Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг


Үзэг нэгт салбарын хүнтэйгээ ярилцахаар 103 жилийн түүхтэй Монголын ууган хэвлэлийг зорилоо. Манай зочин бол “Монголын Үнэн” сонины Улс төр, эдийн засгийн албаны сэтгүүлч С.Юмсүрэн. Тэр 2012 онд МУИС-Улаанбаатар их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа МҮОНРТ-ээс эхэлж байжээ. Шалгуур өндөртэй ууган телевизид нэг хэсэг ажиллаж, багагүй туршлага хуримтлуулж, улмаар өөрийнхөө бичих ур чадварыг сорихоор 2014 онд сонины салбарт хөл тавьжээ. Түүнээс хойш “Монголын Үнэн” сонинд тогтвор суурьшилтайгаар ес дэх жилдээ ажиллаж буй. Мөн тэрбээр жендэрийн эрх тэгш байдлыг хөндсөн даацтай бүтээлүүд гаргадаг “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн идэвхтэй гишүүдийн нэг юм. 

Түүний “Оролцоно, төлөөлнө”: Эмэгтэйчүүд зөв, зөөлөн нийгмийг бүтээнэ сурвалжилга Монголын Хэвлэлийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Виртуал редакц” хөтөлбөрийн 8-9 сарын шилдэг бүтээлээр шалгарчээ. Мөн Технологийн салбарын “Алтан луужин”“Өндөр өсгийтийн хүч”Мартах учиргүй найман амлалтСунгаа айсуй: Ухрах уу, урагшлах уу зэрэг хөрөг, нийтлэл нь сар бүрийн шилдэг бүтээлийн эхний гуравт эрэмбэлэгддэг байна.


- Шинэхэн боловсон хүчнээ сургаж авдаг арга барил телевиз, сонин, мэдээний сайтад харилцан адилгүй байдаг. Ялангуяа сонины “гал тогоо”-г хатуу чанга, сониноор дамжиж бэлтгэгдсэн сэтгүүлчид хариуцлагатай, чамбай байдаг гэж салбарынхан онцолдог. Тэгвэл сонины редакцын үйл ажиллагаа хэрхэн өрнөдөг, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс юугаараа онцлог вэ?

- Тийм шүү. Сонины редакц их чанга. Өглөөний шуурхай хурал ч бас нэлээд ширүүн болно шүү дээ. Хурал дээр дугаар удирдагч болон бусад дарга, сэтгүүлч бүгд тухайн өдрийн дугаарт нийтлэгдсэн бүтээлийн алдаа, оноог ил тод хэлдэг. Тэндээс магтаал, шүүмжээр ташуурдуулж, илүү сайн, чанартай бүтээл, “хадаас” материал бэлтгэх зорилго өвөртөлж ажилдаа гардаг даа. Мэдээж телевиз, сонин, сайт бүгд өөр өөрийн арга барил, онцлогтой. Телевиз бол ярих, сонин бол бичих урлаг. Сайтын мэдээний сэтгүүлч түргэн шуурхай, хурдтай байдаг бол сонины сэтгүүлч ачаалал даах, найруулан бичих, дүрслэх чадвартай байх жишээтэй. Ерөнхийдөө би тодорхой асуудлын хүрээнд дунджаар 30-40 минут ярилцдаг. Харин ямар нэгэн сэдэв, асуудлаар хязгаарлагдахгүй тохиолдолд түүнээс ч урт хугацаагаар ярилцаж байж тухайн хүнийг бүх талаас нь уудалж, харуулна. Гэтэл бидний ажил ярилцсанаар дуусахгүй шүү дээ. Авсан яриагаа найруулж буулгана. Сонины бүтэн нэг нүүр эсвэл тал ч юм уу тогтоосон хэмжээнд тааруулж, нийтлэлээ бичих, ярилцлагаа буулгах хялбар биш. Ер нь ярих амархан, бичих хэцүү байдаг юм билээ. Хүн санаагаа ойлгуулахын тулд хэдэн ч үг, өгүүлбэрээр илэрхийлж болно. Харин тэр хүний яриаг товч бөгөөд тодорхой, ойлгомжтой байдлаар бичлэгийн хэлбэрт оруулж, хүнд унших сэдэл төрүүлэх хэмжээнд хүртэл найруулан бичих нь тийм ч амар ажил биш. Хүний яриаг боловсруулалт хийхгүйгээр тэр чигээр нь буулгавал ямар утга агуулгатай байх нь ойлгомжтой шүү дээ.  

