
Ихэнх хүмүүс зураачдыг “гамбиран” малгай духдуулж, хоолойтой хар цамц өмссөн, хөлөө ачин гаанс баагиулж, гүн ухаан ярьсан шиг суудаг хүмүүсээр төсөөлдөг байх. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал зураачтай уулзахаар явахдаа түүнийг 40 гаруй насны, дуу цөөтэй, бодлогошронгуй төрхтэй хүн байх болов уу хэмээн төсөөлсөн минь эндүүрэл байжээ. Үнэндээ түүний тухай “Шангри-Ла” зочид буудлын гадна байрлах “Тэмээ” баримлын зургийн автор гэхээс өөр тоймтой мэдээлэл надад байсангүй. Товлосон цагаасаа өмнө очиж, түүний удахгүй нээх үзэсгэлэнг сонирхох зуур МУИС-ийн Нийгэм, соёлын сургуулийн Урлаг судлалын оюутнууд багш Ч.Болдбаатартайгаа хамт ирж бүтээлүүдэд нь дүн шинжилгээ хийж, мэргэжлийн үг, хэллэгээр ярих нь чихэнд нэг л “наалдсангүй”. Гаднаас хөнгөн шингэн алхаатай, хайш яйш хувцастай, нүдний шилтэй хүн орж ирэхэд Ч.Болдбаатар багш “За өнөөх чинь энэ дээ” гэж оюутнууддаа хэлэхэд зураач хариуд нь “За, яасан “дөрвөн” нүдтэй, энгийн л хүн байгаа биз дээ. Хамар дээрээ жаахан шалбалчихсан” хэмээн инээхэд төсөөлөл минь ор мөргүй замхарсан юм. Эрхэм зураачтай ярилцсанаа хүргэе.
-Та хоёр нийгэм дамнаж амьдрахдаа уран зургаасаа урвалгүй бүтээлээ туурвижээ. Уран бүтээлч болсон түүхийн тань анхны цэг хаана хатгагдсан байдаг вэ?
-Ах нь их багаасаа л зурдаг байсан. Өвөө минь миний авьяасыг эрт олж харсан юм билээ. Нэг, хоёрдугаар ангид байхад л “Энэ хүү “юм” дуулгана шүү. Зураач болгох хэрэгтэй” гэдэг байсан. Сонсоод дүрдээ итгэж байгаа юм даа. Би зураач болно гээд л (инээв). Тэгээд дунд сургуулиа 1978 онд төгсөөд Дүрслэх урлагийн дунд сургуульд элссэн. Тэр үед дээд сургууль болоогүй байсан юм. Уг нь наймдугаар ангиа төгсөөд орох байсан юм билээ. Би тэрийг нь мэдээгүй. Орост сурах бодолтой байсан ч хуваарь нь ирээгүй. Ирсэн ч эхлээд заавал техникум төгсөх ёстой. Тэгээд л Дүрслэх урлагийн дунд сургуульд орж, дөрвөн жил сураад төгссөн.
-Таны гэр бүлд зураач, эсвэл урлагийн хүн байсан уу. Зураачийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн нь манай уншигчдад сонин байх нь мэдээж?
-Гэр бүлд маань урлагийн хүн байгаагүй. Аав, ээж минь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумынх. Би буриад хүн шүү дээ. 1960 онд Улаанбаатарт төрсөн. Унаган Улаанбаатарын хүн. Бага нас минь нийслэлд өнгөрсөн. Яг л тэр үеийн хотын жаалуудын жишгээр цэцэрлэг, сургуульдаа явж, ах дүү нартайгаа тоглоод л. Би орос хэлний 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Монгол хэл, уран зохиолын хичээлээс бусад нь орос, англи хэлээр ордог тухайн үедээ л универсаль сургууль байлаа.
-Анх юу зурдаг байснаа санадаг уу. Багаасаа зурсан болохоор уралдаан тэмцээнд их ордог байсан байх даа?
