UBLife Logo
Спорт

Сумын заан Ц.Шүхэрт: Эхлээд хүнд тус хийсэн байхад дараа нь хүнээс тусыг авахад сайхан

Сумын заан Ц.Шүхэрт: Эхлээд хүнд тус хийсэн байхад дараа нь хүнээс тусыг авахад сайхан

Угсаатны зүйч, кино найруулагч Хамид Сардарын “Морь сургагч” баримтат кино 2019 онд бүтээгдсэн даруйдаа Ла Рочелле тэргүүтэй олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон билээ. Гол дүр болох хүчирхэг, зоригтой адуучин монгол эр Ц.Шүхэртийн ер бусын сэтгэл татам байдал, түүнд бодитоор тохиолдох адал сонин үйл явдал киноны амин сүнс юм. Өвөл болохоос урьтаж алдуул адуугаа олохоор эрэлд гарах Ц.Шүхэрт бол Дархадын хотгороор нүүдэллэн аж төрдөг малч нэгэн. Тэрээр адуугаа хайн онгон зэлүүд тайгын хэц бэрхийг алжралгүй туулан уйгагүй явах ч хулгайчид хэдийн үгүй хийсэн хойно олно. Хүлэг морио сайн нөхрийн ёсоор нутаглуулж, толгойг нь Соён уулсынхаа оройд зална. 

Хамид Сардар дархад, духа ястны аж байдлын тухай хэд хэдэн баримтат киног бүтээсэн бөгөөд буддизм болоод бөө мөргөл, адуу мал хийгээд цаа буга, анчид агаад алтны хайгуулчдын дүрүүд түүний кинонд зонхилдог. Эдгээр дүрээр дамжуулан ер бусын ээдрээт амьдралын хэв маяг бүхий Хөвсгөлийн хойд бүс нутгийн угсаатны болоод нийгэм эдийн засгийн хурцадмал зөрчилдөөнийг харуулдаг. Харин миний уулзаж ярилцсан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул сумын заан Цэндсүрэнгийн Шүхэрт сумын баяр наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, мөн хоёр удаа шөвгөрсөн хүн. Бөх барилддаг төдийгүй эмнэг хангалд эрмэг байдал, амьдралд нь тохиолдох адал сонин үйл явдал, онгон зэлүүд тайгын хэц бэрх жимийг чиг үл алдан саадгүй туулах чадвар зэрэг нь баримтат кино найруулагчдын мөрөөдлийн дүр билээ. Ц.Шүхэртийн тоглосон өөр нэгэн кино саяхан нээлтээ хийгээд буй нь Б.Амарсайхан найруулагчийн “Монгол” кино юм.


-“Морь сургагч” кинонд та Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын заан Б.Хадбаатартай барилдаж, унасныхаа дараагаар “Сая төгрөгөөр даваагаа өгчихлөө, би. Сумын наадамд түрүүлснээс хойш зааны цаана даваа байх биш дээ” гэдэг. Харих замдаа мөнгөө тоолоод л. Үзэгчийн зөн совин киноны гол дүрээс шударга, үнэн байдлыг хүлээдэг болохоор ч тэр юм уу, “Морь сургагч” киног үзэхэд тэр хэсэг анхаарал татлаа?

-Залуу бөхчүүдийг цолонд хүрэхэд нь дэмжиж, урам өгөх хэрэгтэй. Тэгэлгүй, гараад  ирэхэд нь л хаячихаад байвал “Би бөх болохгүй юм байна, хүн хаяхгүй юм чинь больё” гээд урам нь харьж бөхийг тэр чигтээ орхино. Үндэсний бөхөд найраа байх боловч зөвөөр ойлговол өсөж яваа залуу хүүхдүүдийг урамшуулах, бөхөөр тууштай хичээллэхэд нь ах зах хүмүүсийн зүгээс өгч чадах чухал хөшүүрэг болдог юм шүү дээ. “Морь сургагч” кинонд гардаг үйл явдал бол залуу бөхчүүдээ дэмжихийн тулд үндэсний бөхөд цолны найраа гэж зүйл аргагүй байдаг гэдгийг ойлгуулахын төлөө харуулсан үзэгдэл юм.