- Танай сонин өдөр тутам бус долоо хоногт нэг удаа хэвлэгддэг болсноор сэтгүүлчдийн ачаалал, ажиллах арга барилд өөрчлөлт орсон болов уу. Ер нь сонины сэтгүүлчийн нэг өдөр ямар байдлаар өнгөрдөг вэ?

- Манай сонин 2022 онд бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэлт хийж долоо хоногт нэг удаа хар, өнгөт холимог 24 нүүрээр гардаг болсон. Өдөр тутам гардаг байхад өглөө бүр шуурхай хуралдаж, төлөвлөгөөний дагуу материалаа бэлтгэхээс гадна тэр өдрийн гол үйл явдалд анхаарч ажилладаг байлаа. Харин долоо хоногт нэг удаа хэвлэгддэг болсноор шаардлагатай тохиолдолд хуралддаг болсон. Мөн үйл явдлаас илүүтэй тойм бичих, тухайн нэг асуудал, сэдвийн хүрээнд анализ, дүгнэлт хийдэг болсон. Хүмүүс “Танай сонин долоо хоногт нэг удаа гарахаар зав зайтай, амар байна уу” гэдэг. Бас сонин хэвлэлтэд шилжүүлдэг өдөр л ганцхан ажилладаг, ажиллах ёстой гэж ойлгодог. Гэтэл бид өмнөх шигээ өдөр бүр ажиллаж, ажлаа төлөвлөж хийдэг. Сониноо хэвлэлтэд шилжүүлэх пүрэв гарагаас өмнө сэтгүүлчид хариуцсан сэдвийнхээ хүрээнд материалаа бэлтгэж, операторт нийлүүлэх ёстой учраас цагийн зөв менежменттэй, бүгдийг тооцож, төлөвлөж ажиллах шаардлагатай байдаг. Ингэхдээ бэлтгэж буй материалаа тал талын эх сурвалжаар баталгаажуулах, чамбай, чанартай боловсруулах зэргээр бүтээлийнхээ агуулга, чанарт илүү анхаардаг болсон. Ер нь сонин маань долоо хоног тутам болсноор өнгө зүс, чанар, агуулгын хувьд илүү сайжирч, “Монголын үнэний сэдэв”, “Сайд ярьж байна”, “УИХ-ын гишүүн ярьж байна”, “Дугаарын зочин”, “Дугаараас дугаарын хооронд”, “Бүтээлч Монгол”, “Монгол бахархал” зэрэг тогтмол нүүртэй болсон. Уншигч, захиалагчдын маань тоо ч нэмэгдсэн. 

Ер нь ярих амархан, бичих хэцүү байдаг юм билээ. Хүн санаагаа ойлгуулахын тулд хэдэн ч үг, өгүүлбэрээр илэрхийлж болно. Харин тэр хүний яриаг товч бөгөөд тодорхой, ойлгомжтой байдлаар бичлэгийн хэлбэрт оруулж, хүнд унших сэдэл төрүүлэх хэмжээнд хүртэл найруулан бичих нь тийм ч амар ажил биш.

- Таны яриаг сонсоход сонины редакцын амьдрал сонирхолтой санагдлаа. Сонины гал тогоонд өрнөсөн хөгжилтэй эсвэл сургамжтай мартагдаггүй дурсамжаасаа хуваалцаач?

- Олон дурсамж бий. Мэдээнд гүйдэг байсан үе маань, бас өглөөний шуухай хурал хамгийн түрүүнд санаанд бууж байна. Нэг удаа өглөөний шуурхай хурал дээр нэлээд ширүүхэн маргаан өрнөж, хоёр нь бүр барьцалдаж авч байж билээ /инээв/.  

