Дэлхийн шилдэг их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах монгол залуусын тоо нэмэгдсээр байна. Энэ удаа бид Америкийн шилдэг их сургуулиуд болох "Ivy League"-т тэнцэн ирэх намраас суралцахаар зэхэж буй гурван сурагчийн зөвлөгөөг хүргэж байна.
Тодруулбал, Томүжин Алтернатив сургуулийн анхны 200 сурагчийн нэг, 2021 оны төгсөгч Э.Билгүүн Корнеллийн их сургуульд, Томүжин Академийн Winter Special хөтөлбөрийн төгсөгч Х.Эрдэнэтунгалаг Колумбиагийн их сургуульд тэнцсэн бол, Томүжин Академийн GAP хөтөлбөрийн 2023 оны төгсөгч Э.Барсболд Йелийн их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах эрхээ аваад байна.
Сургууль сонголт, өргөдлийн комиссын анхаарал татсан эсээ бичих, SAT шалгалт, академик англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр талаар тэд юу зөвлөснийг уншаарай.
Сургууль сонголтын талаарх тэдний зөвлөгөө
Э.Барсболд: Би анх Йель рүү өргөдлөө илгээнэ гэж ер бодоогүй. Йелийн их сургууль хүмүүнлэг талаараа танигдсан, нэр хүндтэй. Харин би шинжлэх ухааны чиглэлээр суралцах гэж байгаа юм чинь өргөдлөө өгөхгүй гэж бодсон. Эргээд харахад, энэ их өнгөцхөн бодол байсан. Сайн судлаад үзвэл Йель дотроо олон салбар сургуультай, том боловсролын институт. Миний сонирхож буй Квантын тэнхим нь АНУ-даа топ гуравт ордог. Иймд олон нийтэд танигдсан сургуулийн ерөнхий дүр төрхөөс илүү чиний зорьж буй мэргэжлээр хэр сайн бэ гэдгийг судалж үзээрэй. Би иймэрхүү сургуульд л орох байх даа гэж өөрийгөө хайрцаглаж болохгүй.
Томүжин академийн GAP YEAR хөтөлбөрийн 2023 оны төгсөгч Э.Барсболд Йелийн их сургуульд 100% тэтгэлэгтэй суралцахаар болжээ.
Хэрэв тэтгэлэгтэй суралцахаар зорьж байгаа бол АНУ-ын их сургуулиудын тухайн жил хэдэн оюутан өргөдөл гаргасан, түүнээс хэдийг нь элсүүлсэн, хэчнээн оюутанд тэтгэлэг өгсөн гэх мэт бүх мэдээллээ нэгтгэж оруулдаг Common Data Set-ийг нь хараарай.
Х.Эрдэнэтунгалаг: Амьдралынхаа бүтэн дөрвөн жилийг өнгөрүүлэх газар учраас орчин, цаг агаарыг давхар харгалзаж үзэх шаардлагатай юм шиг санагдсан. Жишээ нь, би Мичиганы их сургуульд өргөдлөө явуулахыг хүсэж байсан ч уур амьсгалын хувьд нэлээд хүйтэн бүсэд байрлалтай байсан. Академик стресстэй нүүр тулахын хажуугаар цаг агаар нь хүйтэн, бүрхэг байвал улирлын чанартай сэтгэл гутрал (seasonal depression)-д өртөх эрсдэлтэй. Reddit, Niche гэх мэт эх сурвалжаас сургуультайгаа холбоотой мэдээллийг сайтар судлаарай.
Эсээний талаарх тэдний зөвлөгөө
Э.Барсболд: Эсээ гэхээр хүүхдүүд амьдралдаа тохиолдсон ямар нэгэн сайхан түүхийг бичих ёстой гэх ойлголттой байдаг. Би ч гэсэн анх тэгж боддог байсан. Гэхдээ GAP хөтөлбөрийн багш нартайгаа хөдөө 2-3 хоногоор явахаас эхлээд олон янзаар эсээний талаар суралцаж, үнэндээ тухайн хүүхдийн үзэл бодол, аливааг харах өнцөг, аливааг бодож эргэцүүлж буй байдлыг эсээнээс чухалчилдаг юм байна гэдгийг анзаарч байсан. Тэрнээс гадна эсээгээ өөрөө өөрөө уншихад гоё, ойлгомжтой байсан ч хөндлөнгийн хүнд огт өөр сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс эсээгээ хүнээр заавал уншуулж, зөвлөгөө аваарай.