-Хадаа заан ч их бяртай бөх дөө. Анх л Хөвсгөлийн хойд бүсийн сумдын цолгүй бөхчүүдийн тойргийн барилдаанд дүүгүүрдэх мэхээрээ цойлж эхэлсэн санагдана. Тэр барилдаанаас хойш та хоёр ахиж барилдав уу?

-Барилдаагүй. Намайг наадамд барилдахад Хамид Сардар дагаж яваад бичлэг хийдэг байсан. Гэхдээ би кино зураг авалтад орж байна, чи надад унаад өгчих гэсэн яриа өрнөхгүй л дээ. Би хүнээс гуйж ч барилддаггүй. Хаявал хаяна, унавал унана. Унахаас айдаггүй. Зарим бөх хүүхдэд уначихвал ичилтэй юм болно гэж айгаад нас ахихаараа зодоглохоо больчихдог. Багахан барилдаан байлаа ч хамаа алга, би цолгүй бөхөд уналаа гэхэд тэр хүү намайг хаячихаад урам орно оо доо. “Би Шүхэрт зааныг хаячихсан. Би ер нь бөх болох юм биш биз” гэнэ. Ингэж бодоод би одоо хэр нь барилддаг юм. Ах нь одоо 47 нас хүрч байна. Саяхан суманд нэг барилдаан болоход зодоглоод, эхний дөрвөн байрт шалгарсан бөхчүүд медальтай байсан юм, би тавд орсон. 

-Таны дэмжлэгээр цолонд хүрсэн бөх хэр олон бэ?

-Нэлээд хэд бий шүү. Хувь хүнээс нь л хамаарч цолонд хүргэх эсэхээ шийддэг. Цаашид тууштай барилдах хүнийг аль болох дэмжихийг л хичээнэ. Цол аваад дээшээ зүтгэж барилдахгүй, дараа дараагийн барилдаанд дээгүүр даваанд очихгүй бол цолонд хүрээд дэмий шүү дээ. Ер нь бөх болох хүн өөрийгөө дайчилдаг хөдөлмөрч, толгой сийрэг байх хэрэгтэй. Зондоо нэр хүндтэй, хайртай байх юм бол эргээд тэд намайг даваасай л гэсэн бодлоор хардаг.  Зон түмний хайр хишиг бөх хүнийг хазайхад нь түшиж, халтирахад тулдаг гэдэгт би итгэдэг.

-“Морь сургагч” кинонд та хүний морийг дээрэмддэг тухай гардаг. Тэр үйл явдал зохиомол байсан уу?

-Яаж зохиох вэ дээ. Тэр чинь Хамид дагаж яваад бичлэг хийчихсэн баримттай явдал. Өмнөхөн нь нэг хүн цагаан хамартай морио алдчихлаа гэж надад хэлсэн юм. Тэр хүмүүсийн авч явсан морины зүс эрэлч хүний хэлсэнтэй таарч байсан болохоор би морийг нь андуурч булаасан. Үүнээсээ болж цагдаад дуудагдан, кино зураг авалтын үеэр хоёр сар хоригдоод гарч ирсэн.

Хориод настайдаа би морь малтай ноцолдох дуртай, хаана ажил байна тэр бүхэнд очиж тусалдаг байлаа. Бид биеэрээ мод цагаалж, түлээгээ нуруу шараар бэлдэж, ачдаг байлаа шүү дээ. Нэг найзынх маань түлээ ачихаар болбол бүгд цуглаж, уулнаас мод буулгаад, шөнөжин хөзөр тоглонгоо ээлжилж түлээг нь хөрөөдөөд хонодог сон. Ингэж л бие биедээ тусалдаг, нийтэч амьдарлаа.

-Та Хамид Сардартай хэрхэн танилцсан бэ?

