Монгол Улс нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) Ногоон эдийн засгийг санхүүжүүлэхүйлчилгээ хөтөлбөрт (GEFF) нэгдлээ.
Хөтөлбөрийн хүрээнд нийт 137 сая ам.долларын санхүүжилт олгох бөгөөд үүнийг айл өрх, бизнес эрхлэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй өндөр стандарт бүхий ногоон технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулах юм байна. Тодруулбал, ус ашиглалт, тогтвортой газар ашиглалт ба нөөцийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн ногоон болон инновацилаг шийдлүүдэд хөрөнгө оруулахаар зорьж буй хувь хүн, бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэлээ.
Түүнчлэн Уур амьсгалын ногоон сан болон Японы Засгийн газрын хамтарсан хөнгөлөлттэй санхүүжилт, техник туслалцааны хүрээнд GEFF Mongolia цахим хуудас дахь Ногоон технологи сонголтын жагсаалтад бүртгэлтэй өндөр гүйцэтгэлтэй ногоон тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж.
Уг санхүүжилтийг харилцагч санхүүгийн байгууллага болох Хаан банк, Хас Банкаар дамжуулан орон даяар зээлдэгчдэд олгох ба цаашид дотоодын бусад санхүүгийн байгууллагууд нэгдэнэ гэлээ.
Монгол дахь GEFF хөтөлбөр нь улс орны ногоон эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах, ногоонтехнологийн хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна шинэ ажлын байруудыг бий болгоно хэмээн хөтөлбөр хэрэгжүүлэгчид найдаж байна.
Дашрамд дурдахад, 2006 оноос эхэлсэн ЕСБХБ-ны GEFF хөтөлбөрүүд нийт 29 оронд хэрэгжиж, 230,000 гаруй харилцагчдад 6.3 тэрбум еврогийн санхжүүжилтийг одоогоор олгоод байна. 2023 оны зургаадугаар сарын байдлаар ЕСБХБ нь 136 төслөөр дамжуулан Монгол Улсын эдийн засагт 2.25 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.