Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

"Цэнхэр тэнгэрийн цаана" кино наадмын шүүмж


2023 оны "Цэнхэр тэнгэрийн цаана" кино наадмын уралдаант хэсэгт 6 кино шалгаран өрсөлдлөө. "Мөртүүд", "Харчуул", "Хүн", "Хальсанд үлдсэн дурсамж", "Romeo and Romeo", "Шошго" гэх эдгээр 6 кино ЛГБТИК+ хүмүүсийн тухай болон бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны талаар зөв ойлголтыг өөр өөрсдийн онцлогтойгоор хүргэж, хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөжээ. Энэ жилийн наадамд өрсөлдсөн кинонуудын нийтлэг онцлог нь сургамжит болон шүүмжит өнгө аясыг шингээхээс илүүтэй реалистик, түүхийг буй байгаагаар нь хүүрнэсэн, ойлголцолд хөтлөхийг хичээсэн өнгө аястай байсан бөгөөд хайр хэмээгч нь хүйсээр хязгаарлагдахаас хавь илүү баялаг, нандин зүйл гэдгийг илэрхийлсэн байлаа.


1. Мөртүүд (Creases)

"Мөртүүд" кино нь нэг хүний балчир багадаа бэлгийн чиг баримжаагаа анхлан таньсан түүх, өсвөр болоод залуу насны хайр дурлалын түүхүүд, мөн тэдгээрээс тодхон үлдсэн дурсамжуудыг захиатай адил байдлаар бүлэгчлэн хүүрнэсэн stop-motion кино байлаа. Хайр, хагацал, хардалт, харамсал гэх мэт ойлголт, мэдрэмжүүдийг ямар ч үзэгчид ойлгомжтой, ямар ч хүний туулж болох нийтлэг өнцгөөс хүүрнэсэн нь агуулгыг илүү хүчтэй, хүртээмжтэй болгож, үзэгчтэйгээ харилцан яриа үүсгэж чадахаар болжээ. Хайр, хосын харилцаанаас бид сэтгэлдээ баяр баясал, халуун дулаанаас гадна шаналал зовуурь, урам хугаралт, хөндүүр шарх тээх нь бий. Гэвч энэ бүхнээс үл шалтгаалаад бидэнд үлдсээр л байдаг итгэл найдварын оч дөлийг киноны өгүүлэгч дүрийн ярианаас бэлхнээ мэдэрч болохоор. Захиа мэт хүүрнэл, stop-motion, намрын мэт шаргалдуу өнгө нь үзэгчид илүү эгэл дотно мэдрэмж төрүүлэхүйц сонирхолтой шийдлүүд байв. Шийдэл нь сонирхолтой боловч шийдлийнхээ гол онцлог, давуу талыг бүрэн ашиглаж чадаагүй хэд хэдэн алдаа байсан нь зураг авалтын байршил болон объектуудын харьцангуй цөөн байдал, киноны бүлгийн гарчиг, текстүүдийн байршил, фонт, жигд байдал алдагдсан зэрэг байлаа. 

2. Харчуул (Young Men)

"Харчуул" кино нь хөдөө газар мал аж ахуй эрхлэн ганцаар суудаг идэр насны эр дээр хотоос өөр нэг найз нь нэг хоногоор зочлон ирж буй байдлаар өрнөнө. Гол дүрийн залуу буйд газар амьдрах боловч хотын соёл, хөгжим, залуусын үг хэллэгээс хоцроогүй аж. Тэд хамтдаа үнээ сааж, дэмбээдэж, элдвийг хуучилсаар нэг хоног өнгөрч, найз нь хот руу буцна. "Харчуул" кино нийгмийн элдэв хэвшмэл ойлголтуудыг сургамжилж, шүүмжилж бус, маш энгийнээр, магад хөгжөөнтэй ч гэмээр өнгө аястай илэрхийлсэн нь тун соньхон байв. Монгол уламжлалын элементүүдийг орчин үеийн хөгжим, үг хэллэгүүдтэй хослуулснаар яг л хотоос ирсэн залуутай хамт найзындаа зочилж буй мэт энгийн, дотно, хөгжөөнтэй атлаа хоржоонтой уур амьсгалын бүрдүүлж чаджээ. Харин "Харчуул" киноноос онцлох хамгийн чухал шинж нь дүрийнхээ хувийн орон зайд халдаагүй, үзэгчид ч халдах, шүүх боломж өгөөгүй явдал нь байв. Ингэснээр энгийн, хөгжөөнтэй мэт уур амьсгалаас үзэгч асуулттай үлдэхүйц, нэгийг тунгаахуйц кино болж чаджээ. Гүйцэтгэлийн хувьд, дуу, дүрс гээд залуу боловч тодорхой туршлагатай уран бүтээлчид ажилласан нь шуудхан мэдэгдэж, түүгээрээ ч ялгарч байлаа.