-Намар зуд болж, айлууд нүүдэллэж байсан цаг л даа. Би улаан дээл, үнэгэн малгай өмсөөд хүрэн морьтой хөдөөшөө давхиж явтал хажуугаар хар жийп өнгөрсөн юм. Удалгүй буцаж эргээд хажууд ирж зогсоход нэг эр бууж над руу хандан “Жинхэнэ шилийн сайн эр явна” гэсэн нь Хамид байсан. “Таны гэрэл зургийг авч, бичлэг хийж болох уу” гэсэн. “За, би малынхаа айлыг эргэчихээд хоёр, гурав хоногийн дараа ирнэ байх” гээд мордлоо. Би ч хэлсэн хугацаандаа ирээд уулзаж, зургаа даруулсан. Хамид манай нутагт хавар эргэж ирэхдээ “Таныг баримтат кинонд тоглуулмаар байна” гэлээ. Би жинхэнэ нэрээрээ, амьдралд тулгарсан бодит үйл явдлаа бичүүлж, тэр кинонд дүрээ мөнхөлсөндөө азтай гэж боддог. Эмнэг сургаж, бөхөөр барилдаж, уулын уруу цанаар гулгаж байгаа маань миний чаддаг эрдэм. Өөрийнхөө чаддаг зүйлийг кино хальсанд бичүүлж үлдээсэн нь бахдалтай сайхан. Үр ач нар маань энэ киног үзээд намайг ямар хүн байсныг харах боломжтой.

-Хамид Сардарын найруулсан “Тайга” нэртэй баримтат кино байдаг. Тэр киноны гол дүрийн дархад өвгөн танай нутгийнх бил үү?

-Тийм ээ, манай Шивлэг багт байдаг. Хамид Сардар Хөвсгөлийн байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн тухай “Монгол баавгайн хөндий” баримтат киног бүтээсэн. Өдгөө Цагааннуурын духа нарын нүүдлийн аж байдлын тухай бас нэг баримтат киноны зургийг авч байгаа. Ер нь Хамид дархадын хотгор, Соёны нуруугаар явж, олон баримтат кино хийсэн.

-“Тайга” киноны гол дүрийн өвгөн их хөдөлгөөнтэй, хөгжилтэй, сонирхолтой хүн. Чонын бэлтрэг суйлсныхаа төлөөсөнд хамаг л хүнд малын өрөнд орохоос наахнуур болж эмгэн нь хүртэл галын хайчаар чулуудаад л… Сүүлдээ нөгөө бэлтрэгүүдээ дагуулан явж эхийг нь дуудан байгальд нь тавьдаг. Улаан-Уул сумаас алт олдож, нэг хэсэг хүмүүс газар сэндийчин бужигнахад өвгөн ч бас алтанд явдаг байх аа?

-Алтны түйвээн өдгөө нэлээд багассан. Улаан-Уул сумынхан газар нутгийнхаа 50 хувийг нь ашиглаж  чаддаггүй. Суурьшлын бүсээс цааших нутаг бол эзгүй онгон тайга. Тэр эзгүй тайгаас алт илэрч байсан юм.

-“Тайга” кинонд мөн хоньчин охин голын тохойгоос янзага олж байгаа тухай гардаг. Тэр янзага нь одоо байдаг болов уу?

-Байхгүй ээ. Бор гөрөөсний янзаганууд жаахан томроод хаяад явдаг. Хүмүүс голцуу хавар олж тэжээгээд намар нь уул руу алдчихсан л гэж ярьдаг юм. Тэр охин энэ жил айл болох гэж байна.

-Та “Монгол” кинонд ямар тохиолдлоор дүр бүтээх болов?