-Анх дэлбэрч байгаа танк, герман, орос цэргүүд зурж байсан. Тухайн үеийн хүүхдүүдийн зурдаг байсан машин, техник л зурдаг байлаа. Ерөөсөө уралдаан тэмцээнд орж байгаагүй. Аравдугаар анги төгстлөө шинэ жил, мартын 8, майн баяр зэрэг тэмдэглэлт баяраар сургуулийнхаа ханын сониныг л хийдэг байсан. Багш нар ч намайг “Бяцхан зураач” гэж өхөөрддөг байлаа. Дунд ангид ороод “халтуур” хийж мөнгөтэй олоод бөөн баяр болж билээ. Долдугаар ангидаа Түнхэл тосгонд өвөө, эмээ дээрээ очоод амарч байхад Төмөр замын дарга нь төмөр самбар дээр ой модонд явж байгаа буга, цастай уулын орой дээрх янгир зуруулаад мөнгө өгөхөд урамшаад бөөн баяр болж байсан. Тэр самбарыг төмөр замынхаа хажууд зоож билээ. Түүнээс хойш 10 гаруй жил тэр самбар байж л байсан. Хэн ч юм хааяа өнгө, будгийг нь сэргээчихсэн. Одоо бол байхгүй л дээ.
-Дүрслэх урлагийн дунд сургуулиа төгсөөд үргэлжлүүлж сурсан уу, эсвэл ажиллаж эхэлсэн үү?
-Социализмын үед техникумаа төгсөөд 2-3 жил заавал ажиллах ёстой байсан. Ажилласны дараа конкурс өгч, их сургуульд ордог. Дүрслэх урлагийн дээд сургууль гэж байгаагүй болохоор гадагшаа л сурдаг байсан үе. Ганцхан Улсын багшийн дээд сургуульд зураг, шугам зургийн багш бэлддэг анги байсан ч 4 жилд нэг удаа элсэлт авдаг. Би техникумаа төгсөөд Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх салбарт ажиллаж эхэлсэн. Төрөл бүрийн уриа, зурагт хуудас, сурталчилгаа гэх зэрэг одоогийн хэвлэлээр хийдэг бүхнийг зурж, өлгөдөг байлаа. Хэрвээ Брежнев гуай Монголд ирнэ гэвэл зарлал бичээд гудамжинд өлгөх жишээний.
-Үг, үсгийн алдаа гаргах эрхгүй их хариуцлагатай ажил шүү дээ. Цалин өндөр байсан биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Цалин сайн. Жижиг үсэг 1, том нь 2 төгрөг гэх мэтчилэн хийснээрээ цалинждаг байсан. Залуу ч байж. Өдөр, шөнөгүй ажиллаж, их цалин авдаг байж дээ. Ямар ч байсан тухайн үедээ сайдын хэмжээний цалин авдаг байсан шүү. Авгай, хүүхэдгүй ч байж. Гоё гоё ресторанаар орсон, “пээдэг пээдэг” алхаатай пацан байсан шиг санагддаг юм. Тэр үед чөлөөт уран бүтээл хийх боломж ч байгаагүй. Эмчийн актгүй 3 хоног ажлаа таслахад бараг эх орноосоо урвасан хэрэгт орж, цөллөгөнд явах шийтгэл авна шүү дээ. Гэхдээ би ажлаа тасалж байгаагүй.
-Энэ байдал 1990 оноос хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ. Бүх зүйл ороо бусгаа болж, олон хүн “ганзагын наймаа”-нд явсан шүү дээ. Та зурсаар л байсан уу?
-Социализмын үед зургаа хүний төрсөн өдөр юм уу бусад баярт зориулж бэлэглэх төдий байсан л даа. Хувь хүн зураг худалдаж авах ойлголт байгаагүй. Барууны хүмүүс л худалдаж авах магадлалтай. Эсвэл Урчуудын эвлэлийн хорооны фондонд, Соёлын яамнаас сайн зургийг аймгуудын музейд зориулж авдаг байсан. Энэ байдал 1990 оноос байхгүй болчихоор нэг хэсэгтээ бүгд хэцүүдэж эхэлсэн. Тэр үед амьдрал хэцүү болж, олон зураач ганзагын наймаанд явсан. Би “Хоёр идэж, хоосон хонохгүй” гэдэг шиг ямартай ч Монголын Урчуудын эвлэлийн хорооны салбарт ажиллаад л байлаа. Тэгээд 1993-2000 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуульд багшилсан. Түүнээс хойш хувиараа уран бүтээлээ туурвиад л явж байна.
-Монгол болон гадаадаас шүтдэг зураачдаа нэрлэнэ үү. Тэдний зургууд таны бүтээлд нөлөөлсөн үү?
