UBLife Logo
Ном

Фото: "Намрын гуниг намайг ээрнэ" яруу найраглаг үдшийн зураглал

У.Чинзориг
У.Чинзориг
Фото: "Намрын гуниг намайг ээрнэ" яруу найраглаг үдшийн зураглал

"Яруу найраг гэдэг тайван амгалан байх үедээ л бусдад нөлөөлөхүйц сонгодог соёлыг бий болгож чаддаг тайвшрал, аз жаргалын хэмжүүр. Энэ нь хамгийн нарийн мэдрэмжийг хүлээж байдаг тансаг орон зай". (Г.Бадамсамбуу)

Ub.life сайт болон Fat Cat Jazz Club-ээс хамтран зохион байгуулдаг "Poetry Night"-ийн намрыг угтсан эвент "Намрын гуниг намайг ээрнэ" нэрээр 9-р сарын 26-ны өдөр болж, Монголын уран зохиолын өв санд баялаг хувийг бүтээсэн найрагчдын хүүхдүүд аавынхаа шүлгүүдээс уншиж, мөн цоо шинэ номоо хэвлүүлээд удаагүй өнөө цагийн хүчирхэг найрагчид өөр өөрийн өнгө аяс бүхий шүлгүүдээ уншсан юм. Үргэлжлүүлэн энэ үдэш хүрэлцэн ирсэн зочдыг танилцуулъя.

"Голын тохой дээр", "Тунгалаг гунигийн улирал", "Аялагхан залуу нас минь", "Хар нүдэн" зэрэг олон гайхамшигтай шүлэг, бүтээл туурвисан Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны хүү Э.Цагаан-Уул энэ үдэш хүрэлцэн ирж, аавынхаа бүтээлээс уншив.


Сэрүүхэн намраар холын ууланд бодол минь оччихоод

Сэмхэнээр намайг дуудан жаргаахын амгаланг ээ

ТУНГАЛАГ ГУНИГИЙН УЛИРАЛ

Сэтгэлийн дотор зөөлхөн хөндүүр байх

Сэрэл мэдрэмж өгч, аглагшин зовохын сайхныг ээ

Сэрүүхэн намраар холын ууланд бодол минь оччихоод

Сэмхэнээр намайг дуудан жаргаахын амгаланг ээ

Амьдрал дандаа гялбаа цахиж, тэнгэр дуугарч байвч

Аядуу зөөлөн үүрсэх нь л цээжний гүнд анир цочооно

Алс хол, мянган жилийн цаадах бургас шуугихыг

Аньсага цавчихын зуур олж сонсох зүүд шигээ

Бүрэнхийд бүсгүй хүн инээх нь одод сэрвэгнэх шиг болоод

Бүлээхэн тунгалаг аялгуу цээжинд урсахад залгилнам аа

Бүдэг саран цэнхэр сарнаас илүү энхрийлэлтэйг мэдээд

Бүүр түүрхэн санаашрал төрөх нь урьдын явдлын гунихрал аа. (Арлааны Эрдэнэ-Очир)


“Мартахуйн цэл мөсөн доогуур

Санахуйн сул усан жирэлзэнэ” хэмээн бичсэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровыг “Говийн өндөр” роман, “Холын цэнхэр уулс” тууж, “Бууж мордох хорвоо” өгүүллэг, “Өндөр ээж”, “Саруул талын ерөөл” кино зохиол зэрэг туурвил зүйн бүхий л төрлөөр бичсэн олон бүтээлээр нь уншигчид таних биз ээ. Түүний зохиол бүтээлүүдийг Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр “Нүүдэлч малчин монголчуудын уран зохиолыг шимтэн судалдаг юм гэхэд ухааных нь шигшүүрт гарцаагүй тээглэх хүн бол Сормууниршийн Дашдооров” хэмээн үнэлжээ. Харин утга зохиол судлаач Ч.Билигсайхан “Арван хөрөг” номдоо “Уншигч олны хайр итгэлийг С.Дашдооров зохиолч бүрэн даах хүн” гэж тодорхойлсон нь бий. Зохиолч С.Дашдооров агсаны охин Д.Маралгоо хүрэлцэн ирж, аавынхаа уран бүтээлийн өвөөс уншиж, танилцуулав. 


Дэврүүн багын аалиараа

Дэнжийн цэцэг шиг ганхаж явлаа.

АНХНЫ ХАЙРЫН ДУУ ("Мартагдашгүй намар" киноны дуу)

Унаган багын аалиараа

Уулын гөрөөс шиг омголон явлаа.

Уулын гөрөөс шиг омголон явтал,

Усгал зөөлөн харцтай учирлаа.