-“Монгол” киноны найруулагч Б.Амарсайхан бид хоёр урьдын найзууд. Уул хаданд явж байгаад танилцаж байсан юм. Намайг “Сайн эрийн дүрд тоглооч” гэсэн. “Хэзээ вэ” гэтэл хадлангийн цагаар таараад байв. Кинонд тоглохын тулд өвсний ажлаа гүйцэд хийж чадаагүй. Нойтноор нь хадаж, ачаад хашаандаа буулгаж үлдээгээд явсан. Манай гэр бүлийн хүн хүүхдүүдтэйгээ өвсөө хатааж, хураасан байна лээ.

-Таныг дахин кинонд тоглуулах санал ирвэл хүлээж авах уу?

-Авна аа. Миний чадах юм л байвал хамаа алга.

-Кинонд тоглох танд хэр сонирхолтой ажил санагдав?

-Ер нь зүгээр шүү. Кинонд тоглоход өөрийнхөөрөө байх нь л чухал санагдсан. Хориод настайдаа би морь малтай ноцолдох дуртай, хаана ажил байна тэр бүхэнд очиж тусалдаг байлаа. Бид биеэрээ мод цагаалж, түлээгээ нуруу шараар бэлдэж, ачдаг байлаа шүү дээ. Гар хөрөөгөөр мод хөрөөдөх нь бидний эрүүл мэнд, биеийн хөгжилд тустай байсан санагдана. Өнөөгийн залуус ажил хийнэ гэхээс айдаг, бие биедээ тусч, нийтэч зангүй болсон харагддаг. Нэг найзынх маань түлээ ачихаар болбол бүгд цуглаж, уулнаас мод буулгаад, шөнөжин хөзөр тоглонгоо ээлжилж түлээг нь хөрөөдөөд хонодог сон. Ингэж л бие биедээ тусалдаг, нийтэч амьдарлаа. Харин сүүлийн үед нэг өрөөнд орж суусан ч гоё яриа дэлгэхээс илүү утсаа төнхөж суухыг л илүүд үздэг болж амьд харилцаа байхгүй болоод байх шиг санагдах юм.

-Та хэдий үеэс барилдаж эхэлсэн бэ?

-Бага сургуульд байхдаа л барилддаг байсан. Бид дотуур байрандаа, ангидаа ч ноцолддог байлаа. Хавар, намартаа голын эрэгт очоод талцаж байгаад барилдчихна.

Ер нь ах нь хүнд тус болж явахыг л хичээдэг. Гэртээ юм хийж суухад хүн утсаар залгаад ямар нэгэн тус гуйвал өөрийнхөө хийж байсныг хаяад хүний ажил руу явчихдаг. Хүнд тус болж явахад тэр хүн надад хариу туслахгүй ч байж болно. Хэзээ нэгэн цагт миний хүүхдүүдэд туслалцаа хэрэгтэй болоод хэн нэгнээс гуйхад харин тусалж байвал болох нь тэр.

-Ер нь аймгийн цолонд зүтгээд үзье гэж бодож байв уу?

-Тэгж бодож байгаагүй. Одоо ч ер нь боддоггүй. Надад сумын наадмын түрүүгээс илүү нэг үзүүр байдаг юм. Гурван жилд нэг удаа болдог “Дархадын хурд-2” наадмаар дөрвийн даваанд аймгийн заан М.Батсуурийг, тавын даваанд тэр жил аймгийн наадамд түрүүлээд ирсэн шинэхэн арслан Н.Мөнгөнхуягийг, зургаагийн даваанд аймгийн начин Р.Баатарыг хаяж, үзүүрт сумын заан Б.Батжаргал найздаа унасан. Гэхдээ тэр барилдаанд гурван аймгийн цолтныг эр зоригоороо хаяж үзүүрлэсэн учраас хэрэв эрэмбэлдэг бол сумын наадамд түрүүлснээс илүү амжилт гэж боддог. Би 2005 онд Улаан-Уул сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цолонд хүрсэн. “Дархадын хурд-2” наадамд үзүүрлэсэн маань сумын заан цолонд хүрсний дараахан буюу тэр жилийн намар юм. Би ер нь л хурдтай барилддаг онцлогтой.

-Завдал гардаггүй байв уу, эсвэл аймагт барилдахыг хүсдэггүй байсан уу?