-Оюутан байхдаа Гоген, Клод Монег шүтдэг байсан. Монголоос До.Болд, Чогсом гуай гээд ахмад зураач олон бий. Зураачийн нэг хэцүү зүйл нь шүтдэг зураачийнхаа юм уу дуртай бүтээлийнхээ нөлөөнд автах аюултай. Би УГЗ Дондог, УГЗ Хүрэлсүх гэж 2 багштай байсан. Нэг удаа Дондог багш “Чамд зураач хүнд байх ёстой бүх зүйл бүрдлээ. Одоо сайн эхнэртэй бол. Хоолонд санаа зовохгүй, орой даарахгүй. Сайн эхнэртэй болоод зожигор. Янз бүрийн музей, бусад зураачдын уран зургийг битгий үз. Зөвхөн өөрийнхөө бодсоныг л буулга. Тэгвэл чи жинхэнэ зураач болно” гэж хэлсэн. Хамгийн сонирхолтой нь багшийг ингэж хэлсний дараа “Диваажингийн хаалгын өмнө” нэртэй шалдан үхдэлүүд диваанжин руу орох гээд дугаарлаж байгаа зургаа зурсан. Өөрийнхөө бодсоноор л илэрхийлсэн. Зургийг минь хүмүүс хараад “Чи анатомийг нь яасан сайн гаргасан юм бэ. Лаг мэдэж байна шүү” гэдэг юм. Би юуг нь мэдэх вэ дээ. Тухайн үед анатомийн ном ч байгаагүй.
-Мэдээж сайн эхнэртэй учирсан биз дээ. Та эхнэрээ танилцуулна уу?
-Манай эхнэрийг Я.Цэрэнханд гэдэг. Завхан аймгаас гаралтай. Би 27-той, эхнэр маань 25 настай байхдаа гэр бүл болсон доо. Тэр маань тухайн үед Мебель, картоны үйлдвэрт мастераар ажилладаг байлаа. Бид хоёр охинтой. Том нь гадаадад амьдардаг, бага нь оюутан. Нэг зээтэй. Залуудаа хөдөө гадаа олон сараар явдаг, хонож өнөжөөд л зураг зураад алга болчихдог байж. Эхнэр маань нялх хүүхэдтэй ганцаараа үлдэнэ. Одоо бодох нь ээ, ямар олиг байв гэж дээ. Тухайн үед юу ч боддоггүй байж, нас яваад, намба суухаар боддог л юм байна. Одоо эхнэртэйгээ хоёул амьдарч байна.
-Таны хувьд манай улс чөлөөт уран бүтээлчид амьдрахад хэр тохиромжтой газар вэ. Бүтээлээ бизнес болгоод түүнээсээ ашиг олоод амьдрах боломж бий юү?
-Одоо бол Монголд уран бүтээлээ худалдаад амьдрах боломжтой болсон. Ерөөсөө л “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг шиг бүх зүйл нээлттэй.
-Мэдээж хэрэг таны уран бүтээлийг сонирхдог, хүлээдэг хүмүүс байгаа байх. Байнгын худалдан авагчтай болсон уу?
-Байлгүй яах вэ. Миний уран бүтээлийг сонирхдог гадаад болон монголчууд олон бий. Захиалж зуруулна, эсвэл таалагдсан бол бэлэн зургийг минь аваад л явдаг.
-Таны бүтээлээр “Шангри-Ла” зочид буудлын гадна баримал боссон. “Шангри-Ла” бол дэлхийд томоохонд тооцогддог зочид буудал шүү дээ. Ямар тохиолоор таны бүтээлийг сонгож, баримал босгосон юм бэ?
-“MCS”-ийн охин компани “Шангри-Ла” шүү дээ. “MCS”-ийн захирал Ж.Од миний багын найз. Нөхөрлөөд 20 гаруй жил болж байна. Олон жил бие биедээ тус дэм болж явлаа. Хаширын цуглуулгад миний олон зураг бий. Хүмүүс зургийг хөрөнгө, мөнгө гэж боддог бол Од тийм хүн биш. Зургийг үнэхээр ойлгодог, мэдэрдэг, зургийн асар их хоббитой хүн л дээ. Хүмүүс тэр бүр мэдэхгүй байх, Од өөрөө ч зурдаг. Нэг удаа Одтой яриад сууж байсан чинь “Хүүе Шангри-Ла-гийн гадаа чиний тэмээгээр баримал хийчих юмсан. Чамд мэддэг сайн барималчин байна уу. Байвал яг чиний зурсан шиг тийм гоё ассан өнгөтэй баримал босговол саарал байшингийн гадаа их гоё харагдана даа” гэж санаагаа хэлээд, тэгээд л тэр баримлыг хийхээр болсон юм. Миний “Тэмээ” зургаар Очирболд гэж залуу баримал хийсэн. Уг нь эскизээ гаргахдаа бүх талаас нь зураад барималчиндаа өгөх ёстой ч би тэгээгүй. Ганц зураад нөгөө “муу” Очироодоо өгчихсөн. Сайн барималчин л даа. Намайг Дүрслэх урлагийн дээд сургуульд багшилж байхад сурч байсан. Маш чадалтай хүүхэд. Уг нь “Шангри-Ла”-г нээх үед дуусгах ёстой байсан ч зарим асуудлаас болоод хугацаа нь хойшилж, сунжирсан. Гэхдээ богино хугацаанд урлаж, бүтээл болгосон доо.
