Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг


VOO үйлчилгээн дээр BE PLUS VOO хэмээх шинэхэн цэс нэмэгдсэн бөгөөд үүн дээр 21 хоногийн турш өдөр бүр дэлхийн шилдэг сонирхолтой кинонууд ээлж дараалан гарч байгаа билээ. Тэр дундаас үзсэн "Warrior" хэмээх 2011 оны бүтээлийн тухай та бүхэндээ сонирхуулъя. 

2011 онд нээлтээ хийсэн адал явдалт, драм төрлийн тус бүтээл америк найруулагч Гэвин О’Коннорын бүтээл юм. Том Харди, Жоэл Эдгертон, Ник Нолти хэмээх гурвалаар гол дүрүүдээ базсан тус бүтээлд амьдралын эрхээр хоёр тийш салан тус тусдаа өссөн ах дүү хоёр холимог тулааны тэмцээнээр дахин нэгэнтэйгээ таарч буй тухай өгүүлэх бөгөөд бага ахуйд нь архинд донтон гэр бүлээ ихэд зовоож, туйлдуулж ирсэн эцэгтэйгээ зөвхөн тулааны бэлтгэл хийх зорилгоор дахин уулзаж буй Том Конлон гэх бага дүүгийнх нь түүх дээр илүү тулгуурлах болно. 

Нэн түрүүнд, спортын тухай кинонуудын тулаан, өрсөлдөөн өөрөө "үнэн" байх нь тухайн киноны хамгийн гол чухал зүйл байдаг. Тэд жинхэнээсээ хөлсөө урсгаж, нэгнээ цохин авч, шидэлж, ялалтын төлөө улайран тэмцэж байж үзэгчдэд тухайн спортынхоо үнэн мөн чанарыг мэдрүүлэх боломжтой болдог билээ. Дээрээс нь сэтгэл зүйн байдал, бие бялдрын хувьд ч жүжигчид мэргэжлийн тамирчид лугаа байж чадваас үнэмшилтэй болно. Харин энэхүү бүтээл тэр тал дээр ганц ч алдаа гаргаагүй юм. Тулаан бүр жинхэнэ мэдрэгдэх бөгөөд бид торон дотор тулалдах бодит тамирчдын амьдралыг баримтат кино адил үзэх мэт санагдана. Цохилт бүр нь яс янгинаж, хамар шархирахад хүргэнэ. Дагаад хэдэн арван км гүйчихсэн аятай амьсгаадах шиг, булчин зангирах шиг л болно.

Мөн тус киноны бас нэгэн үзэсгэлэнтэй зүйл нь тулаан гэхээс илүүтэйгээр хагаралдсан гэр бүлийн гишүүд хэрхэн нэгэнтэйгээ эргэн нэгдэж, хамтдаа зүрх сэтгэлээ анагааж, амьдралаа ухааран, алдаа оноогоо эргэцүүлж буй дүрслэлүүд юм.

Киноны эхний хэсэгт Бурханд итгэл үнэмшилтэй, Библийн аудио бичлэг байнга сонсох ганцаар амьдардаг хөгшин эр Падди Конлон нэгэн орой гэртээ ирээд олон жилийн турш олж хараагүй бага хүүгээ үүдний довжоон дээр сууж байгааг олж харан баярлаж буй хэсэг гарна. Бага хүү Том аавдаа ёс болгон архи авчирсан байх бөгөөд аав нь харин архи уухаа больсон тухайгаа хэлдэг. Аавынхаа архины хамаарлаас болж ээжтэйгээ цуг их зовлонг амссан Том эцгээ хэзээ ч уучлаагүй төдийгүй, ээжтэйгээ цуг тусдаа амьдрахдаа ямар хэцүү зовлон үзэж туулснаа хатуухан үгээр хэлж ойлгуулна. Багадаа ирээдүйтэй тамирчин болно хэмээн олны хараанд өртөж, ааваараа дасгалжуулагч хийж байсан хүү нэгэнт тэрхүү тулааныг орхиж, цэрэгт элссэн байх бөгөөд тун удалгүй маш том шагналын сантай тэмцээн болох гэж буй мэдээг олж дуулаад аавыгаа дахин нэг удаа өөрт нь дасгалжуулагчаар ажиллах санал тавьдаг. Тэглээ гээд тэдний хооронд аав хүүгийн харилцаа байхгүй, зүгээр л дасгалжуулагч тамирчин хоёрын үүднээс хамтран ажиллана гэдгийг хүү нь хатуухан хэлэх учир аав нь ч үүнийг хүлээн зөвшөөрч бэлдэхээр болдог байна.