Ажилд орсон эхний жилүүдэд тухайн үед shuud.mn-д ажиллаж байсан Б.Будхүү, Зууны мэдээ сонины сэтгүүлч С.Уянга, надтай хамт ажиллаж байсан С.Ичинхорлоо бид хэд ЦЕГ руу мэдээнд явдаг байлаа. Тэр үед бид “хадаас” мэдээ авна, олно гээд ийш, тийшээ их гүйдэг байсан даа. Ер нь сонины гал тогоонд хөл тавьсан эхний хэдэн сар нүд ирмэхийн зуур л өнгөрсөн. Хурал дуусаад л ажилдаа гарна. Эргэж ирээд л шивж эхэлнэ. Бичиж дуусаад албаны даргадаа, дараа нь дугаар удирдагчид уншуулж, эцэст нь өөрөө засвараа тулгана. Тэр үед алаг эрээн болсон засвартай материал л ирдэг байлаа. Материалаа өөрөө тулгаж хийвэл хурдан сайжирдаг гээд ямар үг, өгүүлбэрийг яаж зассаныг нь нэг бүрчлэн харж, тулгадаг байсан. 

- Интернэт, сошиал медиа хөгжихийн хэрээр хүмүүс олон сувгаас мэдээ, мэдээлэл авах боломжтой болсон. Хэвлэл мэдээллийн салбарынхны өрсөлдөөн эрчимжсэн энэ цаг үед сонин юугаараа ялгарч, уншигчдад ямар үнэ цэн өгнө гэж та боддог вэ? 

- Таны хэлсэнчлэн цахим орчин хөгжсөнөөр хэвлэл мэдээллийн салбарт шинэлэг өрсөлдөөн бий болж байна. Хүмүүс цахимаар дамжуулан мэдээ мэдээллийг түргэн шуурхай авдаг болсон. Гэсэн хэдий ч сонин өөрийн гэсэн орон зай, давуу талтай учраас өдийг хүртэл оршин тогтносоор байна. Тухайлбал, уншигчдын сонинд итгэх итгэл үнэмшил харьцангуй өндөр байдаг. “Монголын Үнэн” сонин өдгөө 103 дахь жилдээ хэвлэгдэж буй Монголын ууган хэвлэл. Тэр ч утгаараа үе үеийн уншигчдын итгэлийг хүлээж чадсан, одоо ч хүлээсээр байна. Цахим орчин дахь мэдээлэл устах, өөрчлөгдөх эрсдэлтэй бол цагаан дээр хараар бичсэн сонины материал хөдөлшгүй баримт нотолгоо, дурсамж болж үлддэг. Сонины үнэр, сонины хуудас эргүүлэх үгээр илэрхийлэмгүй тийм сайхан мэдрэмж байдаг. Олон жилийн зузаан намтартай энэ сонины сүүлийн арван жилийн түүхийг бүтээлцэж буй нь миний хувьд их хувь заяа. Би аливаа зүйлийг хувь тавилан гэж ерөөлөөр хүлээж авдаг. Тиймээс “Монголын Үнэн” сонины нэг эд эс болж, нэрээ үлдээх хувьтай байжээ гэж боддог. 

- Та “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн улс төр дэх жендэрийн тэгш байдлын талаар сайн бичдэг, идэвхтэй гишүүдийн нэг. Яагаад энэ сэдвийг сонирхох болов? 