-Нууц биш бол бүтээлээ хэдээр үнэлсэн бэ?
-Ний нуугүй хэлэхэд “Шангри-Ла” зочид буудал гадаадын хувь нийлүүлэгчтэй болохоор баримлын хөрөнгө, мөнгөн дээр хүндрэл гарсан. Тэгэхээр нь би өөрийн авах мөнгөнөөс татгалзчихсан юм. Энэ хөшөө хямдхан боссон л доо. 40 сая орчим төгрөг болсон байх. Нарийн мэдэхгүй. Үүнд нь баримлын материал, 6-7 ажилчны хөлс багтсан. Эдийн засгийн хямралгүй, асуудал үүсээгүй бол би 100 саяыг ч юм уу, багаар бодоход 40 сая төгрөг авах байсан. Гэхдээ Од бол нэгдүгээрт миний найз, хоёрдугаарт намайг үргэлж дэмжиж, ойлгодог учраас заавал хөлс мөнгө тооцохыг би хүсээгүй. Миний зурсан зураг "Шангри-Ла"-гийн гадаа баримал болчихсон сүндэрлэж байгаа нь л надад сайхан байхгүй юу.

-Баримлыг нь үзэхэд сонирхолтой байсан. Зэрэглээн дунд алхаж яваа тэмээ шиг санагдсан. Та энэ зургаа хэзээ зурж байв?
-Би энэ зургийг анх 25-26 жилийн өмнө говиор явж байхдаа зурсан. Эхлээд яг бодитоор зурж байгаад яваандаа хөгжүүлээд олон янзаар зурсан. Сүүлд баримал болгосон нь энэ. Хүмүүс “Яг хэдэн тэмээ байгаа юм бэ, хөл толгойн тоо нь зөрөөд байна” гэдэг юм. Ер нь бол зэрэглээн дундах тэмээ гэдэг нь зөв л дөө.
-Өөр барилгын гадаа эсвэл хаа нэгтээ дахиад баримал босгох хүсэл төрсөн үү?
-Үгүй ээ. Тийм бодол төрөөгүй. Харин миний “Улааныхан ба Харыхан” гээд бүтээл бий. Хоёр талаас дайтахаар довтолж байгаа улаан, хар баатруудыг дүрсэлсэн. Тэр бүтээлээ баримал болгохыг мөрөөддөг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд надад маш том урлан, цахилгааны багаж, тоног төхөөрөмж, олон ажилтан хэрэгтэй.
-“Тэмээ” баримлын нээлт маргааш буюу 10 дугаар сарын 14-нд болно. Үүнтэй зэрэгцээд “Хол ба ойр” үзэсгэлэнгээ дэлгэнэ. Энэ таны хэд дэх удаагийн бие даасан үзэсгэлэн бэ?
-Энэ миний 5 дахь удаагийн бие даасан үзэсгэлэн. Өмнө нь “Улааныхан ба Харынхан”, “Зэрэглээ” зэрэг үзэсгэлэнгээ гаргаж байсан. Заримынх нь нэрийг мартчихжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 2011 оноос хойш зурсан бүтээлүүдээ тавьсан. Үзэсгэлэн гаргахын тулд зургаа цуглуулна гэдэг их хэцүү. Бид чинь зургаа зарах хэрэгтэй шүү дээ. Гэтэл үзэсгэлэн гаргахад зургууд маань хэрэг болно. Энд байгаа зарим зураг гэхэд л бусдад худалдагдчихсан, өмнө нь үзэсгэлэнд тавьж байгаагүй бүтээлүүд. Надад бэлэн 4 зураг байсан, бусдыг нь хүмүүсээс цуглуулж байж дэлгэлээ. Хүмүүс ер нь нэгэнт худалдаад авчихсан зургаа ийш тийш нь зөөлгөж, гар хүргэх дургүй. Санамсаргүйгээр будгийг нь халцлах, гэмтээх эрсдэл ихтэй. Гэрийнх нь чимэг, хараад таашаал авдаг нандин эдээ хэн ч гэмтээхийг хүсэхгүй шүү дээ. Тиймээс үзэсгэлэн гаргана гэдэг санааны зоргоор бүтдэг зүйл биш байхгүй юу.