Хайрын нандин сэтгэл

Хаанаас ирдэг юм бэ?

Аз жаргал зөгнөсөн,

Анхны хайр,

Алаг зүрх түшээд ирэв үү?

Алаг зүрх түшээд ирэх

Анхны хайр,

Хаанаас ирдэг юм бэ?

Дэврүүн багын аалиараа

Дэнжийн цэцэг шиг ганхаж явлаа.

Дэнжийн цэцэг шиг ганхаж явтал,

Дэрсийн хонгор чи минь учирлаа.

Хайрын нандин сэтгэл

Хаанаас ирдэг юм бэ?

Аз жаргал зөгнөсөн

Анхны хайр,

Алаг зүрх түшээд ирэв үү?

Алаг зүрх түшээд ирэх

Анхны хайр,

Хаашаа намайг хөтөлнө вэ?  (Сормууниршийн Дашдооров)


Urban poems буюу хотын өнгө төрх бүхүй шүлгийг монголын яруу найрагт бий болгохоор яваа яруу найрагч Б.Батзаяа 2017 онд “Лонхонд байсан шүлгүүд” номоороо утга зохиолд жинхэнэ шуугианыг тарьсан юм. Түүнийг ямар нэг “галзуу” зүйл туурвина гэдэгт итгэж найддаг, шинэ номыг нь үргэлж хүлээдэг уншигчдын олонх залуу хүмүүс байдаг. Тэрээр энэ намар хэвлүүлсэн "Сэтгэцийн асуудлууд" түүврээр хотжилт, бидний сэтгэцэд хэрхэн нөлөөлж ямар асуудлуудаар дарж буйг харуулах шиг. Хотжсон нийгэмд буй асуудал, зөрчлүүд бидний далд ухамсарт хэрхэн нөлөөлж буйг илчлэх мэт. Үнэхээр түмэн бухимдал, стресс дунд байгаа бидэнд магадгүй ийм л яруу найраг хэрэгтэй байж мэднэ.


Дэлгүүрээс яруу найргийн ном үнэхээр олддоггүй, 

бүгдийг нь бид идчихдэг байлаа.

ӨЛСГӨЛӨН ТОГЛООМ

Ахлах ангид учиргүй их өлсдөг сөн.

Айхтар өсгөлүүндээ биш, зүгээр л ядуу, 

өлсөхийн эрхэнд “Сүмтэй бударын чулуу”-г

өдөрт бага багаар идсээр 

хавтас нь л үлдэж билээ.

Хичээлийн дараа турж үхчих гээд байх үед

хир даасан Хэмингуэй, Дюма, Дефо 

тос даасан боорцог шиг л гулгана шүү дээ.

Хоосон байсаан, юун зайдас

бөднийн өндөг, оливын тос…

Хонины гэдэс, хар гурилаар л болгодог байлаа.

Сонгино, давс нь яаж овоо байсан юм, 

заримдаа ном ч олдохгүй,

сонины цаасаар л өдрийг барна шүү дээ.

Ядуу байлаа, хэн маань ч ялгаагүй.

Дэлгүүрээс яруу найргийн ном үнэхээр олддоггүй, 

бүгдийг нь бид идчихдэг байлаа.

Ихэнх нь Н.Нямдорж, Б.Лхагвасүрэн, 

О.Дашбалбарыг идэж байхад

илүү өөр амт хайна: Эрдэнэсолонго, 

Галсансүх, Аюурзана...

ходоод нь наалдчихаад байхад л 

бас цаас голомтгой.

Хоорондоо номоо солилцож, 

тэрүүхэндээ хэнхэлзэж явлаа.

Аав нь багш нэг найз маань 

Ахматова, Пушкин, Цветаеваг

ам руугаа урж тастан чихээд л, чихээд л...

Орос цаасны амт надад болохоор их л аргуу,

олон аяга усгүй л бол явдаггүй байсан даа.

Хожим амьдрал сайжирч, бид ном идэхээ больсон,

хоолны ширээ, архины ширээнээс

өндийхөө ч байсан даа.  (Батхүүгийн Батзаяа)


Орчуулагч Ж.Тэгшзаяа энэ намар анхны шүлгийн номоо хэвлүүлээд буй билээ. Түүнийг алдарт дуучин Лана Дель Рейн "Өвсөнд мэхийх нил цэцэг", Милан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй", Франц Кафкагийн "Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд", хайрын өгүүллэгийн шилмэл түүвэр "Гоо үзэсгэлэн бол шарх" зэрэг номуудыг орчуулсан гэдгээр нь уншигчид танина биз ээ. Ж.Тэгшзаяагийн 23 настайгаасаа өдийг хүртэл бичсэн шүлгүүдийг "Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй" номноос нь унших боломжтой.


