UBLife Logo
Newsfeed

Сурвалжилга | Монгол Улс Дэлхийн Хүүхдийн Өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Сурвалжилга | Монгол Улс Дэлхийн Хүүхдийн Өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Зарим өдрийг анзаарамгүй өнгөрч болохгүй чухал нэгэн учрыг сануулна гэж онцолдог. Ийм өдрүүдийн нэг нь 11-р сарын 20-ний өдөр юм. Учир нь 1989 оны эл өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан билээ. НҮБ-ын гишүүн орнууд дуу нэгтэйгээр баталсан цөөн конвенцуудын нэг бол хүүхдийн эрхийн конвенц юм. Түүнд заасан үүргүүдийг улс бүр дотоодын хууль тогтоомждоо шингээх байдлаар хэрэгжүүлэх учиртай. 

2023 оны 11-р сарын 20-нд буюу Дэлхийн Хүүхдийн Өдрийн хүрээнд "Хүүхдийн ертөнц-Бүтээлч орон зай" өдөрлөгийг НҮБ-ын Хүүхдийн сан, Соёлын яамтай хамтран гурав дахь жилээ зохион байгуулсан юм. Үргэлжлүүлэн энэхүү арга хэмжээнээс бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.


С.Мойлтмаа: Хүүхэд болгоны дотор бүтээлч ертөнц байдаг

Бид эхлээд НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаатай уулзаж, Монгол Улс хүүхдэд ээлтэй, аюулгүй эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан эсэх болон эцэг эхчүүдийн ажлын цагийг ямар байдлаар зохицуулдаг талаар ярилцлаа.


-Өнөөдөр тохиож буй Дэлхийн Хүүхдийн Өдрөөр та бүхний зүгээс ямар санаачилгыг онцолж байгаа вэ?

-Монгол Улс НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцод нэгдэн орсон эхний арван улсын нэг гэдгээрээ олон улсад томоохон нэр хүндтэй. Иймээс тус конвенцод заасан үүргүүдийг хэрэгжүүлэхийн төлөөх санаачилгаараа ч манлайлах учиртай юм. Хүүхэд соёлыг хүртэгч, бүтээгч, соёлын өвийг тээгч байдаг. Бид өнөөдрийн арга хэмжээний хүрээнд хүүхэд болгоны дотор бүтээлч ертөнц байдаг гэдгийг ойлгуулахыг хүссэн.

Хүүхэд аливаа арга хэмжээ, үйл ажиллагаанд бүтээлчээр оролцсоноор өөрийгөө бусдад илэрхийлэх, таниулах ур чадвар нь тогтмол хөгжиж байдаг. Ингэснээр магадгүй аливаа төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд өөрийгөө нээж, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах юм. Улмаар өөрийгөө хамгаалах чадвар нь ч нэмэгддэг. Хэн нэгэн том хүн, эсвэл үеийнхээ хүүхдэд эрх нь зөрчигдөж байгаа байдлаа ямар нэгэн хэлбэрээр илэрхийлэх арга барилд суралцана гэсэн үг. Зураг зуруулж, дуу дуулуулж байгаа нь хүүхдийн эрхээ хамгаалах чухал ур чадварыг дэмжиж байдаг. Хүүхэд насандаа энэ ур чадварыг эзэмшсэнээр насанд хүрсэн хойноо ч өөрийнхөө эрхийг хамгаалж дуу хоолой өргөх, бусдын эрхийг хамгаалах ур чадварт давхар суралцаж байдаг. Тэгэхээр бүтээлч байдлыг бүх хүүхдүүдэд ойлгуулахыг эрмэлзэж буй нь хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах чухал алхам юм.

-Хүүхдийн эрх зөрчигдөхөд хүргэж буй нийгмийн томоохон асуудлуудад хүүхэд дуу хоолойг илэрхийлэх, шийдэл дэвшүүлэх боломж, орон зай байгаа юу?

-Тэр орон зайг томчууд бид бүрдүүлэх ёстой. Хүүхдүүдэд мэдээ, мэдээлэл авах сувгууд хязгаарлагдмал байдаг учраас насанд хүрэгчдийн зүгээс ончтой, үнэн, ойлгомжтой мэдээллийг хүүхдүүддээ хүргэх үүрэгтэй. Улмаар хүүхэд хүлээн авсан мэдээлэлдээ дүгнэлт, задлан шинжилгээ хийж, цаашдаа насанд хүрэгчдээс хариуцлага шаардах эрхтэй болно. 

-Монгол Улс хүүхдэд ээлтэй, аюулгүй эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан уу?