-“Хол ба ойр” үзэсгэлэнгийн онцлог юу вэ. Та энэ үзэсгэлэнгээрээ дамжуулж хүмүүст юу ойлгуулахаар зорьсон бэ?
-“Тэмээ” баримлын нээлт болон “Хол ба ойр” үзэсгэлэнгийн нээлтээ зэрэг хийж байгаагаараа онцлог. Үзэсгэлэнгээс минь хүмүүс өөр өөрийн мэдрэмж, ойлголттой гарах байх. Ямар нэгэн утга санааг хүмүүст шууд тулгаж болохгүй шүү дээ. Би бүтээлээрээ хүмүүст үүнийг л ойлгуулна, яг таг ийм утгыг дүрсэлнэ гэж бодож зурдаггүй. Тухайн үеийн өөрийнхөө мэдрэмжээр л зурдаг. Жишээлбэл, энэ бүтээлийн нэр “Өглөө”. Жирийн нэгэн өглөө хөшгөө нээж байгаа эмэгтэйг дүрсэлсэн ч цаад утга нь өөр. Энэ эмэгтэй ямар амьдралтай, хаана хоносон, шөнө ямар ааш авир гаргасан зэргийг үзэгчид өөрсдийнхөөрөө л мэдрэх хэрэгтэй.

-Эдгээр зурагнаас хамгийн их ур чадвар шаардсан, удаан зурсан нь аль вэ?
-Аливаа зургийг зурахад том, жижгээс үл хамаарч бүтээл болох хугацаа нь өөр өөр байдаг. Заримдаа том зургийг маш богинохон хугацаанд “шатаж” зураад л дуусгачихдаг. Гэтэл нэлээд удаан хугацаанд зурсан жижиг зураг санаанд хүрэхгүй гологдох жишээний. Тэгэхээр зураг “төрөх” хугацаа том, жижгээс хамаардаггүй. Эдгээр бүтээлээс “Нууцат шөнө” зураг маань нэлээд “үйл” үзэж бүтсэн. Энэ бүтээлээрээ хүн хоёр дүртэй байдгийг илэрхийлэхийг хүссэн. Харахад эд тоглоомондоо орчихсон, шуналтай ч юм шиг хүмүүс. Харин гэртээ очоод ач, гучтайгаа тоглосон жирийн сайхан өвөө болдог ч юм билүү. Амьдрал угаасаа тийм л байдаг шүү дээ. Хүн бүрт дотоод, гадаад 2 дүр байдаг. Жишээлбэл, би найз нөхөдтэйгөө байнга марзагнаж, маазардаг мөртлөө гэртээ зарим үед авгайтайгаа нэг ч үг дуугараагүй үе байдаг. Хэрвээ миний тэр дуу шуугүй байдлыг хүн харвал зожиг харагдах л байхгүй юу.

-Зураачид уран бүтээлийнхээ санааг зүүднээсээ, эсвэл бясалгал хийж байхдаа олдог гэж ярьдаг. Та уран бүтээлийнхээ санааг хаанаас олж авдаг вэ?
-Миний хувьд уран бүтээлийнхээ санааг янз бүрийн нөхцөл байдалд олж авдаг. Заримдаа маш тодоор зүүдэлдэг. Түүнийгээ зурдаг. Хүмүүс ямар ч өнгөгүй зүүдэлдэг гэж ярьдаг. Би тэгж сонсохоор гайхаад байдаг юм. Би өнгийг маш тодоор зүүдэлдэг. Эсвэл амьдралаас санаа авна. Жишээлбэл, энд тэнд явж байхдаа хосуудыг яг дурлалт хос уу, эсвэл нууцаар уулзаж байгаа эрэгтэй эмэгтэй юу гээд ажиглахаар сэтгэлд нэг дүр төрх буудаг л даа. Түүнийгээ бодит байдлаар нь биш арай “зэвүүн” нууцлаг утгаар зурж, санаагаа илэрхийлдэг.
-Бүтээлүүд тань дандаа тод өнгөөс бүтсэн байх юм. Та нэлээд дэврүүн сэтгэлтэй хүн байх, тийм үү?
