Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Book & Movieholics: Ажихуйн гоо


Энэ хотын чимээг огт сонсмооргүй байна уу? Аль эсвэл дуу чимээнийх нь эх үүсвэр бүрийг нэгд нэггүй бүртгэн, улам лавшруулж сонсмоор байна уу? Ялгахаа больжээ. Дуу чимээнээс, хүмүүсээс, ажлаас, амьд үлдэхийн төлөөх тэмцлээс ядарч орхижээ. Нэгэнт л эндээс явж зүрхлэхгүй учир хөөрхий сэтгэлээ анагаах гэж оролдохдоо улам чанга чимээ, улам олон хүн, улам их ажил, улам өрнүүн тэмцэл рүү уначихсан байх юм. “Тамирдсан нийгэм” номын 51-р талд “...Хандке хэлгүй, сохор, хуваагч ядралын эсрэг уран яруу, бүхнийг тольдогч, эвлэрүүлэгч ядралыг тавьсан юм. “Өөртөө улам бага төвлөр” гэдэгчлэн хоёр дахь төрлийн ядрал эхлээд эгоны хүлээсийг султгаж, дундын орон зайг нээж өгдөг. Би зөвхөн Өрөөлийг харах биш басхүү Өрөөл болж, Өрөөл ч бас Би болдог. Энэхүү орон зай нь ялгаагүй байдлыг илтгэх нөхөрсөг шинжтэй бөгөөд энэ орон зайд хэн ч ноёрхож эсвэл удирдан чиглүүлдэггүй. Би-ийн өсөлт удаашрах тусам хүндийн төв эгогоос дэлхий ертөнц рүү шилждэг. Би-ядрал буюу ганцаар ядралд дэлхий ертөнц гэж үгүй бөгөөд ийм ядрал дэлхий ертөнцийг устгадаг. Харин итгэгч ядрал Би-г нээж, дэлхий ертөнцөд орон зай гаргаж өгдөг. Ганцаар ядралын устгадаг хоёр төвч байдлыг итгэгч ядрал дахин бүтээдэг. Нэг нь үзэж, нөгөө нь үзэгддэг. Нэг нь хүрч, нөгөө нь хүрүүлдэг. Ядрал бол хүртээлтэй болох явдал. Хүрүүлэх, эргээд бас нөгөө хүндээ хүрэх үйл.” Энэ хэсгийг дахин уншваас хэзээ хамгийн сүүлд Өрөөлийг ажиглаж, дэлхийн ертөнцөд орон зай гаргаж өгснөө, хүртээлтэй болохуйд төвлөрснөө нэхэн санахад хүрнэ. Даанч санаанд торох юм үгүй. Би-ядралдаа л дийлдэж, мунхарсан бололтой. Гэхдээ надад кино гэх мөнхийн ой санамж бий. Эгоны хүлээсийг султгаж, Өрөөлтэй дундын орон зай үүсгэн, үзэж үзэгдэх, хүрч хүрүүлэхийн гоо үзэсгэлэнг сэргээн мэдрүүлэх, би-ядралыг бид-ядралд хувилгах, эсэргүүцэлгүй алсралыг эсэргүүцэх увдистай тийм кино бий. Ажигч чанарыг сэргээж, дурласан хүний биед гуравхан секунд орогномоор санагдуулах гуравхан кино: Хайрын тухай богино кино (1988, Кшиштоф Кесьлёвский), Алсын удирдлага (2013, Сахьяагийн Бямба), Хагацах зориг (2022, Пак Чан-ук).

Кинонуудын үйл явдлын товч танилцуулга:

Хайрын тухай богино кино (1988, Кшиштоф Кесьлёвский)

Уг кино нь 19 настай, шууданд ажилладаг Томек гэх нэгэн залуу эсрэг талын байранд амьдардаг Магда хэмээх эгчмэд, үзэсгэлэнтэй эмэгтэйг цонхоор нь дурандан ажигладагаар өрнөдөг. Томек орой бүр Магдагийн аж байдлыг цонхоор нь дурандан, Магдатай аль болох тогтмол тааралдахын тулд олон ч заль мэхийг сэддэг. Эхэндээ үзэгчид бид Магдагийн амьдралыг Томекийн нүдээр л, тэр дурангийн тусгалын орон зайд л багтаан харах юм. Харин тэдний ертөнц бүхэлдээ огтлолцон, хайр шохоорхол хоёрын дундах нарийн хил хязгаар бүдгэрэн бүрэлзэх үест бүх зүйл өнгөө хувиргана.

