UBLife Logo
Newsfeed

Өөрийгөө хайрлаж, өөртөө ахин итгэхэд туслах 11 бяцхан зөвлөмж

Г.Сүрэн
Г.Сүрэн
Өөрийгөө хайрлаж, өөртөө ахин итгэхэд туслах 11 бяцхан зөвлөмж

Бусдад урам хугарч, дотны хүмүүстээ гомдож, бусдад итгэсэн итгэлээ алдаж, бусдаас болж шаналах хэцүү... Гэвч өөртөө итгэх итгэлээ алдаж, өөртөө урам хугаран, өөрөө өөртөө дургүй хүрэх бүр ч хүнд мэдрэмж. Өөрийгөө хайрлан, өнгөрсөнд юу ч болсон өөрийгөө уучилж, одоо цагтаа амьдарч эхлэн, өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх сэтгэлээ эргүүлэн олж авахад тань дараах зөвлөмжүүд туслах болно. Бага багаар, жижиг жижиг алхмаар урагшилсаар үр дүн нь гарна гэдэгт итгэн өөртөө хүлцэнгүй, зөөлөн хандаарай. Юмс аяндаа сайхан болох болно... 

#1 Чи өөрөө өөртөө энэ орчлонгийн хамгийн чухал хүн

Энэ орчлон ертөнц зөвхөн чиний нүдэнд л яг одоогийн байгаагаараа харагдаж байгаа гээд бодоод үз дээ. Одоогийн ертөнцийг чи өөрөө бүтээсэн шигээ хүсэж буй ертөнцөө ч ахин бүтээж чадна. Өөрийгөө шинээр бүтээж, шинэ бодол санаа, шинэ итгэлээр өөрийгөө цэнэглэж чадна гэдэгтээ итгээрэй. 

#2 Өөрийгөө хайрлах нь өдөр тутмын жижиг дадлуудаас эхэлдэг

Өөрийнхөө хамгийн хайртай хүнээ өвдөж шаналахад нь хэрхэн ханддагаа төсөөл. Өөрийгөө ч бас түүн шиг энхрийлэн хайрлаарай. Сайхан бүтэн нойртой хонох, эрүүл хооллох, өөртөө бодлоо цэгцлэх цаг хугацаа өгөх, өөртөө болон амьдралд талархах, дургүй зүйлсээсээ татгалзах гээд л өөрийнхөө төлөө хийх ямар их гайхалтай зүйлс байна вэ? 

#3 Өвдөж байна уу? Өвдөлтийг хүлээн зөвшөөр

Шаналлыг бүтэн дүүрэн мэдэрч, дараад нь тавьж явуулахаас нааш байн байн гарч ирсээр л байх болно. Шаналах үедээ зүрхээ урагдтал шаналаад, ахин тэр өвдөлтийг мэдрэхгүйгээр салах ёс хийж сураарай. Сэтгэл хөдлөлөө шүүхээсээ өмнө мэдэр. 

#4 Зүрхээ нээ

Яг одоо өөрөөсөө асуу даа. "Би өөртөө үнэхээр хайртай юу?" 

Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх өөр. Харин өөрийн бодол мэдрэмж, зүрх сэтгэл, бүхий л бие, алдаа дутагдлаа ч хайрлах нь илүү өндөр түвшний хайр юм шүү. 

#5 Заримдаа бодолдоо итгэх хэрэггүй байдаг 

Өнөөдөр бодсон бодол маргааш өөрчлөгдөж болно. Тэглээ гээд чи өөртөө худалч хүн болчихгүй. Бодол өөрчлөгдөж, хувьсаж, бүтээгдэж байдаг. Заримдаа өөрийнхөө бодлыг ч үгүйсгэж итгэхгүй байх нь хэвийн зүйл. 

#6 Багаас эхэл. Өөртөө жижигхэн амлалт зорилт өгөөд, түүнийгээ заавал биелүүл. 

