Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Ц.Гончиг: Сайхан дурсамж гэдэг нэгэн насны үнэтэй дүйнэ л гэж хэлье


“Цул мөнгөн гүүр” номын зохиолч Цэрэннадмидын Гончигтой ярилцлаа. Тэрбээр яруу найргийн төрлөөр “Дээврээс дуслах хавар”, “Цэцгийн нэртэй сууринд” номуудыг хэвлүүлсэн билээ.


-Таны номдоо дурссан хүн бүр гэгээн тунгалаг дүрээр төсөөлөлд минь үлджээ. Хүүхэд нас тань тийм нөөлөг дулаан орчинд өнгөрсөн юм уу, эсвэл та тааралдсан хүмүүсийнхээ дандаа гэгээтэй талаар нь зөрсөн юм уу? 

-Хүн ард өнгөрч үлдсэн амьдралынхаа хугацааны тухай эргэцүүлж, дурсаж бодохдоо магадгүй. ...Тэр үедээ л тэгэх байж, энэ үе дээрээ л алдаж ээ. Тийм юм хийгээд явж байхын оронд ийм юм хийхгүй яав даа гэж эргэцүүлж боддог байж болох юм. Мэдээж жаргалтай сайхан дурсамжууд мөн адил байгаа л байх. Гэхдээ 4 насандаа би тэгэх минь ч яалаа халаг, 6 настай байхдаа түүн дээр л нэг алдчихлаа, 12 насандаа би тийм шийд гаргачихсан бол гэж нэг их бодоод байдаггүй шиг ээ. Бичсэн  дурсамжууд бол 4-12 настай үеийн халаглах амаа барих зүйлгүй дурсамж болохоор нөөлөг дулаанаар төсөөлөлд чинь буусан байх. Нэгэнт өөрийн толгой мэдлийн алдаа, оноо үгүй хойно эргэн санаж бичсэн хүмүүс сэтгэлд чинь тэгж хүрчээ.  

-Бага насны үйл явдлуудаа нарийн тод санахад тань тусалсан ямар нэг сэжим байсан уу. Өмнө нь хагас дутуу тэмдэглээд орхисон зүйл ч юм уу. Хэр удаан хугацаанд бичиж дуусгав?

-Дутуугийн комплекс юм болов уу. Сурагчийн дүрэмт хувцасны асуудлаар мэдээ гарахад ЕБС-д нэг ч удаа дүрэмт хувцас өмсөж үзээгүй төгсөж байснаа санана. Сурах бичгийн чанар яригдахад багын дөрвөн жилд ямар ч сурах бичиггүй хичээл үзсэнээ санана ч гэдэг юм уу? Ноолуур хөөрөх цагаар соронз чирээд төмрийн үртэс цуглуулж ноолуурын жин нэмдэг байснаа дурсдаг ч юм уу. Өөрийн цахим хуудсандаа ганц нэг зүйл бичдэг, түүнд маань хүмүүс их урам өгдөг байлаа. Түүнийгээ ч ашигласан. Гурван жил бодож яваад яг  хоёр сар нам суугаад бичсэн дээ.

Уг нь миний бичсэн зүйлс, архины шил цуглуулж кино үздэг байсан, хог цэвэрлэж наадмын хуушуурын мөнгө олдог байсан, үстэй дээл эсгий гуталтай хичээлдээ явдаг байсан, үзэж харах ном ч олддоггүй байсан, үхрийн арьс буцалгаж цавуу хийдэг байсан, хэвтэрт ортлоо нохойд хэмлүүлдэг байсан гээд бичээд л байгаа юм. Тэгсэн ч гэсэн дээрх хариулт шиг уншигдахгүй байгаа нь одоогийн Ц.Гончигийн өнцгөөс юуг ч дүгнэж цэгнээгүй зөвхөн бага шиг хүүхдийн бодол санаанд хязгаарлаж бичсэндээ байх.

-Таны хүүхэд нас яг хоёр нийгмийн зааг дээр хэцүү бэрх, бас сонирхолтой үед өнгөрчээ. Жишээ нь би одоогийн сэтгүүлчийн өнцөг дээрээс тэр цаг үеийн талаар мэдээ бичвэл юу бичих бол?

