Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй


Би хурим хийгээгүй. Надаас хэн ч энэ тухай асуугаагүй. Гэрлэх хүртлээ сүйт бүсгүй байсан, үгүйгээ ч үнэндээ санахгүй байна. Цээж гэрэлтсэн цагаан даашинз өмсөөд олон хүний өмнө зогсохыг залуухандаа ганцхан удаа мөрөөдөөд мартсан. Гинзагийн гудамжаар зугаалж явахад гэнэт халуун сүү, карамель, шоколад ханх татаад л явчихсан. Хүзүү сунгасаар хүрч очтол цаана нь хуримын даашинз “зогсох” шилэн хоргонд хамраа наачих шахаж билээ. Тэрхэн зуурт ийм л юм өмсөөд хуримлавал гоё юм байна гэж нэгхэн төсөөлөөд Watanabe’s wedding–ийн дараагийн хаалганы цаатайх зөөхий, гүзээлзгэнэд булхсан нарийн боов руу шунгахаар яаралгүй дээ. Маш их өлсөж байгаад зөөлхөн, анхилам, тансаг юм олж идэх гоё, тийм ээ. Үүдэнд өлгөсөн хонх нь жингэнэн дуугарахтай зэрэгцэн мөнөөх хуримын даашинзыг ор тас мартсан даа. 

Хурим найранд дургүй гэхээсээ илүү өөрийнхөө хувь тавиланг зөнгөөр мэдэрчихсэндээ л тэр байх, бүү мэд. Сувдан цагаан, хэр баргийн оёдолчны гар хүргэхээс ч татгалзам тэр даашинзыг надаас тусгаарласан хоргоны шилэнд туссан миний дүр амьдралаа амттай, утга учиртай байлгах гол дүр болно гэдгээ мэддэг байсанд хэзээ хойно итгэдэг юм.  

Эхлээд өөрийгөө таньсан хойно өрөөлийг хайрлах, мэдэх, цаг хугацаагаа эрхшээх өдөр ирнэ, охин минь. Хэн бэ гэх хэмжээгээ багцаалчихаар оршин тогтнох орон зайгаа бүтээчихдэг юм, үр минь. Ээжид нь дурлалт эрийн бэлэглэсэн алмаазан бөгж байдаггүй. Жижигхэнийг тоохгүй ширвэж явсан үе бий. Одоо том нь таарлаа ч ааваас чинь хүсэхгүй болж. Амьдралыг чинь хүн зохиож өгдөггүй юм аа, алдрай минь. 

Тиймээс яг одоо асан бадарч буй чамдаа би юм л хэлбэл буруутна. Өөрийгөө тань, мэд. Өөрийгөө өөр хүн шиг сонж, сорь. Хөөрхий би гэж хулчийвал, ганцхан би гэж тийчигнэвэл амьдралаас урваж буй чинь тэр. Амьдралдаа гол дүр бай. Ээж нь өөр юу ч зөвлөж чадахгүй. Шүүмжилж загнах мэдэл ч дутна. Хуваалцах тэргүүн туршлага ээжид нь алга. Миний зөн совин өөртөө л хүрсэн, өөр хэнийхтэй ч давхцахгүй, үрдээ юуг ч амлаж чадахгүй. Ерөөлөөсөө өөр чамдаа өгөх юм ээжид нь байхгүй. 

Зүс гундаж, үс бууралтавч гялалзаж байдаг сэтгэл зүрхтэйгээ үлдэхийг амьдрал гэдэг шиг байна. Дуулж бүжиглэх хүсэлтэй байхыг амьдрах гэж нэрлэдэг бололтой. Арай өөрийг хэлж чадах хүртлээ дахиад олон жил болох биз. Яг одоо бол иймийг л мэдэж авлаа. Надад олдсон нь л энэ. Миний хүү ээжээсээ илүү үзэсгэлэнтэй, илүү ухаантай, хавьгүй том мөрөөдөлтэй, тэр хэрээрээ асан бадарч яваа. Тэгэхээр ээж нь кино үзэж байгаа юм шиг томоотой сууя даа. Гол дүр нь чи билээ.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.05.26
Өнөөдрийн зурвас: 18 ба 50
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
10
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхцэцэгт 2023.07.05 122.201.24.199

Гоё. Чи л ингэж сэтгэж, бичиж чадна.

0 Хариулах


Солонго 2023.07.05 64.119.20.140

Үнсэе

0 Хариулах