UBLife Logo
-

93//Kidult: Ирээдүйг зөгнөгч

UBLife
UBLife
93//Kidult: Ирээдүйг зөгнөгч

Сул унжсан өмд, томдсон гэмээр чөлөөтэй цамц, содон шийдэлтэй эсгүүр, загвартай хувцас, гар цүнхний дайтай “аварга” том дөрвөлжин халаас гээд таны төсөөлж ч байгаагүй өвөрмөц шийдлүүд 93//Kidult-д бий. Тэдэнд хувцаслалтын тогтсон хууль, дүрэм үйлчилдэггүй. Эрэгтэй юубка, этгээд загвартай кимоно, ардаа халаастай хүрэм зэрэг хэний ч санаанд оромгүй загвартай хувцсыг урладаг монголын нэгэн шинэ, залуу брэндийг бид энэ удаад онцлохоор шийдлээ.

93//Kidult нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байгуулагдсан монголын гудамжны хувцаслалтын брэнд юм. Тэд байгуулагдсан цагаасаа хойш дөрвөн коллекци худалдаанд гаргаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард нэрийн дэлгүүрээ нээсэн билээ. 93//Kidult брэндийн загвар зохион бүтээгч Ниймаа, Лида нар өнгөрсөн  сард худалдаанд гаргасан 2016 оны намар, өвлийн шинэ загварууддаа “хувцас хамгийн гол нь биед эвтэйхэн байх ёстой” гэсэн брэндийн үндсэн үзэл санааг хадгалсан тухайгаа ярьж байна. “93//Kidult Fall&Winter 2016” нэртэй шинэ коллекцид “Safety wear” буюу хамгаалалтын хувцаснаас санаа авч хийсэн хантааз, бомбер жакет, кимоно загварын цамц, сул өмд, малгайтай хамба хилэн цамц гээд олон өнгийн сонголттой 20 орчим загвар багтжээ. Эдгээр өвөрмөц содон шийдэлтэй хувцаснууд 40 мянгаас 200 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Тус брэнд ирэх сарын эхээр шинэ загварын цуглуулгаараа анхныхаа том хэмжээний загварын шоунд оролцох гэж байна. Улаан-Үд хотод зохион байгуулагдах “Baikal fashion week” загварын долоо хоногт Монголоос 93//Kidult болон Monalun брэнд оролцоно.

“Монгол брэнд гэхээр л заавал монгол хээ угалз орсон, үндэсний хэв маягийг шингээсэн байх ёстой гэсэн түгээмэл ойлголт байдаг. Гэхдээ тэр нь хангалттай их байгаа болохоор бид барууны хэв загвар, стандартаар монгол дизайнерууд, монголдоо хийж, үйлдвэрлэдэг хувцасны брэнд байхын тулд хичээн ажиллаж байна” хэмээн 93//Kidult брэндийн захирал Тэнүүн ярьсан юм. Тэдний хувцсыг хараад хүмүүс “Энэ үнэхээр монголын брэнд юм уу” гэж дуу алдах тохиолдол цөөнгүй. Маш их гар ажиллагаа орсон деталь, тоноглолууд болоод өвөрмөц содон хуваалт, минималист хэв загварууд нь энэ брэндийн бусдаас ялгагдах гол онцлог юм.

“Дэлхийн биш юм аа гэхэд монголын хувцас загварын чиг хандлагаас нэг алхам түрүүлж, бусдаас арай өөрөөр сэтгэж, зоригтой алхам хийхийг хүсдэг” хэмээн ярих 93//Kidult-ийн загвар зохион бүтээгчид шинэ цуглуулгаасаа бомбер жакет болон сул өмдийг онцлож байна. Үнэхээр тэд өмдний хувьд тун зоригтой алхам хийж, урьд өмнө үзэгдэж байгаагүй содон загвартай өмд бүтээжээ. Хоёр талдаа бүслүүртэй энэ далбагар том өмдийг 93//Kidult-ийнхан ирэх оны хавар, зуны тренд загвар болно гэж үзээд шинэ цуглуулгадаа оруулсан тухайгаа ярьсан.

Бусдаас урьтаж сэтгэхийг зорьдог 93//Kidult -ийнхнийг “ирээдүйг зөгнөгч” гэлтэй. Тэд масс-д зориулж хувцас хийдэггүй. Олон нийтийн сонирхолыг дагах бус, ирээдүйн чиг хандалагыг тодорхойлох нь тэдний гол зарчим билээ. “Тэгвэл хэрэглэгчдийн чиг хандлагыг тодорхойлж, шинэ бүтээл хийх урам зоригоо юунаас авдаг юм бэ” гэх асуултад маань 93//Kidult-ийнхан хариулахдаа “Цаг үеэ мэдрэх нь хамгийн чухал. Уран бүтээлчдэд зөн совин байдаг гэх үү дээ. Удахгүй яг ийм юм хийвэл хүмүүс сонирхох гээд байна, энийг ингэчихвэл яг гоё болох гээд байна гэж мэдрэгддэг. Бид олон юм үзэж, нилээн ажиглалт, судалгаа хийсний дүнд өөрсдийн хэв маягыг бүрдүүлж загвараа бүтээдэг” гэлээ.

 

93//Kidult брэнд өвлийн куртик, шинэ жилийн даашинз, сноубордын цамц, хэрэглэлийн загвар гаргах ажилдаа ханцуй шамлан оржээ. Шинэ загваруудыг хэрэглэгчдийн захиалгаар үйлдвэрлэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
49
23
20
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.