-Яг ч тийм биш ээ. Би ер нь нууцлаг, дотогшоогоо хүн. Найз нөхөд ч юм уу өөр бусад хүмүүстэй ялангуяа зургийн талаар бараг ярьдаггүй. Ийм, тийм санаа байна л гэхээс биш нарийн ширийн ярьдаггүй. Урлаг судлаач найз нөхдүүд маань хоорондоо миний зургийн талаар ярьдаг л юм.

-Та яг одоогийн нийгмийн байдлыг зурвал ямар өнгө сонгох вэ. Яагаад?
-Саарал өнгөөр л илэрхийлнэ. Яагаад гэвэл бид тодорхойгүй нөхцөлд амьдарч байна. Их л гунигтай болоод байх шиг санагдах юм. Хүмүүсийн зовж авсан орон сууцны ам метрийг нь хүртэл хэмжиж илүү гарснаас нь шимтгэл авч, улсад өгнө ч гэх шиг. Өөрсдөө юу ч хийгээгүй байж хүний өмч рүү дайраад л. Болохгүй шүү дээ.
-Таны бүтээлүүдийг харахад абстракт, зарим хэсэгтээ реалист төрлийнх юм шиг сэтгэгдэл төрлөө. Ийм бүтээлүүд уран зургийн ямар төрөлд багтдаг юм бол?
-Хүмүүс янз янзаар л хэлдэг юм. Нэг хэсэг нь поп-арт чиглэлийн зураг гэхэд нөгөө хэсэг нь сюрреалист гэдэг. Зарим нь абстракт, модерн, авангард зураг гэх мэтээр олон янзаар л тодорхойлдог юм. Би өөрөө яг тодорхойлж чаддаггүй юм аа. Зургаа харахаар бүх төрөл холилдоод орчихсон л санагддаг.
-Сүүлийн үед уран зураг ойлгодог, мэдэрдэг хүмүүсийн хүрээлэл нэмэгдэж байна уу. Эсвэл цөөхөн хэдэн “элит”-үүд л ойлгодог хэмжээнд байгаа юу?
-Уран зураг сонирхдог хүрээлэл тэлсэн. Инженер, конторын ажилтан гэх мэт энгийн хүмүүс олон бий. Нөгөө талаас баячууд ч уран зураг нэлээд сонирхоно. Тэдний урлагийг ойлгох мэдрэмж, боловсрол бол сүрхий. Урлагийн талаар надаас илүү мэддэг хүмүүс олон болжээ.
-Саяхан “Монгол камасутра” үзэсгэлэн гарсан. Очиж үзсэн үү. Таны хувьд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Энэ үзэсгэлэн Монголд бол шинэлэг байсан. Харин бусад оронд тийм төрлийн үзэсгэлэн гарч л байдаг. Манайхан анх удаа зохион байгуулсан болохоор туршлага дутсан байх. Муу зураг олон харагдсан. Гайгүй бүтээлүүд ч орсон байна билээ. Дараа зохион байгуулахаар болбол тодорхой цензур тавьж зураачдаа сонгох хэрэгтэй байх. Би тэр үзэсгэлэнд оролцох гэж байгаад амжаагүй.
-Сайн бүтээл зурахын тулд өнгө, зохиомж, тэнцвэр, утга санаа гэх мэт олон зүйл чухал байх. Уран зургийн муу, сайныг хэрхэн таньдаг вэ?
-За даа уран зургийн муу, сайн нь утга санаа, зохиомж, өнгө будгаас шалтгаалахгүй дээ. Тухайн уран бүтээлч яаж ч зурж болно. Хамгийн гол нь хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг л байх ёстой. “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшөөж юу хийнэ” гэж Инжинашийн үг бий шүү дээ. Хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй бол гоё өнгөөр мянга зураад ч яах билээ. Жинхэнэ чихрийн цаас л болно.
-Зураач болоод олон жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд авсан хамгийн том шагнал, урамшуулал нь юу байсан бэ?
-Хамгийн том шагнал маань 2013 билүү, 2014 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсон минь л юм даа.

Урлаг судлаач, зураач Ч.Болдбаатар түүний бүтээлийн талаар “Үүнийг би хэлээд байгаа юм биш. Түүний зураг л хэлээд байгаа юм. Транс авангард урлагийн чиглэлээр зурдаг ганц хүн Монголд энэ л байна” хэмээн тодотгосон юм.