-...Тэнд гурилын түмпэн бариад айлаас гурил гуйх гэж яваа жаал хүү бол би. Зөрөөд тамхины хайрцаг бариад аавдаа тамхи гуйхаар манайх руу чавхдаж яваа хүү бол манай ангийн найз. Түүний ах нь цэрэгт яваад тураалаар халагдаад ирсэн. Манай ах найзуудтайгаа хогийн цэг рүү явж цайр, төмөр түүнэ. Аавууд хөрөөгөө бариад хуш мод бэлдэхээр ойд одно. Өвөлдөө хэдэн цаг гэрэл цахилгааны бараа харна. Зурагтаар траншейны хүмүүс эсвэл галт тэрэг дамжиж тэнэж явдаг хүүхдүүдийн тухай мэдээ гарна. Хэвлэгдсэн өдрөөсөө хагас сар хоцорч ирсэн сонин уншина. Хэрэгтэй юм түүн дээр үгүй. Хэнийх хаана хонь гаргасан, хэнийх өнөөдөр хэдэн кг гурил авсан гэдэг нь тов тодорхой сумын төв. За ийм дүр зураг дээр л мэдээ бэлтгэх байх.

-Та тэгээд тийм хэцүү нийгэмд байсан бага насаа бичихэд хүмүүст яагаад ийм гэгээтэй уншигдаад байна?

-Уг нь миний бичсэн зүйлс, архины шил цуглуулж кино үздэг байсан, хог цэвэрлэж наадмын хуушуурын мөнгө олдог байсан, үстэй дээл эсгий гуталтай хичээлдээ явдаг байсан, үзэж харах ном ч олддоггүй байсан, үхрийн арьс буцалгаж цавуу хийдэг байсан, хэвтэрт ортлоо нохойд хэмлүүлдэг байсан гээд бичээд л байгаа юм. Тэгсэн ч гэсэн дээрх хариулт шиг уншигдахгүй байгаа нь одоогийн Ц.Гончигийн өнцгөөс юуг ч дүгнэж цэгнээгүй зөвхөн бага шиг хүүхдийн бодол санаанд хязгаарлаж бичсэндээ байх. Хэдий тэнд гарч байгаа хүүхэд би мөн ч гэсэн тэр дурсамжууд минийх нь баараггүй үнэн ч гэсэн зохиолын дүр болсон бага насаа зохиолч нь өөрөөсөө жаахан тусгаарласан гэж хэлмээр юм уу.

-Зохиолч П.Лувсанцэрэн “Хорхой нь биш хүн нь" тэмдэглэлдээ “Уран зохиолын үнэнийг амьдралаар шалгадаг. “Ус шиг цэнхэр” өгүүллэгийн жинчин өвгөн амьдрал гэгч их ертөнцөд ямар л хүн байсан тэр л хэвээрээ, өөрийн биеэр харагдах ёстой” гэж бичсэн байдаг. Та номынхоо баатруудыг амилуулах, уншигчийг итгүүлэх гэсэн зорилгыг хэр чухалчилж байв, эл зорилгодоо хүрэхийн тулд тухайлан ямар аргыг баримталж бичсэн бэ? 

-Энэ номны тухайд бол би эсрэгээр нь нэг хэлж үзмээр санагдаж байна. Амьдралын үнэнийг ч гэсэн уран зохиолоор шалгаж болох юм. Би бичсэн дүрүүдээ бүгдийг нь  өөрийн нэр ус, дууддаг хоч, хийдэг ажилтай нь шууд л биччихсэн. Хэн нь ч миний төрж өссөн суманд тийм нэрд гарсан гоц алдар хүндтэй, том шагналтай, баян чинээлэг хүмүүс биш. Жирийн л хүмүүс, бидний л нэг. VII сард номоо хэвлүүлээд хамгийн түрүүнд нутгийнхандаа хүргэсэн юм. Дүрүүдийнхээ амьдралаараа үлгэрлэсэн үйл, хэлэх гэсэн үгийг нь бүгдийг нь нэг жаахан хүүд уран зохиолын аргаар хэлүүлж аваад тараачихсан. Нэг сумынхан биесээ мэдэхийн дээдээр мэднэ. Надад хэн нь ч чи худлаа юм бичсэн гэж хэлж чадаагүй. Энэ номын бичвэрүүд уран зохиолын хувьд уран зохиол, бодит үнэний тухайд мөн л үнэн.

Ц.Ганболд ах маань оны эхэнд өгүүлэг, туужийн ном эрхлэн гаргаж, О.Элбэгтөгс маань шинэхэн шүлгийн түүврээ хэвлэлтээс хүлээж аваад зогсож байна. Бид тэгээд халуун тулгаа тойроод нэгнээ гэсэн сэтгэлтэй сайхан л байцгаадаг. Хог саганы талаарх хэрүүл дэгдээж, золбин нохдыг чичлэж, шороо тоос, зам харгуйгаа зүхэвч наад Мөрөн хотод бидний дунд жинхэнэ яруу найрагч амьдарч байгаа яваа шүү гэж хүмүүст хэлмээр л санагддаг юм.

