UBLife Logo
Спорт

Улсын заан Б.Бат-Өлзийн тухай сонирхолтой ДОЛООН баримт

Улсын заан Б.Бат-Өлзийн тухай сонирхолтой ДОЛООН баримт

Ирэх сард Монгол даяар Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817 жилийн ой Үндэсний их баяр наадам тэмдэглэх билээ. Бид өнөө жилийн баяр наадмаар цолоо ахиулах, дээгүүр даваанд хүрч барилдах магадлалтай хэмээн сар шинийн барилдааны түрүү бөх Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Баярхүүгийн Бат-Өлзийн тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.


#1 Барьц алдадгүй, нягт барилдаантай

Баргийн мэхэнд барьц алддаггүй, тун нягт барилддаг Б.Бат-Өлзий зааныг хазайлгана гэдэг ямар ч бөхөд бэрх даваа байх нь тодорхой. Ялангуяа дүүрэн барьцанд хүрчихсэн үед барилдаан түүнийх боллоо л гэсэн үг. Өнгөрсөн жилийн наадмаар наймын даваанд Б.Орхонбаяртай 47 минут барилдаад, унасан билээ. Гэхдээ Б.Орхонбаярыг өмнөх даваанд улсын арслан Ц.Содномдорж амлан авч, гар амар давуулсан тул түүнээс арай цуцаа багатай байсныг санах хэрэгтэй. Харин Б.Бат-Өлзий, долоогийн даваанд улсын харцага Н.Золбоотой хүч шавхан барилдсан билээ. Н.Золбоо 2018 онд Б.Бат-Өлзийгөөр тав давж, улсын начин цолонд хүрсэн ба тухайн үед Б.Бат-Өлзий яарч барилдаад, мэхээ дутуу даалгаснаас унаж байв. Тиймээс ч өнгөрсөн жил Н.Золбоог амлахдаа илүү нягтарч барилдсан нь түүнийг багагүй цуцаасан байх магадлалтай.


#2 Өнөө жилийн өнгийг шинжвэл

Өнгөрсөн жил наадмын өмнөх сорилго барилдаанд түрүүлж, улсын наадмаар Их шөвөгт шалгарсан тэрээр төдийгөөс өдийг хүртэлх 12 барилдаанд зодогложээ. Эдгээрээс гуравт нь түрүүлж, хоёр удаа үзүүрлээд байна. Онцолбол, бүх л том цолтонгууд зодоглож, тухайн жилийн наадмын өнгийг тодорхойлдог сар шинийн барилдаанд түрүүлж, мөн гуравдугаар сард хоёр өдөр дараалан зодоглохдоо хоёуланд нь түрүү, үзүүр булаалдсан юм. Энэ нь түүнийг өнөө жил хэр өнгөтэй байгааг бэлхэнээ харуулсан билээ.


#3 "Улсын наадамд түрүүлнэ, дархан аварга болно л гэж бэлтгэлээ хийдэг"

Өдгөө 31 настай Б.Бат-Өлзий заан Улсын наадамд түрүүлнэ гэсэн зангарагтайгаар ногт зангидаж, зодоглох биз ээ. Тэрээр ярилцлагадаа "Би Улсын наадамд түрүүлнэ, үндэсний бөхийн оргил цол дархан аварга болно л гэж бэлтгэлээ хийдэг. Өөрийгөө ч дайчилдаг. Тунаж барилддаг даваануудаа гэтэлчихвэл түрүүлнэ л гэж боддог доо" хэмээн дурдсан нь ч үүнийг нотлох мэт ээ. Өнгөрсөн жил О.Хангай улсын аварга цолонд хүрсэн учраас Ховд аймгийн бөхчүүдээс Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан нар өнөө жил түрүү байрын төлөө зүтгэж барилдах боломжтой юм.


#4 Гол өрсөлдөгч Б.Орхонбаяр

Б.Бат-Өлзий Улсын наадамд түрүүлэхийн тулд Б.Орхонбаяр хэмээх том арангыг давах ёстой. Б.Орхонбаяр өнгөрсөн жил Б.Бат-Өлзийг давж арслан цолонд хүрсэн төдийгүй 25 насны торгон ирэндээ, уран мэхээрээ ямар ч бөхийг унагах боломжтой хамгийн эвгүй учраа юм. Тэд анх 2021 онд улс тунхагласны ойн барилдаанаар үзүүрт таарч, Б.Орхонбаяр давж байв. Түүнээс нэг сарын дараа Хоршоологчдын холбооны 100 жилийн ойн барилдааны Их шөвөгт тунахад Б.Бат-Өлзий давсан юм. Тэрнээс хойш Б.Орхонбаярт гурав дараалан өвдөг шороодож, харин хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард тунаж барилдаад Б.Бат-Өлзий даваад байна. Тэд улсын наадмын дээгүүр даваанд тунаж барилдах магадлал өндөр билээ.


#5 Хоньчин хүүгээс сумын заан цолонд хүрсэн нь

Тэрээр 16 настайдаа хонио хариулж байгаад сумын заан цолонд хүрсэн байдаг. Тэр жил Зэрэг сумынхаа наадамд зодоглож, дөрвийн даваанд өвдөг шорооджээ. Уг нь наадмаас өмнө Зэрэг суманд зохиогдсон таван ч өдөрлөгт түрүүлчихсэн, заан болно гэсэн дүүрэн итгэл үнэмшилтэй хүү байж. Уначихаад тэр оройноо Чандмань сумыг зорьжээ. Улмаар Чандмань суманд Ховд аймгийн бүх сумдаас шалгарсан сумын заан, залуу бөхчүүд тойргоор барилдахад тэрээр заан цолонд хүрчээ. 


#6 Барилдаан алгасаагүй заан

Б.Бат-Өлзий сумын заан цолтой байхаасаа эхлэн заалны барилдааныг алгасалгүй зодогложээ. Энэ нь түүний барилдах хүсэл эрмэлзлээр хэр дүүрэн байдгийн нотолгоо мэт ээ. "Нэг барилдаанд зодоглоход хэдэн өдрийн бэлтгэлтэй тэнцэх хэмжээний үр дүн гардаг. Үнэн хүчийг үзэн, сарвайтлаа барилдаад ганц давах хичнээн сайхан гэж санана. Давааныхаа мөнгийг өвөртлөх үнэ цэнтэй,амттай байдаг даа" хэмээн тэрээр ярьсан байдаг.


#7 Арслангийн эрэмбэтэй заан

2021 онд цар тахлын улмаас Үндэсний их баяр наадам завсардсан ч Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан барилдаан болж, 512 бөх зодоглосон билээ. Тухайн барилдаанд Б.Бат-Өлзий харцага цолтой барилдаж, ес давж үзүүрлэсэн юм. Уг барилдааны амжилтаар цол, эрэмбэ олгох тухай асуудал өдгөө ч яригддаг хэвээр бөгөөд хэрэв хэрэгжвэл Б.Бат-Өлзий улсын арслан цол хүртэх учиртай. Тиймээс түүнийг бөх сонирхогчид арслангийн эрэмбэтэй заан гэж үнэлдэг билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\52.221.224.17
ЗОЧИН\52.221.224.17