UBLife Logo
Спорт

'Turning points' сурвалжилга | Ирэх цаг гэдэг бол би

У.Чинзориг
У.Чинзориг
'Turning points' сурвалжилга | Ирэх цаг гэдэг бол би

Мэргэжлийн тамирчны зодог тайлсны дараах амьдрал

Тамирчны замнал дэвжээн дээр дуусч болох ч, амьдрал үргэлжилнэ. Хүмүүс янз бүрийн л зүйлд дурладаг. Гэтэл тэр бүх зүйл насан туршид нь тохирч, дагахгүй. Тийм ч учраас тамирчны зодог тайлсны дараах амьдрал гэж бий.  

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл “Тамирчид спортоос эрч хүч, өөрийгөө дайчлах мэдрэмжийг авч байдаг. Тэр тусмаа тамирчин болгонд сэтгэл зүйн хувьд хүчирхэг байх, өөрийн сэтгэл зүйг удирдах арга техник бий. Харин зодог тайлах үед тухайн тамирчны оюун санаанд маш олон төрлийн сэтгэл зүйн өөрчлөлтүүд өрнөнө. Ингэхдээ зан үйлийн өөрчлөлт болоод сэтгэл зүйн тогтворгүй байдал бий болж, нойргүйдэх, түгших, ой муудах зэргээр дасан зохицох эмгэгт өртөх нь бий. Мөн спортын өрсөлдөөнөө үгүйлэх, тэмцээнд оролцмоор санагдах үе олон тохиолддог. Тэгэхээр тамирчид зодог тайлаад дараагийн хийх ажил, зорилгоо богино хугацаанд тодорхой болгох, шинэ сонирхлоо нээн хөгжүүлэх хэрэгтэй. Энгийн амьдралд шилжихэд тухайн хүний амьдралын хэв маяг болоод зан төлөв бэлтгэгдээгүй байдаг. Ялангуяа бэртэл  гэмтлээс болж зодог тайлсан тохиолдолд таагүй дурсамж, гомдол харуусал, спортын тухай яриа эмзэг сэдэв болж хувирах нь ч бий” хэмээн тайлбарлав.  

Ялалт, ялагдал буцалсан дэвжээнээсээ бууж, өндөр дэглэмтэй бэлтгэлээ орхиж, нэг л өдөр эгэл хүний амьдралд хөл тавих нь мэргэжлийн тамирчдад хэрхэн тусдаг бол. Мэдээж амаргүй. Бид энэ асуултын хариултыг хайж чөлөөт бөхийн спортод од болон гялалзаж асан тамирчны зодог тайлсны дараах амьдралд “саатаж”, эгэл амьдралд хэрхэн дасаж буйг нь сурвалжилсан юм.


Зодог тайлах болсноо зарлаж дэвжээндээ хүндэтгэл үзүүлээд "Энэ заалнаас л хурдан гаръя даа” гэж бодсон.Тухайн үед “Ийм муухайгаар миний спортын замнал дуусч байгаа юм уу” гэж л бодогдсон доо...

Дэвжээнд мөргөх агшнаа нүдэнд нь нулимс тунарч, борцовкаас адис авч буй эмэгтэйн зураг. Дээд талд нь “Монголын чөлөөт бөхийн тод од дэвжээндээ хүндэтгэл үзүүлж зодог тайллаа” гэсэн гарчиг нүднээ дурайж байв. Тэр бол Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа чөлөөт бөхийн спортоос зодог тайлсан тухай хэвлэлийн мэдээ байсан юм. Агуулга дотор нь “Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн медаль авсан анхны монгол тамирчин төдийгүй Монгол Улсын нэрийг дэлхийн дэвжээнд сүүлийн 10 гаруй жил тахалсан” гэж О.Насанбурмааг тодорхойлоод үргэлжлүүлэн түүний гаргасан амжилтуудын урт жагсаалтыг он цагийн дарааллаар онцолжээ. Энэ үйл явдлаас яг нэг жилийн дараа түүнтэй уулзаж байна. Зодог тайлах болсноо олон нийтэд зарлах агшинд юу бодогдсон талаар асуусанд дээрхийг өчөөд үргэлжлүүлэн “Цаг сайхан болохоор өөрийнхөө нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярьж байна.