-Зарим дурсамж гунигт автуулж, зарим нь хөхөрч унатал инээлгэх нь ч байдаг биз. Үнэн гашуун байдаг ч гэж ярьдаг. Таны бодлын цүнхээлээсээ шүүрдсэн дурсамжууд хэр гашуун санагдсан бэ, шаналгах дурсамж хэр олон тааралдав?

-Яг дунд яваад л байгаа хүүхэд насныхаа “Би” дүрээсээ л харж бичнэ гэсэн болохоор гашуурах нь харьцангуй гайгүй байсан. Харин өнөөгийн “Би” өнцөг дээрээс бичвэл мэдээж гашуурна. Гэхдээ нэг хүний тухай яг бичиж байхдаа тэр хүнийг санаад ёстой нэг гол гашуу оргисон шүү. Би 2-3 настай л болов уу гэмээр жаахан хүүхдээ машины тэвшин дээрээс буулгаж байсан гуалин модонд цохиулж даруулаад алдчихаж байхыг нь харж байсан юм. Бархирч орилоод тэврээд л эмнэлэг гүйсэн, хөөрхий амжаагүй. Тэр хүний талаар бичиж дуусаад юуны ч юм өр дарсан юм шиг санагдсан. Ийм зүйлийг хэвлэл энэ тэрд ярьж болдог ч юм уу, болмооргүй бол хасаарай.    

-“Цул мөнгөн гүүр” номонд түүх нь бичигдсэн хүмүүсээс таны номыг уншсан нь бий юу, байгаа бол тантай сэтгэгдлээ хуваалцсан уу?

-Гол дүр босгож бичсэн хүмүүс минь харамсалтай нь бүгд уншиж чадаагүй ээ. Уг нь байвал байж л байхаар насны хүмүүс. Үр хүүхэд, ар гэр нь ер нь манай сумынхан бүгд л уншсан байх аа. “Хүн дурсагдаж эхэлсэн цагаасаа дахин амьдардаг” гэдэг үг хаанаас ч билээ олж харсан юм. Баярлаж талархсан үг олныг сонсоод дотроо бол хөөртэй, урамтай л байгаа.

-Бага насны бүүр түүрхэн дурсамжийг нэхэн санаж, түүгээр амьсгалсан өдрүүд таныг ямар мэдрэмжид аваачив даа?

-Өө сайхан байсан даа. Өрөөндөө босож холхиод л, болоод ч байгаа юм шиг бичиж чадаад байгаа юм шиг санагдаад л (инээв). Заримдаа тэгээд бас гацчихна аа.

-Гацсан үедээ түүнээсээ яаж гарч байна?

-Голцуу л яруу найрагч, зохиолч Май ах руу залгана даа. Заримдаа гэр орон ажил төрлөөр нь очиж бүтэл муутай байгаагаа дуулгана. Ер нь П.Майнбаяр ах их түлхсэн дээ (инээв). 

-Та багагүй хугацаанд Мөрөн хотноо зохиолч П.Майнбаяр, Ц.Ганболд, Б.Сарантуяа тэргүүтэй хүмүүстэй ойр амьдарсан. Таны зохиол, бүтээлд эдгээр хүмүүсийн зөвлөгөө тус болох ч юм уу, ямарваа нэгэн нөлөө байдаг уу?

-Ямар ч газар, ер нь ч аль ч нийгэмд амьдарсан хүн гэдэг амьтан оюун санааны өөрийн гэсэн хүрээтэй байх ёстой гэж боддог. Миний тэр хүрээ нь утга зохиол байж таарсан юм шиг байна. Мөрөнд анх очсон даруйдаа “Хөх мэдрэхүй” яруу найргийн бүлгэмийн гишүүн, яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар, “Монсудар” хэвлэлийн газар уран зохиолын номын орчуулагчаар ажиллаж байгаа Б.Ундрах нартай танилцаж бие биедээ ном тойруулж уншаад хэрэндээ л  дэмтэй байдаг байлаа. Одоо бол Б.Сарантуяа, П.Майнбаяр, Ц.Ганболд гээд ах эгч нар өөр олон сайхан авъяас билэгтэй утга зохиолд хайртай сайхан найз нөхөд, дүү нар байгаа. Миний хувьд Мөрөн хотыг тэдэнгүйгээр төсөөлж чадахгүй байх аа. Ц.Ганболд ах маань оны эхэнд өгүүлэг, туужийн ном эрхлэн гаргаж, О.Элбэгтөгс маань шинэхэн шүлгийн түүврээ хэвлэлтээс хүлээж аваад зогсож байна. Бид тэгээд халуун тулгаа тойроод нэгнээ гэсэн сэтгэлтэй сайхан л байцгаадаг. Хог саганы талаарх хэрүүл дэгдээж, золбин нохдыг чичлэж, шороо тоос, зам харгуйгаа зүхэвч наад Мөрөн хотод бидний дунд жинхэнэ яруу найрагч амьдарч байгаа яваа шүү гэж хүмүүст хэлмээр л санагддаг юм. Тэгж бодох нь, тэгж хэлэх нь тэгээд юунд ч хэрэгтэй юм мэдэхгүй (инээв).