Томүжин академийн Winter Special хөтөлбөрийн төгсөгч Х.Эрдэнэтунгалаг Колумбын их сургуульд тэнцжээ. Тэрбээр ЕБС-аа Дорнод аймгийн Баян-Уул суманд төгссөн байна.
Х.Эрдэнэтунгалаг: Тэнцсэн хүүхдүүдийн эсээнүүдийг уншаад би ямар ч эсээ гоё эхлэх ёстой, санаа нь сонирхолтой байх хэрэгтэй гэдэг ойлголттой болчихсон байсан. Үүнээс болоод маш их хугацааг гоё санаа олоход зарцуулсан. Гэтэл манай Томүжин Академийн багш “Санаа хамгийн чухал нь биш ээ. Чи юуны ч тухай бичиж болно. Солонгос оюутан кимчиний тухай бичээд Харвардад тэнцэж байсан. Тэгэхээр чи сууж байгаа сандлынхаа талаар ч бичиж болно. Гол нь өөрийнхөө ямар зан чанараа харуулах дээрээ төвлөрөх нь чухал” гэж хэлж байсан.
Э.Билгүүн: Эсээ бичихэд хамгийн хэцүү нь яг бичих гээд суухаар маш олон санаа эргэлддэг. Тэр бүгдийг илэрхийлэх гэж хичээхийн оронд чамайг хэн бэ, ямар хүсэл сонирхолтой, зорилготой хүн бэ гэдгийг илэрхийлэх гурван санааг санаагаа сайтар хөгжүүлээрэй. Миний хувьд бүтэн цагийн ажил хийдэг байсан болохоор эсээ бичих цаг хомс байсан ч кофе шоп руу өглөө бүр 7 цагт орж суугаад тасралтгүй таван цаг эсээгээ бичиж, ном уншдаг байсан. Ингэж өөртэйгээ тулж байж л эсээнүүдийнхээ гол санааг гаргаж авсан. Эцэст нь санаагаа яаж илэрхийлэх нь бас чухал. Жишээ нь, миний анх эсээндээ гаргасан гол санаа бараг өөрчлөгдөөгүй ч олон дахин засвар хийсний дараа яг Корнелл руу илгээсэн эсээний маань бичих хэв маяг, илэрхийлэмж тэр чигтээ өөрчлөгдсөн.
Академик шалгалтуудын талаарх тэдний зөвлөгөө
Э.Барсболд: 9,10,11-р ангийн сурагчдад шууд SAT шалгалтад бэлдэхийн оронд суурь англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд англиар ном унших дадал бий болгоорой гэж зөвлөе. Ном уншихаар унших, бичих чадвар зэрэг сайжирдаг. Харин төгсөх дөхчихсөн бол өмнө ирсэн шалгалтуудыг ажилласан нь үр дүнтэй. Гол нь жишиг тест хийхдээ яг жинхэнэ шалгалт өгч байгаа юм шиг гурван цаг сууж тестээ бүтэн ажиллаж дуусгах хэрэгтэй. Ингэснээр жинхэнэ шалгалтын үеэр сандрал багатай, тайван байж чадна.
Х.Эрдэнэтунгалаг: Миний хувьд хөдөө, суманд суралцдаг байсан болохоор академик англи хэлний чадвар тийм ч сайн байгаагүй. Тэгээд 12-р ангид байхдаа IELTS өгье гэж шийдээд бие дааж бэлдэж эхэлсэн. Шалгалтын материалуудаа ажиллаж байхад хэлний мэдлэг минь нэлээд сайжирч 7 оноо авсан. Хийсвэрээр, зүгээр хэлээ сайжруулна гэхийн оронд яаг тэдэн оноо авна гээд зориод бэлдээрэй. SAT шалгалтын тухайд өмнө нь мэддэггүй ч үгүй байсан. Тийм болохоор өвөл сургуулиуд руу өргөдлөө явуулахдаа SAT өгч амжаагүй. Эсээ, сургуульд хийж байсан ажлуудаараа өөрийгөө сайн илэрхийлж, бусдаас ялгарахыг зорьсон. SAT оноогүй ч гэсэн мөрөөдлийн сургуульдаа тэнцэхэд Томүжин академийн зөвлөх багш нар маань их тусалсан л даа. Одоо төгсөх ангид орчихсон ч шалгалтын оноогүй бол битгий санаа зовоорой.
