Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан найруулагч П.Золжаргалын “Шат” богино хэмжээний киноны нээлт өнөөдөр боллоо.
Монголын урлагийн зөвлөл “Бид чадна – Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд 2019 онд уг киног бүтээсэн ч цар тахлын улмаас нээлт хойшлон өнөөдрөөс эхлэн монгол үзэгчдийн хүртээл болж байна. “Шат” богино хэмжээний киноны тухай онцлох есөн баримтыг хүргэе.
#1 “Шат” богино хэмжээний кино нь 38 дахь удаагийн Чикагогийн Олон Улсын Хүүхдийн Кино наадмын тэргүүн шагналыг хүртэж, Оскарын шилдэг богино кино төрөлд оролцох эрхтэй болоод буй.
Мөн Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан "Short Shorts Film Festival & Asia" олон улсын кино наадмын "Biogen Award" тусгай төрөлд, Оскарын наадмын өнгийг тодорхойлогч хэмээгддэг АНУ-ын "Cinequest" кино наадамд тус тус шалгарч байв.
#2 Кинонд Австрали уран бүтээлчид хамтран ажилласан нь продюсер, зохиолч Женевив Клэй Сми, туслах продюсер Сара Жэйн Жонсон, кино зураглаач Лизз Вернон нар юм. Киноны пост продакшныг 100 хувь Австрали улсад хийсэн нь онцлог.
#3 Дүрийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, гол дүрүүдэд мэргэжлийн бус жүжигчид тун чадварлаг дүрээ бүтээжээ.
#4 Кино багт нийт 65 хүн ажилласан бөгөөд СУИС-ийн Медиа анимейшн ангийн оюутнууд хамтран гурав хоногийн дотор киноны зураг авалтыг дуусгажээ.
#5 12 минутын энэхүү богино киног үзсэнээр таны сэтгэлд илэрхийлж хэлэхэд хэцүүхэн боловч бодууштай тодхон мэдрэмж төрж, дэргэдэх барилгынхаа шатыг онцолж харна гэдэгт итгэлтэй байна.
#6 Кино багт 18-35 насны хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэхийг зорин оролцон бүтээсэн нь гайхалтай.
#7 Залуу найруулагч Д. Золжаргал "Манай киноны арын албанд 18 залуу ажилласан. Тэд өөрсдийн хариуцсан ажлыг үнэнчээр хийж чаддаг, хариуцлагатай, үргэлжийн инээмсэглэл цацруулж явдаг чадварлаг залуус” хэмээн онцлон дурдсан юм.
#8 "Шат" киног "Голомт" банк хамт олноороо үзээд банкныхаа харьяат болон эзэмшлийн талбайн шатыг шинэчлэн стандартын дагуу бүтээсэн байна.
#9 "Шат" кинонд гэр хороололд амьдардаг, үсчин болох мөрөөдөлтэй Сонор гэх залуу үсчний сургалтад сурахаар шийдэж буйг өгүүлнэ. Түүний өмнө даван гарах ёстой төрөл бүрийн шат тулгарах аж.