-Эрх зүйн хүрээнд НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцоор хүлээсэн үүргүүдээ хангалттай биелүүлсэн. Дараагийн түвшинд хэрэгжилтийн асуудал чухал. Энэ нь зөвхөн төрийн үүрэг биш. Аливаа хүүхдийн эрх зөрчигдөхөд төр рүүгээ л чичилдэг ч бид эргээд өөрсөд рүүгээ хэзээ ч өнгийдөггүй. Хүүхдийн эрхийг хангахын төлөө би юу хийж байгаа билээ гэдгээ бас эргэцүүлэх хэрэгтэй. Тийм ч учраас 11-р сарын 20-ний өдөр бүх хувийн хэвшил, иргэдэд хандан хүүхдийн эрхийн төлөө нэгдье, үүнийг бие биедээ сануулъя, ойлгуулъя гэсэн уриалгыг дэвшүүлдэг.

Өнгөрсөн жил батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад чухал заалт орж ирсэн нь “Байгууллагын ажил олгогч ажилтныхаа ажил, амьдралын тэнцвэрээ хангахад нь дэмжлэг үзүүлнэ” гэсэн хариуцлага юм. Үүгээр “ажлаа л хийж байвал болоо” гэсэн байдлаар ажилчидтайгаа битгий хандаач ээ гэдгийг ажил олгогч нарт хуульчилж өгсөн.

-Хүүхдийн эрхийг хамгаалж, дэмжих учиртай эцэг эхчүүд ч хааяадаа зөрчил гаргах нь бий. Ингэхээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажил хэр хангалттай байна вэ?

-Эцэг, эхчүүдийн мэдлэг, мэдээлэл дутмагаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тохиолдол цөөнгүй гардаг. Үүний шалтгаан нь хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх талаарх боловсрол Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт байдаггүй, эсвэл хүүхдийг зодож шийтгэснээр насан туршид нь сөрөг үр дагавартай шүү гэдгийг хэн нэгэн нь сургалтын номонд бичих юм уу, хэлэхгүй байгаа учраас эцэг, эхчүүд алдаа дутагдал гаргаж, хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж байна. Энэ талаар Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан тодорхой хөтөлбөрийг туршиж байна. Жишээлбэл, бүх байгууллага дэргэдээ эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Тэрхүү зөвлөлөөр дамжуулаад эцэг эхчүүд хоорондоо нэгдэн, хүүхдээ яаж эерэг аргаар хүмүүжүүлэх, эсвэл тулгарч байгаа бэрхшээл, хүүхэдтэйгээ хэрхэн найз байх талаарх мэдээллүүдээ солилцох боломж бүрдэнэ. 

-Эцэг эхчүүд хүүхдэдээ хангалттай цаг гаргаж чаддаггүй, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж, авах үедээ ажлын цагаасаа зарцуулах шаардлага гардаг. Энэ тохиолдолд байгууллагуудын хандлага, соёл ялгаатай байдгийг хэрхэн зохицуулбал зохилтой вэ?

-Нэг талаар эцэг эх байх үүргээ биелүүлэхгүй байгаа юм шиг харагдаж байгаа авч, тэрхүү үүргээ биелүүлэхэд саад болж байгаа түгжрэл, ажлын ачаалал зэрэг хүчин зүйлүүдэд тодорхой зохицуулалт шаардлагатай. Өнгөрсөн жил батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад чухал заалт орж ирсэн нь “Байгууллагын ажил олгогч ажилтныхаа ажил, амьдралын тэнцвэрээ хангахад нь дэмжлэг үзүүлнэ” гэсэн хариуцлага юм. Үүгээр “ажлаа л хийж байвал болоо” гэсэн байдлаар ажилчидтайгаа битгий хандаач ээ гэдгийг ажил олгогч нарт хуульчилж өгсөн. Уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс НҮБ-ын Хүүхдийн сан “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлого” гээд тусгайлсан арга зүйн зааварчилгааг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамтай хамтран бүх ажил олгогч нар түгээгээд байна. Үүний дагуу компаниуд ажлын байрандаа хүүхэд харах өрөө бий болгох, эсвэл байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулах, уян хатан цагийн хуваарийг бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй тодорхой үр дүнд ч хүрсэн нь бий.


Д.Наранцэцэг: Хүүхэд хөгжих орон зайг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага зайлшгүй бий

ЮНЕСКО-гийн 45-р чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн. “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд эл байгаль, соёлын өвийг хүүхэд, залуучуудад тайлбарлах, утга учрыг нь ойлгуулах зорилгоор соёлын олон талт арга хэмжээнүүдийг өрнүүлж байна. Үүний нэг нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж буй "Хүүхдийн ертөнц-Бүтээлч орон зай" өдөрлөг юм. Энэ талаар Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэгтэй ярилцлаа.