Алсын удирдлага (2013, Сахьяагийн Бямба)

Улаанбаатараас холгүйхэн галт тэрэгний өртөө дагуу орших жижигхэн тосгонд Цог хүү аав, хойд ээж, балчир дүүгийн хамт амьдарна. Аав нь архи ууж, согтуурахаас өөрийг хийхгүй, гэрийнхээ эд хөрөнгийг зарж үрээд уучихна, хойд ээжийнх нь байр байдал ч сайнгүй. Иймд Цог хүү хажуу айлын сүүг хотод аваачиж заран, багахаан хувь авах бөгөөд түүгээрээ дүүгийнхээ хичээлийн бэлтгэлийг хийхээр зорино. Зай завсаргүй агсам согтуу, хэрүүл маргаан, басамжлал доромжлолоос залхсан Цог хүү хотод нэгэн байшингийн дээвэр дээр амьдрах болж, эсрэг талын байрны айлуудын амьдралыг дурандан ажиглах явцдаа нэгэн эмэгтэйд онцгой татагдан, сониучирхана. Нэг өдөр Цог хүү орон байрны хулгайч ахыгаа дагалдан явж, зурагтын удирдлага олсноор мөнөөх эмэгтэйн зурагтыг алсаас удирдах боломжтой болжээ. Харин эмэгтэйн нөхөр эргэн ирснээр гэгээхэн шохоорхол, мөрөөдөл нь үгүйрсэн Цог хүү алсын удирдлагаа ашиглан “томоохон” сонголтыг хийх билээ.


Хагацах зориг (2022, Пак Чан-ук)

Ажилдаа ухаангүй хайртай мөрдөгч Пак Хэ-жүн ууланд нас барсан эрийн хэрэг дээр ажиллахаар болно. Мэргэжлийн авирагч эр санаандгүй осолдож эндэв үү? амиа хорлов уу? аль эсвэл бусдын гарт амь үрэгдэв үү? гэх асуултын хариуг Хэ-жүний багийнхан олохоор ажиллана. Хэ-жүн авирагчийн эхнэр Со-рэг сэжигтнээр татах бөгөөд мөрдөн ажиглах явцдаа түүнд сэтгэл алдарна. Пак Чан-укийн ертөнцөд хэн бүхэн мэдрэмжийнхээ боол байдаг билээ. Пак мастер сүүлийн кинондоо ч мөнхүү хуулиа яс баримталж, хоёр хүмүүнийг гэм буруугийн болоод хүсэл шуналын мэдрэмжид нь хүлжээ.


Дээрхийг уншихад эдгээр гурван киноны үйл явдал гурвуул “ажиглах” үйлд тулгуурлан өрнөснийг анзаарч болно. Өөрөөр хэлбэл, Хандкегийн хэлдэгчлэн, итгэгч ядралын бүтээдэг хоёр төвч байдлыг эдгээр кинонуудаас харж болох юм. Ажиглагч ба ажиглагдагч. Өөр ба Өрөөл. Киноны аль нэг гол дүр ажиглаж, нөгөө гол дүр нь ажиглагдана. Ажиглагч дүртэй хамт үзэгч ч бас ажиглагчийн байранд очдог. Энэ тохиолдолд үзэгч ажиглагч дүрээс ч идэвхгүй ажиглагч болж, бясалгагч анхаарлаа сэргээн төвлөрүүлэх боломжтой болно. Үзэгчид бүх кинонд ажиглалт хийж болно л доо. Гэхдээ дээрх төрлийн кинонууд нэлэнхүйдээ ажиглахуйн тайвшралд нэвчсэн байдаг учраас үзэгч илүү нухацтай, гүн төвлөрч чадна. Жишээлбэл, “Алсын удирдлага” киноноос бид шинэ мянганы эхний арван шувтрах үеийн Монголын нийгмийг эргэн ажиглаж болох юм. Телевизээр гарч буй шоу нэвтрүүлгүүд, хүмүүсийн хувцас хунар, биеэ авч яваа байдал, барилгажилтын ерөнхий өнгө төрх, одоогийн үзэмжгүй гонжгор барилгуудын эхлэл болсон дутуу гуцуу барилгын ажлууд, “сүү аваарай” хэмээн байрнуудын дунд цуурайтах чимээ, цагаан утас… Эдгээрийн заримыг нь бид ор тас мартаж, дахиж олж үзэхээргүй болжээ.  “Алсын удирдлага”-ын ажиглагч гол дүр болох Цог хүүгийн ачаар бид энэ бүхнийг илүү сайн анзаарна. “Хайрын тухай богино кино”-ноос ч бас тухайн үеийн Польшийн нийгмийн байр байдал, хурууны арьс сөрөхийн чинээ өвдөлтөд нулимс асгаруулах шахам туйлдсан хүмүүсийн зовуурийг, хүний нулимс хэзээ гүнийхээ гүнээс урсдагийг ажиглаж болдог. Харин “Хагацах зориг”-оос бид үнэрлэх ажиглалт хийдэг. Пак Чан-ук бол дэлгэцэнд үнэр гаргаж чаддаг найруулагч. Тамхины эхүүн утаа, эмэгтэй хүний анхилуун сүрчиг, хүнсний захын ил лангуун дээр удсан загас, өмхийрч ялзарсан цогцос… Бид энэ бүх үнэрийг мөрдөгч Пак Хэ-жүний ажиглагч чанарын ачаар мэдэрч чадна. Товчоор хэлбэл, гол дүр хэдий чинээ ажигч байна, үзэгч ч төдий чинээ ажигч болдог.