Хүн дурсагдаж эхэлсэн цагаасаа дахин амьдардаг”.

-Эдүгээ та амьдрал дундаас хожмоо сайхнаар санагалзах дурсамжийн салхи хэр ихийг өвөртөлж явна даа. Дурсах гэдэг таны хувьд хэр үнэ цэнтэй зүйл вэ?

-Хүн мажийхдаа тулах юм бол хамгийн нандин, сайхан дурсамжуудаа л бодох байх гэж төсөөлдөг. Тэгэхээр сайхан дурсамж гэдэг нэгэн насны үнэтэй дүйнэ гэж л хэлье. Хэрвээ ийм логикоор сэтгэвэл тийн санах дурсамжгүй бол бүр нэг насны амьдралыг дэмий үрсэн болж таарах нь. Гэхдээ хэн л тийм дурсамжгүй байх билээ дээ. Одоо бол би тэр дурсамжуудаа элбэгхэн сайхан өвөртөлж л сууна даа. Хожмоо бас бичих ч юм билүү.

-“Цэцгийн нэртэй сууринд” номоо хэвлүүлснээс хойш шинэ шүлэг хэр их бичиж байна вэ, ер нь цаашид яруу найраг, хүүрнэл зохиолын алинаар нь бичих вэ?

-Аль аль төрлөөр бичих санаа уг нь байна. Ганц, нэг жүжиг бичиж үзсэнээс “Зүүд урлаач Хугашхан” нэртэй хүүхдийн жүжиг энэ жил Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын Театрын тайзнаа тавигдсан. Энэ төрлөөр илүү сайн үзэж, судлаж байж бичсэн зүйлүүдээ хүнд үзүүлье гэсэн бодолтой байна. “Цул мөнгөн гүүр” номонд оруулна гэж бодсон ч арай дутуу санагдаад үлдээсэн юм бас бий. Тэрийгээ жаахан тордоод тууж ч болгож үзэх санаа байна. Шүлгийн түүврийн тухайд одоогоор бас шийдсэн юмгүй.

-Сүүлд бичсэн шүлгүүдээсээ манай уншигчдад хуваалцаач?

Аж төрдөг суурин минь өнөөдөр

Сарны гадарга лугаа хувираад

Ахуй бие минь амьдын жингийнхээ

Арван долоон хувиар оршиж байна.

Татах хүчний ийм алдралаас үүдээд

Агаарт жингүйдсэн эд юмс

Тааз, адарт хүрээд сая нэг тогтож байна.

Орон сууринг минь бөмбийлгөн хучсан

Одоо бидний амьсгалж буй тоосны ширхэгээс

Орчлон үүсэж, амьдрал бүтсэн гэхээр

Огтхон ч үнэмшмээргүй санагдавч

Бор шороондоо шингэсэн олон хүмүүсээс үлдсэн

Бодит эсүүд нь ингэж жингүйдэж явааг харахлаар

Боломжгүй зүйл ч бас биш юм шиг санагдаад

Босож биеэсээ гараад нэг тоосыг оновол

Адаг чуулганы мананцарт шинэхэн үүссэн гарагт

Анхны цэцэгнийх нь үр болж очих ч юм шиг бодогдоод...

Ахуй бие минь өнөөдөр өөрийн жингийхээ

Арван долоон хувиар л оршиж байна аа...

2023-04-18  Мөрөн.

Та бүхэн ЭНД дарж, Ц.Гончигийн "Цул мөнгөн гүүр" номын тухай тэмдэглэлийг  унших боломжтой.

Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
2023.09.26
Фото: "Намрын гуниг намайг ээрнэ" яруу найраглаг үдшийн зураглал
2
2023.09.21
"Хүйтэн харц, хиртэй гараар хөндөмгүй хайран”
3
2023.09.19
Энэ намар таны заавал унших хүүхдийн таван гоё зохиол
санал болгох
1
1 цагийн өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
1 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.