүцдэг байх даа? 

-Энэ тухай ярьдаг болоод тав зургаан жил болж байна. Айхтар адгаж эсэргүүцэхгүй ч гэсэн тиймэрхүү хандлага харуулж л байдаг. Сүүлийн үед их сургуулиудын залуу багш нар мэргэжлийн зохиолчийн хөтөлбөртэй болох ёстой, зөвхөн шүүмжлэгчид бэлдээд байдаг маань өрөөсгөл юм байна гэж ярьдаг болсон байна лээ. 

-“Тагтаа” паблишинг уран зохиолын орчуулга, ном хэвлэл, сэтгүүл, утга зохиолын орчуулга, арилжаа гээд олон жигүүртэй. Таны хүүрнэл зохиолын анхны ном болох “Этгээд хүслийн цуглуулга”-аа танилцуулах уншигчдын уулзалтаас харахад дандаа залуус хүрээд ирсэнд үнэнээ хэлэхэд гайхсан. Нөгөө л уншихаа больсон гэж хэлэгддэг цагийнхны төлөөлөл харагдана лээ. “Тагтаа” ингэж залуусын хүсэл мөрөөдөл, үзэл санаа, ирээдүйд нь нөлөөтэй оршиж байгаа нь нэг паблишинг гэхэд овоо хариуцлагатай ажил юм шиг? 

-Хэвлэлийн компаниараа дамжуулж нийгэмд дуу хоолойгоо хүргэвэл, залуучуудад арай өөр харах өнцөг мэдрүүлбэл, хүмүүсийн залуу насыг жаахан ч гэсэн эергээр өөрчилбөл бид хэдийн энд сууж байгаа хэрэг гарч байгаа гэсэн үг. Би, бид уран бүтээлч хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ хоёр өөр үйл ажиллагаа хоёр тийшээ салаад явчихгүй нэг шугаманд, гэхдээ яалт ч үгүй хоёр тусдаа юм яваад байгаа. “Тагтаа” паблишинг үндэсний уран зохиолоо хүчирхэгжүүлэх юмсан гэх бодол, зорилгоор л ажилладаг юм. Биднийг гадаадын ном орчуулаад, хэвлээд, зараад байдаг хүмүүс гэж хардаг хэсэг бий. Яг үнэндээ би юу гэж боддог вэ гэхлээр, тэнд юу бичиж байгааг энд бид мэдэхгүй байж хэрхэвч болохгүй. Тиймээс тэнд байгаа мэдээллийг энд авчирч, Монголын уран зохиолыг дэлхийн уран зохиолтой зэрэгцүүлэх юмсан гэж боддог. “Тагтаа” паблишингийн үйл ажиллагаа бол ердөө л энэ. Түүнээс биш чин үнэнийг хэлэхэд, уншигчдын тухайд эхний ээлжинд боддоггүй. Нэг сайн бичлэгтэй зохиол уншлаа гэхэд орчуулаад тавьчихвал манай зохиолчид уншаад санаа авах юм байна гэдэг ч юм уу, энэ романы байгууламж нь ямар гоё юм бэ, үүнийг наашаа оруулаад ирвэл манай зохиолчид харах болов уу гэж зохиолуудаа сонгодог. Тэгэхээр “Тагтаа” эхний ээлжинд Монголын зохиолчдоо боддог гэж хэлж болно. “Ахын хишиг дүүд” гэгчээр ийм сонголтоор хийсэн сайн зохиолууд уншигчдад, залууст хүрч байгаа үйл ажиллагаа шүү дээ. 

Tagtaa prize уралдаан зохион явуулж, залуу уран бүтээлчдээ танилцуулж, зохиол бүтээлийг нь нийтэлдэг Tagtaa review сэтгүүлээ тогтмолжуулж байгаа маань үндэсний уран зохиолоо хөгжүүлэх бодолтой маань холбоотой. Би өөрөө бас хийж байгаа ажлынхаа цар хүрээнд гологдохооргүй уран бүтээлч байх юмсан гэж бодож явдаг. 