Залуу нас хэрэв номны нэртэй байсан бол

"Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй"

Өдөр хэрэв номны нэртэй байсан бол

Өнөөдөр гарцаагүй "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй"

Өчигдөр хэрэв номны нэртэй байсан бол

"Хугацаан доторх хугацаа"

Худал хэрэв номны нэртэй байсан бол

"Тэжээвэр"

Харамсал хэрэв номны нэртэй байсан бол

"Сайн уу, гуниг минь"

Хагацал хэрэв номны нэртэй байсан бол

"Баяртай, гуниг минь"

Амар тайван хэрэв номны нэртэй байсан бол

"Ганцаардлын дасгал"

Дурсамж хэрэв номны нэртэй байсан бол

"Алдагдсан цагийн эрэлд"

Мансуурал хэрэв номны нэртэй байсан бол

"Бараг л нэвт харагдах цэнхэр"

Хүсэл хэрэв номны нэртэй байсан бол

"Давалгаа, давалгаа, бас дахин давалгаа"

Залуу нас хэрэв номны нэртэй байсан бол

"Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй"

Хайр хэрэв номны нэртэй байсан бол

"Гоо үзэсгэлэн бол шарх"

Амьдрал хэрэв номны нэртэй байсан бол

"Амгүй ч би хашхирах ёстой"

Чи хэрэв номны нэртэй байсан бол

"Сармагчин бол сармагчин". (Жалан-Аажавын Тэгшзаяа)


"Тагтаа" паблишингийн Үүсгэн байгуулагч, "Хөх мэдрэхүй" бүлгэмийн яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан. Тэрбээр яруу найргийн төрлөөр “Арван гуравдугаар сарын бороо”, "Эдгэрэл" нэрт түүврүүдийг, орчуулгын төрлөөр Орхан Памукийн "Цас", "Дур булаам" антологи тэргүүтэй номуудыг хэвлүүлсэн билээ. 


Ийм шархны ард бас жаргаж чадна гэж боддог

Эрмэг хүн ирмэгээсээ жаахан л эмтэрлээ, зүгээр ээ.

Жаргаж явахдаа хааяахан гаргаж харж баймаар

Сайхан гүн шархтай боллоо, баярлалаа.

Ийм шархны ард бас жаргаж чадна гэж боддог

Эрмэг хүн ирмэгээсээ жаахан л эмтэрлээ, зүгээр ээ.

Гунигтайдаа хувааж татсан тамхины иш шигээ

Гудамжинд хөглөрөөд л үлдэх дурсамжууд бид бүтээжээ.

Агаарт нь хүртэл чиний үнэр шингэсэн энэ хотыг

Ардаа үлдээж түвдэлгүй өдийг хүрлээ, явна аа.

Санаж гэгэлзэхээрээ гаргаж харж баймаар 

Сайхан дурсамж бидэнд ховор шүү дээ, гайхмаар аа

Уулзахсан, харахсан гээд зориод ирье гэхнээ

Улаанбаатарын гудамжууд аанай л хоосон шүү дээ, гашуун аа. (Батсуурийн Баясгалан)


Мөн Өвөрмонголын яруу найрагч Шарайд Дүүрэнжаргал хүрэлцэн ирж, шүлгээсээ уншлаа.


Чамайг мартахын тулд эхлээд уруулыг чинь, 

Чамайг би анх үнссэн тэр үдшийн сарыг, 

ЧАМАЙГ МАРТАХЫН ТУЛД

Чамайг мартахын тулд эхлээд харцыг чинь, 

Чи намайг анх харсан тэр өдрийн нарыг,

Тэр өдрийн нарыг санагдуулаад байгаа энэ өдрийн нарыг, 

Тийм ээ, ер нь бол нарыг мартах хэрэгтэй. 

Чамайг мартахын тулд эхлээд уруулыг чинь, 

Чамайг би анх үнссэн тэр үдшийн сарыг, 

Тэр үдшийн сарыг санагдуулаад байгаа энэ үдшийн сарыг,

Тийм ээ, ер нь бол сарыг мартах хэрэгтэй. 

Нар, сарыг мартахын тулд нүдээ аних хэрэгтэй. 

Нүдтэй гэдгээ ч мартах хэрэгтэй. 

Аньсан байхад хараад байдаг 

Алив тэр нуугдагч нүд, 

нар сарнаас ч хол нүд...  (Шарайд Дүүрэнжаргал)


Ингээд "Намрын гуниг намайг ээрнэ" яруу найраглаг үдшийн зураглалыг фото сурвалжлагаар хуваалцаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.