Тэрбээр чөлөөт бөхөөр 2003 оноос эхлэн хичээллэж, амьдралынхаа 18 жилийг энэ спортод зориулжээ. “Тэмцээнд амжилт гаргаад түүндээ урамшдаг юм. Сүүлдээ ч бэртэл гэмтэл авах нь олшроод халширсан л даа. Өнгөрсөн оны гуравдугаар сард гэхэд л хоёр шагайндаа гэмтэл авсан. Нэг шагайныхаа ясыг цуулаад, долоо хоногийн дараа нөгөө шагайныхаа зөөлөн эдийг нь гэмтээчихсэн юм. Тэгээд л урам зориг маань мохсон. Уг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод санаснаа гүйцээчихье гэсэн тамирчин хүний амжилтын шунал байсан л даа. Тэгтэл сорилго тэмцээнд аваргын төлөө барилдаж байгаад мөрөө мулталчихсан. Хүн өөрөө өөрийгөө ялан дийлж, дутуу бүхнээ гүйцээхийн төлөө хөдөлмөрлөж чаддаг. Гэхдээ ямар ч тамирчин бэртэл гэмтлийг давж чаддаггүй” хэмээн өчих түүнд олимпын медаль л дутуу. Тамирчин болгон олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авахыг хүсч мөрөөддөг. Хүн төрөлхтөн үргэлж төгс төгөлдөрт тэмүүлж, түүний төлөө зүтгэдэг жамтай хойно доо. 

Олимпын аварга болох зорилгодоо хөтлөгдөж л өдийг хүртэл бэлтгэл сургуулилалт хийв. Монголын чөлөөт бөхийн холбооноос 2021 оны Токиогийн олимпод хэн эрх авснаас үл хамааран сорилго тэмцээн зохион байгуулж сайн бэлтгэлтэй байгаа тамирчнаа явуулна гэж багш дасгалжуулагч нар ярьж байсан. Гэхдээ яг байдал дээрээ сорилго тэмцээнийг зохион байгуулаагүй. Урьд нь 2012 онд надад шударга бус хандсанд сэтгэл гонсгор байдаг. Ид хурцлагдсан үедээ олимпод орохыг хүссэн. Миний олимпод оролцох боломжийг шууд өөр хүнд шилжүүлсэнд дотроо их харамсдаг. Тамирчны амьдралын хүнд хэцүү бүхнийг даван туулаад тэмцэж байхад яагаад ингэж хандаж байгаа юм бэ гэсэн гомдол хэсэг хугацаанд тээж явдаг байлаа” хэмээн ярив.

Зодог тайлсныхаа дараа сар орчим шокноосоо гарахгүй байлаа. Мөр маань янгинаад унтаж болохгүй багагүй хугацаанд намайг зовоосон учраас маш их уйлсан. Түүнээс хойш спорт гэхээр л өөрийн эрхгүй зүрх шимшрээд байдаг болчихсон байна лээ. Дахиж барилдахгүй гээд бэлтгэлийн хувцас, трикогоо ил байлгаж чадалгүй далд нуучихсан. Гэтэл нэг өдөр гавьяат тамирчин Б.Оюунсүрэн найз маань залгаад “Миний найз хүрээд ир, хамт тэмцээн үзье” гэсэн. Өөрөө өөрийгөө л дарж байсан болохоос бөх гэхээр догдолдог хэвээрээ л байсан юм билээ. Шууд гараад л гүйнэ шүү дээ. Дүү нарынхаа барилдааныг үзэж, сэтгэл санаа нэг их сайхан болсон.

О.Насанбурмаа гавьяатын зодог тайлсны дараах амьдрал тун ч завгүй өрнөж байна. Цагдаа нарын ажил барагдах биш дээ. Тэрбээр 2007 оноос ЦЕГ-ын “Хүч” спорт хороонд харьяалагдаж байсан. Харин 2013 оноос ЦЕГ-ын харьяа Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газарт жижүүрийн цагдаагийн ажил хашиж байгаа аж. Цагдаагийн байгууллага спортын олон төрлөөр тэмцээн зохион байгуулдаг нь түүнд өөрийгөө ахин сорих урам өгч байна. Ажлын чиг үүрэг, орчин, хамт олон гээд бүхий л өөрчлөлт нь одоо түүнд цоо шинэ сорилт болжээ. Түүний хувьд шинэ ажилдаа 2021 оны арванхоёрдугаар сарын дундуур ороод буй аж.  