“Хайрын тухай богино кино”, “Алсын удирдлага”, “Хагацах зориг” гурван киноны ажиглагч гол дүрүүд Хандкегийн итгэгч ядралын жишээг харуулах юм. “Хайрын тухай богино кино”-ын Томек хүү, “Алсын удирдлага”-ын Цог хүү хоёул амсхийх чөлөөгүй амьдралын буулга, нийгмийн байр байдлаас залхан ядарч, ахуйгаас ангид тийм нэгэн гоо үзэсгэлэнд ойртох чанадын хүсэлдээ хөтлөгдсөн байдаг. Тэд Өрөөлийг ажиглаж, бүр Өрөөл болоход ч бэлэн болж, ноёрхогч болоод удирдан чиглүүлэгчгүй орон зайг үүсгэж чаддаг. Тэд өөртөө бус, Өрөөлд төвлөрснөөр гоо үзэсгэлэнд ойртжээ. Нөгөө талаас, Цог хүү, Томек хүү хоёул төрсөн эхийн хайр халамжаар дутаж өссөн байдаг. Тэд ажиглан буй эмэгтэйчүүдээ зөвхөн дур хүслийн галаар төөнөх бус, цаанаа л нэг ариухан, гэгээн илч туяагаар илбэдэг билээ. Цог, Томек хоёр ажиглан буй эмэгтэйчүүдээс ээжийн фигур хайсан ч байх боломжтой. Харин жинхэнэ дур хүслээр буцалж оргилсон ажиглалтыг “Хагацах зориг”-ийн Хэ-жүнээс харж болно. Хэ-жүний ядралын шалтгаан ч арай өөр. Пак Чан-ук гол дүрийн ядралыг киноныхоо агуулгын гол хөшүүрэг болгосон байв. Хаагдаагүй хэргүүдээ бодож гашилсаар нойргүйдэлд орсон Хэ-жүн байнга л ядарч туйлдсан байдалтай явдаг. Түүнийг “хэт идэвхит хөдөлмөрийн амьтан” гэж тодотгож болмоор. Алуурчдад амралтын өдөр байхгүй тул мөрдөгчдөд ч амралт үгүй. Аллагын ертөнц үнэмлэхүй идэвхтэй байснаар эгэл хөдөлмөрчид буюу мөрдөгчдийн ертөнц ч идэвхтэйгээр бужигнана. Харин ядарч туйлдсан Хэ-жүн Со-рэг ажиглаж, ажиглалтандаа гүн төвлөрч, үнэрлэж, хүрч, түүний хажууд байхдаа л амьд гэдгээ мэдэрдэг. Алуурчны дэргэдэх айдас жихүүдэс, эсэргүүцэж дийлэмгүй дурлал хоёр хольцолдож, Хэ-жүнийг ер бусын амьд нэгэн болгодог. Хэ-жүн ч бас Өрөөлийг төвлөрч ажигласнаар гоо үзэсгэлэнд ойртож, үхлийн мэт идэвхтэй ажил хөдөлмөр, оюун дүгнэлтээс сая нэг амсхийж чаддаг.