3. Хүн (Human)

Өсвөр насны гурван найз хайр сэтгэлт хүмүүстээ зориглон хайр илчлэхээр тохиролцож, үүнийгээ нэг өдөр зэрэг хийцгээнэ. Үеийн нөхдийн бишүүрхэл, айдас, мөн догдлол баяслыг цэвэр нандинаар илэрхийлжээ. Бусад өрсөлдөгч кинонуудаасаа ялгаатай нь цэвэр comin-of-age төрлийн кино байв. Агуулга нь гэгээлэг, эерэг боловч зохиолын хөгжүүлэлт, олон талт өнцөг зэрэг нь хараахан дутууджээ. Гурван дүрийн хайр сэтгэлээ илчилсэн түүх гурвуул төстэй байхаас илүүтэй өөр өөр өнцгийг тусгаж, эсвэл нэг дүрийн түүхийг дэлгэрүүлэн олон талаас нь харуулж, мөн зураг авалт, гүйцэтгэлдээ бүтээлч шийдэл нэмж шингээсэн бол илүү сайн бүтээл гарах боломжтой байсан гэж харагдлаа. 

4. Хальсанд үлдсэн дурсамж (Remains of the Film)

"Хальсанд үлдсэн дурсамж" кино нь гол дүрийн охин урьд нь хэзээ ч уулзаж байгаагүй эмээгийнхээ зусланд ээжтэйгээ хамт очсоноор ээжийнхээ залуу насны түүх, бэлгийн чиг баримжаа, үүнийг нь хэзээ ч зөвшөөрөөгүй эмээгийнхээ тухай цочирдом басхүү догдлом түүхийг мэдэж авч буйгаар өрнөнө. Уг киноны хувьд зохиолын хөгжүүлэлт, сцен хоорондын шилжилт, жүжигчдийн чадвар, ерөнхий санаа зэрэг нь тун нямбай хийгдсэн бөгөөд ерөнхийдөө цогц түүх бүхий богино хэмжээний кино болсон байлаа. Хүмүүс алдаж боддог, дараа нь тэрхүү алдаагаа сэхээрдэг. Гэвч ийн сэхээрэх үед хэзээ ч буцааж болохооргүй гарз, харуусал тохиосон байдаг нь даанч хөндүүртэй. Бид хэн нэгнийг хүлээн зөвшөөрөөгүй, хэнд ч гэмгүй хүсэл мөрөөдлийг нь хавчиж хязгаарласнаас тухайн хүнийг ямар их ганцаардал, цөхрөл, хором мөч бүхнийг шүд зуун тэвчих хэцүүхэн нөхцөл рүү түлхдэгийг "Хальсанд үлдсэн дурсамж" кино энгийн агаад яруухнаар үзүүлжээ.

