"Яруу найраг гэдэг тайван амгалан байх үедээ л бусдад нөлөөлөхүйц сонгодог соёлыг бий болгож чаддаг тайвшрал, аз жаргалын хэмжүүр. Энэ нь хамгийн нарийн мэдрэмжийг хүлээж байдаг тансаг орон зай". (Г.Бадамсамбуу)
Ub.life сайт болон Fat Cat Jazz Club-ээс хамтран зохион байгуулдаг "Poetry Night"-ийн ээлжит эвент болох "Шувуу болохгүй хойно. Шүлэг бол доо, ганцаардал минь..." хэмээх яруу найрагч Ц.Доржсэмбийн шүлгийн мөртөөр нэрлэгдсэн уншлага 10-р сарын 23-нд зохион байгуулагдлаа. Эл үдэш зочноор хүрэлцэн ирсэн эрхмүүд өөрсдийн дуртай шүлгээсээ хуваалцав. Хүн бүрийн мэдрэмж, уран бүтээлийн талаарх ойлголт, мэдээлэл зэрэг харилцан адилгүй тул дараах эрхмүүд ямар шүлэгт дуртай нь таны ч бас сонирхлыг татаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үргэлжлүүлэн энэ үдэш хүрэлцэн ирсэн зочдыг танилцуулъя.
"Гуру Медиа" компанийн продюсер Ц.Ариунаагийн хувьд зохиолч Г.Аюурзанын "Филип Ротын дурсгалд" шүлгийг онцлон дуудав. "Гуру Медиа" компани нь 2006 оноос хойш Монголын кино урлагийн хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүдийг хийснээс “Хүсэл шунал”, “Алсын удирдлага”, "Хэвтрийн Хүн” зэрэг киног нэрлэж болох юм.
ФИЛИП РОТЫН ДУРСГАЛД
Үл үзэгдэх тамгатай хүмүүс
Унага тамгалцгаана.
Тамгалуулсан унага босон чавхдахад
Тамлуулсан сэтгэлүүд хань татан инээмсэглэцгээнэ.
Инээмсэглэлийн угт
Шаналал.
Инээмсэглэлийн дотор
Гуйлгачин зүрх.
Үнэтэй хувцасны цаана
Гачигдал.
Өтөл насны гүнд
Тачаал...
Амьдрал бол олохуйд биш,
Гээхүйд суралцах зам.
Арьсан доороо бид мах.
Сүнс маань л бид. (Г.Аюурзана)
"Холдох тусмаа гэрэлтэнэ", "Амраг минь, дуугаа дуулаач..." гэхчлэн гарчгаас нь хүртэл хөндүүр чимчигнэх, сэтгэлд дулаахан хөргүүдийг тэр бичсэн. Хүний хувь заяа гэдэг тааварлашгүй. Түүнийг нээж, илчилж бичнэ гэдэг бэрхтэй ажил. Гэхдээ тэрхүү тааварлашгүй, холын зүйл рүү үргэлж тэмүүлэгч цөөн сэтгүүлчийн нэг бол Б.Энхцэцэг билээ. Тэрбээр эл үдэш яруу найрагч Б.Батзаяагийн "Сэтгэцийн асуудлууд" номоос "Асуудал 1"-ийг дуртай шүлгээрээ нэрлэсэн юм.
АСУУДАЛ 1
Жижигхэн сэтгэлтэй, жижигхэн итгэлтэй,
гэхдээ том амтай юм.
Тэр том ам нь жигтэйхэн яншаа,
жигтэйхэн хашхичаа хэр нь үлдэх үггүй,
хүндлэлгүй юм, тусгүй юм.
Зориг итгэл, хүсэл тэмүүлэл ч дэргэд нь
мохож мэдэхээр юм.
Атал араатан шиг аюулын хурц
хумстай юм. Гэрийнхээ хаалгатай адил
толгой тархи нь хаалттай, цоожтой юм.
Хүн шиг харагдавч хөөрхий минь
болоогүй л байна даа.
Хүлээх, найдах зүйл ч харагдахгүй байна.
Жижигхэн зүрх, жижигхэн үнэмшил,
жижигхэн бодлынх нь дэргэд томоос том
жигүүрт амьтан байна гэдэг
хэцүүхэн л байна даа. (Б.Батзаяа)
Анхны бүрэн хэмжээний "Сэр сэр салхи" киногоороо төсөөлөмгүй өндөр амжилтад хүрч, Монголоос "Оскар"-т нэр дэвших эрхээ аваад буй П.Лхагвадулам найруулагч тус эвентийн зочноор хүрэлцэн ирэв. Эл бүтээл "Улаанбаатар" Олон Улсын Кино Наадмын нээлтийн киногоор сонгогдон, Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй гол дүр шагналыг гардаад байгаа билээ. Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүндтэй "Screen Daily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр П.Лхагвадуламыг нэрлэжээ. Тэрбээр үүнээс өмнө "Шилүүс", "Есдүгээр сарын цас"хэмээх богино хэмжээний бүтээлүүдийг найруулсан юм. П.Лхагвадуламын дуртай шүлэг бол Г.Аюурзанын "Улаан асрын зүүдэн" дотроос" гэв.