Э.Билгүүн: Дархан Эмпатид суралцдаг байхад хүүхдүүдийг англи хэлний ур чадвараар нь таван бүлэгт хувааж, би хамгийн муу бүлэгт нь багтсан. Тухайн үед миний IELTS оноо 1 оноо ч хүрэхгүй, бүр 0.3 байсан гээд бод доо. Аз болоход манай сургуульд гадаад багш нар олон байдаг болохоор тэдэнтэй ойр байж, хичээж суралцсаар 10-р ангиа төгсөхөд IELTS-ийн оноо маань 5.5-д хүрсэн. Харин Томүжин Алтернатив сургуульд ороод, англи хэлээ өдөр тутамдаа ашиглаад эхэлсэн чинь мэдэгдэхүйц бүр ч хурдан сайжирч эхэлсэн.
Мэдээж их сургуульд өргөдөл гарахад IELTS, SAT өгөх, эсээ бичихээс эхлээд сайжруулах олон зүйл байсан ч би хамгийн муу, сайжруулах шаардлагатай таван зүйлээ жагсааж бичээд тэдгээрт хамгийн их анхаарал хандуулсан. Хүнс тэжээлийн чиглэлээр суралцахад хими, биологийн мэдлэг чухал байтал SAT шалгалтад энэ хичээлүүд байдаггүй. Тиймээс миний хувьд SAT онооноос илүү нэмэлт эсээ бичихэд анхаарсан. Ялангуяа өргөдөл хаах сүүлийн сар гаруйн хугацаанд өргөдлөө өгөхөөр бэлдэж байсан таван сургуулиа болиод ганцхан Корнеллийн нэмэлт эсээнд анхаарал хандуулсны ачаар тэнцсэн.
Томүжин Альтернатив сургуулийн анхны 200 сурагчийн нэг, 2021 оны төгсөгч Э.Билгүүн Корнеллийн их сургуульд Global and Public health sciences чиглэлээр суралцах аж.
Чанартай өргөдөл илгээх талаарх тэдний зөвлөгөө
Э.Барсболд: Америкийн их сургуулиуд шинэ оюутан элсүүлэхдээ holistic арга барил буюу тухайн хүүхдийг тал бүрээс нь шинжсэний эцэст элсүүлэх эсэхээ шийддэг. Тэгэхээр ганц өндөр шалгалтын оноотой байх хангалтгүй. Арван жилдээ хийж байсан хичээлээс гадуурх ажил, эсээ, багшийн тодорхойлох захидал гээд бүрдүүлэх материал бүр чухал нөлөөтэй. Миний хувьд Томүжин Академид ороод, тэр бүх тал дээрээ жигд ажиллаж эхэлсэн.
Мөн өргөдлийн комисс бидний 3,4 сар амиа тавьж бүрдүүлсэн материалы дунджаар 11-15 минут л уншдаг. Тэгэхээр өөрийнхөө онцлох зүйлсээ цогц байдлаар гаргаж ирвэл үр дүнтэй. Жишээ нь, физикээр хичээллэдэг, гэрэл зураг авах дуртай гэдэг нь намайг тодорхойлох онцлог болсон.
Х.Эрдэнэтунгалаг: Миний суралцах Колумбиагийн их сургуулийн тухайд хөрвөх чадварыг чухалчилдаг гэж бодож байна. Тиймээс эсээ, хичээлээс гадуурх ажил, шалгалтын оноо, тодорхойлох захидлыг нийлүүлж цогц байдлаар тухайн хүүхдийн чадварыг тодорхойлж, ирээдүйд юу ч хийсэн амжилтад хүрч чадах, хөрвөх чадвартай хүүхдүүдийг хайдаг.