-Та уншигчидтайгаа уулзах үеэрээ амьдрал, юмс үзэгдэл, үнэн ба худлыг чимээгүй нотолж байгаа хүнд дурладаг, итгэдэг гэсэн утгатай зүйл хэлснээс болоод Таны “Этгээд хүслийн цуглуулга”-д багтсан өгүүллэг, туужаас тийм дүр хайж уншсан нь миний хувьд адал явдалтай байлаа. Бид үнэн, худал орооцолдсон, чимээ шуугиан ихтэй сошиалд амьдралынхаа багагүй цагийг өнгөрүүлж байхад Баясгалан гэдэг зохиолч яагаад тэр чимээгүй үнэнтэй хүнийг уншуулмаар байгаа юм бол? 

-Зарлаж байгаад хийдэг, харуулж байгаад иддэг, тайлбарлаж байгаад гуньдаг зарлалын маягтай энэ аж байдалд хааяа тухгүйтдэг л дээ. Эсрэгээрээ тэр намайг өвтгөлөө гэж адлан хашхирахгүйгээр ямар ч өвдөлтийг аясаар нь, ая эвээр нь даваад л гарчихдаг дүрүүд, хүний тийм нэг дотоод хүчийг мэдрүүлдэг зохиол, кинонуудад яагаад ч юм сэтгэл татагддаг болжээ. 

-Тэгвэл яг тийм дүртэй кино хийх бол Та ямар зохиолоо өгөх вэ? 

-“Тохиолт одны гэгээ” туужаа л санал болгоно доо. Дүр болгон нь өөрийнхөөрөө амьдралыг туулж яваа. Ялангуяа эрэгтэй дүр нь. Түүний эргэн тойронд янз бүрийн ааш араншинтай эмэгтэй дүрүүд бий. Тэдэн дунд бүгдийг нь ойлгох гэж, хайрлах гэж хичээж байгаа хүн. 

-Таны дүрүүддээ өгдөг нэрс өвөрмөц санагдсан. Сэтгэлтогтуун, Майдар... гээд л. Хэр удаан бодсон нэрс бол?

-Би дүрийг эхнээс нь шуудхан нэрлээд явчхаж чаддаггүй юм. Зохиол маань яаж өрнөхийг би яг таг сайн мэдэхгүй учраас дүрийн мөн чанар нэлээд тодорсон хойно л нэрлэдэг. Миний зохиолын ихэнх нэр зохиолын маань дундаас гарч ирдэг. Зарим дүр огт нэргүй явчих тохиолдол байдаг. Жишээ нь Сэтгэлтогтуун гэдэг хүн хайртай бүсгүйдээ тайван байгаагаа  ойлгуулахыг хичээж байна гэж би бодсон учраас хамгийн сүүлд тэр нэрийг гаргаж ирэх жишээний. Майдар гэдэг нэрийг дүрийн бурханлигийг бодогдуулах үүднээс бас л нэлээд хойно нь шийдэж сонгосон.  

-Таны гол дүрүүдийн доторх “Би” өгүүллэгээс өгүүллэгт Тан руу илүү ойртож байна уу, эсвэл холдож байна уу? 

-Бүх өгүүллэгүүдийн цаана би өөрөө ямар нэгэн байдлаар дан нуруу болоод байж байгаа. Харсан, мэдэрсэн, туулсан юмсынхаа хэлтэрхийг л би янз бүрийн үйл явдал, дүрүүдэд зохиомжлоод бичсэн нь энэ шүү дээ. Би өөрийгөө дотооддоо бол хүндийн төв сайтай хүн гэж боддог. Өөрөөсөө хүчтэй уйдах ч юм уу, машид бахдах, хэт хөөрөх мэдрэмж багатай. Ерөнхийдөө өөрийгөө мэддэг төрлийн хүн гэж боддог. Өөрийгөө мэдэрсэн юмсаа л бичиж байгаа болохоор тэр дүрүүд надаас хэтэрхий холдоод явчих нь гайгүй. Харин би эрэгтэй хүнийг бичихдээ хэтэрхий мэдэмхийрч, дүрээ алдаж орхисон байх вий дээ гэж болгоомжилсон. 

-Зохиолч хүн бодит харилцаанд сэтгэл зүйн, хүн чанарын олон төлөв байдлын өмнө хувийн хандлагагүй байх ёстой байх, тийм үү?