Эдгээр “ажигч” кинонуудад зураг авалтын болон хийцийн нийтлэг арга барилууд бий. Үзэгчийг ажиглагч, мөрдөгчийн байранд аваачихын тулд хүрээн доторх хүрээг их ашигладаг. Хүрээн доторх хүрээг ашигласнаар үзэгч хэн нэгнийг сэмээрхэн мөрдөж, нүх сүвээр шагайж өнгийж буй мэт уур амьсгал бүрддэг. Уг аргаар найруулагчид ажиглалт, мөрдлөгийн уур амьсгал бүрдүүлээд зогсохгүй, дүрүүдийнхээ хувийн орон зайг хамгаалж чаддаг. Мөн “Ажигч” кинонууд ихэнх мэдээллээ үг, харилцан яриагаар бус, цэвэр дүрсээр дамжуулдагаараа онцлог. Үүнээс гадна камерын хөдөлгөөн, эвлүүлэг нь дүрийн харах хүрээ, сэтгэлзүйн өөрчлөлт, шийдвэртэй нягт уялдаатай байдаг. “Хайрын тухай богино кино”-ны үйл явдал дурангийн харах хүрээнд өрнөх мэт, “Алсын удирдлага”-ын үйл явдал удирдлагаар удирдчихаж ч болмоор юм шиг камерын пассив оролцоотой, “Хагацах зориг”-ийн эвлүүлэг мөрдөгчийн сэтгэлзүйг мэдрүүлэм логик холбоо бүхий хурц үсрэлт, эргэлтүүдтэй байдаг. Мөн “Хагацах зориг”-т хүмүүний дур хүслийн хувирамтгай шинж чанарыг техник, төхөөрөмжийн хөшүүн шинж чанартай сөргүүлж тавьсан нь тунчиг яруу шийдэл аж.  Энэхүү техникийн шийдэл, арга барилууд нь үзэгчийг ажиглагч гол дүртэй нэгэн бүхэл болгоход маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хэн нэгнийг тогтож ажиглах, хорвоо дэлхийг дурласан хүний нүдээр үзэх гэдэг ямар гээчийн сэтгэл хөдөлгөм зүйл болохыг эдгээр гурван кино харуулжээ. Харин ажиглагч дүрүүд ажиглагдагч дүрүүдэдээ хүрэхийг, өөрсдийн оршихуйг мэдрүүлэхийг хүсэх үед киноны үйл явдал эрчирч, гол зөрчил үүсдэг. Эдгээр кинонууд "амар сайхандаа жаргаж" төгсдөггүй.  Харин амар сайханд нь дайн дажинг ч багтаах эрх чөлөөг үзэгчдэдээ олгож төгсдөг. Дэлхий ертөнц өмчлөхөд биш, зэрэгцэн оршиход зориулагдсан орон зай гэдгийг сануулж, ажихуйн гоогоос аж ахуйн гоод биднийг хөтөлдөг. Амар сайханд дайн дажинг ч багтаах эрх чөлөөгөө бид өөрсдийн бор ахуйн гоо үзэсгэлэнг анзаарч ажиглахад ашиглана.

Цогийн гартаа санжигнуулах сүүний бидон хэдэн литрийнх байв? Магдагийн хөшиг ямар өнгөтэй байлаа? Со-рэгийн ханан дээрх зураг уул байв уу, ус байв уу? Анзаарсан уу, та? Таны ядрал бол бидний ядрал юм. Харин ажиглаж, Өрөөлийг харж, түүнд тэмүүлж, дэлхий ертөнцөд орон зай гаргаж өгснөөр л та би болж, би та болж, бид бүрдэх билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
3
2024.06.13
Фото: Эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд эрэмдэглэсэн Апатани омгийнхны амьдрал
холбоотой мэдээ
1
2023.09.02
"Цэнхэр тэнгэрийн цаана" кино наадмын шүүмж
2
2023.06.08
Book & Movieholics | "Хүй" буюу “The Cord of Life” киноны шүүмж
3
2022.12.26
Хоёр Д ба хайр татам Неллинүүд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Зургаадугаар сард орж буй цасны тухай хөгжилтэй 18 пост
2
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
2024.06.20
Гүн хар мэдрэмжээс чөлөөлөгдөхөд чинь туслах үгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.