Өмнө нь бичиг цаасан дээр удаан хугацаагаар сууж байгаагүй болохоор эхэндээ хэцүү байсан. Хамт олонтойгоо дотносоод ирэхээр нөхцөл байдал өөрчлөгддөг юм байна. Шинээр сурах зүйл маш их байгаа. Олон зүйлээс хоцрогдсон байна. Тамирчид гагц бэлтгэл сургуулилалтдаа анхаараад бусад талаараа өөрийгөө хөгжүүлэх боломж хомс шүү дээ. Чөлөөт цаг олдвол аль болох өөрийгөө амраах л хэрэгцээ байдаг” хэмээв. Тэрбээр шинэ ажилдаа хэдийн дадсан ажээ. Залуучуудын болон насанд хүрэгчдийн дэлхийн АШТ-ий зургаан медальтай, Азийн аваргын дөрвөн медальтай, Дэлхийн цомын дөрвөн медальтай, Монгол Улсын гурван насны ангиллын аварга шалгаруулах тэмцээний 15 удаагийн аварга тамирчинд ч тэр бүх сорилт өөр байгаагүй. Харин тамирчин байх хугацаанд суулгасан өөрийгөө удирдах чадвар, тууштай, хөдөлмөрч чанар өөртөө итгэх итгэл нь түүнийг шинэ амьдралд хурдан дасан зохицоход нь тусалсан гэлээ.

Өдөрт гурван удаа бэлтгэл хийхээр их ядардаг. Өглөө 7:00 цагаас эхний бэлтгэлдээ гардаг байсан. Нүдээ нухлангаа хоёр хөлөө арайхийн зөөж “Жаахан ч болов унтчих юм сан” гэж боддог байлаа. Амралтын өдөр бол 10:00-11:00 цаг хүртэл унтана. Харин одоо өглөөний 6:00 цагт сэрдэг. Их унтлаа гэхэд амралтын өдөр 8:00 цагт босно. Гэрийн эзэгтэй учраас өглөө эрт босож хоол унд бэлтгэхээс эхлээд ажил их. Заримдаа ажлаас болоод гэрээ ч бүрэн цэвэрлэж амждаггүй. Өглөө ажилдаа явахын өмнө гялс хогоо шүүрдчихээд, орой ажлаасаа ирээд шалаа угаадаг. Амралтын өдрүүдэд л гэртээ бүтэн цэвэрлэгээ хийх завдал олдоно. Гэхдээ завгүй байх тусмаа бүх зүйлийг амжуулахыг хичээж байна. Тамирчин байхад амрахыг их хүсдэг байлаа. Бэртлээс болж халширдаг байсан учир амарч өөрийгөө бүх юманд чөлөөтэй тайван байлгах юм бол амьдрал өөр болно гэж боддог байсан юм. Бэртлээс болж зодог тайлсан учраас жаахан харуусалтай санагдсан. Гэвч нэгэнт мөрөө мулталчихсан учраас цаашид барилдана гээд яах вэ дээ. Хагалгаа гээд бүр хүнд шатанд нь хүргэснээс эртхэн больсон нь дээр байх гэж бодсон. Гэхдээ зодог тайлах бол гэнэтийн шийдвэр байлаа. Урьд нь энэ талаар бодож, бүр төсөөлж ч байгаагүй. Тиймээс зодог тайлсныхаа дараа сар орчим шокноосоо гарахгүй байлаа. Мөр маань янгинаад унтаж болохгүй багагүй хугацаанд намайг зовоосон учраас маш их уйлсан. Түүнээс хойш спорт гэхээр л өөрийн эрхгүй зүрх шимшрээд байдаг болчихсон байна лээ. Дахиж барилдахгүй гээд бэлтгэлийн хувцас, трикогоо ил байлгаж чадалгүй далд нуучихсан. Зодог тайлсныхаа дараа хэсэг хугацааны турш сэтгэл санааны хувьд маш хүнд дарамттай байлаа. Ямар ч зорилгогүй юм шиг санагдаж эхэлсэн. Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Улаанбаатар-2022” чөлөөт бөхийн сорилго тэмцээн зохиогдсон юм. Уг нь үзэхгүй гээд эхний өдөр заал руу зүглээгүй. Тэгтэл маргааш нь гавьяат тамирчин Б.Оюунсүрэн найз маань залгаад “Миний найз хүрээд ир, хамт тэмцээн үзье” гэсэн. Өөрөө өөрийгөө л дарж байсан болохоос бөх гэхээр догдолдог хэвээрээ л байсан юм билээ. Шууд гараад л гүйнэ шүү дээ. Дүү нарынхаа барилдааныг үзэж, сэтгэл санаа нэг их сайхан болсон. Тэрнээс хойш хүнд байдлаасаа ч гарч эхэллээ” хэмээн тэрбээр ярив. Харин бэлтгэлийн тухайд “Тамирчид бэлтгэлээ шууд зогсоож болдоггүй юм билээ. Бэлтгэл хийхгүй сар гаруй болоход л нуруу, үе мөч, зүрх өвдөөд эхэлсэн. Нөхрийнхөө найзын фитнесст очиж хөлсөө гаргахад сая бие тайвширч байлаа. Тэгэхээр ер нь спортоор олон жил хичээллэсэн тамирчин шууд хаячихаж болохгүй юм байна. Сэтгэл санаа тайвшраад ирэхээр буцаад л бөхөө боддог, дүү нараа дэмждэг, нэг хүүхдийг сайжруулахын тулд надад тусалж чадах юу байна гэх бодол эзэмдэж эхэлдэг юм байна” гэж хариуллаа. 