"УЛААН АСРЫН ЗҮҮДЭН" ДОТРООС
I.
"Улаан асрын зүүдэн" дотроос
Хасбуугийн орчуулсан шүлэг гэрэлтэнэ.
"Хүний хайрлахыг цэцэг мэдвээс
Цэцэг бас зовнино..." гэв үү?
Уншиж сурсан, шүлэгт шимтсэн минь л
Угтаа миний амьдралын үнэ цэн.
Хүйтэн чулуун тавцанг илбэвээс
Хөлчүү сүнс минь цонх мөргөмүй.
Салхивч агдасхийн цочиход, шувуудын дуу
Салхи дамжлаад орж ирэх нь жавар мэт.
Сарны гэрэл ханцуйлсан цэцэг бахдам улаан ч,
Санаа алдах навчны нь өнгө шимшрэм хөх...
II.
Зовнил намайг уян болгож,
Гуниг намайг уудам болгов.
Зовлон намайг өрөвч болгож,
Шүлэг намайг хүмүүн болгов.
Амьдралыг сайхнаар мэдрэхийн тулд
Жаргалтай байхад суралцахаас биш...
Аз жаргалаар амьсгалж сурахад
Жаахан болжморын жиргээн л багш. (Г.Аюурзана)
Харин "Сэр сэр салхи" киноны гол дүрд тоглож, Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй гол дүр шагналыг гардсан Б.Тэргэлийн дуртай шүлэг нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үр минь” ажээ.
"ҮР МИНЬ"
Үр минь, үүрийн туяаны үр минь
Эмээл дээр дэрвүүлж
Дэргэдээ шулгануулж өсгөсөн
Аавын эр борхон харцага минь
Энэрлийн ханхар өвөр дээр чинь
Эцсийн амьсгалаа хураах хүү минь
Чамайг төрөхөд аав нь
Нарны аймгийн есөн гарагийг
Арав боллоо хэмээн тоолж
Насны буулган дор
Үртэй хүн үхэшгүй гэдгийг ухаарсан юм
Нуур нэвтлэх сарны гэрэлд
Ижийнхээ хөхийг хөхөж байхдаа миний хүү
Нум шиг бөхийсөн сайхан
Удын мөчирт зүүсэн бөмбөрцөг шиг харагддагсан
Дэлхий үр минь, аагтайхан нар минь
Үнэгчлээд уйлахад аав нь сэрдэггүй байсанаа нуух юун
Үе үе өвдөхөд чинь эзгүй байсанаа цагаатгахгүй ээ
Энэ орчлонд юунаас урьтаж хүн болоосой гэсэн дээ
Эсгий үнэг хайчилж суухдаа аав нь бодлоо
Төр тэргүүлэхгүй ч миний үр зөв яваасай билээ гэсэндээ
Төмөр дөрөөгий чинь сүүнд мөлийтөл мялаасан
Онож алдахын орчлонд хөлөө олохын тэнцвэр
Олныхоо дунд туг шиг явахын ухаан
Эгэл түмнээ гэсэн өрөвч нинжин сэтгэл
Эх сайхан орныхоо төлөө бол
Сумнаас зүрхээ нуухгүй зориг
Эс бүхэнд чинь шингэг гэж
Ижий тань өлгийг нь хөдөлгөсөн байх
Ийм л явж эс чадвал
Эцэг чинь хожим нь булшин доороо даарна шүү, үр минь. (Б.Лхагвасүрэн)
Дараагийн зочин маань П.Золжаргал найруулагчийн "Баавгай болохсон" киноны гол дүрийн жүжигчин Ү.Батцоож. Түүний дуртай шүлэг Төрийн шагналт Ренчиний Чойномын "Залуу нас" юм.
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.
Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.
Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.
Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!
Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа
Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.
Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.
Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.
Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч
Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.
Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан
Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.
Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.
Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.
Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.
Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай! (Р.Чойном).
Ингээд "Шувуу болохгүй хойно. Шүлэг бол доо, ганцаардал минь..." яруу найраглаг үдшийн зураглалыг фото сурвалжлагаар хуваалцаж байна.