Харин түүхийн нөгөө талд Томмигийн ах Бренданы амьдралыг харуулах болно. Архи ууж, мансууруулах эм хэрэглэн ганцаар амьдрах дүүгээсээ ялгаатай нь тэрээр хоёр хүүхдийн эцэг болж, насныхаа хайртай гэрлэн багшаар ажиллаж байх аж. Бага охиныхоо мэс заслын төлбөрийг олохын тулд байшингаа барьцаанд тавьж, түүнийгээ авч чадахгүй алдах эрсдэлд орох үедээ тэр мөн адил холимог тулааны жижиг тэмцээнүүдэд оролцож, давхар мөнгө олох хэрэгтэй болдог. Брендан ч мөн аавынхаа агсам тавьж, зодож нүддэг байсныг хэзээ ч мартаж чадаагүй тулд охид болон эхнэртэйгээ огт уулзуулахгүй явсаар өдийг хүрсэн байдаг.

Тэдний дахин уулзсан мөч бүхий л талаараа сэтгэл зүрхээ урж тастсан хүндхэн цаг үе болох болно. Ээжтэйгээ хамт хэцүүхэн амьдрал туулж байхад нь тоолгүй орхисон хэмээн ахдаа гомдох Том, хайртай бүсгүйтэйгээ учирсан учир нэгэнт холдож явж чадахгүй болсон Брендан хоёрын маргаан тэднийг тулааны талбар дээр дахин гарч ирэхдээ нэгэн рүүгээ хайр найргүй довтлоход ч хүргэнэ.

Хүүхдүүдийн амьдралд багадаа авсан сэтгэлийн шарх, айдас үнэндээ асар урт хугацаанд бас маш гүн тогтон үлддэгийг энд харуулсан юм. Агсам тавьж орилж, ээжийг нь зодож байгааг харж өссөн хөвгүүдийн нэг нь амьдралд замаа алдаж, баатарлаг үйл хийлээ ч өөрийгөө ямар ч сайн сайхан зүйлийг хүртэх эрхгүй хэмээн гүн бат итгэсэн байх бол нөгөө нь эхнэр хүүхдэдээ тэр болгоныг үзүүлэхгүй юм сан гэх айдастай үлдэж хоцорсон байх болно. Энэ нь эцэс сүүлдээ хүнд бэрхийг хамт туулж байсан ах дүү хоёрын дунд ч ан цав бий болгож, торон дотор нэгнээ цустай нь холих хэмжээний уур бухимдалд хөтөлсөн байх болно.

Тус бүтээлийн дүрүүд бүгд хурц тод зан араншинтай агаад, дэлгэцэд хэсэгхэн гараад өнгөрөхдөө ч үг хэл, үйлдлээрээ өөрийн дүрийн онцлогийг нэвт харуулах чадалтай. Ам нээн хэлэх хэдхэн үгнээс нь та тухайн дүрүүдийг таньж авах болно. Ямар нэг илүү дутуу зүйлгүй яг таарсан чанартай кино зохиол болон диалогийг энэ киноноос мэдрэх боломжтой. Кино дүрийн судалгааг хэрхэн тултал хийж, түүнийгээ харуулж байгаа нь жүжигчдийн чадварыг харуулах болно. Мөн тулааны хэсгийн дэглэлтүүд энэ киноны гол чимэг болж өгчээ. Цохиулахад нь хамт өвдөх, ялахад нь хамт баярлах, хамт догдлох мэдрэмжүүд үнэхээр амьд.