5. Romeo and Romeo

"Romeo and Romeo" кино нь өрсөлдөгч кинонуудаасаа ялгаатай нь орчин үеийн хэв маяг болоод шекспир төст сонгодог хэв маягийг хослуулсан байв. Хоёр залуугийн учрал, нэгэнт учраад эргэн нийлэх хүртэлх ээдрээгээр сүлжин уг кино өрнөнө. Хүүхэлдэйн театр, чулуун гэрээр тоглох үеийн дуу чимээний шийдэл, зэргэлдээ нийгмийн шинж байдлыг тусгасан подкаст гээд бүтээлч шийдэл олноор харагдаж байлаа. Зохиолын гол үйл явдалд ямар нэг асуудал дэвшүүлэх гэхээсээ илүү эгэл хүмүүсийн учралын түүхийг нандин, сентиментал байдлаар хүүрнэсэн байв. Харин асуудал дэвшүүлсэн хэсгүүдээ подкаст, хүүхэлдэйн театр гэх мэт зэргэлдээ үйл явдлуудадаа шингээсэн нь тун сонирхолтой шийдэл болжээ. 

6. Шошго (Label)

"Шошго" кино нь 25 орчим насны ээжтэйгээ амьдардаг, таарсан бүхнээсээ "ажилд орох", "эхнэртэй болох", "ямар нэг юм заавал хийх", "хөрөнгө мөнгөтэй байх", "бусдад таалагдах" зэрэг олон олон шаардлагыг сонсож яваа нэгэн залуугийн түүхийг өгүүлэх юм. Залуу ажил, гэрлэлт, сургууль соёлын тухайд ээжтэйгээ ам муруйж, ажлын ярилцлага авагчдын амны бай болж, дуулдаг пабдаа найз нөхөдтэйгөө уулзахдаа мөн л эд хөрөнгө, ажил төрлийн тухай хоржоонтой, хатгасан үгс сонсоно. Ийм нэгэн өдрийн төгсгөлд залуу тэр нэгэн хүнтэй юм ярьж, хамт алхсанаар кинонд тэс өөр энгийн гэрэл гэгээ сүүмийж буйгаар төгсдөг. "Шошго" киноны хувьд нийгмийн шүүмжийг хурцаар агуулсан, хэвшмэл ойлголтуудад асуулт тавьснаараа илт ялгарч байлаа. Хүмүүсийг ямар нэг байдлаар шошголж, ангилж ялгадаг хэвийн болтлоо дагтаршсан хэвшмэл үзэлд асуулт тавьсан байв. Энэхүү ялгаварлал нь зөвхөн нэг хүн, нэг бүлэгт бус, бүх нийтэд хамааралтай тул киноны агуулга нь зөвхөн ЛГБТИК+ хүмүүсийн бус, бүх л хүмүүсийн түүхийг хүүрнэсэн, өргөн баялаг болж чаджээ. Харин кино нь дундаас төгсгөл рүү шилжих хэсэг дээрээ харьцангуй суларч, эрчмээ алдсан нь төгсгөл хэсгийн мөнөөх өөр өнгийн гэрэл гэгээг бага зэрэг халхалчих шиг. 

Ийнхүү 6 кино өрсөлдөж, уран бүтээлчид маань хүний эрхийн мэдрэмж, хэвшмэл бус сэтгэлгээгээ өөр өөрсдийнхөө толилууллаа. Нийтлэлийн эхэнд кинонуудын нийтлэг давуу чанарыг дурдсан. Харин нийтлэг гэж болох сул тал нь сэдэв, агуулгын оновчтой илэрхийлэмж бага зэрэг дутууджээ. Кино нэг бүрийг үзээд хайранд ямар ч хязгаарлалт үгүй гэж хэлмээр боллоо. Нэгийг тунгаахуйц, итгэл найдвар мэдрэхүйц, дотроо буй ямар нэг сайн сайхан зүйлийг тэмтрэхүйц сайхан аялал байлаа, энэ наадам. Баярлалаа.

2023 оны 9-р сарын 2-нд буюу өнөөдрөөс та бүхэн Тэнгис кинотеатрт 14:00-17:00 цагийн хооронд "Цэнхэр тэнгэрийн цаана" наадмын кинонуудыг үзэх боломжтой шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.06.08
Book & Movieholics | "Хүй" буюу “The Cord of Life” киноны шүүмж
2
2023.04.17
Book & Movieholics: Ажихуйн гоо
3
2022.12.26
Хоёр Д ба хайр татам Неллинүүд
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.