-Соёлын өвийг таних, түүнтэй хэрхэн харьцах талаарх арга дадлыг чадавхжуулаагүйгээс үүдэж түүхэн болон археологийн ач холбогдол бүхий дурсгалууд гэмтэх, устах эрсдэл байдаг. Бид сургалтын агуулгадаа шингээх байдлаар соёлын тухай ойлголт, мэдээллийг хүүхдүүдэд хангалттай хэмжээгээр хүргэж чадаж байна уу?

-Хүүхэд, залуучуудад соёлын өвийг хадгалах, хамгаалах талаарх мэдлэг, ойлголтыг шилжүүлэх, хойч үедээ соёлын тухай ой санамжийг дамжуулахад албан боловсролын систем чухал үүрэгтэй. Харин энэ чиглэлийн хичээлийг мэргэжлийн багш заахгүй байгаа нь асуудлын гол зангилаа юм. Иймээс одоогийн байдлаар мэргэжлийн багш, боловсон хүчнийг бэлтгэх нь зайлшгүй хэрэгцээ, шаардлага болоод байна.

-Соёлын үйлчилгээг хүүхдүүд тэгш, хүртээмжтэйгээр авч чадаж байна уу?

-Соёлын яамнаас соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр бодлого боловсруулан, хэрэгжүүлж байна. Гэвч өнөөдрийн байдлаар, бүх хүүхдэд тэгш, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж байна гэж хэлэхэд учир дутагдалтай. Учир нь, Улаанбаатар хотын нийтийн номын сан гэхэд таван байршилд л үйл ажиллагаа явуулж байна. Номын сан гэдэг хүүхдийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх маш чухал орон зай. Гэтэл тавхан салбартай номын сангаар нийт хүүхдүүдийн хэрэгцээг хангах боломжгүй. Монгол Улсын хэмжээнд ганцхан л Хүүхдийн Төв номын сан байгаа учир хэдий бүх чадлаа дайчилсан ч хувь нэмрээ оруулна уу гэхээс тэгш хүртээмжийг хангахад учир дутагдалтай. Тиймээс хүүхэд хөгжих орон зайг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага зайлшгүй байна. Хүүхдийг сурч боловсроход туслах, хөгжүүлэх чиглэлээр ажилладаг Төрийн өмчийн гол хоёр байгууллага болох Хүүхэлдэйн театр, Хүүхдийн Төв номын сан хоёулаа түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнгөрсөн онд зураг, төсвийн тооцооллыг нь боловсруулж өргөн барьсан ч, ирэх жилийн төсөвт багтаасангүй. Зураг, төсөл нь бэлэн учраас цаашдаа бодит ажил болж, хүүхдийн сурч, боловсрох орон зай нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Орон зайн асуудлаас гадна сан хөмрөг мөн чухал болов уу. Ялангуяа орон нутгийн номын сангуудын сан хөмрөг хангалтгүй түвшинд байна шүү дээ. Энэ талаар? 

-Орон нутгийн хэмжээнд нийтдээ 364 нийтийн номын сан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн дундаж сан хөмрөг нь 2000-8000 ном байгаа. Хүртээмжийг нэмэгдүүлье, хүүхэд залуучуудын уншлагыг дэмжих чиглэлээр ажиллая гэж байгаа тохиолдолд шинэ гарч байгаа хүүхдийн анхаарал, сонирхлыг татахуйц номуудыг төр бодлогоор номын сангуудад байршуулах чиглэлээрх ажлуудыг эрчимжүүлэх ёстой. Хуулиар аймгийн удирдлага, засаг дарга нар тухайн орон нутгийн соёлын үйлчилгээг өөрсдөө хариуцах үүрэгтэй байдаг. Тэгэхээр аймаг, орон нутгийн иргэдийн хурал, засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа номын сангийнхаа сан хөмрөгийг хүүхдийн шинжлэх ухаанч, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих чиглэлийн шинэ номуудаар баяжуулах хэрэгцээ байгаа.

-Соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагад хүүхдийн оролцоог бодитоор бий болгох боломж бий юу?

-Бүх музейнүүд өөрсдийн хадгалж байгаа соёлын өвийг хүүхэд, залуучуудад нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон хэлээр ойлгуулах, тайлбарлах, сурталчлах чиглэлийн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Соёлын яамнаас музейд хүүхэд ороод өөрөө мэдрэх, тухайн соёлын өвийг зурж, барьж үзэх боломжтой орчин, орон зайг бүрдүүлэх чиглэл барин ажиллаж байна. Музейд орохоор л “Музейн үзмэрт гар хүрч үл болно” гэсэн бичиг зүүлттэй байдаг. Хэдийгээр соёлын өвийг хамгаалах, хадгалах талаасаа бидэнд ийм тусгайлсан шаардлага байгаа авч хүүхэд өөрөө хүртэж, мэдэрч байж л тухайн өвийн талаар бүрэн 0ойлгодог онцлогтой. Тэгэхээр хүүхдэд зориулсан бага хэмжээний хуулбаруудыг тусгайлан бэлдэх байдлаар тэднийг хөгжүүлэх орон зайг бий болгох нь чухал.


