Ганцаараа үүргэвчтэй аялалд явах болсон үүдэл шалтгаанаас эхэлье.
Намайг Ананд гэдэг. Би Ub.life сайтад гэрэл зурагчнаар ажилладаг. Долоон жил хичээж, өөрөө өөртөө тууштай байсны үр дүнд сэтгүүлүүд дээрх зургуудыг нь үзэж бяцхан атаархлаар чимээгүйхэн мөрөөддөг байсан ажилдаа өнгөрсөн оны 9-р сард орсон юм. Зүгээр л гудамжаар хэрэн алхаж хэнтэй ч ярих шаардлагагүйгээр өөрийнхөө хүсэлд нийцсэн зургуудыг дарж сэтгэлээ дүүргэдэг байсан надад харин ажлын талбар дээр мэдэхгүй, чадахгүй зүйлс чамгүй их тулгарав. Өөрийгөө илүү сайжруулахын тулд долоон сар хичээж, өөрийгөө шахсанаар хүнтэй ярилцаж сурахаас эхлээд цоо шинэ чадваруудыг өөртөө нээж эхэллээ. Сүүлийн үед хамгийн богино хугацаанд үр дүнтэй хөгжсөн жил маань энэ байлаа. Гэтэл өөрийгөө хэт шахсаны улмаас ядаргаанд орж, сэтгэл зүйн асуудлууд ардаас гүйцээд ирэх шиг нэг л тогтворгүй болж, үүний нөлөөгөөр сэтгэл түгшилт дээд цэг рүүгээ дөхөөд ирэв. Энэ бүхний эцэст одоо л амралтаа авч, хотын амьдралаас хэсэг зуур холдох, холхилдсон олон машинуудын дуу чимээ, нар үздэггүй битүү чигжилдсэн барилгууд, гудамж дүүргэн алхах ууртай, яарсан элдэв хүмүүсээс зугтахаар шийдлээ.
Ажлаа нэн даруй цэгцэлж, ачаа тээшээ бэлдэн хоёр үүргэвчинд зэхээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Түнхэл тосгоныг зорилоо. Ажил, амьдрал, нийгэм гээд юу ч бодолгүйгээр бодит нөхцөл, цаг хугацаанаас түр ч атугай холдох гэсэн боловч түгшүүр, ганцаардал гэх зэрэг сэтгэл зүйн дарамтууд харин буурахгүй байлаа.
Галт тэрэгнээс буухад огт танихгүй газар. Үүлэрхэг байсан болохоор зүг чигээ ч тогтоож чадахгүй байсан. Тосгоны төвөөр явж, тааралдсан хүмүүсээс амралтын газар асуун, хэсэг алхлаа. Өртөөнөөс хойд зүгт барагцаагаар 4км зайд орших “Tunkhel tour” нэртэй амралт сувиллын газрыг заалгаж аваад тийш зүглэлээ.
Алхаж алхаж очиход Хараа голоор ороогдон, моддоор хүрээлэгдсэн газар угтав. Амралтын газрын эзэн нь бололтой ах тун ч эелдгээр угтан, элгэн таргаар дайлж нааш цааш гүйсээр надад нэг өрөө зайчилж өгөв. Сувиллын газар болоод ч тэр байх, энд ихэвчлэн өндөр настнууд амардаг бололтой. Эл өдөр Их сургуулиа төгсөж, сэтгэл амар яваа оюутнууд болон арван жилийн сурагч ахуй үеэ дурсан ангийн уулзалт хийж буй настан буурлууд надтай зэрэгцэн энд буудаллажээ. Сувилалд амарч байгаа гэх хоёр эмээтэй нэг ширээнд хамт сууж хооллоод, үргэлжлүүлэн хөзөр тоглож, хууч хөөрөв.
Орой нар буух үест бүжгийн талбайд гэрэл асаж, хуучны дуунууд эгшиглэж эхлэхтэй зэрэгцэн амарч яваа настнууд маань хувцас хунараа гоёчилж, чимэг зүүлтээ өнгөлөөд бүжгийн талбайг хоромхон зуурт дүүргэж орхих нь тэр ээ. “Boney M – Sunny”-с эхлээд ардын дуунуудын remix хувилбарууд ээлж дараалан яваад л.
Зураг авахаар камераа шагайвал харин нэг эмээ “Настай хүмүүсийн зургийг битгий аваарай” гэв. Камераа буулгасны хойно “Задгай цагаан”-ы аязад бүжиглэж буй тэднийг харахаар өөр хийх зүйлгүй боллоо. Ажаад байх нь ээ, тэд сэтгэлийн гүнээсээ бүжигт бэлджээ. Өнгө өнгийн торгон дээлээс авхуулаад талбайн бүх гэрлийг өөртөө ойлгон тусгах дүүрэн саатай тод ногоон дээл хүртэл өмсжээ. Дээр нь өнгө өнгийн алчуур толгойдоо зүүж, шүр сувдаар хүзүү бугуйгаа чимсэн нь нүдэнд тод тусах нь тэр. Өвөө нар харин дээлээрээ гоёхын сацуу гутлаа гялалзтал нь тосолж, Мichael Jackson-нийх шиг мөнгөлөг цагаан судалтай хар брюкен өмд, шляпан малгай, гоёлын цагаан цамцаар гоёсондоо сэтгэл дүүрч, инээмсэглэл тодруулан бүжицгээж байна. Хажууханд өвөө нар өвөр зууртаа “Би одоо ч түүндээ сайн хэвээрээ шүү дээ, одоо ч гэсэн анхны харцаар дурлаж байсан шигээ л догдолж байна. Очиж бүжигт урина аа” гэснийхээ хойно инээлдэж бие биетэйгээ ярих нь сонсогдохтой зэрэгцэн би ч өөрийнхөө амьдралын талаарх мэдрэмжийг гайхлаа.