-Гуч гараад ирэхлээр ийм хүнтэй л харилцана, тийм хүнтэй ч харилцахгүй дээ гэдгээ болиод, хүнийг байгаагаар нь хүлээж авахад суралцсан байдаг юм шиг. Үнэхээр таалагдахгүй нэгнээс жаахан хөндийрөх ч энэ нь түүнийг үгүйсгэж байна гэсэн үг биш. Дүрүүдийн ааш араншинг бодож боловсруулахад хүмүүс олон төрөл байх тусмаа, ааш араншин нь олон янзаар илэрч байх тусмаа надад л сайн. Тийм болохоор муухай ааштай хүнтэй хоёр дахь удаагаа уулзахаас татгалзахгүй. Хэрэв би хүмүүсээс татгалзаад эхэлбэл миний зохиолын бүх дүр ив ижилхэн, надад таатай санагддаг нэгэн ижил хүмүүсийн цуглуулга болж орхино. Ер нь заавал уран бүтээлийн зорилгоор ч биш л дээ. Бид биентэйгээ тухайн агшинд ямар нэг нөхцөл, уур амьсгалд учирч, бас зөрөлдөж байдаг. Тэрүүхнээр хүнийг бүтнээр нь дүгнэх боломжгүй. Би өөрөө хүмүүст янз бүрийн байдлаар дүгнэгдчих гээд байдаг хүн учраас нэг агшнаар хүнийг төсөөлөх хэрэггүй юм байна, ярилцах, ойлголцох хэрэгтэй юм гэдгийг мэднэ.  

-Баясаа, дэлхийн уран зохиолоос шүүрдсээр байгаад олж авсан онолын мэдлэг чинь хүүрнэлч, романч болох хувь уран бүтээлчийн замналд боловсролын хайрцаг, академик тээг болох вий гэх болгоомж төрдөг үү?  

-Би уран зохиол онолтой байх ёстой гэж боддог хүмүүсийн нэг болохоос өөрөө тэр онолоор нь ороод гарсан хав хатуу хайрцагтай хүн биш. Тэр зүгт энэ уран зохиолын урсгалын нэг салааг нь ч болтугай аваачих юмсан гэж харин үнэн голоосоо боддог. Тэгж л боддог болохоос би өөрөө тэр урсгал нь ч биш. Таны хэлсэн шиг ямар ч хайрцаггүй, давилуун зоригтой, амьдралын гүнд явдаг хүмүүс манайд зөндөө ч гэсэн тэндээс гарсан даацтай уран зохиол гэвэл тоотой. Тэгэхээр бид бодох л хэрэгтэй. 

-“Этгээд хүслийн цуглуулга” гэдэг нэрээс энэ бол шилж цуглуулсан түүвэр ном гэдэг нь ойлгомжтой. Хэчнээнээс сонгосон зургаан өгүүллэг, тууж вэ?

-Хэвлэн нийтлэгчийн олон жилийн туршлагаараа нэг ном бүтэхэд хэр хэмжээний текст байхад бодит утгаараа ямаршуу зузаантай ном болох вэ гэдгийг шууд багцаалдана. Би хүүрнэл зохиолын анхны номоо 500-600 хуудастай нүсэр юм хийлгүй, эхний удаад амталгаа маягаар иймэрхүү ном л гаргамаар байна гэсэн хүсэлдээ тааруулаад өгүүллэгүүдээ сонгосон. Ерөнхийдөө бүсгүй хүмүүсийн түүх, дуу хоолой сонсогдож байвал гэж бодоод сэдвээр нь бас багцаллаа. Энэ номоос үлдсэн өгүүллэгүүд янз бүрийн сэдэвтэй. Энэ оны ес, юм уу аравдугаар сард дараагийн номоо гаргачих байх. 