- Нийгмийн хэвшмэл ойлголт одоо ч хэвээр байна. Өөрөөр хэлбэл, бидний дунд эмэгтэйчүүд ар гэрээ авч явах, эрчүүд нийгэм, улс төрд оролцож, удирдах ёстой гэсэн үзэл хандлага бүр тогтчихсон. Үүнийг өөр өнцгөөс харж, “Яагаад заавал ийм байх ёстой гэж” гэдэг асуулт тавьж, өөрчлөх оролдлого хийхгүйгээр өдийг хүрсэн юм болов уу. Харин нийгэм өөрчлөгдөхтэй зэрэгцэн энэ хэвшмэл ойлголт, дүр зургийг өөр талаас нь харж, хөндөж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухайд өмнөхөөсөө шат ахиж байна. Цаашид ч нэмэгдэх нөхцөл боломжийг нь Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хууль болон бусад холбогдох журам дүрмээр бүрдүүлж буй. Миний хувьд ч гэсэн жендэрийн эрх тэгш байдал, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар өмнө нь сонсож байсан ч үүнд төдийлөн ач холбогдол өгч, ямар нэгэн алхам хийж байгаагүй юм билээ. “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн гишүүн болоод үүнийгээ анзаарсан. Сэтгүүлч хүний хувьд өөрөө манлайлж, үлгэрлэх ёстой гэж үзээд энэ сэдвийн хүрээнд идэвхтэй бичих болсон.

Сонины үнэр, сонины хуудас эргүүлэх үгээр илэрхийлэмгүй тийм сайхан мэдрэмж байдаг.

- Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлзүйн талаарх ойлголт, мэдлэгээ зузааруулсаны дараа таны ажиллах арга барил, бүтээлийн агуулгад ямар өөрчлөлт гарсан бэ?

- ”Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн гишүүн болохоос өмнө ярилцах зочин, эх сурвалжийнхаа хүйсэд огт ач холбогдол өгдөггүй байсан. Харин одоо бүтээл бэлтгэж буй тохиолдолд эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжиж, хүйсийн тэнцвэрт байдлыг хангахыг хичээдэг болсон. Сүүлдээ бүр дадал болчихдог юм билээ. Манай редакцын сэтгүүлчид ч гэсэн сонины 24 нүүрэнд орсон хүмүүсийн хэд нь эрэгтэй, хэд нь эмэгтэй байна вэ гэдэгт ач холбогдол өгч, “Энэ удаагийн дугаарын зочин эрэгтэй юм байна. Дараагийнх нь эмэгтэй байвал…” гэх зэргээр ярилцдаг болсон. Энэ мэтээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын болон сэтгүүлчдийн хандлага бага багаар өөрчлөгдаж буй нь Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, “Виртуал редакц”-ын үйл ажиллагаа олон нийтэд хүрч, үр өгөөжөө өгч буйн илрэл болов уу. 

- Тэгвэл жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл бэлтгэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Эмэгтэй хүнийг эх сурвалжаараа сонгоод ярилцлага авах санал тавихад “Надаас илүү энэ, тэр хүн сайн ярина” гэх зэргээр эрэгтэй хүн санал болгох тохиолдол их гардаг. Энэ бол нөгөө л нэг хэвшмэл үзэл хандлага давамгайлж буй хэлбэр. Эндээс харахад жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл бэлтгэх, эх сурвалжид хүйсийн тэгш байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, эх сурвалж гурвын аль алинынх нь санаачилга, идэвх оролцоо чухал байгаа юм. Бас нэг асуудал бий. Зарим нэг хэлэлцүүлэг, хурал цуглаан гэх мэт үйл явдлаас мэдээлэл, сурвалжилга бэлтгэхэд оролцогчид нь бүгд эрэгтэй байгаа тохиолдолд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах боломжгүй болдог. Тиймээс зохион байгуулагчид оролцогч талуудын төлөөллийг сонгохдоо жендэрийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй болов уу.  

Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл бэлтгэх, эх сурвалжид хүйсийн тэгш байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, эх сурвалж гурвын аль алинынх нь санаачилга чухал.

- “Виртуал редакц” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд бичсэн бүтээлүүдээсээ нэгийг сонгон манай уншигчдад санал болгооч. Яагаад энэ бүтээлийг онцлов? 

- Би “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн гишүүн болоод хамгийн анх Технологийн салбарын “Алтан луужин” гэсэн гарчигтай хөрөг бичиж байсан. Хөргийн гол баатар маань электроникийн инженер мэргэжилтэй, МУИС-ийн багш, дэд профессор, доктор Д.Болормаа. 

