UBLife Logo
Дэлхий

Оросын пуужинд оногдож сүйрсэн онгоцонд Вагнерын үүсгэн байгуулагч Е.Пригожин байжээ

Ub.life
Ub.life
Оросын пуужинд оногдож сүйрсэн онгоцонд Вагнерын үүсгэн байгуулагч Е.Пригожин байжээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 23-нд Москвагаас Санкт-Петербургийн зүг нисэж явсан Эмбраер-135 онгоц Тверь мужийн ойролцоо пуужинд оногдож сүйрсэн билээ. ОХУ-ын Иргэний агаарын тээврийн газраас мэдэгдсэнээр долоон зорчигч, онгоцны багийн гурван гишүүн цөм амь үрэгджээ. Тэгвэл зорчигчдын дунд "Вагнер" хөлсний цэргийн бүлэглэлийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин, цэргийн командлагч Дмитрий Уткин нар байсан талаар ОХУ болон гадны эх сурвалжууд мэдээлж эхэллээ. 

Өдгөө 62 настай Евгений Пригожин нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай олон жилийн турш ойр байж, түүнд шадарлаж явсан нэгэн юм. 2014 онд тэрбээр "Вагнер" хөлсний цэргийн бүлэглэлийг үүсгэн байгуулсан бөгөөд Оросын төрөөс санхүүждэг байжээ. "Вагнер" нь 25 мянга орчим хөлсний цэрэгтэй гэх мэдээлэл байдаг бөгөөд Украин, Сири, баруун Африк дахь цэрэг дайны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй. 

Пригожин болон түүний хөлсний цэргүүд саяхныг хүртэл Украины дайнд идэвхтэй оролцож явсан юм. Гэвч сүүлийн саруудад Пригожин Оросын цэргийн армийн удирдагчдыг ил тод шүүмжлэх болсон. Тухайлбал, өнгөрөгч тавдугаар эхээр цацагдсан нэгэн бичлэгт тэрбээр амиа алдсан "Вагнер"-ын цэргүүдийн цогцосны дэргэд зогсон "Цус шинээрээ байна. Тэд энд сайн дураараа ирээд амиа алдаж байхад та нар тансаг оффисдоо тарган муур шиг сууцгааж байна" хэмээн ярьсан юм. Тэрбээр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Оросын зэвсэгт хүчний дарга, генерал Валерий Герасимовыг цохон шүүмжилсэн хэмээн хэвлэлүүд тайлбарлаж байв. 

Зүүн Бахмут хотод болсон тулааны үеэр Пригожины цэргүүд Оросын армиас дэмжлэг авч чадалгүй сар гаран болсон. Үүнээс улбаалан Пригожин тавдугаар сард цэргээ татна хэмээн мэдэгдэж, зургаадугаар сарын 23,24-нд Украинаас цэргээ гаргасан билээ. Улмаар Оросын өмнөд хэсгийн Ростов-на-Дону хотыг эзлэн авч, Москва руу жагсана хэмээн заналхийлж эхэлсэн. Пригожины эдгээр алхмыг Ерөнхийлөгч Путин "эх орноосоо урвасан үйлдэл" хэмээн тодорхойлж, "Энэ бол Орос улс, Оросын ард түмний ар нуруунд хутга зоосонтой адил" гэж хэлж байв. 

Эх сурвалж: CNN. BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.