-Аймаг руу очиж барилдаад яах вэ дээ л гэж боддог байсан. Харин 2006 онд аймгийн аварга шалгаруулах барилдаанд зодоглож байв. Улсын арслан Ц.Содномдорж тэр үед сумын заан цолтой байлаа. Тойргийн барилдааны дүнгээр Ц.Содномдорж, аймгийн арслан Ж.Жамъянсэнгэ, Г.Батням нар эхний байруудад, улсын начин Амарын Батмөнхийн ах А.Баянмөнх намайг хаяснаар дөрөвдүгээр байрт шалгарч, би тавдугаар байраар мултарч байлаа. Адуу малтай ноцолддог хөдөөгийн амьдрал маань надад бөхийн бэлтгэл болдог байсан. Адуунаас хурдтай хөдлөхгүй л бол гараас алдагдчих гээд байдаг юм. Залуудаа мориныхоо эмээлийг нь авч аргамжиж тавиад, найм орчим километрийн зайд байх айл руу гүйчихдэг байсан. Замдаа зогсохгүй гүйсээр айлынхаа наахна нь хэсэг амьсгалын дасгал хийж байгаад нөгөө айлдаа орж хэргээ бүтээчихээд гэр рүүгээ буцаад гүйчихнэ. Биеийн амрыг бодож, эмээлтэй мориороо шогшуулалгүй, аргамжиж тавиад гүйж байсан нь өөрийгөө дайчилдаг байсны илрэл юм болов уу гэж одоо боддог юм.

-Та Ц.Содномдорж арслантай хэчнээн удаа барилдаж байв?

-Нэг л барилдсан. Ёстой гарынх нь үзүүрт л унасан даа.

-Тэр үед Ц.Содномдорж арслан аргагүй ид томорхож барилддаг байсан байлгүй?

-Жинхэнэ “цойлж” эхэлсэн үе нь шүү дээ.

-Танд бөхийн багш байдаг уу?

-Миний бөхийн багш аймгийн заан М.Батсуурь. Намайг багийн төвийн сахиулаар ажилладаг байхад багш маань багийн Засаг даргаар сонгогдож ажиллах болсноор надтай ойр байсан. Би сумын начин цол хүртсэн жилээ барилдаж амжилгүй цэрэгт явж, жилийн дараа халагдаж ирээд Өлийн овооны баярт түрүүлэхэд багш маань “Өөрийгөө дайчилж, бэлтгэлээ сайн хийгээд барилдаарай” гэсэн. Би ч бөхөөр барилдана гэж бодоод архи, тамхи хэрэглэдэггүй байсан.  

Бид хэдий ан гөрөөнд сонирхолтой байлаа гээд буга, хүдэр мэтийн ховор амьтан агнахгүй. Намар гахайн авд л морддог.

-Та хэдэн настайгаасаа эмнэг сургаж эхэлсэн бэ?

-Бараг арван настайгаасаа л эмнэг адуу унаж эхэлсэн дээ. Одоо ч эмнэг булгиулдаг. Гэхдээ бас хаа нэг унадаг л болсон байна лээ. Урьд нь морь булгихад унах гэдгийг огт боддоггүй байлаа. Унадаг ч үгүй байсан. Би ээжтэйгээ өссөн хүн. “Цаатан” Бадам гуай гурван охинтой, арваад хөвүүдтэй байсан. Дунд охин нь манай ээж юм. Ээж маань нөхөрт гараагүй, бэлэвсэн. Гадаа гарч эр, гэрт орж эм болж явсаар биднийг хүн болгож хүмүүжүүлсэн. Одоо дал гаруй настай буурал нутагтаа байгаа. Бид эхээс тавуулаа. Гурван хөвүүн, хоёр охин. Би яг дундах нь.

-Ах, дүү хоёр тань бөхөөр барилддаг уу?

-Барилдаагүй. Уг нь манай ах надаас илүү бяртай. Их хөдөлмөрч хүн. Дүү маань надаас өндөр.