Энэ кинонд дурлуулж чадсан бас нэг зүйл нь жүжигчин Том Харди байсан юм. Оролцон тоглосон кино болгоныхоо дүрийг яаж тэгж ойлгож, мэдэрч, өөрөөрөө дамжуулан гэрэлтүүлж чаддаг нь гайхмаар. Шархалсан, хүүхэд наснаасаа эхлэн хайр биш алганы амтыг л илүүтэй үзэж өссөн, бусдыг аврахыг хүссэн ч чадаагүйдээ өөрийгөө буруутган толгой гудайлгасан, гэвч торон дотор тулалдахаар орсон хэнийг ч бай ганц цохилтоор унагааж орхиод бусдыг айлгаж чадах хамгийн зөрчилдөөнтэй хэр нь хайрламаар дүрийг тэр өөрийн сэтгэлээс эмтлэн бүтээжээ. Аавдаа хэчнээн уурлаж, хатуу үг хаяж, үл тоох ч зүрхнийхээ гүнд хайрласаар байгааг нь, ахдаа яаж ч гомдож, хорссон гэлээ одоо хэр нь тэр том биетэй, хүчирхэг залууд ахынх нь хайр хэрэгтэй байгааг тэр нулимс цийлгэнүүлсэн харцаараа, хүүхдийнх шиг гэнэн нүүр хувирлаараа харуулж чадна.

Заримдаа бид эргэн холбоо барихыг хүсэж, бүх зүйлээ засан залруулахыг хүсэвч тэр нэгэнтэй яаж холбогдохоо үл мэддэг. Өөрсдийгөө гэмшил дундаа үүрд хүлж орхиод, өөрчлөгдөж болох байсан амьдралын цэгийг ч үл тоон өнөөх гашуун өнгөрсөндөө хүлэгдсээр амьдралаа өнгөрөөх нь бий. Залгаад уучлал гуйх, буруугаа хүлээх, санаж байгаагаа хэлэх нь ямагт хэцүү байж болох ч хэзээ ч тэр үгийг хэлж чадалгүй өнгөрөөх нь аль аль талдаа ямар гээч хортой зүйл болохыг бид хэт оройтох хүртэл нь анзаарч үл чадна. Магад миний үзсэн кинонууд дундаас гомдлоо тайлж, бас хэн нэгнийг уучилж байгааг хамгийн энгийн бөгөөд шууд харуулж чадсан шилдэг кинонуудын нэг энэ байх. Гэр бүл болгонд ямар нэг асуудал байдаг. Архидалт, хэрүүл тэмцэл, нэг хүүхдээ бусдаас илүүд үзэх, үл ойлголцох, мөнгө төгрөгөөс болсон асуудал гээд тоочоод барамгүй асуудлууд өдөр болгон бидний дунд өрнөж байдаг ч тэр болгоныг даван гарч, асуудлаа шийдэж, нэгнээ нөхцөлгүй хайрлаж чадах эсэх нь тэр хүний хичээл зүтгэлээс басхүү бусдыгаа ойлгох гэсэн багахан оролдлогоос эхлэх боломжтой.

Тэмцээнд ганц л ялагч байх ёстой бөгөөд энэ кинонд ах дүү хоёрын нэг нь л түрүүлж чадна гэдгийг бид угаас эхлэлийн хэсгээс эхлээд л ойлгох болно. Гэхдээ алийг нь дэмжих вэ гэдэг нь үзэж буй таны л хүсэл. Магад та хоёуланг нь зэрэг дэмжиж ч болно. Эцэст нь та хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг болохыг мэдэрнэ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
Уржигдар
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Уржигдар
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.