Дэлхийн аваргад явахынхаа өмнөхөн шагайгаа бас л бэртээчихсэн. Багш маань тэр үед надад нэг гоё үг хэлсэн л дээ. “Миний охин, чи хэтэрхий их бэлтгэл хийсэн болоод чамайг цаанаасаа амраая гээд хөлийг чинь бэртээчихлээ” гэсэн юм. Багшийнхаа хэлснээр тайвширч хэд хоног амарсан. Тэр Дэлхийн АШТ-ээс мөнгөн медаль авч байв. Энэ бол Дэлхийн АШТ-ээс авсан миний дөрөв дэх медаль байлаа.

О.Насанбурмаа гавьяат одоо дөрөв дэх их сургуульдаа суралцаж байгаа аж. Өмнө нь тэрбээр ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг тээврийн удирдлагын менежментээр, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчаар, Удирдлагын академийг төрийн захиргааны менежментээр сурч төгссөн. Харин одоо Монгол Улсын Эрдмийн их сургуульд эрх зүйн магистраар сурч байна. “Би ер нь сурах дуртай” хэмээн инээмсэглэнэ. Нэмж “Аав ээжийгээ баярлуулж чадсанаараа би бас баярлаж явдаг” гэлээ.

Спорт намайг шударга байхад сургасан. Үүнийг би амьдралаараа мэдэрч яваа...”.

Олимп, дэлхийн АШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа Иван Ярыгиний гранприд түрүүлчихээд түүн рүү холбогдон “Эгчээ танд баярлалаа. Би өөрийнхөө сэтгэл зүйг яг тань шиг бэлтгэж энэ тэмцээнд орсон. Таныг ажиглаад байхад барилдаанаас бусад үед тайван, амрах цагтаа амардаг, дэвжээн дээр гарахдаа өөрийгөө хурцалж харин бусад үед юу ч болоогүй мэт инээж хөхрөөд л байдаг. Би энэ байдлыг тань өөр дээрээ туршсан, яг тохирч байна. Энэ тамирчид дунд таны сэтгэл зүй хамгийн хүчирхэг нь юм билээ шүү” гэж хэлжээ. Тэрээр “Барилдахаа больсныхоо дараа энэ үгийг сонсоход далавч зүүх мэт сайхан санагдсан” гэлээ.

Би өөрийгөө сайн эхнэр гэж боддог. Эрэгтэй хүн гэдэг чинь хайр халамж, хоол ундаар тэтгүүлэхийг хүсдэг. Би хайр халамжаар ханиа дутаадаггүй. Хоол хийхдээ ч түүртдэггүй. Бүх төрлийн хоол хийж чадна. Харин энэ бүх ажлынхаа хажуугаар чөлөө зав гарвал гялс бэлтгэл хийж байгаа. Долоо хоногтоо нэг өдөр ч болов хөлсөө гаргахыг хичээдэг” хэмээн О.Насанбурмаа ярьсан юм.

Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол

 Ердөө л дээврээс хавар дуслах...” хэмээн яруу найрагч Ц.Гончиг нэгэн шүлгээ эхлүүлжээ. Хавар. Ирж яваа цаг. Энэ эгшинд түүний сайн сайханд тэмүүлсэн бодлыг сонсохыг урьтал болгов. Монголын чөлөөт бөхөд гэрэлт цаг ирээсэй гэж хүссэний учир тэрээр ийн өгүүлсэн юм. “Хүнээр тамирчин бүтээнэ гэдэг маш том ухаан. 2018 оны Азийн наадамд би жин өгсөж 76 кг-д барилдсан юм. Тэр тэмцээнд их л хэл амтай явсан. Барилдахынхаа өмнө гурван өдөр халуурав. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны тамирчинд ялагдлаа. Тэрхүү барилдааны дараа сошиалаар зарим хүмүүс шүүмжилж, зарим нь доромжилж байсан. Тэгэхэд барилдаж бууж ирээд хөлсөө хатааж амжаагүй байхад маань чөлөөт бөхийн зарим дасгалжуулагч нар сошиалаар “Манай шавь О.Насанбурмаагийн оронд энэ тэмцээнд явсан бол илүү сайн амжилт үзүүлэх байсан” гээд л цацсан байлаа. Уг нь тэмцээнд явахынхаа өмнө би “Сорилго тэмцээн хийе” гэсэн санал хэлж л байсан. Өөрсдөө хийгээгүй. Сорилго бол маш шударга шийдэл. Ер нь олон улсын тэмцээнд эх орноо хэн нь төлөөлж оролцох сонгон шалгаруулалтын журам тодорхой байх ёстой. Дээрх үйл явдлаас сарын дараа Дэлхийн АШТ зохиогдсон юм. Тэгтэл дэлхийн аваргад явахынхаа өмнөхөн шагайгаа бас л бэртээчихсэн. Багш маань тэр үед надад нэг гоё үг хэлсэн л дээ. “Миний охин, чи хэтэрхий их бэлтгэл хийсэн болоод чамайг цаанаасаа амраая гээд хөлийг чинь бэртээчихлээ” гэсэн юм. Багшийнхаа хэлснээр тайвширч хэд хоног амарсан. Тэр Дэлхийн АШТ-ээс мөнгөн медаль авч байв. Энэ бол Дэлхийн АШТ-ээс авсан миний дөрөв дэх медаль байлаа. Ер нь Үндэсний шигшээ багийг бүрдүүлэхдээ нэг жинд ганцхан тамирчин бэлдэж болохгүй. Хоёроос дөрвөн тамирчин боломжтой бол зургаан тамирчин бэлдэх ёстой. Нэг тамирчин гэмтэхэд дараагийнх нь яг тэр тамирчинтай дүйцэхүйц амжилттай барилдах түвшний бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэтэл монголчууд ганцхан тамирчнаа тахин шүтсээр байх хооронд бусдынх нь замнал нурдаг”. Энэ бол спортын сайн сайханд итгэдэг, түүнд тэмүүлсээр буй хүний үг.

Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол

 Ердөө л энэ гэдгийг нээх...” яруу найрагч ийн шүлгээ дуусгажээ.

О.Насанбурмаа гавьяат өнгөрсөн намар үндэсний бөхийн аймгийн начин С.Доёддоржтой хуримаа хийсэн. “Анх дотносож байх үед гадуур болзох тохиолдол олон байсан. Ядрахаа ч мэдрэхгүй  л гараад гүйчихдэг байсан даа. Одоо ч гэртээ амттай хоол хийж идээд, зурагтаараа кино үзэх нь амар санагдах болжээ. Ер нь хэн хэнийхээ цаг байдал, сэтгэл зүйн байдлаас хамаарч л асуудлаа шийддэг дээ. Бие биеэ ойлгодог, мэддэг болчихлоор тэгсэнгүй, ингэсэнгүй гэж гомдоллохоо ч больсон юм биш үү” хэмээн ярихдаа мөн л инээмсэглэнэ. Тэд Монголынхоо баруун таван аймгаар тойрч аялаад байгаа аж. Сүүлийн жилүүдэд зун болонгуут л Завхан, Увс аймаг руу зорих болсон тухайгаа ч ярилаа. “Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж, сэтгэлээ баясгах дуртай. Залуу насандаа аялж, юм үзэх хэрэгтэй, дурсамж үлдээх бидний ганц боломж энэ шүү дээ” хэмээн өгүүлэв. Мөн тэрбээр хүмүүнлэгийн ажилд ч багагүй оролцдог. “Хүн баярлахаараа нүд нь гоё болдог. Тэрийг олж харах надад таатай байдаг”.