Энэ хөргийг бичихдээ эх сурвалжийн хүйсийн тэнцвэрт байдлыг хангах тухайд огт санаачилга гаргаагүй. Мөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хэвшмэл ойлголт бүхий үг, өгүүлбэр ашигласан байх жишээтэй. Энэ мэт алдаа дутагдлыг маань ойлгуулж ухааруулан намайг урагш түлхсэн бүтээл болсон.   

- Та ямар үед сэтгүүлч мэргэжлээрээ аль эсвэл бичсэн бүтээлээрээ хамгийн их бахархдаг вэ?

- Магтаал, шүүмжийн аль нь байх хамаагүй,  уншигчдаас санал, сэтгэгдэл сонсох тэр үед л би ажил, мэргэжлээрээ бахархаж, “Миний бичсэн бүтээл хүнд хүрчээ. Би хэрэгтэй сэдэв хөнджээ” гэж урам зориг авдаг. Уншигчид сонины редакц руу, аль эсвэл хувь сэтгүүлч рүү нь холбогдож санал сэтгэгдлээ илэрхийлэх тохиолдол байдаг. Заримдаа магтаж урамшуулна, заримдаа шүүмжилж, зэмлэнэ. Надад аль аль нь л ташуур, хүч болдог. Би уншигч, бичигчийн ийм эргэх холбоо, амьд харилцаанаас хамгийн их урам зориг авдаг. Мөн сэтгүүлчдийн дунд зохион байгуулж буй нийтлэлийн уралдаанд хүчээ сорьж, сониныхоо, аавынхаа нэрийг дуудуулах тэр агшинд бас мэргэжлээрээ бахархаж, омогшдог. Бүтээлийн тухайд бүх л ярилцлага, нийтлэл, сурвалжилгадаа хүч хөдөлмөр, сэтгэлээ шингээж, цаг хугацаа зарцуулдаг болохоор сайн, муу гэж эрэмбэлэх дургүй. 

Уншигчид маань заримдаа магтаж урамшуулна, заримдаа шүүмжилж, зэмлэнэ. Надад аль аль нь л ташуур, хүч болдог. Би уншигч, бичигчийн ийм эргэх холбоо, амьд харилцаанаас хамгийн их урам зориг авдаг.

- Туршлагатай сэтгүүлчид бууриа сэлгэх боломж үргэлж байдаг. Ялангуяа сайн бичдэг сэтгүүлч аль ч редакцид чухал үнэ цэнтэй. Таны хувьд сониндоо олон жил тууштай ажиллахад юу түлхэц болсон бэ?

- Намайг МҮОНРТ-д байх үед манай албаны даргаар ажиллаж байсан Г.Гэрэл эгч намайг энэ сонинтой анх учруулж байлаа. Тэр үед би тогтвор суурьшилтай ажиллаж, бичиж сурах чин хүсэл, зорилго өвөртөлж “Монголын Үнэн” сонины босгоор давж байсан. Энэ зорилгодоо хөтлөгдөн өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаандаа алба ч хариуцаж үзсэн. Нэг хэсэг тоймч гэсэн өндөр хариуцлага хүлээж байв. Энэ мэт тодорхой хэмжээний ахиц дэвшил, өөрчлөлт шинэчлэлтээс урам авч, удирдлагуудын хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн төлөө хичээж ажилладаг байсан. Тухайн үед сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, дараа нь Орлогч эрхлэгчээр ажиллаж байсан У.Сарангэрэл эгчээс их айдаг байлаа. Заримдаа зэмлэж, магтана. Зарим үед аргадаж “Чи чадна”, “Чи л энийг гоё бичнэ” гээд янз бүрээр ташуурдаж, сонины хүн болох суурийг минь тавьж өгсөн дөө. Ажилд орсон үеэсээ л сонины шат дамжлага, дэг журмыг алгасалгүй сурсан, бас намайг зөв чиглүүлж, сургасан учраас бага багаар сайжирч, өдийг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж яваа болов уу гэж боддог.  

- Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
3
2023.09.18
Фото: Үндэсний номын баярын хамгийн өнгөлөг, "күүл" асар ЮУ байв?
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.