Камертай холбогдсоноос хойших жилүүдэд амьдралыг зүгээр л хөндлөнгөөс нь харахаас өөрөөр, дунд нь орж амьдардаггүй болсноо анзаарав. Зүгээр л амьдралыг хөндлөнгөөс ажиглаж, эгзгийг нь тааруулж камерт буулгах нь миний л хувьд хамгийн том таашаал болжээ. Гайхалтай санагдах ч нэг бодлын хайран ч юм шиг.... Энэ мэтийг бодолхийлж зогсохдоо камераа далд хийж тэдгээр настнуудын дундуур орж бүжиглэмээр санагдахуй бүжгийн талбайд гүйн орлоо. Оройн хоолон дээр таарч, хөзөр тоглосон эмээ дээр очоод “Эгчээ, та надад “Задгай цагаан” заагаад өгөөч, сурмаар байна” гэж шалавхийлэн, хамт бүжиглэв.
Амархан харагдсан авч бодсоноос харин хэцүү байлаа. Дүүрэн инээдтэй “Задгай цагаан” маань ч дуусав. Харин аянга цахилж бороо орох үест “Ука - Don't stop”-г эхлүүллээ. Энэ зуурт сургуулиа дөнгөж төгсөөд буй оюутан залуус бүжгийн талбайг дүүргэн бүжиглэж байлаа. Би ч тэднээс холдон талбайн нэг буланд аянга сахин зогсов. Нэг харах нь ээ настнууд болон оюутнууд бие биедээ бүжгийн хөдөлгөөн зааж, хамтдаа бүжиглэцгээж байлаа. Тэр бүжгийн талбай өнгөрсөн хоёр цагийн хугацаанд намайг маш нандин мэдрэмжид автуулсан. Хоёр өөр үеийн хүмүүсийн дунд цаг хугацаагаар аялах шиг л болжээ, би. Зүрхэнд үрчлээ суудаггүй гэдэг шүү дээ, дурсамж гэдэг ямар нандин юм бэ?
Маргааш нь салхинд цохиулчхав уу гэмээр үд хүртэл унтсан байлаа. Сэтгэл зүйн хямралаас болоод ийм гүн нойр авалгүй өчнөөн уджээ. Би цайгаа уучхаад голын эрэгт модны сүүдэр бараадан кофе чанаж, дуу сонсож хэвтэв. Ганцаараа суух нь надад тухгүй хэвээр байсан болохоор голын эргээрх хүмүүсийг гарынхаа кофегоор дайлахаар шийдлээ.
Ойр зуурын зүйлс ярьж суусаар аль хэдийн 16:00 цаг болсон байв. Ахиад хонож амармаар байсан ч аялж яваа болохоор нэг газраа удаан тогтох нь сэтгэлд нийцэхгүй байсан юм. Тэгээд урьдын адил эд зүйлсээ баглаж, хүмүүстэй салах ёс хийн хоёр эмээ дээр очиход “Чихэр халааслаад яв, ус ундаа аваад яв” гээд алга дээш харуулав аа. Яг явах гэтэл дуудаж нэг алим атгуулаад “Хүнд ганцаараа байх цаг хэрэгтэй байдаг юм шүү, ганцаараа байхдаа л өөртэйгөө ярилцаж өөрийгөө танин мэддэг, юу хүсэж байна, юу уруу тэмүүлж байна, юу бүтэхгүй байна гээд бүх хариултыг дотор хүн чинь л хэлж өгнө. Тиймээс ганцаараа байхаас бүү халаглаарай. Дотор хүнээ олж түүнтэйгээ ярилцаарай, аян замдаа сайн яваарай миний хүү” гээд хацар дээр үнсээд үдэж өгсөн юм.
Амралтын газраас гараад нүдэнд шууд тусах хажуугийн уул руу, орой дээр нь гарахаар хөдөллөө. Гурван цаг мацсаны эцэст орой дээр нь гарч нар шингэх алтан цагийг Хараа голын толионд ажин суув. Нар мандахаасаа илүү жаргах нь үзэсгэлэнтэй юм аа.
“A Sound – Цаг нь болохоор” дуутай зэрэгцэн гэгээ тасарч уулнаас ч буулаа. Өртөөн дээр эргэж ирээд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотыг зорихоор 23:00 цагийн галт тэргэнд суув...