Би сэтгэл зүйгээрээ барилддаг. Дэвжээн дээр бол характертай шүү дээ. Дүү нар маань “Дэвжээн дээр гарахаараа таны нүдний харцнаас эхлээд байгаа байдал тань өөр болчихдог” гэдэг. Өөрөө тэрийгээ анзаардаггүй байж. Нэг бичлэгээ үзтэл дэвжээн дээр гарах үед миний харц ширүүн болчихдог юм билээ л дээ. Гэхдээ нэг сайн чанар маань багшийнхаа үгийг сонсдог байсан. Миний өдий зэрэгтэй яваа нь багш нарын маань гавьяа гэж боддог. Чөлөөт бөхөд хайр татсан хөдөлмөрч дүү нар бий. Одоо бол тэдэнд зөв цагт нь үнэтэй зөвлөгөө өгчих юм сан гэж боддог болсон”.

Нэг жинд барилддаг байсан эгч надад “Бүх зүйлийг ойлгоод, нээрэн бөх гэдэг чинь ийм юм байна гээд ухаарах насандаа нэг мэдэхэд барилдах хугацаа дуусчихсан байна” гэж хэлж байсан. “Аа нээрэн бөх чинь ийм юм байна. Одоо л нэг овоо барилдах нь дээ” гээд бодож эхэлтэл би ч бас зодог тайлах болчихсон...”.

Өөр амьдралын хэмнэлд эргэлт буцалтгүйгээр шилжинэ орсон түүнд тамирчин байсан цаг хугацаа хэдийн дурсамж болжээ. Эргэн санахад сайхан ч хэт бодвол өвтгөж мэдэх эмзэг гэхдээ уужрах тусмаа алдааг нь уучилж, өргөстэй, хялгастай нь хайрлах, гагц гэгээнээр тэмтрэх тийм л бүтэн дурсамж болох биз ээ. Ямартаа ч тэмтрэхээс ч халгадаг байсан халуун цагаас уужран бодож, уучлах орон зай улам урган дэлгэрч буй нь сайны дохио гэлтэй.

Сайн хөдөлмөрлөөд нэг дээшээ гараад ирчихлээр ер нь л томчуудтай үздэг болчихдог юм шүү дээ. Багш маань намайг тайвшруулж, харин яг дэвжээнд гарах үед гоё үгээр хурцалж өгдөг байсан. Би сэтгэл зүйгээрээ барилддаг. Бэлтгэл дээр ч, барилдахдаа ч өөрийгөө бүрэн дайчилдаг байсан. Дэвжээн дээр бол характертай шүү дээ. Дүү нар маань “Дэвжээн дээр гарахаараа таны нүдний харцнаас эхлээд байгаа байдал тань өөр болчихдог” гэдэг. Өөрөө тэрийгээ анзаардаггүй байж. Нэг бичлэгээ үзтэл дэвжээн дээр гарах үед миний харц ширүүн болчихдог юм билээ л дээ. Гэхдээ нэг сайн чанар маань багшийнхаа үгийг сонсдог байсан. Миний өдий зэрэгтэй яваа нь багш нарын маань гавьяа гэж боддог. Чөлөөт бөхөд хайр татсан хөдөлмөрч дүү нар бий. Одоо бол тэдэнд зөв цагт нь үнэтэй зөвлөгөө өгчих юм сан гэж боддог болсон”.

О.Насанбурмаа гавьяатын шинэ ажил нь зав чөлөөгөөр бага тул одоохондоо өөр спортын төрлөөр хичээллэж үзэх оролдлого хийж амжаагүй байгаа аж. Уг нь түүнд буудлагын спортоор өөрийгөө сорьж үзэх нууцхан хүсэл бий гэнэ. “Турникнээс зүүгдэж үзсэн чинь мөр маань өвдөж л байна лээ. Мөр өвдөхөөс гадна хоёр өвдөг маань гацаад байдаг. Өсгийтэй гутал өмсөөд явж чаддаггүй. Бас нуруу өвддөг. Цаашдаа өөрөөр яахыг таашгүй шүү дээ. Зодог тайлсны дараах амьдрал маань дөнгөж л эхэлж байхад хоёр өвдөг гацаад, мөр, нуруу өвдөж байгаа нь санааг маань чилээж байна” хэмээн сэтгэл зовнингуй өгүүлэв. Ярилцлагын төгсгөлд тэрээр “Цаг үргэлж намайг сайн сайхан амьдраасай гэж ерөөдөг хүмүүстээ маш их баярлалаа” хэмээн өчихөд түүний нүднээ баяр баяслын халуун оч дүрэлзэж байлаа. Зодог тайлсны дараах амьдрал түүний хувьд эхлэл бас төгсгөл ч биш...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.