Өмнө нь эсээ бичих, хичээлээс гадуурх ажлаа хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй YouTube-ээс л бичлэг үздэг байсан бол Томүжин Академид орж ирснээр зөвхөн надад зориулсан хувьчилсан зөвлөгөөг авч, өөрийнхөө Колумбиад тохирох хүн гэдгээ харуулж чадсан учраас тэнцсэн гэж бодож байна.
Э.Билгүүн: Корнеллийн их сургуулийн хувьд ирээдүйн зорилгоо тов тодорхой болгож, түүндээ хүрнэ гэсэн бат итгэлтэй хүүхдүүдийг нэлээд үнэлдэг юм шиг санагдсан. Дээрээс нь топ сургуулиуд хүүхдийг олон талаас нь сонсох гэж хичээдэг. Гэрийн ажилд тусалж, дүүгээ хардаг, өвөө эмээдээ тусалдаг байсан уу гэх мэт нарийн ширийн асуултуудад тус бүрчлэн эсээгээр хариулах шаардлагатай болдог. Энэ нь нэг талаар хүүхдийг өөрийгөө хэр сайн мэдэж байгааг шалгадаг болохоор өөрийгөө таних дээр их ажиллаасай гэж хүсч байна. Томүжинд зөвхөн англи хэл эсвэл олимпиадад бэлдээд байдаггүй дадлага ажлаас эхлээд олон зүйл хийлгэдэг байсан нь намайг өөрийгөө танихад их тусалсан.
Мөрөөдлөө биелүүлэхэд чинь туслах тэдний зөвлөгөө
Э.Барсболд: Хүүхдүүд төгсөх дөхөхөөр өргөдлийн процесст санаа зовниж эхэлдэг. Миний зүгээс зөвлөхөд, 9,10,11-р ангидаа өөрийнхөө сонирхсон чиглэлээр гүнзгийрүүлж хичээллэ, аль болох олон зүйл оролдож үзээд үнэхээр чиний сонирхол мөн үү гэдгийг мэдэх, өөрийгөө нээхэд гол анхаарлаа хандуулаарай. Хангалттай туршлага хуримтлуулж, хүсэл сонирхлоо олоод мэдчихвэл сайн сургуулиас ч илүү том зүйлүүд хүлээж байгаа.
Х.Эрдэнэтунгалаг: Би хэдий суманд төгссөн ч гэлээ олон улсын хүүхдүүдтэй өрсөлдөөд шилдэг сургуульд тэнцэж чадсан. Тиймээс ямар ч үед өөрийгөө дутуу үнэлж болохгүй, зоригтой байгаарай. Бас хөдөө, хөгжил муутай газар байна гэдэг нь өөрөө чамд хөгжих, хүрээллээ хөгжүүлэх маш том боломж болж байгаа шүү.
Э.Билгүүн: Багадаа нэлээд мяраалаг хүүхэд байж байгаад шим тэжээлийн тухай судалж, амьдралдаа хэрэгжүүлснээс хойш огцом жингээ хаяж чадсан. Тэр үеэс хоол хүнсний талаар сонирхож, дасгал хөдөлгөөн ч идэвхтэй хийдэг болсон. Gap year авсан зун найзтайгаа хамтраад төсөл эхлүүлчихсэн байтал Томүжин үйл ажиллагаагаа тэлж Elf Nutrition-ийг үүсгэж байгаа талаар сонссон. Ингээд би Батжин ахтай холбогдож шинэ компанид ямар хувь нэмэр оруулж чадахаа тайлбарлаад бүтэн цагийн ажилтнаар орж байлаа. Ажиллаж хугацаандаа Primal 21 хөтөлбөрийг хөгжүүлсэн. Энэ маань ч намайг Корнеллд тэнцэхэд их нөлөөлсөн гэж боддог. Тиймээс Томүжингийн багш нарын байнга захидаг “Боломжоо өөрөө үүсгэ, боломж байвал бүгдийг нь ашигла” гэдэг үгийг үеийнхэндээ хэлье.
Томүжингийн багш нар, сурагчдын өгөх бүр олон үнэ цэнтэй зөвлөгөөнүүдтэй Newsletter-ийг 7 хоног бүр авмаар байвал ЭНД дарж бүртгүүлэх боломжтой юм байна шүү.