 -Та наадамд морь сойж байв уу?

-Үгүй ээ. Морь уяж үзээгүй. Наадам ойртоход морь уяхаас илүү өөртөө анхаардаг байсан л даа. Би наадмын өмнөх бөхчүүдийн цугларалтад гардаггүй, гэртээ л бэлтгэлээ хийдэг байсан. Адуу малтайгаа ноцолдоно, гүйнэ. Хаа нэг найз нөхөдтэйгөө очиж ноцолдоно. Өдгөө хүүхдүүд айлын гадаа ноцолдоод байх нь ховор болж. Бид бага байхдаа айлд таарвал дээл, хувцсаа тасартал ноцолдсоор харьдаг байлаа. Тэгээд ээждээ загнуулаад л.

-Дархад зон цагаан адуугаараа алдартай. Өдгөө дархад цагаан адуу хэр элбэг байдаг юм бэ? 

-Одоо ер нь ховордсон шүү дээ. Хоёрт, наад талынхаа сумдын адуутай нийлээд зүсний хувьд өөрчлөлтөд орчихсон. Дархадын хотгороор цас их унадаг тул тэндэхийн адуу байгалийн шалгуурт тэсвэртэй. Цас хэдий чинээ их орсон байлаа ч дор нь байгаа өвсийг цавчаад иддэг, хад асга, шавар усанд унаж явахдаа амыг нь суллахад өөрөө замаа олоод явчихна. Намаг дундах хэсэгхэн довыг алдалгүй гишгэлнэ шүү дээ.

-Та ан гөрөө хэр сонирхдог вэ?

-Бараг ан авын мэргэжилтэй.

-Танай нутаг орчим чинь Улсын тусгай хамгаалалттай газарт ордог билүү?

-Оролгүй дээ.

-Тэгэхээр ан гөрөөний хориг нь хэцүү байдаг биз? 

-Бид хэдий ан гөрөөнд сонирхолтой байлаа гээд буга, хүдэр мэтийн ховор амьтан агнахгүй. Намар гахайн авд л морддог.

-Бөхчүүдийн амьсгаа задгай байдаг болохоор сайхан дуулах тал ажиглагддаг. Та дуулдаг уу?

-Дуулна аа. Дархад дуу нэлээд сайн мэднэ.

-Та гарын ур дүйгээр хэр вэ?

-Тийм нарийн уран ч биш. Гэхдээ мод, төмрөөр өөрт хэрэгтэй юмаа хийнэ. Хазаарын амгай, гадсаа төмрөөр дархалчихна, эмээл төхөөрчихнө, сур элдэх, хазаар, чөдөр зангидах ажилд хүн гуйхгүй.

-Монголчууд сумын наадмыг хамгийн гоё гэдэг. Морь нь ч, бөх нь ч танил. Танд энэ хэр үнэн санагддаг вэ?

-Тэр үнэн. Морьдын цуваа үзээд зогсож байхад таньдаг морь, танил хүүхэд түрүүлж барианд орж ирэхээр “хамар хорсдог”. Би бас их уян л даа. Ер нь ах нь хүнд тус болж явахыг л хичээдэг. Гэртээ юм хийж суухад хүн утсаар залгаад ямар нэгэн тус гуйвал өөрийнхөө хийж байсныг хаяад хүний ажил руу явчихдаг. Хүнд тус болж явахад тэр хүн надад хариу туслахгүй ч байж болно. Хэзээ нэгэн цагт миний хүүхдүүдэд туслалцаа хэрэгтэй болоод хэн нэгнээс гуйхад харин тусалж байвал миний үйлдсэн буян тэгж үлдэх болов уу гэж боддог. Эхлээд хүнд тус хийсэн байхад дараа нь хүнээс тусыг авахад сайхан. Би дөрвөн хүүхэдтэй. Гурван охин, нэг бандитай. Бага маань эрэгтэй, хүүгээ бөх болгох бодол бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.