Хайртай хүнээ худлаа хэлэхэд бид шаналдаг ч өөртөө худлаа хэлсээр байдаг. Өөртөө үнэнч, шударга хандахаас өөртөө итгэх итгэл ахин бүтээгдэж эхлэх болно. 

#7 Өнөөдөр юунд талархах вэ? 

Бусдад баярлалаа гэж хэлдэг хэрнээ өөртөө талархахаа мартдаг юм биш биз? Өөрийгөө зэмлэж, буруутгахаа түр азнаад хийсэн зөв зүйл, бүтээсэн сайхан зүйлсдээ талархаж байгаарай. 

#8 Ахиад жаахан л тэвччих

Хүнд хэцүү мэдрэмж хормын дотор үгүй болно гэж байхгүй. Ахиад жаахан л тэвчээд, ахиад жаахан л хатуужилтай нэгэн болчих. Хожим өөртөө хайрлан талархах болно. 

#9 Дасгал ид шидтэй! Хорыг өөрөөсөө гадагшлуулаарай 

Бүхий л хүнд хэцүү мэдрэмжээ эрч хүч болгон дасгал хөдөлгөөнөөр гадагшлуулаарай. Дасгал сэтгэл зүрхийг эмчилж, хөдөлгөөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. 

#10 Хамгийн хортой бодлуудыг орхи. 

Сэтгэл чинь уужрах болно. Оронд нь хорт бодлыг үгүйсгэсэн дараах бодлыг өөртөө цогцлоо. 

  • Өнгөрсөнд юу ч болсон бидэнд ирээдүй бий

  • Эмзэг зөөлөн байх нь сул дорой чанар бус хүчирхэг чанар

  • Ганцаараа байх нь аймшигтай зүйл биш. Ганцаараа аз жаргалтай байдаг хүн хэзээд жаргалтай байж чадна 

  • Хүмүүс чамд хэрхэн хандах нь чамаас бус тэднээс шалтгаалдаг

#11 Өөрт төрж буй мэдрэмжээ буулгая 

Үнэхээр бичих гээд бодол орж ирэхгүй байвал дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай.

  • Өөрийнхөө хамгийн хайрладаг гурван зан чанар чинь юу вэ? 

  • Хэрвээ бие чинь өөрийгөө илэрхийлж чаддаг байсан бол чамаас юу хүсэх бол? 

  • Чамд хэн нэгний хэлж байсан хамгийн сайхан үг юу вэ? Яагаад үнэн гэж? 

  • Чиний л хийж чаддаг гайхалтай зүйлс юу вэ? 

  • Чи юу хийж байхдаа хамгийн их аз жаргалтай байдаг вэ? 

  • Чиний сэтгэл зүйн эрүүл мэнд ямар түвшинд байна вэ? Үүнд юу юу нөлөөлж байна вэ? 

  • Чиний бие махбодын эрүүл мэнд ямар түвшинд байна вэ? Үүнд юу юу нөлөөлж байна вэ? 

  • Чамайг хэн хамгийн ихээр хайрладаг вэ? Тэр хүн чиний ямар чанарыг хамгийн их хайрладаг вэ? 

  • Өөрийгөө аз жаргалтай болгодог 20 зүйлийг жагсаан бич. Эдгээрийг өдөр тутам хийж чадаж байна уу? 

  • Өөрийнхөө төлөө яг одооноос хийж эхлэх 10 зүйлийг жагсаан бичээрэй. 

  • Өөртөө хэлдэг сөрөг бодлуудаа жагсаан бичээрэй. Оронд нь өөртөө ямар сайхан зүйлээ сануулж байж болох вэ? 

  • Чамайг юу онцгой болгодог вэ? 

  • Хэзээ хамгийн аюулгүй, амар амгалан мэдрэмжийг мэдэрдэг вэ?

  • 5, 10 жилийн өмнөх өөртөө юуг захих вэ? 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
1
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.204.117
ЗОЧИН\47.129.204.117