“Этгээд хүслийн цуглуулга” гэдэг нэрний тухайд бол амьдралд огт байхгүй хүмүүсийг бий болгоод, тэднийгээ ямар нэг үйлийн үрийн тойрогт оруулж үйл явдал зохиогоод шөнийн 03 цагт ч хамаагүй бичээд сууж байна гэдэг маань өөрөө маш этгээд үйл юм. Ийм этгээд зүйл хийж суугаа маань миний олон этгээд хүсэлтэй холбоотой байж болно. Магадгүй би авьяас билгээ харуулах гэсэн байж болно, эсвэл Монголын уран зохиолын нэг салаа нь иймэрхүү өнгө аясаар дуугарч байгаасай гэж бодсон байж болно. Монгол хүнийг энэ талаас нь дэлхий уншчихаасай гэж бодсон байж ч болно. Энэ олон хүсэл маань нийлээд тийм нэг этгээд үйлээр илэрсэн нь эдүгээ таны өмнө байгаа энэ ном юм.

-Бүтээнэ гэдэг ер нь этгээд үйл, нажидтай эд гэж бодож бол чадахсан. Харин Таны нөхөр ийм этгээд хүнтэй гэрлэж байгаагаа ойлгож байсан уу?

-Ойлгоогүй байх. Бид 25, 26-тайдаа танилцсан хүмүүс. Манай нөхөр надаас өөр, хуулийн салбарын хүн л дээ. “Тэр үед би чамд сэтгэлтэй байж билээ” гэсэн шүү үг би нэгээр тогтохгүй сонсож байсан. Тухайн үед нь хэлэхгүй яасан юм бэ гэхээр “Чамаас айгаад байдаг байсан юм аа” гэдэг. Манай хүн харин юунаас айхаа мэдэхгүй болохоор маш зоригтой дайрсан байх. Дараа нь ямар хүнтэй сууснаа бага багаар мэдсэн болов уу. Гэхдээ миний орон зайд халддаггүй. Таньдаг хүмүүс маань намайг энэ хүнтэй суухаас өмнөх Баясгалан, суусны дараах Баясгалангийн хүсэж зорьдог, ярьдаг юм нь огт өөрчлөгдөөгүй ав адилханаараа байгаа нь сайхан байна аа гэж хэлдэг. 

-Зохиол бүтээлд чинь хэр шүүмжлэлтэй ханддаг уншигч вэ танай нөхөр?

-Миний юмнуудыг уншихгүй. Шүлгийн түүвэр энэ тэрийг уншаагүй байх. Би битгий уншаарай гэдэг. 

-Би зохиолч хүн шүү дээ гэж тайлбарлах үе гардаг уу?

-Ер нь гарахгүй. 

-Хүсэл зориг бүх сэтгэлээрээ татагдаад орчихсон зүйл рүү халдахад нь хань ижилдээ тайлбар хэлээд зогсож байх энэ ажлын хамгийн хэцүү доромжлол юм шиг санагддаг? 

-Тийм, тийм юмыг тэсэхэд хэцүү байх. 

-За, ярилцсанд баярлалаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
13
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.08.22 103.212.116.243

Амбицгүйдээ та нар БАясгалангийн урд гарч юу хийж бүтээсэн юм бэ? Үсрээд сайтын сэтгэгдэлчид л болсон юм байж.

0 Хариулах


Зочин 2023.03.26 103.26.193.119

цаанаа л нэг "дур булаам" эмэгтэй шүү ❤️

0 Хариулах


М 2023.03.25 66.181.186.246

Давчуу атгаг нь мэдэгдэж байна

6 Хариулах


Зочин 2023.03.25 192.82.68.72

Давчуу атгаг коммент вэ.

0 Хариулах


Мэдэгч 2023.03.25 64.119.23.12

Аймар амбицтай хүүхэн дээ. Эгогоор дүүрцэн.

7 Хариулах


Зочин 2023.03.28 104.28.71.89

zaluu nasandaa hiij buteeh husel ermelzleer duuren, ambitious bh n shuugeed bh zuil bish bhaa, ih medegch guai

0 Хариулах


Зочин 2023.03.25 66.181.187.231

амбиц, эгогоо ялгаж чадах юм уу өөрөө

0 Хариулах


Уншигч 2023.03.25 202.21.108.36

Баясгалангийн уран бүтээлчийн бус хувь хүний эго руу ороогүй байна. Системийн асуултуудад хөнгөн жингээр хариулан бултжээ. Угтаа Баясаагийн хүн нь халирмаар.

0 Хариулах