Б.Пүрэвсүрэн: Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал

Бид үргэлжлүүлэн "Marketainment Mongoli"-гийн Үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэнтэй ярилцав.

Тэрбээр "Бид гурван жилийн өмнөөс "Go blue” дэлхийн нийтийн арга хэмжээг уран бүтээлчдийн оролцоотой тогтмол эвент болгоно Монголдоо хөгжүүлэхээр хамтран оролцож эхэлсэн. Үүний шалтгаан нь хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг хувийн хэвшлийн том байгууллага эсвэл хууль хэрэгжүүлэгч нэгжүүд л санаачилж, оролцдог гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэх хүслээс үүдэлтэй. Бүх залуус мэргэжлийнхээ талбарт, өөрсдийн хийж чадах зүйлээр хүүхдийн эрхийг хамгаалахад оролцоотой байгаасай гэж уриалъя. Дан ганц Дэлхийн Хүүхдийн Өдөр ч биш, бүх өдөр хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд олуулаа нэгдэх нь чухал. Үүнд таны өдөр тутмын үйлдлүүд ч үүнд хувь нэмэр оруулж чадна" гэлээ. 


Л.Отгонцэцэг: “Зайсан Хилл” цогцолбор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлэхэд ээлтэй орчныг бүрдүүлсэн газар

Энэ удаа бид “Оюуны Ундраа” группийн Маркетинг борлуулалтын газрын захирал Л.Отгонцэцэгтэй ярилцсан юм. 


-Өнөө жилийн “Go blue” юугаараа онцлог болж байна вэ?

-Цар тахлын дараах жил байсан учраас өнгөрсөн онд бид Дэлхийн Хүүхдийн Өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ цахим хэлбэрийг сонгож байсан. Тухайн үед “Дараа жил орон зайгаа бүхэлд нь ашиглаад мянга мянган хүүхдүүдийг оролцуулсан бодит үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулна” гэсэн зорилгыг тодорхойлж байлаа. Тиймээс өнөө жилийн арга хэмжээгээ “Зайсан Хилл” цогцолборт төрийн болон хувийн хэвшлийн хориод байгууллагын бүтээлч орон зайг бодитоор бүрдүүлэн тэгш оролцоог чухалчлах байдлаар зохион байгуулж байна. 

-Аливаа бүтээн байгуулалтын үнэ цэн тэгш оролцоог хангахад хэр ээлтэй орчныг бүрдүүлсэн эсэхээр хэмжигддэг. “Зайсан Хилл” цогцолбор эл шаардлагыг хэр сайн биелүүлсэн бэ?

-Барилгын үндсэн хийцлэлийг төлөвлөхдөө хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүмүүст ээлтэй байдлаар зурагласан. Иймээс бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нэгдсэн журмаар үндсэн арга хэмжээндээ оролцуулах, үйлчилгээ саадгүй авах, сэтгэл ханамжийг тэгш хүртээх бодлогыг баримталж ажилладаг. 

-Танай байгууллагын зүгээс хүүхдэд чиглэсэн ямар үйл ажиллагаануудыг дэмжин ажилладаг вэ?

-“Зайсан Хилл” цогцолборт хүүхдүүдийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энтертайнмент болон үйлчилгээний байгууллагууд байрладаг. Цохож тэмдэглэвэл, таван давхарт “Дүдү” шинжлэх ухааны музей үйл ажиллагаа явуулж байна. Аравдугаар сарын эхээр бид “Дүдү” музейтэй хамтран “Дэлхийн сансрын долоо хоног Монголд” арга хэмжээг албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Долоо хоногт нийтдээ 40 мянган хүүхэд, багачууд, гэр бүлээрээ зорин ирсэн нь сансрын шинжлэх ухааныг таниулан сурталчлахад өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсныг илтгэж байна. Сая арваннэгдүгээр сард “ЦойллогсоZ”-ын залуучуудтай хамтраад “Compass of Opportunities” арга хэмжээг зохион байгуулахдаа хөдөлмөрийн зах зээлд гараад удаагүй байгаа 3000 залуусыг хамруулж чадлаа. Энэ мэтчилэн бид ач холбогдол өндөр арга хэмжээнүүдийг өнгөрсөн хугацаанд ч, цаашид ч дэмжин хамтарч ажиллахдаа байнга нээлттэй байх болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.